Тус кино нь хүний сэтгэл зүй, сэрэл мэдрэмж, зовлон гуниг, хүмүүний амьдралд тохиолдох янз бүрийн мөчүүдийг дүрүүдээрээ харуулдаг эмгэнэлт, инээдмийн драм юм. 

Үйл явдал 

Киноны гол дүр болох Мирдред Хейсийн өсвөр насны охиныг зэрлэгээр хүчирхийлэн амийг нь хороосон хэрэг гарснаас хойш нилээд хэдэн сар өнгөрсөн ч гэмт хэрэгтнүүд илэрсэнгүй. Гомдол хорсолд цөхрөнгөө барсан эх ойролцоох замын хажуугийн сурталчилгааны гурван самбарыг хөлслөн авч орон нутгийн цагдаагийн газрын хэлтэс, түүний удирдлагыг хэргийн араас анхаарч мөрдлөг явуулахгүй байгааг сануулсан бичиг хэвлэж байрлуулснаар үйл явдал өрнөж, олны анхаарлыг татаж эхэлнэ. Цагдаагийн газар болон дарга нь хэргийн араас нилээд ажилласан ч ямар нэгэн сэжүүр гараж чадсангүй өдийг хүрсэн байж. Гэхдээ цагдаагийн дарга охиноо алдсан ээжид уурлаж уцаарласангүй харин ч гурван самбарын нэг сарын түрээсийн мөнгийг үхэхээсээ өмнө шилжүүлж байгаагаар кино үргэлжилнэ.

Үйл явдал санаанд оромгүй зүйлс рүү хөтөлсөөр, киноны дүрүүд өөрсдийн дотоод муу муухай ертөнцтэйгөө зөрчилдсөөр... 

Киноны бас нэг тод дүр цагдаагийн хэлтсийн орлогч Сэм Роквэл нь хэдийгээр арьс өнгөөр ялгаварлагч үзэлтэй болов ч түүний дотор ч бас энгийн нэгэн хүн байгааг үзэгчид олж харна. 

Жаран настай жүжигчин Френсис Макдорманд мэргэжлийн ур чадвараа гайхуулан тоглосон киноны гол дүрийн талаар найруулагч Мартин “Хэрвээ Френсис миний кинонд тоглохоос татгалзсан бол кино маань бүхэлдээ нуран унах байсан. Би энэ дүрийг Френсисд зориулж бичсэн, тэр ч дүрийг гайхалтай урлаж чадсан” гэжээ.

Харин Френсис дүрийнхээ талаар “Охиноо алдаж сэтгэлийн гуниг зовлонг амсахдаа тэр гараа хумхиад зүгээр хүлээгээд суухыг хүсээгүй. Тэр хорон муу санаатай эмэгтэй биш, гэхдээ харуусал цөхрөл нь түүнийг юу ч хийхээс буцахгүй болгосон байх” гэсэн байна. 

Бичигч би хувьдаа Френсис Макдормандыг удахгүй болох Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг авахаар хэмжээнд дүрээ гаргасан учир алтан шар хүний дүрт баримлаа аваасай гэж хүсэж байгаа. 

Киноноос төрсөн сэтгэгдэл

Сошиал ертөнц бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Хүмүүс хоорондоо фэйсбүүк мессенжерээр ярилцаж, бусдад хэлье гэсэн үгээ постолцгоож, ерөнхийлөгч нь хүртэл ард түмэндээ Твийтрээр үгээ дайдаг болоод байгаа энэ үед замын хажуу дахь самбар дээр өөрийн хэлэх гэсэн үгээ хэвлүүлж байршуулах нь магадгүй шинэ тренд ч болох юм бил үү? 

Хэрвээ танд хотын олон хүнтэй хэсгийн нэг самбар дээр үг бичих боломж олдвол та юу бичих вэ? Сурталчилгааны самбарууд зөвхөн сонгуулийн үеэр л зангиа зүүсэн үнэн худал мэдэгдэхгүй амлалт өгсөн хүмүүсийн зургаар хучигдаж байдгаас өөрөөр ашиглаж болохгүй юу?

Шудрага бус явдал бидний амьдралд өдөр тутам биш ч тохиолдож л байдаг. Энэ кинонд гардагтай ойролцоо явдлууд бидний эргэн тойронд ч болсоор. 

Саяхандаа, эрхэм УИХ-н гишүүд хүчирхийлэл үйлдсэн тухай удаа дараа шуугиад өнгөрлөө. Эрхэм гишүүн хүчирхийлсэн үү, үгүй юу, эсвэл гүтгэгдсэн үү? гэдгийг хууль шүүхийн шийдэх асуудал байх, гэхдээ магадгүй энэ киноных шиг санаа тэдэнд хэрэг болох ч юм бил үү. Үнэхээр гүтгүүлэн зовж шаналж байгаа бол тэр гишүүд ч гэсэн самбар дээр “Би гүтгүүлээд байна, шүүх үнэн мөнийг нь хурдхан олоод өгөөч” гээд бичиж болно шүү дээ. 

Шүүх цагдаа ч гэсэн бид ажлаа сайн хийж байгаа, шудрага үнэний талд ингэж ингэж шийдлээ гээд ямар нэг аргаар мэдээлэл өгөх нь хууль дүрэмд харшилдаг юм болов уу? Энэ кинонд гарсан шиг самбараар дамжуулан өөрийн бодлоо бусдад хүргэх аргаас гадна өөр өчнөөн шийдэл, аргууд байгаа гэж бодож байна. 

Жич: Энэ нийтлэлийг хэн нэгнийг гүтгэх, гутаан доромжлох арга хэрэгсэл маягаар санаа аваасай гэж бичээгүй болно. Киноны гол дүрийн эмэгтэй ч бас самбар дээр яагаад хэрэгтэнг олж илрүүлэхгүй байгаа юм бэ гэснээс хэн нэгнийг гүтгэж, гутаан доромжлоогүйг анхаарна биз ээ.