Багш эмч нарын хоёр том арми олон жил дэндүү элэг бариулсан. Тэдний цалин хөлсийг нэмэх мөнгөгүй гэх эрх баригчдын ухуулга бол заль мэх. Багш эмчийн цалинг нэмж хүрэхүйц мөнгийг эрх баригчид өөрсдийнхөө төрийн албанд шахсан ах дүү хамаатан садан нутаг нугын хэтэвч нэгт олон арван мянган татаас нартаа өгчихдөг. Өөрөөр хэлбэл илүү орон тоонд булхайгаар заларч буй шахааны хувалзууд багш эмч нарын цалингаас шимж байна гэсэн үг. Үнэндээ багш эмч нарын тэвчээр барагдаж, жагсах, ажил хаяхад хүрсэн. Багш эмч нар маань бараг бүгд эхчүүд. Эзэгтэй нар ямагт болох бүтэх талаас ханддаг, тэвчээртэй даруу сайхан сэлгэлтэн. Зөөлөн эхчүүдээ хүртэл холгодог цэвдэгүүд эх орныг минь бүрэн жанжилжээ. Гишүүн-сайдын давхар титэмтэй оцон цохио шиг Засаг бярдахаас өөрменежмент мэдэхгүй.

Дэлхийн өнөөгийн жишгээр төрийн нэг түшмэлд 120 гаруй үйлчлүүлэгч оногддог бол манай нэг хурган дарга дөнгөж 18 ардад үйлчилнэ. Гадаадын нэг түшмэлийн амжуулдаг ажлыг Монголын долоон дарга оромддог. Ажил хөөцөлдөгч гадаадад нэг түшмэлтэй уулзаад хэрэг нь бүтдэг бол Монголд долоон хувалз царайчилна. Нэг хүний нормыг долоон шахааны хүнд хувааж хөнгөлдгийг болиулж, нэг хүний ажлыг, нэг хүн хариуцвал, зургаан орон тоо суларна. Нэг хурган дарга хасахад зургааг хэмнэх нь. Ганц алба хаагчийн ажлыг долуулаа хамждаг бүх хувалзуудын нэгийг үлдээгээд зургааг хасвал, улсын хэмжээнд аймаар тоо гарах бөгөөд тэдний бүх зардлыг цалин нь хүрдэггүй багш эмч нартаа өгье. Гэвч аймаар олон шахаа маань томчуудын “өмч” учраас багш эмч нарын хоншоор дутдаг. Нэг түшмэлийн үүргийг долоон хувалзанд нялзаасан атлаа 30 сурагчийн нормтой багш 60 гаруй сурагчид хичээл заадгаас сурлагын чанарт нөлөөлнө. Буруутан нь багш уу, эсвэл хоёр багшийн хийх давхар ажлыг нэг багшид үүрүүлсэн эрх баригчид уу? Эмчийн өдөрт үзэх хүний тоо манайд гадаадын жишгээс 3-4 дахин олон. Багш эмч нарын армийн цалинг танаж 50-60 мянган хувалз хий тэжээдэг эрхмүүд хэн бэ? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 76 гишүүн, сайдууд, товчдоо хоёр гол намын удирдлага! Орлогч сайдууд, төрийн нарийн гээд доошоо эрэмбээрээ бүгд дор бүрнээ өрсөлдөн татаасуудаа шахдаг тул “Чи илүү орон тоогоо хас” гэж биесээ шаардах нүүргүй. Тэгээд чаддаг нь багш эмч нарыг зөөлчилж цалингаас нь хумсална. Төрийн эрх авсан нам мөрөөрөө ажлаа хийж яваа мэргэшсэн албан хаагчийг намын ялгаагаар халж, хууль бусаар халагдсан нөхөх олборыг буруу шийд гаргасан эрх баригч бус, багш эмч нарын цалинг нэмэх мөнгөнөөс төлдөг. Энэ бусармаг явдал сонгууль бүрийн дараа төр засаг солигдох бүрт давтагдаж, горыг багш эмчийн арми үүрдэг. Ерөнхийлөгчөөс эхлээд гишүүд, сайдууд өрөөгөө гоёж, тавилгаа шинэчилж, хуучраагүй компютер хэрэгслээ гангарах үүднээс сольж, унадаг машин, барьдаг утсаа тансагжуулахад гарах хэдэн зуун сая, тэрбумыг мөн л багш эмч нарын цалинг нэмэх мөнгөнөөс шомбоддог.

ОУВС гэдэг УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат гишүүний оношлоод буй шиг харалган биш байх. “Хоёр багш, хоёр эмчийн ачааг нэг багш нэг эмч давхарлан үүрдэг атлаа өчүүхэн цалинтай муусайн багш эмчийн цалинг бүү нэм” гэж ОУВС онцлон адлаагүй л бол уу. Харин төрийн түшмэдийн авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратын орон тоог 30 хувиар бууруул гэснийг эрх баригчид, мөн МАН-ын цэвэрлэгээнээс азаар мултарсан хэдэн татаастай АН ам ангайдаггүй. Багш эмч нар мөнгөнд шуналтайдаа бус наад захын хэрэгцээнд хүрдэггүй цалингаа нэмүүлэх мөнгөө шахааны хувалзуудад алдсандаа жагссан. Энэ зовлонгоо сайн ойлгуулаагүйгээс ажил хаялтыг буруутгах хүн гарч буй. Монголд эрх барьсан аль ч төр засаг борчуудынхаа татварыг нэмэхээс, арын хаалганы авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратаа цомотгож зүрхэлдэггүй. Гагцхүү үүнээс болж багш эмч нарын цалинг нэмээгүйгээ нууж, элдэв хомсдол хоосрол тоочно. Багш эмч нарын цалинг нэмэх ёстой мөнгийг шүдтэй тулмуудынхаа ам руу юүлдгийг нийтээр ойлгох сон. Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардах эрхтэй ч хүүхэд хохироох эрхгүй гэж загнаж байна. Багш нарын цалинг нэмэх мөнгөөр шахааны хувалзуудаа тэжээж, багш нарыг ажил хаяулснаар төр засаг хүүхэд хохироов. Шахааны хувалзууд багш, эмч, сурагч, өвчтөний амьнаас ч үнэтэй. Учир нь тэд эвэр тууртны ойрын хүмүүс. Илүү орон тоонд бордуулж буй тэднийг цомхотгоод зардлыг багш эмч нарт тараахыг хүлцэнгүй хүлээгээд нас гүйцэхгүй. Тиймээс ажил хаясан биз чааваас.

“Хямралд төр бүсээ чангалахаас ард түмэн чангалахгүй” гэх бодлоготой нь хамт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “ухамсрын шанаа” У.Хүрэлсүх, “хуйрнан шуугигч” Т.Аюурсайхан Л.Оюун-Эрдэнэ нар огцруулсан авч шидэт савааг У.Хүрэлсүх бус Ц.Нямдорж эргүүлж гарав. “Бодлого чинь буруу байна” гэж сөрөг хүчний өнцгөөс дөрвөн жил цэцэрхсэн Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригт гутлаа арчаад Сангийн сайд болов. Юун Хотгор шанага, юун лиценз, юун 10 сая доллар. “Увс хүн” яалт ч үгүй. Ч.Хүрэлбаатар сайд бодлогын бурууг засахдаа төрийн бүсийг сулруулж, түмний бүсийг чангаллаа. Архаг гишүүд дахин сонгогдохын тулд тойрогтоо 30-40 тэрбумыг батлуулжээ. Давхар дээл биш давхар ачаа үүрсэн багш эмч нарын цалинд түй ч үгүй.

Гуравхан сая хүнтэй Монгол олон зуун сая хүн амтай аварга гүрнүүдтэй яамдынхаа тоогоор зиндаархаж, бяцхан төсвөө олон орон тоотой данхар бүтцэд хайр гамгүй цацна. Ц.Цогзолмаа сайдын хариуцдаг салбарыг 100-200 сая хүнтэй гүрний адил чиглэлийн яамны сайдын хариуцсан салбартай жишээд үз. Манай сайдын ачаа ажил хаягч багш эмч нараас нуумаар жоохон нь илэрнэ. Салбарын нь хэмжээ өчүүхэн атал манай яамдууд орлогч сайдын тоогоор тэрбум гаруй хүнтэй Хятад Энэтхэгтэй ижилсэнэ. Зургаан ямаанд жаран ухна мэт сул орон тооноос шалтгаалж багш эмч нарын цалин хөлсийг нэмж чадахгүй байгаагаа нууж, улс эх орон хямралд унасныг ухамсаргүй багш нар ойлгохгүй олон шавь нараа хохироолоо гэж шахааны хувалзуудаараа мэдэгдэл хийлгэж сүржигнэв. Сарын 18-аас 28 саяын цалинтай төрийн өмчит компаниудын захиралууд, сард 15 саяар бордуулсан тэдний тойрон хүрээлэгч хасар басрууд, сарын 30 мянган долларын цалинтай титэм үг тэрлэгч Н.Багабанди, 4000 долларын цалинтай ная дөхсөн УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл нарыг ивээдэг өгөөмөр төр засаг маань багш нараа ажил хаясан ялд унагах, ажлаас хөөхөд цаана нь бэлэн багш нар хүлээж буй гэх сүрдүүлгийг Ц.Цогзолмаа сайдаараа дамжуулан заналхийв. Ц.Цогзолмаа сайд ч айдас хүрэм догшин салхиллаа. Тэр бээр Сүхбаатар дүүргийн засаг дарга байхдаа мөнгө идсэн хэргээр олон сар шалгуулж, эцэстээ мөнгө завшсан нь тогтоогдож, шоронд орох байтал нийслэлийн орлогч даргаар дэвшсэн. Мөнгө идээгүй бол дүүргийн засаг даргаас сонгуульт хугацаанаасаа өмнө хусууламгүй, мөнгө идсэн бол хотын орлогч боломгүй. Ийм л ялагдашгүй хатагтай даа. Өдгөө гишүүн-сайдын давхар титмээр сүр далайлган “А” үсэг заасан сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нараа чичлэн хуучинсаг суртлаа тулгаж, коммунист зангаргаа гайхуулав.

Улс оршихын үндэс бол эрүүл, боловсролтой залгамж үеэ бойжуулах. Орон бүр үүнд хамгийн их хөрөнгө зардаг. Ажил хаяж адлагдсан багш эмч нар Монголын ирээдүйн боловсрол, эрүүл мэндийн төлөө буянлаг ариун үйлсэд зүтгэж яваа, арван жилийн сургуулиасаа гол төлөв онц сурлагаараа шалгарч багш эмч болсон сэхээтнүүд. Өвчин анагааж амь аврагчид. Багш зөвхөн бяцхан үрсээ хүмүүжүүлээд зогсохгүй эрх баригчдыг гэгээрүүлэх үүрэгтэй. Тиймээс хугацаагүй ажил хаялтаа ялалтаар дуусгаж, цадиггүй эрх баригчдыг хүмүүжүүл. Та нарын ялалт журамлаг ёсны эхлэл болог. Шунал бузарт хордсон, дураар дургигч, эзэрхэг олигархиудыг үнэнд бууж өгтөл ажлаа хая. Ялалтаар дуусгахгүй аваас эхлэхийн хэрэг юу билээ. Эх оронч цээжээ дэлддэг эрх баригчид хувалзуудаа цомхотгож, тэдний зардлыг багш нарт өгч олон зуун мянган сурагчийг хичээлтэй болгох нь уу яах нь уу шалгая. Эрхэм багш нар минь төр засгийн харанхуй гавалд гэгээ тусгаж, цэвдэг тархийг гэсгээхэд доромжлогдсон хүн ам-шавь нараа хөтөл. Ирээдүйн эрх баригчдын гэгээрэл багш та нарын атган байгаа шүү. Өнөөгийн мунхаг тэнэг эрх баригчид багш таны ангид эвдэрсэн сурагчид. Багш та хоёрыг эвдэлгүй, нэгийг хөгжүүлэхийн төлөөх ажил хаялтаа бүү зогсоо. 

Мэдээж та нар сүрдүүлэгт шантарч зорилгодоо хүрэхгүй няцна. Няцах нь ч зөв. Шантрахгүй тэмцвэл хоолгүй, цаашилбал амь насанд цөвтэй. Гол хоёр нам муу улсын гарт орсныг мэдэж ав. Гэхдээ ийм хэмжээнд тэмцсэн багш нарын эр зориг шударга ёс тогтоход нэг алхам. Багш нар бол гэгээрэлд хөтлөгчид. Бага гэлтгүй ийм л тэмцлээр хүн ам чангарна. Хүчирхэг иргэд багшаас угшилтай. Ухаалаг хүчирхэг иргэд ямар ч башир дарангуйлалд элэг бариулахгүй. Цалингаа нэмүүлэхээр, “БАЙХГҮЙ МӨНГӨ НЭХЭЭГҮЙ, БУЛААГДСАН МӨНГӨӨ НЭХСЭНИЙГ” даяараа ойлгоосой. Үр дүнд нь илүү орон тоо гаргаж шахсан, шүдтэй тулмуудаа хуу цомхотгож, нүгэлгүй орлогоор амьдрах бизнест хөлсийг нь дуслуулаг. Хувалзууд хуруугаа хөдөлгөж, өөрийн оюуны чадвараар баяжвал эх орон ашиглах ёстой нэг нөөцөө чулуу болгож буй нь тэр. Энэ бол ажил хаялтын бас нэг үр дүн. Өвөө нь багш эмч нартаа амжилт хүсээд урмын үгээ дуусгая.

2017-11-14