Хэрэв Монгол улсад ард түмэн нь засагладаг юм бол, лав л улстөрчид маань гадны шахаасанд орохдоо тэгж хэлж гарсан удаа нэг биш бий, хэрэв тийм л юм бол одоо ард түмэн нь түүнийг дэмжиж байгаад бидний он удаан жил хүлээсэн зүйлсийг хийж байгаагаас нь таашаал авах ёстой цаг ирсэн байна. Яах бол гэж харж байтал хоёр найзыгаа ч “ялгасангүй”. Ж.Мөнхбат, Аюурсайхан хоёр бууж өглөө. Нөгөө хоёр нь гэж нулимс дуссан А4 цаас дүүрэн захидал бичин оджээ. Араас нь цаас, балаа бэлдэх гишүүд ч тодорхой нэрлэгдээд эхэллээ. 

Жунай атмааныг хүмүүс л ам дамжин “авилгач юм гэнэ лээ, жинхэнэ босс нь шүү дээ” гэж ярьдаг байв. Харин эрх баригчдын түвшинд, өөрийнх нь намын удирдлагаас анх удаа “авчраад гэм буруутай эсэхийг шүүлгэнэ” гэж Ерөнхий сайд хэлэв. Би лав түүний эхэлснийг нь дуусгахын төлөө байна. Ахиад ийм боломж бидэнд олдохгүй. Манайд ер нь яадаг билээ? Сонгуулиар солигдож өөр нам төрийн эрхэнд гарвал өмнөх намынхаа л бөгсийг ухдаг. Буюу хулгайлсныг нь дээрэмдэж авдаг. Бид үүнд л баясаж, шударга ёсны тэмцэл энэ тэр гэдэг байв. Нөгөө хэд нь ч шударга ёсны тэмцэл гэж тэрийгээ нэрлэдэг байв. Одоо болж байгаа юмны дэргэд юу ч биш, ямар нэг юм ер нь биш.

Түүний “эхэлснийг нь дуусгах” гэж яагаад тодруулав гэвэл тэр алдаа гаргасан. Бугшиж, цементжсэн том хэргүүдийг арай л нэг зэрэг дэлбэлчихлээ. Ядаж хөгжлийн банкыг хойшлуулах байсан юм. Одоо тэр бүрэн жагссан нөгөө талынхаа эсрэг бүх бодоо алдсан ганц бэрс ч байж магадгүй. Бүр хоёр фронт дээр байлдах нь байна. Гэхдээ өчигдөр өнөөдрийн сонсгол бидэнд бол маш зугаатай л байна л даа. Гэхдээ хэдий болтол зүгээр цирк үзэж баясах вэ. Цирк төлбөртэй байдаг. 

Эхэнд хэлсэн ард түмний авах таашаал цаашдаа бидэнд олон юм авчирна. Зах зээлийн зарчим гэж байгалийн жам шиг л хатуу агаад өршөөлгүй нэг юм бий. Нэг улстөрч авилга авахад л зах зээлд жамаараа эргэлдэж байсан мөнгөнөөс яг тэр нь сох дутчихдаг юм. Тэгээд тэр нь хаанаас нөхөгддөг гэж бодож байна? Юмны үнэ өсөж нөхөгддөг шүү дээ. Жишээ нь мэргэжлийн хяналтын байцаагч ТҮЦ-нээс хорин мянган төгрөг авилгад авсан гэж бодоё. Хорьхон мянга шүү дээ. Тэгвэл тэр ТҮЦ-ний бохь 800 төгрөг байснаа 830 болчихдог. Нэг газрын дарга барилгын компаниас нэг тэрбумыг авилгад авахад орон сууцны метр квадратын үнэ 3 сая байснаа 3,5 сая болчихдог. Энгийн байна уу? Төрийн албан хаагчдын шат шатандаа авч буй жижиг том авилгал бүрийг бид ингэж л төлдөг юм даа. 

Муусайн новшнууд улсаа хорлолоо, гуравхан сая хүнийг сайхан амьдруулсангүй гэж бухимдаад байдаг олны үг үнэн юм шүү дээ. Мөн бид “Гадаадад сайхан юмоо, төрийн албан хаагч нь орлогоосоо давж тансаглаад байвал шууд шалгагддаг” гэж одоо ч ярьцгаадаг. Өөрөөр хэлбэл тэдний дарга нар авилгал авах боломж маш хомс. Тэгээд улс нь баян, иргэд нь мөнгөтэй. Тэгвэл Оюун-Эрдэнэ тийм хууль батлуулахаа зарлачихлаа. Яаралтай горимоор. Би лав таашаал авч байна. 

Гэхдээ тэр батлуулахыг хүссэн ч энэ хууль нь УИХ дээр хэлэлцэгдэнэ. Хэрэв тэд батлахгүй бол... гэсэн асуулт зүй ёсоор ургана. Өөрснийх нь эсрэг хууль ороод ирэхээр батлахгүй унагаачихсан түүх УИХ-д бишгүй бий. Бид мэддэггүй л юм. Ямар өөртөө хэрэгтэй юм сонирхож, тоох ч биш дээ. Нэг айлын хэрүүл, нэг одын амьдрал л сонирходог шүү дээ бид ☹.

Гэхдээ энэ удаа бид үүнийг мэдэж, санаж, хуулийн төслийг нь хэрхэн хэлэлцэхийг ажиглаж хэрэв батлахгүй бол заавал батлуулахын төлөө жагсаж яагаад болохгүй гэж? Хамгийн ухаалаг, хамгийн хэрэгтэй, прагматик жагсаал энэ болно. Дарга нар үндэслэлгүй олсон мөнгөө гадаадын банкинд хийсэн эсэхийг шалгана. Илэрвэл шууд авчирна. Иймэрхүү юмнууд ер нь хүмүүс ярьдаг л даа. Офшор энээ тэрээ гэж. “Ярьдаг” гэж ахиад тодотгомоор байна. Гэхдээ өнөөдөр ярих биш хийчих аавын хүү гараад ирлээ. Анзаарч байна уу даа ингэхэд. Улстөржөөд л, элдвээр доромжилбол л хамгийн сайхан харагдах юм шиг загнаад байхаас биш хийж байгаа юм нь өөрчлөлт авчрахаар байна уу гүй юу гэдэг талаас бодож байна уу даа?

Цаашид түүний үйлдлүүдийг ажиглаж үргэлжлүүлэн бичих болно. Мөн гараад буй гэмт явдлууд, түүний сүлжээ, бусад юмсын тухай олон нийтэд хүргэж, өрнөөд буй үйлсэд хувь нэмрээ оруулмаар байгаа тул сонирхолтой баримт, мэдээ байвал твитерийн @artanyan хаягаар минь хандвал их баярлах болно шүү.