Энэ 7 хоногт
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е Донскойтой уулзлаа
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Москва хотноо болсон хуралдаанаас хойш хоёр тал ердөө хоёр сарын дараа Улаанбаатарт дахин нүүр тулан ярилцаж байгаа нь тун ажил хэрэгч, завшаантай үйл явдал хэмээн онцоллоо.
Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг өнөөдөр (2018.04.25) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тэд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааны үр дүнд хоёр талын эцэслэн тохирсон ажил хэргийн гүйцэтгэлийн үйл явцын талаар болон цаашид шийдвэрлэх хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Москва хотноо болсон хуралдаанаас хойш хоёр тал ердөө хоёр сарын дараа Улаанбаатарт дахин нүүр тулан ярилцаж байгаа нь тун ажил хэрэгч, завшаантай үйл явдал хэмээн онцоллоо. Хоёр тал өнгөрсөн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын протоколын мөрөөр хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар харилцан ярилцав.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан хоёр улсын хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхай зэрэг салбарын харилцаанд тодорхой ахиц авчирсны гадна ялангуяа зам тээвэр, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд томоохон хөрөнгө оруулалтыг шийдсэнээрээ онцгой хуралдаан болсон билээ.
Монгол иргэдийн зүгээс олон жил хүлээж буй үл хөдлөх хөрөнгийн асуудлыг нааштайгаар шийдэж өгөхийг Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэр мөн санал болгов. Үүний хариуд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е. Донской уг асуудлыг анхааралдаа авахаа мэдэгдлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.