Монголын хаад ноёд эрх мэдлийн баталгаа-тамганы төлөө үхэлддэг байсан бол энэ удаа ичгүүрийн тамгатай дарга улс төрөөс эгнэгт холдоно. Эрх мэдлээ харуулан эгэл иргэдийн өргөдөл, хүсэлт дээр дардаг байсан шиг тамгыг дарга даамлуудын духан дээр нь даръя.

Ямбатныг устгаад ямбалсан түүх

Тоталитар төрийн буянаар тусгай хангамж хүртэж, ард түмнээсээ илүү эрх ямба эдэлсэн анхны дарга нар

Сталины илгээсэн 30 мянган сумыг зохих байнд нь зоохоосоо өмнө Х.Чойбалсан төрийн тусгай хамгаалалтад оржээ. 1937 оны долоодугаар сард Дотоод явдлын яамны Нэгдүгээр хэлтэст Хоёрдугаар тасаг гэдгийг нээв. Үүнийг Төрийн тусгай хамгаалалтын албаны суурь тавигдсанд тооцдог. Хоёрдугаар тасгийг нийтээр “Маршалын лаборатори” гэх болжээ. “Маршалын лаборатори” хүнсний аюулгүй байдлаас гадна тусгай хангамж хариуцна. 1941.07.24-нд ДЯЯ-ны Жинхэнэ орлогч сайд, хоёрдугаар комиссар Б.Жамбалдорж сүү олгож байх хүмүүсийн жагсаалт батлав, үүнд: Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд, СССР-ийн Бүрэн эрхт төлөөлөгч, тус газрын ерөнхий зөвлөхүүд болон Зөвлөлтийн 17 дугаар армийн командлагч багтжээ. 1950-аад оноос МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүд ба Нарийн бичгийн дарга нар тусгай хүнс, хангамж хүртэж эхлэв. Улс орон чөмөг суух хэрээр Хоёрдугаар тасаг үхэр малтай, хүнсний ногоо тарьдаг болж өргөжсөн. Дайны дараах тарчиг жилүүдэд үнэтэй үнэгүй мах сүү, гурил будаа, төмс хүнсний ногоо хэрэглэх нь “ямба” гэдгийг өнөөгийн хүмүүст ойлгуулах амаргүй. "Сайд нарын II эмнэлэг"-ийн үндэс 1931 онд тавигдаж, 1946 онд нарийн мэргэжлийн эмчтэй амбулатори, 25 ортой Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болов. Тэгэхэд иргэдэд Орос доктор, Хэнхэг Бумаа хоёр чадан ядан үйлчилж байлаа.

Эрх ямбанд ээнэгшиж эрэмшсэн түүх

Ю.Цэдэнбалыг огцоруулж, "Өөрчлөн байгуулалт" гэж ярих болсноос хойш сайд дарга нарын тусгай хангамжийн тухай зоригтой дугарсан анхны уран бүтээлчийн нэг нь Ц.Байды. Түүний эл бүтээл 1985 онд Тоншуул сэтгүүлд хэвлэгджээ.

1950-аад оны эцсээр МАХН-ын Төв Хороо нууц тогтоол батлан тусгай хангамж, тусгай үйлчилгээний газрууд үүсгэв. Социализм байгуул гэж өгсөн Чехословакын хөрөнгөөр 1960 онд тухайн цагтаа орчин үеийн багаж, төхөөрөмжтэй поликлиник байгуулсан нь “Сайд нарын II эмнэлэг”. МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаас “Намын эсрэг бүлэг” хэмээн яллагдсан Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар дарга, ард хоёрын амьдрал өдөр шөнө шиг зөрүүтэй байгааг л ярьсан байдаг. Б.Нямбуу дуртгалдаа намын удирдах шатны цөөн тооны хүнд сар бүр цалингаас нь гадуур “нэмэлт” өгөх замаар Ю.Цэдэнбал байр сууриа бэхжүүлсэн гэжээ. Иргэдээсээ 2-3 дахин өндөр цалин, тусгай хангамж, нэмээд мөнгө авна гэсэн үг. Ажилчин ээлжээ тараад талх хайн дэлгүүр хэсэж, тарчиг цалинд нь таарсан хоёрдугаар мах гээчийг нь авах гэж хэдэн цагаар очерт зогсдог байлаа. Харин дарга нар Монголын ард түмний нэрээр “Социализм байгуулна” гэж зээлсэн мөнгөөр туйлсан. Одоо хэлмэгдсэн болж харагдах зүтгэдэг “Цэдэнбалын тойрон хүрээлэгчид” наргисаан наргисан. Хүүхдүүд нь ард биднээс тусдаа дунд сургууль төгсөөд, гадаадын аль өөдтэй сургуулийг булаадаг байлаа. 

Эрх ямба эдлээд эргүүлж төлсөн түүх

Авлига, хээл хахуулийн асуудалд орооцолдоод амь зулбан гадаад руу зугатсан улстөрчдийн санхүүг нь БЗС хангадаг байсан бололтой. Ганцаараа биш, гэр бүлээрээ, бүр ах дүүгээ даагаад явдаг уламжлал тогтжээ. Ардчиллын нүүр царай, үнэнч шударгын охь манлай С.Баярцогт аав, ээж хоёроосоо бусад гэр бүлийнхэндээ энэ сангаас мөнгө авч өгчээ.

Боловсролын зээлийн сангаас гадаадын их сургуульд сурахаар хэдэн арваас хэдэн зуун мянган доллар авсан 2 380 хүний асуудал нийгмийг халаалаа. ЖДҮ, ТЭДС зэрэг олон санг сэтгүүлчид хааяа ухаад ялд унаад дуусдаг байсан бол энэ удаа нийгмээрээ шуугив. БЗС гадаадын зээл, тэтгэлэгт 227.7 тэрбум төгрөгийн санхүүжилт өгснийг бараг тэр чигт нь улстөрчид, мэдээлэлд ойр хүрээнийхэн хүртжээ. Зариг.мн тараасан мэдээгээр хамгийн их мөнгө авсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар, харин хамгийн супер нь ихэр охидоо нэг мэргэжлээр тус бүрийг нь 79 000 доллароор сургаж буй Харилцаа, холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран болж таарав. Ардчилсан хувьсгалаар халсан гэж бодсон "тусгай хангамж" хэвээрээ байгаа аж. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр “боловсролд кастын систем” тогтжээ. Салбарын сайд нь эхнэрийнхээ зээлийг төлж “бусдыгаа хөлдөө чирсэн” бол, сайд асан Лу.Гантөмөр өөрийгөө өмөөрүүлэх гээд булайгаа уудлуулж байна. Зарим нь үхэхээрээ айлгасан гэж сайд Л.Энх-Амгалан ярив. Ичсэндээ үхвэл ард түмэн ерөөх шинжтэй. Ямартаа ч 2023.05.24 байдлаар 7 хоногийн дотор 1.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн гэнэ. Зээлээ төлөх нь гавьяа биш, цөөхүүлээ хуйвалдаад хүртвэл ял юм. 

Эрх ямба эдлэгсэдийг тамгалах түүх

Төрийн сангуудад холбогдох идлэг, авилгыг МАН эсвэл Д.Амарбаясгалангийн улс төрийн тоглоом болгоод өнгөрөөхгүй байх ёстой. Эцсийн бүлэгт сонгогчид л бүхнийг шийднэ, тэднийг тамгална.

Монгол Улсад өнөөдөр 25 төрийн сан бий, 10 орчим нь иргэдийн татвараар санхүүждэг. Хэдхэн хүн тэр мөнгийг хувааж иддэг бололтой. Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газар төрд байгаа бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод болгоно. Олон нийтийн нүдэнд ил, шилэн байх зарчим руугаа чиглэж ажиллана” гэлээ. Зарчмаараа тэгэх л ёстой, энэ гавьяа биш. Бас “Энэ мэдээлэл далд байх тусмаа өнөө маргаашийн гэлтгүй дарга эрх мэдэлтнүүдийг эрсдэлд оруулж байдаг сул талтай” гэв. Үнэн. Төрийн сангийн мэдээлэл ил болохоор эрх мэдэл, давуу талаа ашигласан хэн боловч тамгалуулна. Иргэд тамгална. Хэргийнх нь хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан байлаа ч хэргийн эзний эрх мэдэл рүү тэмүүлэх хүсэлд хэмжээ хязгаар гэж үгүй тул сонгогч бид тамгалахаас өөр арга үгүй. Стигматизац буюу “шошго наах” гэж ойлголт бий. МАН-ынхан “хоцрогдсон”, АН-ынхан “дэвшилтэт” гэж нийгмийн бүлэгт наадаг шошго. Одоо бол тамгална. Хүн бүрийн цохон дээр тамгална. Эрт балрын цагт гэмт хэрэгтний духан дээр уйлсгасан төмрөөр дардаг байсан шиг тамгыг электрон хэлбэрээр монголчууд дараад дараад явна. МАН 2020 онд хэрэгт төвөгт холбогдсон 23 хүний нэр дэвших эрхийг хассан. Одоо иргэд нам харгалзахгүйгээр дурайтал тамгалж чадна. Ю.Цэдэнбалын үеэс ялгаатай нь тэд иргэдийн СОНГОЛТ дор оршмуй. Төрийн сангаас идсэн хүн бүхнийг ширхэгчлэн тамгална. Ардчиллын алтан зарчим ийм байна. Дураа цааш нь, духаа нааш нь. Хиншүү ханхалтал тамгалъя. Эрх ямбыг чинь иргэн бид өгдөг юм. Төр нь тамгагүй боллоо ч түшээд нь тамгатай үлдэг.