Сөрөг хүчний мөхөл

Хэрэв АН 2024 онд ахиад ялагдвал Монголд хүчтэй сөрөг хүчин байхгүй болно. Хүчтэй сөрөг хүчин гэдэг бол дараагийн сонгуульд ялах боломжтой, эрх барих хүчтэй нам, намуудын эвслийг хэлдэг. Түүнээс зохион байгуулалтгүй сөргөлдөөн бол эмх замбараагүй байдлаас өөр юу ч биш юм. Өнөөдөр чухам энэ л хэрэггүй!
МАН дангаараа, үнэмлэхүй засаглаж байна, УДШ-д 30 гаруй нам бүртгэлтэй боловч тэд эвсээд ч хэрэв АН байхгүй бол сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Хамгийн идэвхтэйнүүд нь нэгдвэл радикал хязгаарлагдмал зорилготой хөдөлгөөн л зохион байгуулж чадна. Гэвч ийм боломж харагдахгүй байна, учир нь нэгдмэл чиг зорилго, зохион байгуулалт алга. Сүүлийн парламентын сонгуулиас хойш одоо болтол улстөрийн даацтай шаардлага тавьж, шаргуу ажилласан улстөрийн хүчин алга!

Тогтовортой ажилладаг Н.Энхбаярын МАХН хэдэн жилийн өмнө МАН-аас салсан нь гай болсон юм, учир нь тэрээр иргэний хөдөлгөөнүүдийн бүрхэвчин дор орж ирээд санхүүгийн давуу талаараа тэднийг алгуур залгиж боловсруулсаар эцэст нь буцаад нэгдчихлээ. Ерөөсөө Н.Энхбаярын зорилго нийгмийн шинэчлэл биш эрх мэдэлд хүрэхэд байсных... Тэд ямагт “Мөнгө, мөнгө бас дахин мөнгө” гэдэг зарчмаар ажиллаж байсан. Муулаад байгаа юм биш энэ хамгийн прагматик улстөр л гэсэн үг. Тэр сөрөг хүчин байхыг хэзээ ч хүсч байгаагүй... Ийнхүү улстөрийн ямар ч сөрөг хүчингүй болсон МАН дотоод зөрчлөө зохицуулахаас өөр айдасгүй сууж байна.

Ардчилсан тогтолцоонд улстөрийн “үнэт зүйл” нь эрх баригчид биш сөрөг хүчинд хадгалагдаж байдаг. Хэрэв улстөрийн тавцанд сөрөг хүчин уствал тэнцвэр алдагдаад нэг намын авторитари дэглэм бүрэлдэнэ. Ингэхдээ агшин зуур. Агшин зуур гэдэг нь нэг л сонгуулийн хугацаа!

Умард хөршийн дайнч араншин нь хөдлөөд “гуравдугаар Ром” болох аймшигт хүслээ гүйцэлдүүлэхээр танкуудаа хөдөлгөчихлөө. Гүржийг номхотгож, Осетыг салгасан, одоо залгина, Казахыг мөглөнд оруулж аваад Украйныг дайлаар мордов. Үүнээс болоод умардын тэнгэр харанхуйлж, тамын орон болов... Өмнөд хөрш ч аанай л хамаг ертөнцөөс өөрийгөө таслаад “улаан хэрэм”-нийхээ ард бүгчихлээ. Яг бага хаадын үе мэт өмнөд хөрш худалдаа наймаагаа хаагаад хэрэгтэйгээ л авна, харин өгөхгүй гэх болов. Хар тэнгисээс шар тэнгис хүртэлх их хуурайг эзэгнэсэн хоёр хөрш ингэчихээр бид яах вэ?

Худалдаа царцаж, гуравдагч ертөнц улам холдож, хаа сайгүй зэр зэвсэг хангинаж, ковидын улмаас тусгаарлагдсан улс орнууд хувиа хичээх замд оржээ. Бид нээгдсэн ч тэд нээгдэхгүй бол тэгээд л түгжигдчихнэ гэсэн үг. Умард хөрш авторитар дэглэмтэй, өмнөд хөрш тоталитар дэглэмтэй. Харин энэ хоёрын дунд одоо жинхнээсээ “ардчиллын баян бүрд” болон хувирч байгаа Монголын улстөрийн уур амьсгал ч хурдан цөлжиж байна. Оросууд Украйныг “Искандер”-аар харваж байх, манай ч нэг Искандер зоочихсон...

Ийнхүү Монголд бага намуудын эрин эхлэх шинжтэй болов. Нэг толгойтой гучин сүүлтэй могой засаглана. Сүүл хэзээ ч толгойгоо идэхгүй, харин толгой нь сүүлээ...  

Нийгмийн захиалга

Нийгэм, олон нийтийн захиалга бол хүчтэй сөрөг хүчин. Хэдий гадаад хүчин зүйл рүү бүхнийг чихэж байгаа ч дотоод хямрал хүчтэй сөрөг хүчнийг хүсэмжлэх уур амьсгалыг бий болгож байна. Эрх баригчид хурд муутай, асуудлаас тойрсон, эрх мэдэлдээ эрдсэн байдалтай он жилүүд өнгөрч байна.

Ард түмний амжиргааны түвшин дайнтай орнуудтай ч зүйрлэмгүй дорд орчихлоо байна. Бидэнд байгаа юм нь өнгөрсөн жил арчаагүйдээ зарж чадаагүй 90 мянган тонн улаан буудай л байх шив.

Инфляци гипер түвшинд хүрсэн. Валют олдохоо байсан. Импорт зогссоноос бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Үнийн өсөлтөнд нөлөөлдөг, улсаас үнийг нь хүчээр хязгаарладаг байсан цахилгаан, дулаан, ус, шатахуун, мах, хүнсний үнэ хяналтаас гарчихав. Ийм үед авч буй арга хэмжээний сайн мууг хэн ч шүүхгүй, шүүмжлэхгүй хэн ч тодруулж асуухгүй, шаардахгүй байна. Яагаад гэвэл сөрөг хүчин байхгүй. Энэ залхаг байдлын үр дүнд парламент нь бүхэлдээ идэвхгүйжээд ЗГ-аасаа ч асууж чадахаа байчихаж. Хааяа нэг элий балай асуухаар “ЗГ-ын гишүүнийг загнадаг чи кэн юм?” гэж Ц.Нямдорж азаргалаад судаг болж.  

Ганцхан АН л сөрөг хүчин байх ёстой, бас боломжтой юм биш л дээ. Гэхдээ парламентад эрх баригчдын дараа орох олон суудалтайгаараа сөрөг хүчин болох боломжтой АН-ын бүлэг дотроо хуваагдаж, нам нь ч дотроо хуваагдаж гурав дөрвөн субьект болон бидон саваар дайтсаар энэ үүргээ гүйцэтгэх ямар ч чадамжгүй болсон байна. Чухамхүү өнөөдрийн энэ дампуу байдал, сүйрсэн эдийн засаг, иргэдийн бухимдал “жинхэнэ” сөрөг хүчинд амжилттай ажиллах хамгийн “таатай” орчин боловч үүнийг ашиглах чадвар аль ч намд алга байна.

Харин энэ орон зайд сайн дурын, бөөн дурын тэмцэгчид тодрохыг оролдож байгаа боловч үнэхээр жулдана л даа. Асуудалдаа жижигдэж, шуугиан дуулианд толгой нь эргэсэн сайн дурынхан “Даян дэлхийн энх тайвны төлөө” тэмцэж, “Украйнаас савраа тат, монголоос элчингээ тат!” гэсэн “Зелинский маягийн шоу” хийхдээ тулжээ. Гэтэл дотоод асуудал уул нуруу шиг хуримтлагдаад байдаг.

Анхиагүй, чадваргүй, мэдрэмжгүй хөгийн парламент нь Тасганы овоонд бурхан бүтээх, Бээжинд соёлын төв барих тухай бадарчингийн үлгэр ярьж, түүнийг нь шоолсон хүмүүс бахаа хангаж цадаад хэхэрч байна. Өөр энэ улсад юу болж байгаа юм? Хэрэв нийтийн тэмцлийг удирдах зохион байгуулалттай хүчин гарч ирэх л юм бол наанадаж засаг, цаанадаж парламент солигдох уур амьсгал бүрдчихээд байна.    

Ийм үед “тогтвортой” засаглах цорын ганц арга бол “дайснаа хуваа!”. Тиймээс эрх баригчдын зүгээс АН-ыг толгойгүй, тамиргүй байлгахыг л зорих нь ойлгомжтой. Үүний төлөө тэднийг муулаад ч яах юм, хийх ёстойгоо л хийж байна. Гол нь МАН-ын залуу генсек Д.Амарбаясгалан гэдэг “жаал” АН-ын туршлагатай дарга, ардчиллын алтан хараацай, 30 жилийн улстөрийн туршлагатай удирдагч С.Эрдэнийг бөмбөг шиг өшиглөж тоглоод байгаа нь АН-ынхны хувьд шившиг. Түүнтэй хамт 200 мянган гишүүн нь өшиглүүлж байгаа байхгүй юу.

Хамгаалалт

Сөрөг хүчин эрх баригч хүчинд халтай ч бас сайн хамгаалалт болдог. Эрх баригчдад шууд ирэх цохилтыг зөөлрүүлдэг. Казахстан эрх баригчид сөрөг хүчингүй явсныхаа горыг амсаж, дотоод зөрчлөө давж чадалгүй толгой руугаа жинтэй цохиулаад, орос дуулга өмсөж амьд үлдсэн саяхны жишээг л санах хэрэгтэй. Аргаа барсан, айдаст автсан эрх баригчид нь гаднаас тусламж эрэхдээ тулсан. Нийтлэг эрх ашгаар нь авч үзвэл сөрөг хүчин бол нийгмийн тогтвортой байдлын баталгаа. Чухам иймээс үнэт зүйл гээд байгаа юм.

Гэвч залуу эрх баригчид зөвхөн өөрийн намын эрх ашгаар улстөрийн өрөг тоглож байгаагаас туйлын тогтворгүй байдал руу нийгмээ алгуур түлхэж байгаагаа ойлгох хэрэгтэй юм. Мэдээж ийм хямралаас хонжоо олох үй олон “гэмт этгээд” байгаа учраас  Залуу улстөрчдийн тактикийн хурц тоглолтууд “санамсаргүй” тооцоогүй амжилтыг овоолж болох ч стратегийн хувьд ноцтой алдаа хийж болзошгүй байна.

Эдийн засгийн гүнзгий хямрал, Хөгжлийн банкны тонуул, гадаад орчны таагүй байдлаас хамаарч дотоодод тогтворгүй байдал үүсвэл яах вэ? Хүчээр дарах уу? Яг тэр цагаас ардчилсан тогтолцоо сүйрнэ. Тэгвэл эцэс төгсгөлгүй хурц хямрал, эсвэл туйлширсан дэглэм л сонголт болно.

У.Хүрэлсүх эрхбиш туршлагатай учраас “Хөгжлийн банкныхаа аригийг даах уу?” гэж асуусан нь айдас болгоомжлол илүүтэйнх. Яагаад гэвэл өмнө нь “Хадгаламжийн банк”-ны хямралаар золтой л намаа үнсээр хийсгэчихээгүй, залуучуудын байгууллагаа зольж тэсч үлдсэн түүхийг бичигч учраас... Хэрэв өнөөдөр 10-аад жилийн өмнөх шиг өргөн дэмжлэгтэй иргэний хөдөлгөөнүүд байсан бол, АН дарламентдахь бүлгээрээ дэмжүүлээд иргэний хөдөлгөөнүүдийг турхирч байсан шигээ ажилладаг байсан бол, иргэд байнгын жагсаалд дассан байсан бол, үндсэн хууль өөрчлөгдөөгүй бол... “Хөгжлийн банк”-ын асуудал л энэ засгийн насыг богиносгох шалтаг болж чадна.

Гэхдээ одоо бүрдэж буй нөхцөл байдлыг харвал эдгээр хязгаарлагч хүчин зүйлсээс үл хамаараад улстөрийн тогтоворгүй байдал үүсэх нөхцөл рүү эрх баригчид өөрсдөө шахчихлаа.

Шүүх

Маш олон, маш олон нийгмийг хямарсан шударга бус байдал, хямралын шалтгаан нь шүүхийнхний алдаа завхралд бий. Лав л С.Эрдэнийг шоронд явах гэсээр зургаан жилийг барж байна. Өнөөх нь шоронд явах нь байтугай намаа самарсаар... Эсвэл гэм зэмгүй юм болов уу? Тийм бол шүүхээс гэм зэмгүйг бас нотлох хугацаа өнгөрсөн. Ийм болохоор нийгэм даяар С.Эрдэнэ гэгч гэмт хэргийн барьцаанд ороод эрх баригчдын захиалга, шүүхийн дэмжлэгээр намаа устгахаар улайран зүтгэж байна гэсэн ойлголт бат тогтсон.  Гэхдээ энд үйл явц бичиж байгаагаас хүн шүүх гээгүй тул орхиё!

УДШ-ийн хоёр үзүүртэй зүү шиг шийдвэр нь АН-ыг наркозын байдалд хоёр сонгууль дараалан барьсан хэрэг. Үл ялиг шалтгуудаар АН-д дотооддоо учраа олох боломж олгохгүй байх нь УДШ-ийн зорилго байсан мэт. Шүүх аль нэг талд шийдэж, түүндээ тууштай байсан бол асуудал шийдэгдэх хугацаа өнгөрсөн. Чухам иймээс УДШ-ийг хараат байдалд ажиллаж байна гэж дүгнэхээс өөр гарц алга. Мэдээж эрх баригч намаас...

Энэ хоёр шалтгаанаар АН-ынхны С.Эрдэнээс салах оролдлого ийм үнэ цэнэтэй байх юм гэж хэн санах вэ?

Үнэндээ С.Эрдэнэ жижигхэн аппарат бүрдүүлээд түүнийгээ “нам” гэж зарлаад “Нам бол Би” гээд байгаагаас намын үндсэн суурь түүний эсрэг байгааг бүгд харж байна. Тэрээр намд, гишүүдэд огт хамаагүй УДШ-ийн эргэлзээтэй шийдвэрээр л тэндээ оршиж байгаа.

 Одоо 3-нд АН-ын даргын сунгааны санал асуулга явагдана. Санал асуулгаар хэн нэг ньялж л таарна. Миний бодох нь асуудлыг эв зүйгээр шийдье гэвэл “С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх эрхтэй эсэх” гэсэн санал асуулгыг давхар авчихмаар л байгаа юм. Тэгээд гишүүд нь шийднэ. Сая болсон нэр дэвшигчдийн уулзалтын үеэр АН-ын олон гишүүн “АН бол гишүүн төвтэй нам” болохыг олонтаа хэлж байсан. Тиймээс гишүүд нь асуудлаа шийдэх бүрэн эрхтэй, үүнийг ардчилал гэдэг.

УДШ-ийн шийдвэр яахаас үл хамаарч АН даргаа сонгоод, жинхэнэ сөрөг хүчний байр сууриа олж авах ёстой. Сонгууль ердөө жил хагасын дараа л болох гэж байна. Эрх баригчид дахин үнэмлэхүй эрх барихын төлөө л бүгдийг хийнэ. Уг нь ардчилсан тогтолцоог хадгалж үлдэе гэвэл сөрөг хүчнээ хадгалж үлдэхийг хичээх ёстой атал огт тийм эрмэлзэлгүй байгаагаа сая УДШ-д өгсөн захиалгаараа нотолчихлоо.

Хэрэв энэ удаад АН даргын асуудлаа шийдэж чадахгүй бол дараагийн сонгуульд ялах тухай асуудал байхгүй болчих гээд байна. Хэрэв улстөрийн тавцанд тогтвортой сөрөг хүчинтэй ажиллах замаар ардчилсан, парламентын засаглалаа хадгалж үлдэхийг эрх баригчид хүсэхгүй байгаа бол тэгээд гудамжинд л гардаг байх даа!?