-МСS-ийн байранд түрээс төлөхгүй амьдарч, зурагтаа үзэхгүйгээр ярьдаг шударга ёсны сайддаа нэг л зүйлийг сануулья-

Өнөөдрөөс эхлээд УИХ дээр дахиад Эрдэнэтийн асуудал босч ирнэ, өөрөөр яаж хулхидах, хулгайлах вэ гэдэг дээр бүх хүний толгой ажиллана. Яагаад гэвэл манай төрийг зайдалсан “олгой” толгойлсон “цувдайнууд” чинь бүгд “Эрдэнэт”-ийг шимж амьдарсан. АН нь ч ялгаагүй, МАН нь ч ялгаагүй. Өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” чинь Монголын улстөрчдийн хэдэн үеэрээ, баруун солгойгүй суйлсан эзэнгүй хөрөнгө байлаа. Арай гэж нэг нь эзэн суухаар нийтээрээ турж үхэж, тугалын хашаа мөргөж байгаа нь тэр. Тэгээд “Монголын зэс” корпорацийн эзэмшилд очсон “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид бүртгэж авахаар УИХ-ын тогтоол гаргаж, ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилсон. Тэгсэн хэрнээ Оросын Засгийн газартай хэлцэл хийж 49 хувийг худалдаж авсан хувийн компанид нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. 

Аргаа бараад цаадуул нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хэрэг. Гурван шатны шүүхээр бүтэн жил явсны эцэст Улсын дээд шүүх үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацийн өмч мөн гэдэг шийдвэр гаргалаа. Ингэснийхээ төлөө Ц.Нямдоржтонгуудад дахиад л “худалдагдсан, авлигажсан”-аараа хараалгах байх л даа. Гэхдээ л Монголын шүүх гоё харагдаж байна. 49 хувийн эзэн 27-той бацаан байна уу, 67-той өвгөн сууна уу, хамаагүй. Хамгийн гол нь хуультай юм хуулиараа явах нь зөв. Хүний хүүхдийг “27-той хүүхэд хаанаасаа ийм хөрөнгөтэй болчихов” гэж гоочлох мөртлөө өөрийнхөө хүүхдийг “18-тай байхдаа өрх тусгаарласан. Надад хамаагүй” гээд улалзаж суугаа Хууль зүйн сайдтай ер нь хэн, юу ярих юм. Тэгтлээ их шунасан л юм бол “Эрдэнэт”-эд бараа шахсан 600 (2004-2005 оны 600 мянган ам.доллар) саяараа хүүхдийнхээ нэрийг баастан байж орд харш бариулахын оронд 10 хувь ч хамаагүй худалдаад авахыг хэн байг гэлээ. Мөнгө нь байгаад хууль нь байхад хэн дуртай нь “Эрдэнэт”-ийг авч болдог цаг ирсэн. Хамгийн гол нь “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч болсон нь ололт. 

Энэ үнэнийг хэлснийхээ төлөө Ч.Сайханбилэгийн Засгийн газар ард түмний дайсан болж, АН УИХ-ын сонгуульд элгээрээ хэвтэж байлаа. Гэсэн ч үлдэх юмаа үлдээгээд явах сайхан. 

МСS-ийн байранд түрээс төлөхгүй амьдарч, зурагтаа үзэхгүйгээр ярьдаг шударга ёсны сайддаа нэг л зүйлийг сануулья. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг юм шүү, Хуулийн сайд аа. “Эрдэнэт”-ээр ахиж битгий оролдоорой!