Хүн төрөлхтөний хоол тэжээлийн эрэмбэ дараалалд улаанбуудай хүндтэй байр суурийг эзэлж, хэрэв тухайн жилд ургац алдах юм бол нийтээрээ өлсгөлөнд нэрвэгдэж байсан дэлхий дахин ердөө хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас л энэ зовлонгоо мартагнаж эхэлсэн билээ... Гэхдээ бид энэ удаад улаанбуудайн талаар биш, түүнээс хавь эрт цагт хүн төрлөхтөний хүнсний цэсэнд орж ирсэн давсны тухай ярья.

Давсыг хоолны адил халбагдаад идэж болдоггүй ч давс ороогүй хоол бол хоол биш юм. Ус, агаар гэдэгтэй адилхан хүний амьдралд үргэлж хамт оршиж ирсэн өчүүхэн жижиг, үйрмэг цагаан энэ зүйлийг хэрэв хоол хүнс гэж хэлэхгүй бол эрдэнэс гэж хэлэхэд хилсдэхгүй. Хүн төрөлхтөний хамгийн эртний энэхүү хүнс саяхныг болтол геологийн шинжлэх ухаанд харьяалагдаж ирсэн нь сонин. 

Монгол Улсад мөн адил давсыг ашигт малтмалын түүхий эдэд тооцон геологчид түүний ордыг нээн илрүүлж, бүтэц найрлагыг нь судалж ирсэн бол 1997 онд анхны ардчилсан Ашигт малмталын тухай хуулиар химийн түүхий эдэд тооцох болжээ. Үнэндээ ч давс маш олон үйлдвэрлэлд түүхий эд болж ашиглагддагаас гадна хөдөө аж ахуйд үлэмж хэрэгцээтэй бодис юм. Харин энэ түүх үүнээс хойш өөрчлөгдөх болно...

Яг эндээс бид хүнсний цоо шинэ бүтээгдэхүүний талаар ярьж эхэлнэ. Дотоодын зах зээлд “Шүдэн уулын нүдэн давс” нэрээр хөл тавиад байгаа нэгэн бүтээгдэхүүн Монголд “давс бол хүнс юм, энэ бол хүнсний үйлдвэрлэл юм” гэх цоо шинэ концепцийг авчирч буй юм. Давс бол хүнс гэх ойлголт тэгээд юугаараа шинэ юм бэ гэж үү?! 

Яагаад гэвэл бид өнөөдрийг хүртэл төр засгийн бодлогын түвшиндээ давсны нөөц, олзворлолт, хүн амын хангамж зэрэг стратегийн амин чухал асуудлыг “ач холбогдол”-ын гадна үлдээж, дорвитой зохицуулалт, төлөвлөлтгүй орхигдуулж ирсэн төдийгүй тийм ч учраас хүн амынхаа давсны хэрэглээний 50 хувийг гаднаас импортоор хангаж байна. Монгол Улс жилдээ 15 тэрбум төгрөгийн давс хэрэглэдгээс 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт хэрэглээнийхээ 24 хувийг импортоор авч буй. “Алийн болгон айлаас давсаа гуйж амьдрах вэ?!” гэх үгийг Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн хаврын чуулган дээр хүнсний аюулгүй байдлын талаарх илтгэлдээ асуулт болгон тавьсан билээ. Тэрбээр ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсал хийх уриалгыг дэвшүүлсэн юм. Эдгээр 19 нэр төрлийн бүтээгдэхүүний нэг нь давс. Давс хэмээх хүнсийг төрийн бодлогын түвшинд асуудал болгон дэвшүүлсэн бараг анхны гэж болох тохиолдол. Гэхдээ үүнээс өмнө хэрэгжүүлсэн нэг “бодлого”нь йоджуулсан давсны аян байлаа. 

Үнэндээ монголчуудад давсны ач холбогдол, нэр хүндийг өргөж өгсөн зүйл бол ерээд оны сүүлчээс давалгаалж эхэлсэн “Йоджуулсан давс “ хэмээх улс орныг төдийгүй дэлхий нийтийг хамарсан кампанит аян байлаа. Үүнээс сайн, саар хоёр зүйл үлдсэн. Сайн нь гэвэл улс үндэстнээрээ хэдэн жилийн дотор йод дутлын хөнгөн зэрэгт шилжиж чадсан. Саар нь гэвэл давс бол лабораторид химийн найрлагаар баяжуулан найруулдаг “эм” гэсэн ойлголт. 

Угаасаа ерээд оны шилжилтийн үед дэлгүүрийн лангуу давснаас өөр юмгүй болсон гэж ярьдаг, дотоодын тэр л бор давсаа хүнсэнд тооцолгүй чамлангуй дурсдаг өнөө цагийн монголчуудад йоджуулсан давс л чухал зүйл болж хувирах нь тэр. Ер нь хүн амаа йоджуулсан давсаар хангах хөтөлбөр эхэлж байх үед дотоодын давсны үйлдвэр үлдсэн байсан эсэхийг бүү мэд, байсан нь давс йоджуулахад бэлэн бус байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Яг ийм хөрс суурин дээр йоджуулсан хэмээх шошготой гадаадад бэлтгэн савласан давснууд Монголын зах зээлд хүч түрэн орж ирсэн. Тэр дундаа өмнөд хөршийн үйлдвэрлэгчидтэй бид өрсөлдөж чадаагүй. Тэр үед давсны ордыг түшиглэсэн дотоодын үйлдвэр байгуулагдаагүй, бас дээр нь давсанд гүн боловсруулалт хийж цагаан давс үйлдвэрлэх техник, технолог нэвтрээгүй байснаас энэ төрлийн давсны импорт нэмэгдсэн гэж дээрх хөтөлбөрийн тайланд бас онцолжээ.

Бид нэг л мэдсэн лабораторийн аргаар гүн боловсруулалт хийж, химийн нэмэлт найрлага оруулсан импортын давсанд хэтэрхий дасал болжээ. Байгалийн, дотоодын давс гэдгийг мартсан байлаа. Үнэндээ төрийн бодлогоор хүн амаа импортын давсаар хангаж эхэлснээс хойш дотоодын үйлдвэрлэлд өрсөлдөн өндийх боломж ч байсангүй. Тэгвэл цаашид энэ байдлыг Шүдэн уулын нүдэн давс өөрчлөх болно. Энэ бол байгалийн эрдсээр баян, шим тэжээл, байгаль, ус, нарны эрчим хүчээр тэтгэгдэн бүрэлдсэн, дотооддоо болон хилийн чанадад ч үнэ хүрэх натураль бүтээгдэхүүн. Давс бол химийн түүхий эд биш харин хүнс юм гэдгийг эх орны бүтээгдэхүүн бидэнд нотлох болно.