Энэ 7 хоногт
Нийгмийн шилжилт яагаад гажуудав? (III хэсэг)
Мөн чанар, зүй тогтлын хувьд социализм хийгээд ардчилал хоорондоо хэлбэр ба агуулга, бүтэц, зохион байгуулалт хийгээд үнэт зүйл, үзэл санаа, зарчмын хувьд эрс ялгаатай тогтолцоо юм. Агуулга талаасаа социализм гэдэг хаалттай байдал, захиргаадсан арга барил, коммунист үзэл суртал болно.
Манай иргэдийн дийлэнх нь социалист нийгэмд хэвшин тогтсон үзэл, сэтгэлгээгээ хадгалсан хэвээр, хуучин нийгмээ санагалзсан хэвээр, халагдсан төрт улс БНМАУ-н төрийн дээд шагнал, одон медальд дуртай хэвээр, хэвшин тогтсон социалист үзэл, даргаас айдаг сэтгэлгээ хэвээр, захиргаадсан муйхар арга барилаа хадгалсан хэвээр, ангич шинжтэй дайсагнасан үзлээ хадгалсан, улс нийгмийн үйл явцыг изм-ээр харсан хэвээр байна. Төр засаг, бүх салбарын дотоод үйл ажиллагааг бид хуучирсан сэтгэлгээ, үзлээр харж, бодож, хүлээн авч, захиргаадсан арга барилаараа хандаж, бодлого шийдвэр гаргаж, хууль захирамж үйлдэж, хэлэлцэх асуудал, хийх ажлаа төлөвлөсөн хэвээр байна. Энэ хандлага бол орчин үе, шинэ нийгэм, ардчилсан тогтолцоонд бид хуучин арга барилаар хандаж, ардчилсан тогтолцоогоо социалист сэтгэлгээгээр харж, бодож, хүлээн авч буй хэрэг юм. Бид энэ хандлагаараа нийгэм шилжсэн боловч агуулга нь шилжээгүй гэдгийг тусгаж байна. Гучин жилийн хугацаанд дийлэнх иргэдийн хувьд хуучин агуулга, социалист үзэл, сэтгэлгээ, арга барилаа халж амжсангүй, үүнээс үүдэн нийгмийн оюун санаа шинэчлэгдсэнгүй, агуулгад шилжилт явагдсангүй. Үгүйсгэлээр дүүрэн энэ үйл явц бол нийгмийн шилжилт бүтэлгүйтсэний улмаар бүр гажуудсаны үндсэн шалтгаан билээ. Энэ явдлыг ноцтой улмаар аюултай хэмээн гэж харж бодох хүн цөөн. Бодит байдалд гаж нөлөөтэй, хор хөнөөлт үйл явц байжээ. Хуучинтайгаа зууралдсан бидний сэтгэлгээ, хандлага гэхэд улс нийгэмд үзүүлэх үйлчлэл, нөлөөлөх нөлөө нь сөргөөс хэтийдэж, гаж шинжийг олжээ.Тэрхүү гаж нөлөө нь улс нийгэмд өрнөж буй болохгүй, бүтэхгүй бүхний эх үндэс төдийгүй бүх салбарын дотоод үйл ажиллагаа гажуудах, оршихуйд гаж үзэгдэл дэлгэрэх, гаж үйл явц өрнөх, эрс зөрчил үүсэх уг сурвалж, шалтгаан нөхцөл болж өгчээ. Энэ явдал дараах учир, зүй тогтол, шалтгаанаас үүдэлтэй юм билээ.
Мөн чанар, зүй тогтлын хувьд социализм хийгээд ардчилал хоорондоо хэлбэр ба агуулга, бүтэц, зохион байгуулалт хийгээд үнэт зүйл, үзэл санаа, зарчмын хувьд эрс ялгаатай тогтолцоо юм. Агуулга талаасаа социализм гэдэг хаалттай байдал, захиргаадсан арга барил, коммунист үзэл суртал болно. Улс нийгмийн амьдрал оршихуй эдгээр зүйлд суурилж байх аваас тухайн тогтолцоог социализм гэж үзнэ. Хүний эрх, ил тод нээлттэй байдал, ижил тэгш байдал, эрх чөлөө, хүмүнлэг шинж энэ мэт үнэт зүйл, зарчим бол ардчилал. Хэлбэр хийгээд агуулгын эрс ялгаатай байдлаас үүдэн социалист нийгмийн үзэл санаа, сэтгэлгээ нь ардчилалд, харин ардчилсан нийгмийн үнэт зүйлс, үзэл санаа, зарчмууд нь социализмд нийцэж, зохицохгүй ба эсрэгээр биесээ харилцан үгүйсгэнэ. Үгүйсгэнэ гэдэг биесээ харилцан сүйтгэнэ гэсэн үг. Энэ зүй тогтол, зарчим, учир манайд хэлбэржиж бас хэрэгжжээ. Үнэнийг хэлэхэд, социалист үзэл сэтгэлгээтэй иргэд бол сүйтгэгч. Тэд шинэ нийгэм, ардчилсан тогтолцоог сүйтгэе гэсэн хорон муу санаа агуулаагүй, сүйтгэж буйгаа ойлгохгүй, мэдэхгүй хирнээ сүйтгээд байна. Социалист сэтгэлгээ, үзэлд суурилсан ямарваа үйл, ажил, санаа, үзэл, шийдвэр гэдэг ардчилсан тогтолцооны агуулга, үнэт зүйл, зүй тогтол, мөн чанар, тулгуур зарчмуудтай утга санаа, учир зүйн хувьд авцалдахгүй, уялдахгүй, зохицож нийцэхгүй билээ. Зохицол нийцэлгүй зүйлс гэдэг хоорондоо эрс харшилж, эрс зөрчилддөг. Энэхүү зөрчил агуулга нь хэлбэрээ сүйтгэх буюу хуучин агуулга, социалист сэтгэлгээ, үзэл гэхэд шинэ хэлбэр, ардчилсан тогтолцоог сүйтгэх энэ байдлаар илэрч байна. Хуучин агуулга, социалист сэтгэлгээ, үзэлд суурилсан аливаа үйл ажиллагаа, хууль дүрэм, үзэл санаа, шийдэл шийдвэр, санал санаачилга гэдэг шинэ хэлбэр, ардчилсан тогтолцоог сүйтгэнэ, сүйтгэгч дотоод хүчин зүйл нь юм шүү. Энэ тухай мэдээлэл хаа сайгүй.
Ардчилсан үндсэн хууль, парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг, олон намын тогтолцоо энэ бүхнээс харвал хэлбэр талаасаа бол манай улс ардчилсан орон. Харин улс төр, эдийн засаг, нийгэм, төрийн алба, хууль шүүх, эрүүл мэнд, боловсрол, бүх салбарын дотоод үйл ажиллагаа, бодлого, шийдвэрүүд гэхэд хуучин нийгмийн муйхар захиргаадсан арга барил, социалист хэв маяг, үзэл, сэтгэлгээнд суурилсан хэвээр байгааг харвал агуулга талаасаа бол социалист орон. Эдгээр шинж тэмдгүүд нийгмийн шилжилт бүтэлгүйтэж, завсрын үедээ гацсаны шинж бол харин зүй тогтол талаасаа заримдаг байдал болно. Улс орон, нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны хэлбэр хийгээд агуулга хоорондоо эрс тэс байдалтай буюу гадаад тал, хэлбэр тал нь ардчилал, харин дотоод тал, агуулга, үйл ажиллагаа нь социалист хэв маяг, шинжээ хадгалсан хэвээр байна. Энэхүү зүй тогтол нь учир зүйн хувьд, хуучин байхгүй юм шиг хирнээ байгаа мэт, шинэ байгаа мэт боловч бодит байдалд байхгүй, социализм юм шиг харагдавч яг социализм биш, ардчилал байгаа мэт боловч бодит байдалд байхгүй, юу гэдэг нь тодорхойгүй, тэр гэхэд тэр биш, энэ гэхэд энэ биш биесээ харилцан үгүйсгэсэн хачин ойлгомжгүй байдал билээ. Улс нийгмийн тогтолцоо маань хуучингүй бас шинэгүй, социализмгүй бас ардчилалгүй тодорхойгүй, саармаг, утгагүй байдал, тогтолтой болжээ. Гучин жилийн хугацаанд завсрын үе эцэслэж, нийгэм шилжсэнгүй, эсрэгээр хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага лугаа адил хуучин ба шинийн завсарт гацаж, социалист ч биш бас ардчилсан ч биш заримдаг байдалтай болжээ. Тогтолцооны гажиг юм энэ. Бидний социалист сэтгэлгээ, хандлага гэхэд хуучин зүйлс, хуучин нийгэм, социализмд орогнох орон зай олгож, оршин тогтнох нөхцлийг нь бүрдүүлж өгсөний дээр энэ мэтээр улс нийгмийн тогтолцоог гажигтуулж, гажуудуулж, сүйтгээд байна. Заримдаг байдлаас улбаалан, хуучин дээр шинийг, социализмд түшиглэн ардчиллыг байгуулах тухай аливаа санаа, үзэл, үйл, ажил гэдэг амьдралд хэрэгжих боломжгүй үр дүнгүй дэмий ажил, оргүй хоосон санаа гэдгийг манай тогтолцоо бодитоор харуулж бас батлаж нотлож байх шиг ээ.
Заримдаг байдал бол тодорхойгүй, утгагүй, гаж байдлаас гадна дээд зэргээр задарч, эвдэрч сүйдсэн нөхцөл байдал, оршихуйн үндэс суурь гажуудсаны шинж тэмдэг болохын учир тухайн зүйлийг эмхлэн цэгцэл, бүтээн байгуул гэсэн сануулга, дохио тэмдэг. Улс нийгмийн тогтолцоо заримдаг байдлаа эцэслэж, нэг тал руугаа гарах учиртай. Энэ үйл ажил дараах зүй тогтол, зарчимд суурилна. Ертөнцөд оршин буй бүх юм, зүйлийн оршин байхын үндэс нь хэлбэр ба агуулгын хувьд нэгдмэл нэг, цул бүхэл байдал юм. Зарчим ёсоор харвал, ардчилсан тогтолцоо дотоод зөрчилгүй, мөн чанараараа оршихын үндэс суурь нь хэлбэр ардчилал, агуулга ардчилал байх учиртай аж. Амьдрал дээр хэлбэржихдээ, улс нийгмийн тогтолцоо хэлбэрийн хувьд олон намын тогтолцоо, зах зээлийн чөлөөт эдийн засаг, ил тод нээлттэй байдал, УИХ, парламентын засаглал оршиж байгаа бол агуулга тал нь ардчилсан үнэт зүйлс, хүнлэг энэрэнгүй үзэл санаа, тулгуур зарчмууд байх нээ. Улс нийгмийн тогтолцооны хэлбэр ба агуулгын хувьд нэгдмэл, нэг, цул, бүхэл байдал гэж энэ. Тодорхойгүй, заримдаг байдлаа эцэслэж, тогтолцоо нэг тал руугаа гарчээ гэсэн үг.
Задлаж харвал, заримдаг байдал гэдэг нэгд, тогтолцоо үндэс суурьгүй байна, хоёрт, ардчилсан үзэл санаа бүрэлдэн тогтоогүй байна гэдгийг тусган харуулж, бидэнд мэдээлж байна. Нэгд, заримдаг байдал бол улс нийгэм, бүх салбар, ардчилсан тогтолцоо маань үндэс суурьгүй байгаагийн шинж тэмдэг. Үндэс суурьгүй аливаа хэлбэр, юм, зүйлсийг эс орших аюул тосно. Үндэс суурь хэмээх эрх зүйт хийгээд оюун санаанаас бүрдэх нэгдмэл, нэг, цул үйл ажиллагаа бүхий хоорондоо нягт нарийн уялдаж холбогдсон хяналт, хариуцлага, дэмжлэг, ёс суртахууны цогц систем бүрдэх учиртай байдаг байна. Бүрэлдэж бүтсэн нөхцөлд энэ систем авилгыг хянана, шударга ёсыг тогтооно, хууль шүүх, бүх салбарт хариуцлага бий болгоно, төрд хяналт тогтооно, эрх мэдлийг хязгаарлана, хэн нэгний дураар дургих боломжийг хязгаарлах зэргээр тогтолцоог дотоод талаас нь цэгцэлж, эмх цэгц, дэг журам, сахилга батыг тогтоодог, хэм хэмжээнд нь аваачдаг, тогтвортой орших нөхцлийг бүрдүүлж өгнө. Дотоод талаас нь бүтээж буй үйл явц юм энэ. Ийн бүтээх чадвар, боломж, нөөц бүх боломж нь зөвхөн ардчилсан үзэл санаа, үнэт зүйлс, тулгуур зарчимд бий. Бүтээгч энэ. Шинэ нийгэм, ардчилсан тогтолцоог бүтээгч нь билээ. Нөхцөл байдлаас үүдэн дүгнэвэл, агуулга шилжээгүй, хуучин нийгмийн сэтгэлгээ, үзэл халагдаагүй байна гэдэг улс төр, эдийн засаг, нийгэм шилжих үйл явц зөвхөн хэлбэрийн төдийд явагдсаны шинж тэмдэг. Ардчилсан тогтолцоо мөн чанараараа бус зөвхөн үзмэр үзүүлэн, хэлбэр төдий байна гэдэг байхгүй байгаатай утга нэг.
Хоёрт, тогтолцооныхоо үндэс суурийг бид өөрсдөө бүтээнэ. Монголчууд бидний оюун санаанд ардчилсан үзэл санаа, тулгуур зарчмууд хийгээд шинэ ирсэн зүйлсийн агуулга, үнэт зүйлс, мэдлэг, ойлголт ухагдахуун бүрэлдэн тогтож, шинэчлэгдэх цаг болжээ. Энэ үйл явц бол улс нийгмийн тогтолцоо, бүх салбарт үндэс суурь бүрдэж, орших нөхцлөө хангаж, нийгмийн шилжилтээр задарсан салбаруудыг эмхлэн цэгцэлж, бүтээх боломж бүрдэж буй явц билээ. Мөн давхар бас агуулга шилжиж буй үйл явц энэ. Социалист үзэл, сэтгэлгээтэй хэвээр байгаа нөхцөлд бид задарсан салбаруудыг эмхлэн цэгцлэх, бүтээн байгуулж чадахгүй. Он жил улирсан ч энэ байдал эс өөрчлөгдөнө. Бүрэлдэх учиртай зүйлсийг задрал зааж өгч, чиглүүлнэ. Төр, парламент, УИХ, хууль шүүх, боловсрол, эрүүл мэндийн салбар, урлаг уран сайхан, утга зохиолын ертөнц, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар задарсан хэвээр, эмх цэгцгүй, утга учиргүй, холион бантангийн цуглуулга болжээ. Хий хоосон агуулгатай, үндэс суурьгүй, дотоод талаасаа задарсан нөхцөл байдал юм энэ. Одоо оршин буй бүх зүйлийн агуулга, үнэт зүйл, тулгуур зарчим, үзэл санаа, ухагдахуун ойлголтыг иргэдийнхээ оюун санаанд суулгаагүйн гайгаар бид эдгээр зүйлийг агуулгажуулж, эмхлэн цэгцэлж, шинээр бүтээж чадахгүй өдийг хүрчээ. Оюун санаа шинэчлэгдээгүйн гай юм энэ. Аливаа зүйл холион бантан, утга учиргүй, задарсан нөхцөл байдалтай байгаа бол тухайн зүйл хий хоосон агуулгатайн шинж бөгөөд тухайн зүйлд агуулга, үнэт зүйл, учир, зарчмууд дутагдаж байна гэсэн учир бас шаардлага, дохио сануулга юм. Ардчилсан үзэл санаа, үнэт зүйлс, тулгуур зарчмууд оюун санаанд бүрэлдэх явдлыг шинэ нийгэм, ардчилсан тогтолцооны агуулга нь, үндэс суурь нь, бүтээгч нь ирж байна гэж харна. Дараах зүйлс, тухайлбал, төрийг ард түмэн хянадаг учир, биесээ дэмжиж байж оршдог, хувь хүний хийгээд нийгмийн өмнө хүлээх хариуцлага, үйлчлэх хийгээд үйлчлүүлэхийн утга учир, улс орон, үндэстэн өөрийн “Юм “ -тай байх, тэр “ Юм” -ны нэг нь үндэсний үйлдвэр байх, энэ учирт үндэслэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой, улс орныг зөвхөн төр засаг бус ард иргэд төртэйгээ хамтран бүтээдэг, хууль шүүхийн салбарт бугшсан хувийн эрх ашгаар ажил албандаа хандах гэдэг нэр хүндийг нь унагаж, өөрсдийн оршихуйг өөрсдөө сүйтгэж буй учир, УИХ-н гишүүн хязгааргүй бус хязгаарт, халдашгүй бус халдаж болдог эрхтэй тухай энэ мэт учир, шинэ ойлголт ухагдахуун, үзэл санаа оюун санаанд бүрэлдэх цаг болжээ. Бүтээгчид юм эд. Шинэ зүйлсийн агуулга, үнэт зүйл нь юм эд. Шинэ агуулга, шинэ үнэт зүйлс бидний оюун санаанд бүрэлдсэн цагт бид улс нийгэм, бүх салбараа шинээр бүтээнэ, эс бүрэлдвэл нөхцөл байдал хэвээр үлдэж, улам бүр дордоно.
Нэг намын ноёрхол, мэдээллийн хаалттай байдал, хэмжээгүй эрхтэй дарга нар, хүнд сурталт, данхар төр, хавтгайрсан халамж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчил, бэлэнчлэлд суурилсан хууль дүрэм, бодлого шийдвэр улс нийгмийн амьдрал, оршихуйд биежиж байна. Эдгээр биежлүүд хуучин зүйлс эргэн ирж, социализм буцан амилж буй дотоод үйл явцын тусгал юм. Эргэн ирж буй социализм энэ удаад гадаад тал, харагдах байдал, хэлбэрээ өөрчилж, зүсээ хувиргасан бол харин агуулга нь, социалист үзэл, сэтгэлгээ, арга барилаа хадгалсан хэвээрээ байна. Энэхүү өөрчлөлтийг хэлбэр, харагдах байдалдаа шинэ мэт боловч дотоод талдаа хуучин агуулга. Шинийн цаана нуугдсан хуучин. Ардчиллын цаана нуугдсан социализм хэмээн тус тус харах нээ. Улс нийгмийн оршихуйд бас нэгэн утгагүй, гаж байдал, үзэгдлүүд нэмэгдэж буй хэрэг энэ. Учир нь хэлбэр ардчилсан, агуулга социализм, хэлбэр ба агуулга хоорондоо эрс тэс байдалтай бол тухайн хэлбэр, үзэгдэл утгагүй, гаж буруу зүйлд тооцогдоно. Амьдрал дээрх хэлбэржил нь энэ. Коммунистууд ардчилал, хүний эрх, тэгш эрх, ардчиллаа бэхжүүлнэ хэмээн ярихаас нь харвал хэлбэр, харагдах байдал, дүр төрх нь ардчилсан мэт, харин үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж, цагдаж хянаж, ярьж хэлсэн зүйлийнхээ эсрэг үйлдэж байгаагаас харвал тэд социалист сэтгэлгээ, арга барил, хандлагатай хэвээрээ аж. Энэ үзэгдлийг ардчиллаар халхавчилж, зүсээ хувиргасан социализм, ардчилагчийн дүр төрхтэй коммунист хэмээн харах нээ. Хэлбэр, гадаад байдал, дүр төрхөө өөрчилсөн боловч агуулга, сэтгэлгээ, үзлийн хувьд коммунист хэвээрээ. Бас нэгэн утгагүй, гаж буруу үзэгдэл. Эргэн ирсэн зүйлс, хэлбэр, юмс бол хий хоосон агуулгатай, хэлбэрдлүүд бөгөөд худал хуурмаг, гаж зүйлс болно. Улс нийгмийн амьдралд хий хоосон, гаж, дэмий балай үзэгдлүүд нэмэгдэх ба янз бүрийн эрс зөрчил үүсгэнэ гээд хоруу чанар, хөнөөлт үйлчлэлтэй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрх, тэгш байдлыг хангана, ардчиллаа бэхжүүлнэ хэмээн мэдэгдэх хирнээ бодит байдалд үг хэлж, үзлээ илэрхийлсэн хүмүүсийг хянаж цагдаж, боомилох явдал нийтлэг. Манай улсад нийтлэг харагддаг зөрчил билээ. Үг яриа ба үйлдэл хандлага хоорондоо эрс зөрүүтэй, зөрчилдөөнтэй байна гэдэг, үйлдэл нь үг яриагаа үгүйсгэсэн, дотоод зөрчил бүхий үйл, зүйл, хэлбэр, үзэгдэл гэдэг үнэн биш худал, зөвхөн харагдах хэлбэр, бусдад зориулж бүтээсэн дүр байдаг. Хэлбэрдэл гэсэн үг. Хүний эрхийг бэхжүүлнэ, ардчиллаа бүтээн байгуулна, цогцлооно гэдэг нь зөвхөн харагдах хэлбэр, сүржин дүр, хоосон үг яриа бөгөөд амьдралд бодитжиж, хэлбэржиж, биелдэггүй онцлогтой. Амьдралд сүртэй сүржин хэлбэр л нэмэгдэнэ гэсэн үг. Дараах учиртай юм билээ. Энд социалист ба ардчилсан үзэл санаа бүрэлдсэн хийгээд бүрэлдээгүйн ялгаа илэрч байна. Социалист сэтгэлгээ, үзэлтэй байна гэдэг ардчилсан үзэл бүрэлдэж, төлөвшөөгүйн шинж, тусгал. Ийм хүмүүс үг хэлэх эрхийн мөн чанар, утга учир, хэм хэмжээ, ач холбогдол зэргийг ойлгох чадваргүй байдаг. Энэ шалтгаанаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд социалист арга барилаараа хандаж, тэднийг цагдан хорьж, хянаж, хүний эрхийн зөрчил үүсгээд байдаг. Ардчилсан үзэл бодол төлөвшсөн хүн гэдэг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийн ач холбогдол, үнэ цэнэ, утга учрыг ойлгодог учир өөрийн үзлийхээ эсрэг үйлдэл хийхгүй. Тэдний үг яриа ба үйлдэл хоорондоо нэгдмэл, нэг, цул байдаг онцлогтой. Ардчилсан үзэл бүрэлдсэн хийгээд эс бүрэлдээгүй хүний хандлага, сэтгэлгээ хоорондоо эрс ялгаатай шүү.
Дотоод үйл явц талаасаа социализм буцаж амилна гэдэг улс нийгэм өнгөрсөн цаг руу буцаж, гучин жилээр хойш ухарч буй явц. Зүй нь бол улс орон өнгөрсөн лүүгээ буцах бус ирээдүй рүү тэмүүлэх, эргэж буцах бус урагшлах, социализм руу буцах бус ардчилал руу, хоцрогдол руу бус хөгжил дэвшил рүү явах учиртай. Учир зүйн хувьд энэ явдал нийгмийн шилжилт хийгээд ардчиллыг гажуудуулж, үнэ цэнэ, ач холбогдлыг нь үгүй хийж, юу ч биш болгож буй үйл явц юм. Хорлож байна. Хуучин зүйлс, хуучин агуулга, хуучин үзэл сэтгэлгээ гэдэг өнгөрсөн цаг руу буцааж, улс үндэстний оюун сэтгэлгээг хуучин цагт уяж боомилон хорлодог. Хуучин халагдаж байхын нэгэн учир, шалтгаан энэ. Хуучин оршин тогтноод байх аваас шинэ төлөвшин тогтохгүй, өнгөрсөн лүү буцаад байх аваас ирээдүй ирэхгүй. Бидний ирээдүйд, хүнлэг энэрэнгүй ардчилсан орон, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, хараат бус байдал, ажил олгогч орон болох, үйлдвэрлэгч, бүтээгч иргэд, үйлдвэрлэгч орон, иргэний нийгэм, дэлхийд нэр нөлөөтэй, хүчирхэг улс, техник технологийн хөгжил энэчлэн хөвөрнө. Харамсалтай нь биежихгүй. Хуучин сэтгэлгээтэй нөхцөлд бид эдгээр зүйлсийг биежүүлж, хэлбэржүүлж, бүтээж чадахгүй. Оюун санаа шинэчлэгдэж, хөгжиж дэвшсэн нөхцөлд л бүтээж, бодитжуулж, хэлбэржүүлж, хэрэгжүүлнэ.
Үргэлжлэл бий