Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

-Улсын баяр наадмын бөхийн барилдаанд хэд хэдэн дүрмийн өөрчлөлт оруулахаар болсон нь маргаан дагуулж эхэллээ. Салбар хороог даргалдаг хүний хувьд асуухад ямар нэгэн дүрмийн өөрчлөлт оруулахад Бөхийн холбооноос санал авдаг байж таарна. Гэтэл Бөхийн холбооны мэдэгдэл нь арай өөр агуулгатай, эсрэг саналтай байна лээ?

-Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын Хоёрдугаар хавсралтаар бөхийн барилдааны дүрмийг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлж баталсан. Дүрмийг батлахаас өмнө нь бөхийн галуудад мэдээлэл хийж, Бөхийн холбооны саналыг үндэслэсэн. Жилийн өмнө баталсан дүрэм шүү дээ. Дүрмийн дагуу бөхчүүдийн эрүүл мэнд болон олон нийтийг чилээхгүйгээр уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэх ёстой гэсэн агуулгыг шигтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, улсын баярт зодоглох бөхчүүдийн идэвхийг харах өөрчлөлт нь шинэ юм биш.

Гэтэл наадам ойртсон давчуу цаг үед уг зарчмын гол өөрчлөлтийг тэгш барьцаар солих саналыг Бөхийн холбооноос ирүүлсэн. Энэ дагуу салбар хороо 15 гишүүний бүрэлдүүхэнтэй хуралдаж, Бөхийн холбооноос ирүүлсэн саналыг хэлэлцсэн. Яагаад ийм санал ирүүлснийг тодруулсан ч тодорхойгүй асуудал үүссэн. Тиймээс энэ жилийн хувьд дүрмийн өөрчлөлтийг оруулах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадмыг тодорхой цаг хугацаатай зохион байгуулдаг болсон. Нээлт, хаалтын арга хэмжээтэй. Бүх зүйл нь өөрийн шат дамжлага, дараалалтай. Ийм байхад өөрчлөлт оруулах нь эргээд цаг нь тодорхойгүй болно. Хоёр бөх хаялцахгүйгээр хэдэн ч цаг зогсох магадлалтай. Үүнийг анхаарах ёстой гэдгээ ч Бөхийн холбооныхонд хэлсэн.

-Холбооны шийдвэрийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулсан байдаг уу?

-Явуулсан. Олонхиороо Бөхийн холбооны саналыг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн.

-Үндэсний бөхийн салбарт хороо хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм. Аль байгууллагын төлөөллөөс бүрддэг вэ. Бөхийн холбооноос байдаг уу?

-Өнгөрсөн жилийн тухайд Ц.Магалжав тэргүүн ганцаараа орж байсан. Харин энэ жил тоог нь нэмэгдүүлэх саналыг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Шадар сайдад уламжилснаар гарьд И.Доржсамбуу нэмэгдсэн. Батлан хамгаалах яамнаас гурван хүн байдаг. Тэдгээр дунд Д.Ганхуяг арслан байна. Харцага Т.Өсөх-Ирээдүй бий. Цагдаагийн байгууллагаас төлөөлөл багтана. Олон жил Бөхийн салбар хороонд ажилласан Хил хамгаалахын дарга асан генерал Ш.Лхачинжав байна. Биеийн тамир, спортын хороо, нийслэл, яамны төлөөллөөс бүрддэг. 

Манай салбар хорооны хувьд үндэсний бөхийн зохион байгуулалтыг хариуцдаг. Олон төрийн байгууллагын ажлын уялдааг хангаж ажиллахаас бусдаар ам авахаас эхлээд хөндлөнгөөс оролцдоггүй. Дүрэм журмыг нь гаргаж өгдөг. Энэ хүрээнд наадам дөхсөн учраас Бөхийн холбооны саналыг хүлээж аваагүй. Үндэснийхээ өв соёлыг тээсэн спортын хувьд нийт бөхчүүд маань батлагдсан дүрмийнхээ дагуу барилдах ёстой. Тэгэхгүйгээр нэр бүхий дээгүүр цолтой бөхчүүд нь Дүрмийнхээ зөвлөлд орж суугаад түүнийхээ эсрэг байж болохгүй.

-Бусад дүрмийн өөрчлөлтийн тухайд?

-Өнгөрсөн жилийн Үндэсний их баяраар наадамчин олныг бухимдуулсан, өрсөлдөгч бөхөд давуу байдал олгосон зэрэг үйл явцаас сургамж авч шийдсэн асуудал. Тухайлбал, ам авахтай холбоотой өөрчлөлт байна. Өмнө нь салбар хорооныхон барилдааныг дэлгэцээр харах боломжгүй байсан. Яг ам авах үеэр холбогдох хүмүүс нь байлцаагүй байхад нэр бүхий бөх ёс бус үйлдэл гаргасан. Ам авч байхдаа гар утсаа ашигласан тохиолдол бий.

-Аймгийн Засаг даргын орлогчтой ярьсан асуудлыг хэлээд байна уу?

-Тийм ээ. Энэ нь эргээд наадамчин олныг бухимдуулдаг, нөгөө л найраа байгаа юм байна гэж ярихад хүргэдэг. Дүрмийн өөрчлөлтийг хийсэн нэг шалтгаан нь энэ. Тэгэхээр ам авч байх явцдаа гар утас ашиглахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд бөхийн цээрт заасан хариуцлага ногдуулна. Энэхүү өөрчлөлтийг ярьж байх явцад нэг зүйл яригдсан нь нэр уншиж байх техникийн алдаа ч юм уу, бусад шалтгаанаас болж алгасч унших тохиолдол гардаг юм байна. Тухайн бөх өөрт илүү их боломж байсныг мэдээгүй өнгөрөх талтай.

Үүнийг шийдвэрлэхийн тулд цахим программын дагуу үндсэн дөрөв, нэмэлт нэг минутад багтаж ам авахаар зохицуулна. Энэ хугацаанд өөрөөсөө доош эрэмбэтэй хэчнээн бөх байгааг харах боломжтой. Ямар цолтой бөх үлдсэнийг ч харж болно. Хүний оролцоогүйгээр өөрөө ам авах эсвэл гарын Да нарыг оролцуулж болно. Ямар ч байсан өнгөрсөн жилийн наадмаар ам явах явцад нэр бүхий бөхийн гаргасан үйлдэлд салбар хорооны даргын хувьд уучлал гуйж байна. Энэ жил тийм алдаа гарахгүй. Төв цэнгэлдэхэд байрлуулсан том дэлгэц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ам авах явц нээлттэй цацагдана.

-Том цолтой бөх хугацаандаа амжиж ам аваагүй тохиолдолд эрэмбэ нь хоёр байраар ухраах зохицуулалт орж байгаа гэсэн?

-4+1 минутад амаа авч чадахгүй байвал хоёр бөхийн дараа байхаар зохицуулалт хийнэ.

-Эсрэгээрээ цаг хожих боломж олгохгүй юу? Хатуухан хэлэхэд найраа хийх хангалттай цаг хугацаа үүсгэх юм биш үү?

-Мэдээж хардлага гарна. Бусдаас дохио хүлээх зэргээр. Гэхдээ тийм боломжийг үгүй хийх зорилгоор л оруулсан өнгөрсөн жилийн өөрчлөлт. Өөрт ногдсон хугацаандаа ам авч чадахгүй бол боломжоо л алдаж байна гэсэн үг. Сонгож барилдах бөхчүүдийнх нь тоо цөөрөх учраас хариуцлагатай хандахаас өөр аргагүй. Эхний бөх ам авч байхад дараагийнх нь гадна талын дэлгэцнээс хараад зогсох юм. Гарын Да нарын зэрэгцээ хоёр дэлгэц байршуулна.

-Хүний оролцоогүйгээр ам авах боломжтой гэж байна. Гэхдээ ам авах явцад ямар нэгэн байдлаар программд асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ тохиолдолд яаж зохицуулах юм. Цаг тулсан үед гацах, өгөгдөл дамжуулахгүй байх зэргээр урьдчилан тооцоолоогүй хүндрэл гарахыг үгүйсгэхгүй?

-Ийм байдал үүсч магадгүй учраас хуучин уламжлалыг алгасаагүй. Гарын Да нараас нэр сонсох зохицуулалтыг хэвээр үлдээсэн. 512 бөх барилдаад гурвын даваанаас ам авахад Гарын Да богино хугацаанд 127 нэрийг унших боломжтой. Бүр дуржигнатал уншина. Харин түүнийг бүгдийг нь сонсож амжих уу? гэдэг асуудал бий учраас нүдээрээ харах бололцоог нь хослуулж олгож байгаа юм. Гарын Да нарын ч ажлыг хөнгөвчилнө.

-Орон нутагт бол үйлчлэхгүй юм байна?

-Орон нутгийн түвшинд наадам зохион байгуулах үйл ажиллагаанд Бөхийн холбооны төлөөллийг оролцуулах саналыг Шадар сайдаар уламжлуулж аймгуудад хүргүүлэх гэж байна. Учир нь, Төрийн байгууллага, тухайн орон нутаг нь хэт нутгархах үйлдлээс үүдсэн маргаан гардаг. Наадамд нутгархах үзэл байж болохгүй. Энэ бол Монгол түмний эв нэгдлийн баяр. Тиймээс Бөхийн холбооны орон нутгийн салбарын төлөөллийг түлхүү оролцуулах учиртай.

-Жишээ нь, тэгш ойтой аймгийн болон орон нутагт өөр газрын бөхийг барилдуулдаггүй. Хаалттай байдлаар зохион байгуулдаг тохиолдол цөөнгүй гарсан. Таны хэлснээр ийм байдал дахиж гарахгүй юм байна?

-Хуулиар энэ байдлыг хориглосон. Хүнийг үндэс угсаа, гарал үүсэл, нийгмийн байдал, аймгаар нь ялгаварлаж болохгүй. Өнгөрсөн жилийн наадамд гэхэд Тува, Өвөрмонгол, Халимаг тэргүүтэй улсаас бөхчүүд ирж барилдсан. Магадгүй Монгол аав, ээжээс төрсөн гадаад залуус ирж барилдахыг үгүйсгэхгүй. Бид аливаа зүйлд уужуу тайван хандах ёстой юм. Хэрвээ орон нутагт наадам зохион байгуулахдаа хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан байвал хуулийн хариуцлагатай. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцно.

-Бөхчүүдийн идэвхи харж барилдуулах шийдвэрийг жилийн өмнө баталж, хүчин төгөлдөр мөрдөж байхад наадам дөхсөн үед өөрлөх саналыг Бөхийн холбооноос гэнэт оруулж ирсний ард тодорхой шалтгаан бий л байх?

-Аливаа зүйлд ялангуяа алс хэтээ бодож дүрмийн өөрчлөлтийг хийгээсэй гэж боддог юм. Наадамчин олноо чилээгээд, арга хэмжээг сунжруулж болохгүй. Үзэгч олон юунд баясдаг юм. Зөвхөн Үндэсний бөхийн барилдаан гэхээсээ аливаа спортын хурдтай, гайхамшигтай уран мэх, хийц агшинд баярладаг. Тэгэхээр энэ асуудал Монголын үндэсний бөхөд байхгүй болоод магадгүй өнгөрсөн жилээс дахин гарч ирлээ. Ц.Магалжав тэргүүн маш сайн ажилласан. Зоригтой шийдсэн. Хамтдаа хуулийг нь батлуулж, дүрмийг өөрчлөлтийг хийсэн. Гэтэл өнөөдөр түүнээсээ ухарч байгаад үнэндээ гайхаж байна. Нийт бөхчүүд, Дүрмийн зөвлөлийн бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцсэн бол ямар ч асуудалгүй.

Миний ойлгосноор Дүрмийн зөвлөлийн 20 гаруй хүнээс шийдвэр гаргах мөчид найм нь байсан гэж сонссон. Нийт бөхчүүдийн асуудлыг найман хүн суугаад шийдэж болох уу? Нийт бөхчүүдийн эрх ашгийн өмнөөс л ярих ёстой. Дээрээс нь шийдвэрт холбогдох мэдээлэл нь дутуу учраас өөрчлөлт оруулахыг дэмжээгүй. Бөх мэдэх, мэдэхгүйдээ биш ээ. Үндэсний бөхийн салбар хороонд олон жил наадам зохион байгуулсан Төрийн албан хаагчид багтдаг юм. Цаашдаа Бөхийн холбоо удирдлага, улам сайжирсан тохиолдолд наадмын зохион байгуулалтын асуудлыг шилжүүлэхэд Төр бэлэн. Бөхийн холбоо гэхэд сүүлийн хоёроос гурван жилд гайгүй цэгцэрч байна. Удирдлагын хувьд ч маргаангүй боллоо. Үндэсний өв уламжлал болсон баяр наадмаа ямар нэгэн маргаангүй зохион байгуулах гэж л Төрийн байгууллага оролцож байгаа юм.

-Бөхийн холбооны дотоод зохион байгуулалт нь жигдэрсэн гэж үзвэл Төр дэргэдээ салбар хороо байлгах шаардлагагүй гэсэн үг үү?

-Үндэсний бөхийн барилдааныхаа зохион байгуулалтыг холбоо нь хариуцаад, Төр зөвхөн шагнал урамшуулалыг ёсчлох арга хэмжээнд дэмжиж оролцох хэлбэр нь бүрэн нээлттэй. Цаг хугацааны л асуудал юм.

-Хамгийн маргаан дагуулсан нэг өөрчлөлт нь бөхийн цолыг дуудахад ганцхан ивээн тэтгэгч байгууллагыг дурдах тухай. Үүнийг дэмжих нэг хэсэг байна. Нөгөө талд спорт учраас спонсортой байх ёстой гэж хэлэх хэсэг байна?

-Хоёр талтай байр суурь байгааг үгүйсгэхгүй ээ. Нэгдүгээрт, энэ бол Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ буюу наадам. Бөхчүүдийг тодорхой түвшинд ивээн тэтгэдэг боловч нөгөө талд түүнийгээ зах хязгааргүйгээр нэмдэг хандлага бий болсон. Хамгийн багадаа хоёроос гурван компанийн нэрийг дуудуулж байна. Гол нь бөхчүүд маань өөрсдөө үнэ цэнтэй байх ёстой. Тэр олон компанийн нэр хүнд, маркетинг наадмын талбайд явах учиргүй. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан Та бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөдрийн эфирийн болон аливаа хэвлэл мэдээллийн байгууллагаар арилжааны зар сурталчилгаа явуулахад ямар төлбөртэй байдаг вэ?

Үнэхээр ивээн тэтгэж байгаа бол тэдгээр байгууллага бөхчүүдээ спонсорлосон шиг спонсорлох ёстой юм. Эсрэгээрээ бөхчүүд нь маш олон компаниар ивээн тэтгүүлэх байдал руу орж байна. Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ явж байхад ийм зохисгүй хэмжээнд байх хэрэг байна уу? гэдгийг харгалзаад гол ивээн тэтгэгчээ дурдах өөрчлөлтийг оруулсан. Бусдаар цол дуудах асуудлыг хязгаарласан юм байхгүй. Цол дуудах нь тухайн бөхийг алдаршуулан хэлдэг болохоос аливаа компани руу чиглэдэггүй. Олон нийт үүнийг аль болох зөв талаас нь хараасай.

Мэдээж спорт спонсортой хөгждөг. Тэдгээр спонсор нь ч үнэ цэнтэй байх ёстой. Бөхчүүд маань түүнээс илүү үнэ цэнтэй байх учиртай. Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бусад заал, танхимын барилдаанд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй. Зөвхөн Төрийн баяр наадмын үеэр дагаж мөрдөнө. Аливаа зүйлийг зохистой хэмжээнд нь байлгая аа л гэж байгаа юм.

-Допингийн асуудлыг энэ удаад яаж шийдэхээр зохицуулсан бэ. Шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авдаг ч тэр нь сунжирсаар эцэстээ хардлага дагуулах шалтгаан болдог. Уг нь Допингийн эсрэг үндэсний төв гэж манайд бий. Байгууллагын удирдлага нь хаана, юу хийж явдаг нь тодорхойгүй ч төсвөөс санхүүжээд явдаг зэргээр эргэлзээ дагуулсан асуудал олон байна?

-Монгол Улс энэ чиглэлийн олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон. Дотоодын хууль тогтоомжоо боловсонгуй болгох үүрэг хүлээгээд явж байна. Энэ дагуу хариуцсан байгууллага нь ил тод ажиллах ёстой. Допингийн эсрэг үндэсний төвийг нээлттэй ажиллаач ээ гэсэн шаардлагыг олон газраас тавьдаг. Монголын үндэсний бөхийн холбооноос ч шаардлаа. Ямар ч байсан тодорхой хэмжээнд дүрэм, журам нь сайжраад явж байна. Өнгөрсөн жил Баяр наадмын тухай хуулийг батлахдаа WADA-гийн дүрэмд нийцүүлж, 2, 4 жил, бүх насаар нь эрхийг хасч байна. Тодорхой бөхчүүд шийтгэлээ хүлээсэн.

Саяхан танхимын барилдаанд хүч үзсэн зарим бөхөөс допинг илэрсэн гэж сонссон. Ном журмынхаа дагуу дүрмээ баримталж байгаа бол тэдгээр бөхчүүд наадамд зодоглох эрхгүй гэсэн үг. Цаашдаа ч дүрмийнхээ дагуу явна. Допингийн эсрэг үндэсний төвийн тухайд төсвөөс авсан санхүүжилтээ ил тод тайлагнадаг уу? гэсэн асуудал бий. Хоёрдугаарт, авсан санхүүжилтийнхээ хүрээнд шуурхай ажиллах тал дээр муу ажиллаж байна. Маш олон тэмцээн уралдаан байдаг ч шуурхай үйлчилгээ авах төлбөрөө төлдөггүй, ердийн горимоор шинжилгээ явуулдаг юм шиг байна лээ. Хариу удааширдаг шалтгаан энэ.

Хажуугаар нь бөхчүүдийн шинжилгээний хариу цуварч ирдэг. Нэг дор ирдэггүй гэсэн үг. Цуварч ирсээр бүрэн болоход нь зарладаг нөхцөл байдалтай л байна. Энэ мэт асуудалд анхаарах хэрэгтэй.

-Шинжилгээ авах процессийг яаж зохион байгуулах юм?

-Олон талын төлөөлөл оролцуулсан байдлаар тал бүрийн хяналттайгаар авах зохицуулалтыг өнгөрсөн жилээс нэвтрүүлсэн. Саяхан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос допингийн шинжилгээ авах журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ мэргэжлийн салбар хороодоос нь төлөөлөл оролцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, цагдаа, тагнуул, Бөхийн холбооны төлөөллөөс шинжилгээний процесстой биечлэн танилцах боломжтой.

-Өмнө нь байдаггүй байсан гэсэн үг үү?

-Хөндлөнгийн этгээд гэж байсан. Багш, дасгалжуулагчаа авч ордог үе ч байсан юм билээ. Уг байдлыг халаад цагдаа, тагнуулын хяналттайгаар авахаар болсон. Нэмээд тухайн мэргэжлийн спорт хороодоос орно.

-Бөхчүүдийн шинжилгээний хариу цуварч ирдэг нь дор хаяж нэг сар түүнээс цааш хугацаа шаарддаг гэж ойлголоо?

-Миний ойлгосноор тийм. Бидний хувьд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хуулийн байгууллагын хяналттайгаар холбогдох гадаадын лаборатори руу илгээдэг. Сорьц авдаг битүүмжлэх сав нь тусдаа кодтой. Дахин давтагддаггүй. Лабораторийн багажаар онгойлгодог. Энд онгойлгоод дахин лацдах боломжгүй. Ямар нэгэн байдлаар эргэлзээ гарахгүй. Гол нь Допингийн эсрэг үндэсний төв нь шуурхай ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байна.

-Улсын наадамд амжилт гаргасан бөхчүүдэд тухайн үед нь цол өгөхгүйгээр шинжилгээний хариу ирсний дараа олгож байя гэсэн санал гарч байсан удаатай. Ер нь тэгэх боломжтой юу?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ийм заалт оруулж байсан. Тухайн цол олгох өдөр буюу долдугаар сарын 12-нд зөвхөн батламж өгье. Шинжилгээний хариу нь ямар нэгэн асуудалгүй байвал цолыг нь ёслол төгөлдөр олгох саналыг Засгийн газраас хуулийн төсөлд оруулсан. Гэвч хууль батлах явцад уламжлалт байдлаар өгөөд явъя, бусад асуудлыг дүрэм журмынхаа хүрээнд шийдэхээр тусгасан.

Ер нь энэ удаагийн дүрмийн өөрчлөлт нь бөхчүүддээ хайргүй, дургүй, спорт, спонсорыг ойлгодоггүйдээ биш юм. Төрийн наадмын ёслолын арга хэмжээ явж байна. Хажуугаар нь бөхчүүдийг үнэ цэнэтэй байгаасай гэсэн санаа. Дэмжигч байгууллага гэдэг өөр. Спонсор байгууллага гэдэг өөр. Магадгүй энэ шийдвэр спонсор байгууллагуудад арай өөр хандлагыг төрүүлэхийг үгүйсгэхгүй.

-Төр нь ч, холбоо нь ч эцэслэн шийдвэрлэж чаддаггүйгээс жил бүрийн наадмаар маргаан дагуулж ирсэн асуудал бий нь хоёр Дархан аваргатай холбоотой эрэмбэ. Үүнийг нэгмөр зохицуулах арга зам байдаггүй хэрэг үү. Магадгүй энэ жил дахиад маргаан дагуулах магадлалтай?

-Дүрмээрээ Монголын үндэсний бөхийн холбоо шийдэх ёстой. Гэхдээ Ц.Магалжав тэргүүн эсвэл П.Сайнзориг дангаараа шийдэхгүй. Баяр наадмын зохион байгуулах хороо ч шийдэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог. Зарим нэр бүхий бөхчүүдийн 10 давсан барилдаанд нэг л буюу цол алгасуулж өгөөгүй байдаг юм билээ. Ерөнхийлөгчийн зарлигаас давуулж шийдэх эрх нь бидэнд байхгүй. Ийм байр сууриас эрэмбийн асуудлыг ярьдаг. Уг нь ямар нэгэн маргаан гарахааргүй асуудал.

UZEG.INFO