Гоё оронд муухай амьдраад байгаа тухай иргэнээсээ эхлээд Төрийн тэргүүн нь ч халаглах болов. Нээрээ ч өгөгдөл сайтай байрлал, өргөн уудам газар нутаг гээд л магтан дуулснаа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэ бүрдэлт нь, инфляци шатахуунаас дэлхийн хаана ч байхгүйгээр “хэт хамааралтай” эдийн засагтай гээд л муулахад төгсгөл бас үгүй.Энэ эмзэг чанарынхаа үүднээс онцгой албан татварыг бий болгосон боловч боловч зарцуулахдаа “онцгой” байж чаддаггүй. Өнөөх л төсвийн алдагдал, төрийн өр, үрэлгэн зардлыг санхүүжүүлэхэд цацаад байхаар юу нь онцгой байхав. Уг нь олохдоо онцгой байсан юм чинь зарахдаа ч онцгой л зүйлд зарцуулах ёстой баймаар...

Ингээд шатахууны үнэ өсөхөд хамгийн түрүүнд шатахуун импортогчдыгдур зоргоороо “ялладаг”. “Дур зоргоороо” гэдгийн учир нь “үгсэн хуйвалдсан” эсэхийг шалгаад дүн нь гараагүй байхад л хэзээний эрүүдэн шүүж эхэлдэг. Үүнд хувийн хэвшлийн байгууллагад учрах алдагдал, ер нь зөвхөн тэдний “буруугаас”, эсвэл үзэмжээр үнэ өсөв үү гэдгийг огт тооцохыг хүсдэггүй. 

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас гарсан алдагдлыг тухайн үед Засгийн газраас шатахуун дээр онцгой албан татвар /ОАТ/ ногдуулаад хаах байсан. Гэтэл төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулсан. Дэлхийн хаана ч ОАТ-аас олсон орлогыг төсвийн алдагдлаа нөхөх, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулдаггүй. Архи, тамхин дээр онцгой татвар ногдуулахдаа татварын орлогыг эрүүл мэндийн салбарт, шатахуунд онцгой албан татвар ногдуулахдаа орлогыг нь шатахуун нөөцлөхөд, эсвэл замын салбарт зарцуулдаг, нэг ёсондоо онцгой албан татварын орлогыг онцгой нөхцөлд л тухайн чиглэлээр зарцуулах сангийн хэлбэрээр ашиглаж чаддаг бол “аюул” хол байх байсан төдийгүй импортлогчид ч “Танай төрийнхөн авчихдаг” гээд сууж байхгүй билээ. Өнөөдөр “Петровис”-оос “Та нар дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өслөө гэж жижиглэнгийнхээ үнийг нэмчихээд, дэлхийн зах зээл дээр ханш буурахад яагаад буулгадаггүй юм бэ”гэхэд “Монголын төр дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд ОАТ –аа нэмчихээд буурахад нь ОАТ-ынхаа хэмжээг бууруулдаггүй шүү дээ” гэж байна. 

Хамгийн бодитой үнэн бол Монголд, зөвхөн Монголд шүү, шатахууны үнэ өсөхөд бүх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсдөг. Шатахуун импортлогчдыг яллаж болно оо. Гэхдээ гэм буруутайг нь тогтоосон бол. Бас гэм буруутан нь мөн бол. Тэр тусмаа дангаараа буруутай бол яллаж болно. Гэтэл онцгой албан татвараа төлөхөд түүгээр нь төсвийн зардлаа санхүүжүүлсэн буруутнуудыг биш, дэлхийн зах зээл дээр ханш өсч, алдагдал хүлээж дампуурахгүйн тулд нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмсэн импортлогчдыг “яллах” нь хэр эрүүл шийдвэр вэ. “Яллах” гээд байгаа эрх мэдэлтнүүд “Засгийн газар нефтийн үнэ өсөхөд Онцгой албан татвараа тэглээд, Гаалийн албан татвараа бууруулаад зохицуулалт хийдэг байсан. Харин Одоо Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан болохоор энэ бүх асуудлыг шийдэх бол заавал УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл тавигдаж байна” гэж тайлбарлаж байна. УИХ-ын хариуцлага тооцох субъект нь Засгийн газар болохоос хувийн компаниуд биш ээ. “Онцгойлж авсан татвараа яачихсан юм бэ. ОУВС-аас зөвшөөрөл авч байж татварын зохицуулалт хийдэг төртэй байх хэрэгтэй юм уу. ОУВС туйлын мэргэн зөвлөгөө өгдөг бол яагаад “Танайх шатахуунаас хэтэрхий хамааралтай учраас эрсдэлд бэлэн бай, нефтийн бүтээгдэхүүнд ногдуулсан онцгой албан татварын орлогыг нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд бэлэн байлгах сан байгуулахад зарцуул” гэж зөвлөөгүй юм бэ. Бас яагаад төсвийн алдагдлаа нөхөх, зардлаа санхүүжүүлэхдээ онцгой албан татвараас зарцуулж болохгүй гэж анхааруулаагүй юм бол. 

Дөрвөн жилийн хугацаанд зөвхөн шатахууны онцгой албан татварт 1.1 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлжээ. НӨАТ, гаалийн татварзэрэгтэйгээ бол дээрх тоо хоёр дахин нэмэгдэх байх. Литр тутамд 500 төгрөгийг нь Засгийн газар нь “тоншчихоод” байжээ. Төсвийн алдагдлаа нөхөөд, төсвийн зардлаа санхүүжүүлчихээд үрэн таран хийчихээд байсан гэсэн үг. 

Тэд нефть бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөхөд шатахуун импортлогчдыг юугаар дэмжиж чадна гэж? Одоо бүр зохиомлоор өсгөсөн эсэхийг баттай нотлоогүй байж шатахуун импортолсон “эздэд” эрүүгийн хэрэг үүсгэх тухай ярьж эхэллээ. Хэрэгт холбогдохдоо хүрвэл онцгой албан татварыг үрэн таран хийсэн үе үеийн Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой. Татварын орлогыг үрсэн нь биш татвар төлсөн нь буруутдаг жишиг тогтоочихоор хэн бизнес хийж, хэн хөрөнгө оруулалт хийх вэ. 

Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ ханш өсч байхад шатахууны импортод онцгой албан татварыг нэмсэн бол Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ ханш буурахад ОАТ буурдаггүй. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ ханш өссөний эрсдэл иргэдийн, тэр тусмаа бага орлоготой иргэдийн халааснаас гарч байна. Инфляци өсөхөд иргэн хохирох хүртэл “ханшийн эрсдлээс хамгаалах сан” тэр эрсдлийг барьж байдаг бол цохилт нь арай зөөлөн. Тэр санг онцгой албан татвараараа, болж өгвөл төсвөөс иргэдээ бодоод боломжоороо нэмэрлэж бүрдүүлэх боломжтой. Түүнийг нь төр дээрэмдээд төсвийн алдагдлаа хаагаад байвал байдал хэвээрээ үргэлжилнэ. Төр бяцхан ч гэсэн нэмэрлээд, ОАТ-ыг нь санд нь байлгаж гэмээнэ түүний дараа “яагаад үнээ нэмэв” гэж импортлогчдыг зэмлэх нүүртэй болно. Энэ бол шатахуунаас хэт хамааралтай инфляцитай орны төрд бий болгож чадах нь “дархлаа” юм. 

Дахиад “төр авсан шүү дээ” гэсэн хариу сонсохгүйн тулд нефть бүтээгдэхүүний импортод ногдуулсан онцгой албан татварыг “онцгойлон” үзэж зориулалтаар нь зарцуулъя. Жишээ нь шатахууны онцгой албан татварын орлогод 2017 оны 155.8 тэрбум, 2018 онд төсөвлөчихөөд байгаа 295.4 тэрбум төгрөг гээд бодохоор нийт 451.2 тэрбум төгрөг болж байна. Нөөцөлж тэвчихгүй бол Энэтхэгээс нефть боловсруулах үйлдвэр барих зориулалтаар 1 тэрбум ам.доллар зээлэх гэж байгаа, түүнд нэмэрлэж болно. Хөрөнгө оруулалтыг нь ТЭЗҮ-тэй нь 100 хувь алгаа тосоод авснаас арай өөр харагдана. 

Дашрамд, Оросын мэдээллийн агентлагаас манай Ерөнхийлөгч Энэтхэгт айлчлах бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байсанчлан “Эдийн засгийн хувьд Хятадаас ихээхэн хараат байгааг багасгах” ажлаа эндээс эхлэх нь гэж уншлаа. Уг нь Монголын талаас ахиухан хөрөнгө гаргаж энэ том үйл ажиллагааны эхлэл суурийг өөрсдөө тавиасай гэж хүснэ. Ийм боломж төрд бий. Хувийнхан хүсэхгүй байж мэдэх ч хязгаарлах эрх зүйн чадамжгүй. Тэгэхээр тэднээс авсан татвараа хомсдлын ерөндөг болгон хэрэглэж яагаад болохгүй гэж. Ядаж л амаа асуулгахгүй шүү дээ.