Засгийн газрын хөндлөнгийн оролцоо ямагт хөнөөлтэй байдаг учраас төрийн оролцоо устаж, хувь хүний эрх чөлөөг дээдлэх тэр агшнаас бизнес болоод бусад үйл явц зөнгөөрөө эрчээ авч хөгжин дэвжинэ. 

Ялангуяа хувийн өмчид халдахгүй байх хууль эрх зүйг бүрдүүлэх цомхон бүтэцтэй, чадварлаг, боловсролтой, бие даасан хараат бус хувь хүнээр бүрдсэн төр бизнесийн хөгжилд чөдөр тушаа болдоггүй юм…

Зах зээлийг хувийн хэвшилд үлдээх нь хамгийн эрүүл, оновчтой холын хараа мөн болой… 

Монгол хүн бүр чөлөөт зах зээлээр амьсгалж, ашиг орлогоо нэмэгдүүлж, өөрийгөө аваад явах ариун үзлийн үндэс суурийг сэтгэлгээндээ шингээж, амьдрал юугаа цэцэглүүлэхэд нь төр садаа болохоо боль. Ажилсаг хичээнгүй зүтгэлээр ашигтай ажиллахын төлөө бизнесмэнүүд нямбай, нягт, тооцоотой; хариуцлагатай байж; аж ахуйгаа өөд нь татахын төлөө шуна! 

Шунал буруу зүйл биш!!! Ажил амьдралтай байхын тулд хөлсөө асгаруулан шунахайр!?. Энэ чинь зөв үйлдэл. Хувь хүн өөрийнхөө аз жаргалыг бадрааж, хийморь лундаатай байх эдийн засгийн тогтолцоо бол жинхэнэ эрх чөлөөний сүү сааль нь юм шүү дээ… 

Энэ нь хүн өөрийн мөрөөдөлдөө хүрэх дээд түвшний зам мөр. Тэр мөрөөр аялдаг төрөөс хараат бус бизнес эрхлэгчид өөрийгөө бодож, үр ашгаа дээшлүүлдэг хамгийн зөв эрчимтэнгүүд юм. Тэд эдүгээ цагийн баатарлаг үйлстэнгүүд мөн. 

Өгөө аваатай орчлонд эрх чөлөөт бизнесмэнүүд ямагт хамгийн сүйхээтэй, шинийг эрэлхийлэгч чигийг заагч алтан гадасууд байдаг учиртай. 

Эд нар л ашигтай ажилласаны үр дүнд хувьдаа ашиг олох, хувь хүнийг хамгаалж өмгөөлөн, эдийн засгийн чөлөөт үйл явцыг буй болгодог болой… Манайд гарын таван хуруунд багтах зарчимтай рациональ цөөхөн бизнесмэн байдаг юм. Тэд нар руу төр бүү халдаг.

Амьдралын өрнөл дунд өөртөө үнэнч, өөрийгөө боддог, ухаантай хувь хүн бусадтай сайн дураараа соёлтой гэрээ хэлэлцээрийн зөв шийдэл гаргаж, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд чаддаг ажлаараа бахархах нь жинхэнэ ёс зүйт хандлага юм. 

Бүтээлч, тодорхой чиглэл зорилготой үйлс, ашгийн төлөө зүтгэл нь саруул ухаан, эрүүл сэтгэлтгээтэй шунал юм. 

Хэн нэгэнд таалагдах гэж
Аль нэгэнд нь хараалгаж, зүхүүлэх гэж төрөөгүй би…
Хэрэгтэй нэгэнд нь ашиглагдах гэж
Хэнэггүй тэнэгүүдэд нь хэмлүүлэх гэж ирээгүй би…

Би амьд байх гэж, амьдарсан шиг амьдрах гэж мэндэлсэн. Хатуу хорвоогийн жам, жаягт өөрийгөө сорьж, халуун залуу насандаа халгиж, цалгиж, алдаж, онож, асгаж, цутгаж, аархаж, аагирахсаар өдийг хүрсэн би. Зарим зэрэмдэг сэтгэлгээтнүүд 

“төрд” ажиллаж мөнгө тонодог бол харин би хүнд хэрэгтэй бүтээл туурвиж, тэр бүтээлийнхээ тасалбарыг зарж, өөртөө тустай мөнгө олдог. Олсоныгоо чамладаггүй, сэтгэл өег сайхан байдаг. 

Тайзан дээр гарахдаа, бичиж суухдаа, уншиж ухаарахдаа, дуулан эгшиглэхдээ, сэтгэж найруулахдаа үүлэн дунд, диваажинд хөвж жаргадаг би… 

Урлан бүтээхдээ, урагшлан тэмүүлэхдээ өөрийгөө хохироодоггүй, бусдыг зовоодоггүй ээ би... 

Би өөрийнхөө төлөө үзэгчдээ, шүтэн бишрэгчдээ золиослохгүй, тэд өөрсдийнхөө тулд төлөөс төлнө үү болохоос миний төлөө гарлага гаргах учиргүй. Намайг хошигнон егөөдхөөр инээж, уянгалан эгшиглэхээр уярч, миний бүтээлрүү надтай хамт уусан шингэж, ухаан сэтгэлгээндээ оюун санааны ундарга оргилуулж, тасалбар авсандаа харамсахгүй харивал, хариад тэд ярих дурсах юмтай бол би баян… 

Яагаад гэвэл би хүний мөнгийг авсан. Авьяас чадвараа би үнэлж, тэд нараар үнэлүүлж олсон мөнгөөрөө бахархана... Өөрийнхөө хүч, хөдөлмөр авъяасаар мөнгө олсон учраас тэр! 

1986 оны намар СТӨ-нд, ДУАТ-т тус тус уран бүтээлээ туурвиж, тэр үеийн ханшаар хоёр удаагийн цэнгүүн толилуулж нийт 48000 төгрөгийн цэвэр ашиг олж түүнээсээ 12000 төгрөгийг төрөлх театрынхаа 60 жилийн ойд нэмэрлэж, арслан Доржсамбуу найруулагчийг баярлуулж хоёул хөөрөн баясаж “смирнов” водка хүртэн даналзаж байваа... Би их шуналтай. Бүтээж туурвих, сэтгэн бодох, түүгээрээ бахархах, ажил амьдралаа сайжруулж, хөрөнгө орлогоо арвитгах шуналтай. 

Ард кино театрыг 2005 оны ханшаар, хууль дүрмийнх нь дагуу үнэ хөлсийг нь арван дөрвөн хоногийн дотор төлж, хувийн өмчтэй болсон шуналтан байна би.. Миний энэ шуналыг хэн нэгэн атгаг санаатай, аль нэгэн атаач этгээд зүхэн зэвүүцхийг зөвшөөрөхгүй би... Яагаад гэвэл? би хаана ч, хэнд ч гай зовлон, золиос үүсгээгүй… Харин ч Монгол Улсад эрх чөлөөг хөтөлж авчралцсанаараа бардамнана. 

Хамт тэмцэж явсан нөхдөөрөө бахархана. Олон олон хүн эрх чөлөөтэй болж, өнөөдөр бизнес нь цэцэглэж, ашигтай ажиллаж ашгийн төлөө яваа рационалистуудад амжилт хүсээд орлогоо нэмэгдүүлж, хүмүүсийг ажил амьдралтай болгож шуна гэж хэлнэ би… 

Шунал хүнийг хөдөлгөөнд урьдаг. Шунал хүнийг өсч өндийж, дэвжин дээшлүүлэх увидастай. Амьдралын төлөө, мөнгө олохын тулд, эрдэм мэдлэгтэй байхын тухайтад шунал нь хүмүүн төрөлхтөний хөгжлийг залж ирсэн гэдгийг олж харсан би. Шуналыг зөвөөр нь дүгнэдэггүй тэнэгүүд надруу дайрч, харааж, зүхэж, адлахыг зөвшөөрөхгүй би... Би өөрийгөө аль эрт олсон. Сэтгэлгээний тусгаар тогтнолоо тунхаглачихсан хүн. Бие тоож, би-гийн өвчин туслаа гэж намайг зэмлэдэг хүн бүхэнд та өөрийгөө олохын тулд өөртөө үнэ цэнэтэй бай гэж зөвлөе. Нэр төрөөс илүү үнэ цэнэ чухал. 

Өөрийн тусгаар тогтнолгүй хүн хулчгар, аймхай байдаг юм. Тийм хүн эрх мэдэл, албан тушаалд очиж байж өөрийгөө хамгаалахчаан болдог. Тэр нь даанч насгүй... Нэг насанд нэг л удаа амьдарна. Гагцхүү зөв шунал, үнэн амьдрал, бодит чиг хандлага, товир оюун санаа, саруул ухаан эрүүл сэтгэлгээ л хүний аврал юм. 

Харин татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгөөр хувьдаа хонжоо хайгчдийг боль гэж хэлнэ би. Төсвийн мөнгөөр тансагладаг “Данхар” төрийн занхар түшмэдүүдийг ичээч гэж хэлнэ би. Би өөрийнхөө хүчээр зөв амьдарч, амь зууж яваа хүн учраас ингэж хэлж байгаа юм. 

Зөв засаглал, хуулиар хамгаалагдсан дархан эрхтэй хувь хүн өөрийн үнэ цэнэ, ур чадвар, тодорхой зорилготой зоримог шинж чанараа ашиглан ололтоор дүүрч, түүнийгээ улам хөгжүүлэхийн тулд хүрсэн эрх мэдэл бол ЭРХ ЧӨЛӨӨ. Хүний эрх, чөлөөт эрх мэдлээс төр савраа тат! Ялангуяа сэтгэгч бизнесмэнүүдийн бизнесрүү халдлан довтлож, гадны хөрөнгө оруулалтыг үргээхээ боль!!!

Социалистуудын өнгөлзлөгт автан боолчлогдож улс орноо хорлон сүйтгэхийг зүүнтэнгүүдэд тавьж өгөхгүй би. Намайг би-гийн “эго” өвчтэй, галзуу солиотой гэнэ л биз? Яг тийм. Бүрэн дүүрэн зөвшөөрнө. Учир нь би хамтач үзэл, золиос төлөөсийн гаж донтон биш.