ОЮУНТНУУД ХЭМЭЭХ БААСТАЙ БУРХАД
Пол Жонсон “Энэхүү номоор хүн төрөлхтөнд ажил хэргээ хэрхэн явуулах талаар зөвлөгөө өгсөн зарим нэг суут сэтгэгчдийн ёс суртахуун ба үнэлгээний чадамжинд дүн шинжилгээ хийсэн бөлгөө” гэж номоо эхлүүлсэн бөгөөд зорилгоосоо хазайгаагүй. Жан-Жак Руссо, Перси Биши Шэлли, Карл Маркс, Хэнрик Ибсэн, Лев Толстой, Эрнэст Хэминвэй, Бэртолт Брэхт, Бэртран Рассэл, Жан Пол Сартр, Эдмүнд Вилсон, Виктор Голланц, Лиллиан Хэллман нарыг хүн талаас нь гарган харуулжээ.
ОЮУНТНУУД ХЭМЭЭХ БААСТАЙ БУРХАД
1988 онд хэвлэгдсэн Пол Жонсоны Оюунтнууд онцгой ном. Ийм төрлийн бүтээл тун ховор. Төстэй цөөн хэдээс дурдвал: Жюльен Бендагийн The Betrayal of the Intellectuals (1927), Жон Кэрийн The Intellectuals and the Masses (1990), Томас Совеллын Intellectuals and Society (2010), мөн Жэймс Х. Биллингтоны Fire in the Minds of Men: Origins of the Revolutionary Faith (1980) байна. Дэлхий мэдэхгүй ч Б.Одгэрэлийн орчуулсан Оросын тэрс үзэлтэн Эдвард Лемоновын Бадрангуй суутнууд-тай зүйрлэж болно. Үүнийг оруулаад ч оюунлаг анги, түүний гарал үүсэл, нөлөө зэргийг судалсан ном маш цөөн. Энэ чиглэлд сүүлийн жилүүдэд бага зэрэг салхи орж байгаа ч, оюунлаг хүмүүсийг судлах “цээр” хэвээр. Тэднийг бид “сартваахь” хэмээн оройдоо залдаг билээ. Гэвч тэд бол баастай бурхад.
Пол Жонсон “Энэхүү номоор хүн төрөлхтөнд ажил хэргээ хэрхэн явуулах талаар зөвлөгөө өгсөн зарим нэг суут сэтгэгчдийн ёс суртахуун ба үнэлгээний чадамжинд дүн шинжилгээ хийсэн бөлгөө” гэж номоо эхлүүлсэн бөгөөд зорилгоосоо хазайгаагүй. Жан-Жак Руссо, Перси Биши Шэлли, Карл Маркс, Хэнрик Ибсэн, Лев Толстой, Эрнэст Хэминвэй, Бэртолт Брэхт, Бэртран Рассэл, Жан Пол Сартр, Эдмүнд Вилсон, Виктор Голланц, Лиллиан Хэллман нарыг хүн талаас нь гарган харуулжээ.
Эдний дийлэнх нь зүүний үзэл баримтлалд гэгээнтэн мэт шүтэгддэг. “Оюунлаг хүн” гэдэг ойлголт нь анхнаасаа “гагцхүү нарыг хэвээр” агуулгатай байжээ. Хэрэвзээ оюунлаг хүмүүс орчлонгийн жам ёсыг хамгаалбал нийгэм гэж байгаад ч хэрэггүй билээ. Тэд өөрсдийгөө нийгмийн их өөрчлөлтийн “тархи” гэж үздэг.

Улс төрийн коммунизм ялагдсан ч, соёл, үзэл санааны хувьд зүүн үзэл санаа оюуны дайнд ялсан гэж хэлж болно. Барууны буюу консерватив оюунлагууд бараг мартагдсан, харин баруун жигүүрийн зарим туйлширсан үзэлтнүүд (расизм, фашизмийг зөвтгөгчид) хожим зүүн талын онолуудад шингэж, “ариуссан” юм.
Гэхдээ “оюунтнууд” ба “зүүний үзэл” хоёрыг шууд нэг саван чихэж болохгүй. Орчин үеийн оюунтан зүүний үзэлтэй ч нацист Хайдэггэрийн үзэл санааг хүндэтгэдэг байх нь захын явдал. Оюунтнууд эрх мэдэл, нарциссист мөрөөдөл хоёртоо л хөтлөгддөг юм. Хэрэв Герман Дэлхийн II дайнд ялсан бол Жан-Поль Сартр нарын олон хүн ари цустны дэг журмыг бахархан дагах байсан гэж бодогддог. Үнэндээ Сартрын хувьд нацистуудад эзлэгдсэн Парис “амар амгалан” байсан юм гэдэг.
Жонсон ил тод хэлээгүй ч, оюунтнуудын сэтгэлийн гүнд оршдог эмгэгийг “мэдэрсэн” байдаг. Зарим нь бүр гүнзгий ялзралд автсан, социопати ба ноёрхох хүслээ үзэл суртлаар өнгөлөн далдалдаг явжээ.
Хатуухан хэлж байж магадгүй, оюунтнууд маань хуурамч дүр, аврагчийн царай, цэцэн үгээр ойр дотныхоо хүмүүсийг, хамт олноо, бүр эхнэр хүүхдүүдээ ч үл хайхран, харгислаж байсан нь үнэхээр жихүүдэс хүргэдэг.
Мэдээж, бүгдээрээ муу биш. Карл Маркс, Руссо хоёр хамгийн туйлширсан, харин Бэртран Рассэл хүлцэнгүй, бараг ариун хүн мэт уншигдана. Энэ ном “захын хүний ёс суртахуун өөрсдийгөө “оюуны элит” хэмээгчдийнхээс хавьгүй дээр” байж болохыг харуулснаараа гайхамшигтай билээ.
Зарим хүн “Муу хүн байсан нь хэнд хамаатай юм. Бичсэн туурвисан нь чухал” гэж мэднэ. Тийм байж болох ч оюунтнууд маань бодит баримт бус, “ёс суртахуун номлодог” хүмүүс гэдгийг санаарай. Таны компьютерийг засаж байгаа хүн психопат байлаа гээд таныг хуурч мэхлээгүй л бол хэнд хамаатай юм бэ. Харин ёс суртахуун номлогч ба психопат хоёрыг салгаж үзэхийн аргагүй. Тийм хүнээс улс төрийн “зөв” философи гарахгүй. Хүмүүсийг “малаас арай дээр” гэж үздэг хүн хэзээ нэгэн цагт тэр сэтгэлгээгээрээ нийгмийг зохиомлоор “зохицуулах” гэж оролдоно.
Нэмж хэлэхэд, эдгээр “оюунтнууд”-ын олонх нь “хуулбарлагч”, “баримтыг гуйвуулагч” байсан. Жишээ нь Маркс, Энгельс капитализм ажилчин ангийг ядууруулж байна гэдгээ батлахын тулд зориуд буруу, хуучирсан статистик ашиглаж байв. Шинжлэх ухааны марксизмын энэ бол өршөөгөөд өнгөрөөх жижиг алдаа огт биш. Капитализмын шидээр хөдөлмөрийн нөхцөл байнга сайжирч ирсэн энгийн үнэнийг нотлоход л “зайлшгүй хувьсгал”-ын онол нь шууд нуран унана. Тэд үүнийг мэдсээр, харсаар атлаа худлаа ярьсан.
Оюунтнууд эмэгтэйчүүдийг дорд үзэх нийтлэг хандлагатай. Номд багтсан оюунтнуудын ихэнх нь эрчүүд бөгөөд эмэгтэйчүүдийг хуурч, дарамталж, хүүхэдтэй болгоод орхидог хаясан ажээ. Жишээ нь, боловсролын онолын “эцэг” гэгддэг Руссо өөрийн хүүхдүүдээ өнчингийн асрамжид хаясан. Тийм атал өөрийгөө “хүн төрөлхтний найз”, “ёс суртахууны шинэ номлогч” хэмээн тунхаглаж, нийгмийг “инженерчлэх” ёстой гэдэгт гүн бат итгэсэн оюунтан.
Эцэст нь, номд давтагддаг нэг сэдэв бол “апокалиптик мөрөөдөл, элитийн бардам зан, дунд анги ба энгийн ард түмнийг үл тэвчих зэвүүцэл”. Жишээ нь, Маркс өсвөр наснаасаа “ертөнцийн сүйрэл” гэх фанатик үзэлд автаж, улс төрийн онол нь үнэндээ тэр л эмгэгийнх нь рационал хувилбар байлаа. Насан туршдаа нэг ч үйлдвэрийн цехэд очиж үзээгүй цээжний бангаар бурсан онолч юм. Өнөөдөр ч байдал дээрдсэнгүй, баастай бурхад байрандаа, тодруулбал бидний толгой дээр...

