Ардчилсан намаас Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэн бүтэн сарын турш үргэлжлэх улс төрийн жагсаалыг зохион байгуулахаа мэдэгдээд буй. Сөрөг хүчний хувьд зүй ёсны арга хэмжээ мэт боловч энэ нь УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр яригдаж байсантай шууд холбоотой. Нэг үгээр бол улстөрчдийн рейтингийг өнгөлж яваа У.Хүрэлсүхийг “үнийн өсөлтийг барьж чадаагүй” гэдэг үндэслэлээр баахан буруутгах зорилготой байв. Харин одоо нөхөн сонгуулийг болиуллаа. 

Хэчнээн бааллаа ч эрх барьж буй намын даргыг давах гэдэг амаргүй. Нэгэнт ялагдахаас хойш үүнийхээ төлөөсөнд “намаа ялагдуулсан” гэдэг ял зэмэнд унана гэдэг Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувьд эгзэгтэй цаг үед эвгүйтэхийн цондон байлаа. Тиймээс түүний “захиалгаар” Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Цэцийн шийдвэрт нөлөөлж, дахин сонгуулийг болиуллаа гэсэн хардлага ч хэвлэлээр бичигдэж байна. Тэднийг сүүлийн үед сүжрэх болсон гэдэг яриа улстөрийн хүрээнийхний дунд саяхнаас сонсогдож эхэлсэн нь ортой байж болохыг Цэцийн шийдвэр харуулах шиг боллоо.

Угаас ээлжит сонгууль хүртэл  ердөө жилийн хугацаа үлдээд байхад эрх барьж буй намын даргын хувьд мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтээ шахах, тайлагнах ёстой цаг хугацаа эхэлж буй. У.Хүрэлсүхийн хувьд сонгуульд сойлго тааруулж явахаар ээлжит сонгуулийнхаа сунгаанд намаа бэлтгэх нь илүү чухал байх. Нөгөө талаас харвал иргэдийн хувьд нөхөн сонгууль, ээлжит сонгууль, түүний дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгууль гээд дараалсан өрсөлдөөнүүдэд талцаж хуваагдаад байх том дарамтаас хугасаллаа.

Гэхдээ нөхөн сонгууль больсноос үл хамаараад сөрөг хүчний хувьд ч, иргэд олон нийтийн хувьд ч өнөөгийн Засгийн үйл ажиллагаанд дүгнэх цаг хугацаа нь болсныг мартах учиргүй. Ардчилсан намын эхлүүлээд буй нэг сар үргэлжлэх жагсаал, цуглаан ч үүний нэг хэсэг гэж ойлгогдож буй. Удирдлагуудынх нь мэдэгдлээс харвал эрх баригчдыг шүүмжилж байгаа нэг том сэдэв нь ҮНИЙН ӨСӨЛТ.

Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь сөрөг хүчний хувьд зүйн хэрэг ч төрийн эрхийг сонгуулиас сонгуульд нэгнээс нөгөөдөө шилжүүлсээр ирсэн МАН, АН-ын хувьд алдаа болоод хариуцлага нь хамтдаа яригдахаас өөр сонголтгүй болтол ижилссэн гэхэд болно. Гэвч МАН-ын эрх барьж буй энэ дөрвөн жилд өмнөх АН-ын дөрвөн жилийнхээс ялгаатай нь гэвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй явдал. Зах зээлийн хуулиар органикаар зохицуулагдаж, өгсөж, уруудаж байх ёстой суурь үнийг барихын тулд өмнөх дөрвөн жилд Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрт улсын төсвөөс тусдаа ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулсан юм. Нефть бүтээгдэхүүн, шатахуун, гурил, мах зэрэг суурь хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тогтмол нам түвшинд барихын тулд эдгээрийг нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд үнийг зөрүүг олгох зарчимтай хэрэгжсэн уг хөтөлбөрийг МАН-ын Засгийн газар буруу гэж үзсэн. Зах зээлийн хуулиар аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ эрэлт, нийлүүлэлтээс хамаараад өсдөг, буурдаг. Үл үзэгдэх гар ч гэж нэрлэдэг энэхүү зохицуулалт дунд төр оролцоод үнийн зөрүүг үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд нь татаас болгон өгч байсны үр дагавар юу байсан бэ? Үнийн өсөлтөөс шууд орлого олох байсан аж ахуйн нэгжид тэрхүү “хохирлын” зөрүүг нь төр үнэндээ татвар төлөгчдийн мөнгөнөөс л төлж байсан. Төрөөс татаас өгч үнийг барьсны цаана иргэд төлбөрийг нь нөгөө халааснаасаа гаргаад байсан гэсэн үг. Улстөрчид үнийн өсөлтийг барьж оноо авсан, үнэ буулгасан гавьяандаа хэдхэн компани төсвийн татварын орлогоос дэмжлэг авч явсан.

Угаас хэрэглээнийхээ 90 орчим хувиа импортоос гаднаас авдаг манайх шиг улсад үнийг үргэлж төсвийн татаасаар тогтоон барих нь боломжгүй. Зөвхөн улс төрийн оноо авах, түр зуурын арга хэрэгсэл байсан. Үүнийг Ардчилсан нам эрх барих хугацаандаа ашигласан, сонгосон арга зам нь ч үүргээ гүйцэтгэсэн. Харин үүнийг үргэлжлүүлсэн бол зах зээлийн зохицуулалтыг гажуудуулсны төлбөр түүнээс ч өндөр өртгөөр төлөгдөх байлаа.

Өргөн хэрэглээний бараа, шатахуун, махны үнэ өслөө гэж сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг буруутгаж байна. Нефть бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас хангадаг. Үнийн өсөлт, бууралтыг нь хилийн цаана өөр зах зээл дээр шийддэг. Харин дотоодын нийлүүлэгчдийн хувьд “бойкот” хийх зорилгоор  үнэ өсгөж, нийгмийг тогтворгүй, Засгийн газрын эсрэг болгочихдог тохиолдлууд бий. Энэ удаад ч тэр механизм ажилласан байхыг үгүйсгэхгүй. Махны хувьд хотод л зохиомлоор үүсгэсэн хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт бий болсон. Эрэлт үүсгэн үнэ хөөргөдөх зорилгоор махыг их хэмжээгээр захаас татаж нөөцөлсөн үйлдлүүдийг илрүүлэн таслан зогсоосноор кг-ийн үнэ нь хэдхэн хоногт 2000 төгрөгөөр буурчээ. “Хүчит шонхор” захын махыг хэдэн өдөр дараалан зориудаар бөөндөж аваад агуулахад хадгалчихад л эрэлт дагасан үнийн өсөлт бий болохоор тийм л эмзэг зах зээл.  Хачирхалтай нь махны зохиомол хомсдол үүсэхтэй зэрэгцээд юмны үнэ өслөө гэсэн сөрөг хүчнийхний сенсааци эхэлсэн. Арай  ийм зүйлээр улс төр хийхгүй байлгүй дээ гэж итгэмээр байгаа ч эргэлзээ бас бий.

Одоо тэгээд Ардчилсан намынхны Засгийн газрыг огцруулах шаардлагаа хэрхэн бол? Улстөрчдийн “хоолны талоныг” нэгээс нөгөө рүү нь гүйлгэдэг ЗАСАГ солих гэдэг акциас ч үнэндээ иргэд залхаж байна. Үүнд улстөрчид л хождог болохоос биш иргэд хусамтайгаа л үлддэгийг хэдийнэ мэдэх болжээ. Нэг л тойрогт болох нөхөн сонгуулийн өмнөх улстөржилт сураг төдийд ямар доргио авчирсныг бид харлаа. Ирэх жил болох ээлжит сонгууль эвтэй л болж дуусаасай даа...