Т.Бадамжунайг 2023 оны 4 дүгээр сарын 5-нд Филлиппин улсаас баривчилж авчирсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-нд “60 тэрбум”-ын схемийг зохисон, IT инженер Т.Анхбаярыг хорьсон байдаг. Тэдний мэдүүлэг “60 тэрбумын хэрэг” нэртэй, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт хэргийг дахин сөхөж шалгахад хөтлөв бололтой.
Ер нь Т.Бадамжунайг 2018 онд Замын-Үүд боомтоор хууль бусаар, хулгайн замаар яагаад яаран хил давах болсныг тэгэхэд төдийлөн “тоогоогүй” нь алдаа болсон байж мэдэх юм. Учир нь тэр бол УИХ-ын сонгуулийн дараахан, “60 тэрбумын хэрэг” ид ял шийтгэгдэх гэж байхад оргон зайлсан гэдгийг анзаарахгүй өнгөрөх учиргүй юм шүү. 

Яг тэр үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж “60 тэрбум бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэж Нямдоржийн хоолойг Чаппи дуурайхыг хэлнэ. Түүнээс биш Сандуй, Энхболд өөрсдөө ярихыг эвлүүлэг гэдэггүй юм” гэж мэдэгдсэн билээ.
Тухайн үед Ц.Сандуйгийн удирдлага дор Т.Анхбаяр, А.Ганбаатарын удирдлагад Г.Доржзодов  нар тус тус схемийн дагуу ажилласан нь баримтаар нотлогдсон байдаг. Т.Бадамжунайг баривчлан авчирч, Т.Анхбаяр мэдүүлэг өгч эхэлснээр энэ хэрэг дахин сөхөгдөж тун өргөн хүрээг хамарч Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдагчдын бүлэглэл илрэх нь энэ хаврын улс төрийн оргил хэсэг болж мэдэхээр байна. 

Ерөөсөө энэ Засгийн газрын тэргүүн ч “60 тэрбумын хэрэг”-тэй тэмцэж гарч ирсэн, тэмцсээр ч байгааг олон нийт мартаагүй. “60 тэрбумын хэрэг”-ийн ард “загасны ойтой” бидний мартах шахсан М.Энхболд, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг, тэдний бүлэглэлийн ажлын том үр дүн болох “Эрдэнэтийн 49 хувийнхан” багаараа холбогдож мэдэх сэжүүрүүд олдож эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайг хилээр даван зугтсанаас хэд хоногийн дараа хэн гэгч жолооч руу хэр их хэмжээний мөнгө Оросын аль банкнаас ямар учиртай орсон гэж бодно? Түүгээр нь Т.Бадамжунай хүний нутагт ажилгүй орлогогүйгээр хамгийн тансаг нөхцөлд хэрхэн аж төрж байв гэдэг сонин биш гэж үү? Хүнийх нь биеийг биш, мөнгөнийх нь мөрийг хөөх ийм зөв замд хөтөлж үр дүнд хүрдэг аж. Одоо Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон “60 тэрбумынхан”-аас өөр ямар гээчийн гэмт хэргүүд илрэх бол гэдэг нь цаг хугацааны асуудал боллоо.
“Хууль нүдтэй” гэдгийг харуулж, тухайн үед халхад багтамгүй ханхалзсан эрх мэдлээр дулдуйдаж хэсэг бүлэглэлийн шүүлтүүрээр Засгийн газар эмхлэн байгуулж байсан хүмүүс төрийн шүүхийн өмнө ирэх цаг тун ойртлоо. Хэзээ ч баригдахгүй мэт авирлаж байсан зугтагсад, өчүүхэн мөнгөний төлөө эрдэм боловсролоо эх орныхоо ирээдүйн эсрэг ашиглаж байсан “том жижиг” хэн ч хуулийн өмнө ирдгийг энэ хэргийн кейс харуулна гэж бодож байна.

Тухайн үед УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Ж.Батзандан гэдэг хүн нэр цохож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжилж байна гэдгийг “тоглоомоор” орон даяар мэдэгдэл хийж зарлаагүй байх. Сонгуульд ялсан, эрх баригч намын “гал тогоо”-г барьж байсан, одоо ч энэ албыг хашиж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэр үед уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хамгийн түрүүнд нотлон хэлж байснаас гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн “эвлүүлэг” гэх мэдээлэлд итгэж олон нийтэд хандан мэдээлэл хийсэндээ уучлал гуйсан!

Энэ бүхэн “60 тэрбумын хэрэг” бол “Улс төрийн амьд хэрэг” гэдгийг харуулдаг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар, хуйвалдаж авсан хэрэг мөн болбоос үр дагавар нь хэдэн жил үргэлжилж, хэнийг хохироож хэнд ашиг авчирсан бэ гэдгийг шүүх хэлэлцэх цаг мөч холгүй байна.