Монгол хүн бүрийн сонорыг мялааж, сэтгэл, урмыг лавтайяа баясгаж, бадраах гоё мэдээ нэгийг дуулгая аа! Сонгинохайрхан дүүрэгт байршилтай, үйлдвэрлэлээ эхлүүлээд 9 сар болж буй ” Талын метал нунтаг” хэмээх ХХК-ийн үйл ажиллагаатай УИХ-ын Үйлдвэржүүлэлтийн бодлогын Байнгын хорооны гишүүд өчигдөр танилцахад нь сайн дураараа дагалдаж очоод сонирхлоо. ( намайг ирээч гэж хэн ч уриагүй, сурвалжлаад өгөөч гэж огтоос хүсээгүй бөлгөө гэдгийг зориуд онцлов) Өнгөрсөн хавар, 4 дүгээр сард шинэ үйлдвэрийнхээ нээлтийг хийж байгааг нь телевизээр хараад очиж өөрийн нүдээр харахсан гэж ихэд хүссэн хүн билээ.

Гэтэл өчигдөр боломж гарсан нь тэр л дээ. Яваад очлоо. Үзлээ. Жинхэнэ ” солиотой” үйлдвэр Монголд маань бий болжээ. Харсан хэнд ч эрхгүй бахдал төрүүлэх үнэн гоё үйлдвэр.Ямар ч цэвэр металыг яг дээд гурил шиг нарийн ширхэгтэй болгон боловсруулж,нунтагладаг ( 1 метр зэс утсыг 1 сая ширхэг хэмжээтэй болгон жижиглэдэг гээд ойлгочих) хамгийн орчин үеийн өндөр технологийн ийм үйлдвэр эдүгээ дэлхийн хэмжээнд 24-хөн байдгийн нэг нь Монголд маань байна гээд бод доо. АНУ, Англи, Франц, Герман, Япон, Канад гээд үйлдвэрлэл хамгийн супер хөгжсөн цөөн хэдхэн улс оронд л нунтаг металын үйлдвэр, үйлдвэрлэл байдаг юм байна. Оросууд гэхэд л энэ салбарт дөнгөж судалгааны түвшинд яваа улс гээд бодоод үзээрэй.

Гэтэл монголчууд бид үйлдвэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн байна шүү дээ. Сонсоод баярлахаар гоё мэдээ үнэхээр мөн байгаа биз дээ. Одоогоос яг 5 жилийн өмнө дэлхийн нунтаг метал үйлдвэрлэгч улс орнуудын ээлжит чуулган Бээжинд болсон юм байна. Монгол Улсаас анх удаа “Талын метал нунтаг” ХХК-ийнхан зорин очиж, оролцох хүсэлтээ гаргаж бүртгүүлэх гэж л дээ. Гэтэл зохион байгуулагчид, чуулганд оролцогчдын нүд орой дээрээ гарч ” Монголоос гэнэ ээ, бид арай буруу сонсоогүй байгаа даа.

Хятадын Өвөрмонголоос ирж буй төлөөлөл үү” гэж итгэж ядан гайхаж байсан гэдэг. Дэлхийн томчууд ердөө 5-хан жилийн дараа ” Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг маань худалдан авах захиалгаа эхнээсээ өгч эхлэнэ гэдгийг тэр үед хэн нэгэн тэдэнд хэлсэн бол бараг л галзуу, солиотойд тооцогдож, бодогдох нь лавтай байж. Хамгийн нарийн, орчин үеийн өндөр технологийг худалдаж аваад, эзэмшиж, улмаар үйлдвэр байгуулаад, дэлхийн нунтаг металын зах зээлд хэдхэн жилийн дотор гарч, машин механизм, орчин үеийн хамгийн нарийн багаж, төнөг төхөөрөмж, электроникийн үйлдвэрлэлийн салбарт тавигддаг шаардлага, стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж монголчуудад аль ч утгаараа байхгүй гэж бодож, итгэцгээж байж л дээ тэд. Гэтэл маниуд нь болохоор дэлхийн өндөр технологи, үйлдвэрлэлийн салбарт гэнэт маш хүчтэй амбицтайгаар бодитой түрээд ороод ирэхээр нөгөөдүүл гайхаж бишрэхээс аргагүйд хүрчихээд байна. Дэлхийн нунтаг метал үйлдвэрлэлийн зах зээлийн жилийн хэрэгцээ 2 сая тонн байдаг аж. Энэ дотроо цэвэр зэсийн нунтгийн эрэлт 120 мянган тонн гэж байна. Жил ирэх тусам энэ хэмжээ нэмэгдэх нь тодорхой. Тэгвэл Монголын “Талын метал нунтаг” ХХК өнөөдрийн байдлаар жилд 500-600 кг нунтаг метал үйлдвэрлэж эхлээд байгаа юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах аваас жилд 3 мянган тонн нунтаг метал боловсруулан гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлэх болно. Одоогоор бидэнд итгэж ядаж байсан улсууд түрүүчээсээ ( Япон,Австри) захиалгаа өгч эхэлсэн бөгөөд Монголын нунтаг метал үйлдвэрлэл дэлхийд бүрэн танигдаад эхэлмэгц жинхэнэ “бүүм” болно гэдэгт “Талын метал нунтаг” ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд итгэл төгс байна билээ. Үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжийг тухайлбал нунтаг металыг хатаах төхөөрөмжийг монгол инженерүүд өөрсдөө зохион бүтээж, дамжлагад угсарсныг Английн мэргэжилтнүүд үзэж хараад гайхаж хоцорсон түүхийг сонсоход гүн сэтгэгдэл төрсөн дөө.

Худлаа онгирч хөөрөөд байгаа ч юм биш. Монголчууд бид ер нь аливаа юманд үнэн авхаалжтай, авьяастай, үнэхээр сэргэлэн, арай л онцгой үндэстэн уг нь мөнөөсөө мөн юм байгаа ш дээ. Даанч төр, засаг маань нэн олхиогүй нь заяагүй гэмээр санагддаг. Бухимдал төрүүлсэн ийм бодлыг зүгээр орхиё цаашаа. Байгалийн асар баялагтай Монгол Улс алийн болгон дэлхийн түүхий эдийн хавсрага орон гэж явах ёстой гэж!!! Бид нүүрс, алт, мөнгө, жонш, цайр, төмөр, зэс, молибден, нефть, гянтболд гээд хамгийн үнэ цэнтэй баялагаа өнөөдрийг хүртэл үсрээд л баяжмал хүдрийн хэмжээнд ямар ч боловсруулалтгүйгээр экспортод гаргасаар ирлээ. Ямар ч нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хийдэггүй учраас бид наймаанд дандаа алагдалтай байж, хохирсоор ирсэн гэсэн үг л дээ. Цаашдаа ингээд яваад байж болохгүй шүү дээ. “Талын метал нунтаг” ХХК нунтаг метал үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Их Британиас техник, тоног төхөөрөмж, технологийг нь Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас ( International Investment Bank) урт хугацааны зээл авч оруулж ирсэн юм байна. Хувийн хэвшлийнхэн ийм л мундаг. Төрөөс ийм хувийн хэвшлүүдээ бодлогоор асар хүчтэй дэмжих хэрэгтэй юм. ” Талын метал нунтаг” ХХК төсвийн мөнгийг цавчиж, үйлдвэр нэртэй хог оруулж ирсэнгүй, Хөгжлийн банкнаас зээл авч хулхидсангүй, Бондын мөнгөнөөс завшсангүй, ЖДҮ мэт сангуудыг тоносонгүй.

Төрд ямар ч ачаалал, дарамтгүйгээр өөрсдөө эрсдлээ бүрэн хариуцаж, хамгийн өндөр, шилдэг технологийг Монголд авчирч, ажлын байр үүсгэсэн, нэмүү өртөг, мэдлэг, инновац шингэсэн орчин үеийн үйлдвэрийг байгуулаад бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ шүү дээ. Энэ чинь бидний нөгөө олон арван жил мөрөөдөөд, хүсээд байгаа хөгжил, дэвшил, үйлдвэржүүлэлтийн хувьсгалын эхлэл. Ийм гоё зөв хандлага, эхлэлийг л бодлогоор дэмжиж улам дэлгэрүүлэхгүй юм бол төрт улс гэж байхын утга алга болно оо доо. Жинхэнэ нөгөө Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 энэ тэр гэсэн реформуудыг бодитой хэрэгжүүлж болохын жишээ, нотолгоо нь Монгол Улс нунтаг метал үйлдвэрлэлийн орон болсон энэ чухал үйл явдал утгаараа мөн шүү дээ.

Зөвхөн энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн дээр тулгуурлаад, судалгаа шинжилгээний ажлыг нь улам өргөжүүлээд, дэмжээд явбал Монголд орчин үеийн олон төрлийн үйлдвэр хөгжих ямар том боломж бололцоо гарч ирсэн байна вэ.Метал нунтгийг би түрүүн гурилтай адилтган зүйрлэсэн шүү дээ. Маш энгийнээр ойлгуулахад энэ “гурил”-аар дугуй, дөрвөлжин, гонзгой, бөөрөнхий гээд ямар ч хэлбэрийн талхыг үйлдвэрлэж болно. Бүр илүү өндөр үнэтэй кэйк, тоорт, нарийн боов барьж болно. Монголын хүүхэд, залуучуудад энэ “гурил”-ыг ашиглан янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх авьяас, чадвар, оюун ухааны чадамж харин ч нэг дүүрэн хангалттай бий. Би үүнийг 100 хувь итгэлтэйгээр хэлж чадна.

Энэ бичвэртэй хачир болгож сонирхолтой ганцхан жишээ татья л даа. Яг одоо ид өрнөж буй Орос- Украины дайны талаарх хамгийн сүүлийн үеийн нэг мэдээнээс харсан юм аа! Украины залуучууд нунтаг метал ашиглаад эвдэрч, сөнөөгдсөн танк, хуягт машин, буу зэвсэгнийхээ эд ангиудыг шууд газар дээр нь очиж 3D принтерээр цутгаж, хэвлэж үйлдвэрлээд угсарч, засварладаг болсон гэж байна. Энэ технологийг тэдэнд Өрнөдөөс нийлүүлсэн байна билээ.Ердөө л энэ шүү дээ. Тэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх суурийг Монголд амжилттай тавиад, гарцыг цэлийтэл нээгээд өгсөн байна “Талын метал нунтаг”ХХК-ийн баг, хамт олон. Товчхондоо танилцуулахад ийм нэгэн үйлдвэрийг нүдээр үзэж, итгэхийг хүсээд байсан юм аа!

Үнэхээр үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ гэж дуу алдмаар санагддаг юм байна. Янзтай байгаа биз дээ. Дахиад хэлье. Жинхэнэ ” солиотой” ёстой гоё үйлдвэр. Зөвхөн технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирснийх нь төлөө тэдгээр залуучуудаас 1.3 тэрбум төгрөгийн татварыг төр авсан байна билээ. Сонсоод шууд л бухимдал асаад ирэх юм аа! Энэ чинь хэдэн арван их наядаар нь улсаа хулгайлаад тоночихдог яадаг ч үгүй өгөөмөр, нинжин төр, засаг, хуультай улс оронтой биз дээ бид чинь. Монголын хөгжлийн төлөө сэтгэл зүрхээрээ асан дүрэлзэж, тэмүүлж яваа ийм хандлагыг дэмжихэд л Монголын төр тэрхүү өгөөмөр, нинжин сэтгэлээ харамгүй гаргамаар байгаа юм. За тэгээд Монгол Улсын Үйлдвэржүүлэлтийн бодлого хариуцсан Байнгын хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж харсан, танилцсан болохоор төрийн тэнэг бодлого, шийдвэрт өөрчлөлт орох биз гэсэн найдлага тээж үлдсэн дээ өчигдрийн аялалынхаа дараа би гэдэг хүн дотроо.