Энэ 7 хоногт
ТОДОРХОЙ Ч ТОДОРХОЙГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Одоо яах вэ? Энэ асуудлыг өдөр бүр зурагт, олон нийтийн сүлжээгээр ярьдаг ч үүнийг шийдсэн шийдэлгүй, шалтаг тоочдог төрийн удирдлагатай боллоо бид. Эд маань үнэхээр аргаа олохгүй байна уу? гэхээр өөрсдийн орлого хэдэн зуун сая, тэрбум доллароор үнэлэгдэх авлига хулгай нь мэдэгдэхгүй эх үүсвэр нь тодорхой бусаар өдөр бүр өсөн хөрөнгөжсөөр. Энэ хэний хаанаас олсон мөнгө вэ?
Өнөөдрийн нийгэмд тулгарч буй асуудлуудын талаар хүмүүс өөр өөрийн өнцөгөөр ойлгож, хандаж байна. Иргэдийн бухимдал, үзэл бодлынхоо төлөө жагсаад байгаа нь юутай холбоотой вэ? Энд ганцхан л шалтгаан буй бололтой. Иргэн, айл өрхийн орлогын түвшин огцом буурч, орлого нь амьдралынхаа наад захын хэрэгцээнд хүрэлцэхээ больсон. Арга ч үгүй биз. Өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа, материалын үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Энэ нь дэлгүүрт өрөгдсөн барааны үнийг харалгүй авдаг амьдралын боломж өндөр дээдсийн давхаргад ч мэдэгдэхээр өөрчлөлт. Сүүлийн 2 жилийн хугацаанд иддэг өндөг 250-с 580 төгрөг, уудаг сүү нь 2100-аас 4300 төгрөг болсон. 50 кг-ийн ууттай гурил тавин мянгаас нэг зуун мянган төгрөг болж нэмэгдсэн. Бараг л цаг, минут, секундын зүүтэй уралдан нэмэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний өсөлтийг “эрх баригчид” буюу ард иргэдийн төлөөлөл болсон төрийн удирдлагууд маань дэлхий нийтэд үүссэн цар тахал Ковидын үр дагавартай шууд холбон үзэж шалтагласаар удаан аргаллаа. Одоо аргалаад аргалаад иргэд нь туйлдаж амьдрах аргагүй болж тэсвэр тэвчээр нь алдагдахад хүрч байна. Гар дээрээ шууд авдаг орлого 2 дахин үнэгүйдлээ. Инфляци нь хоног сараар өссөөр монгол төгрөгийн ханш нь уналаа.
Одоо яах вэ? Энэ асуудлыг өдөр бүр зурагт, олон нийтийн сүлжээгээр ярьдаг ч үүнийг шийдсэн шийдэлгүй, шалтаг тоочдог төрийн удирдлагатай боллоо бид. Эд маань үнэхээр аргаа олохгүй байна уу? гэхээр өөрсдийн орлого хэдэн зуун сая, тэрбум доллароор үнэлэгдэх авлига хулгай нь мэдэгдэхгүй эх үүсвэр нь тодорхой бусаар өдөр бүр өсөн хөрөнгөжсөөр. Энэ хэний хаанаас олсон мөнгө вэ?
Дэлхийд үүсээд буй хямрал гэхээсээ илүүтэй монголчууд өөрсдөө дотооддоо хямралыг үүсгэн улмаар нэмээд бий болгоод байгаа юм биш биз гэх хардлага төрөх юм бас. Үүний нэг жишээ нь ойрын өдрүүдэд үүсээд байгаа “Нүүрсний хулгай” гэгдэх асуудал. Анх хаанаас ямар зорилгоор гарч ирсэн сэдэв бүү мэд гэхдээ төрийн тэргүүн нь нийтэд ил тод мэдээлээд байгаа болохоор үнэн л байж таарна. Эздийг нь мэдэж байгаа иргэддээ нэрсийг нь зарлана гээд өдөр бүр л засгийн газар, гишүүд мэдэгдэл хийх юм. Үр дүнд нь хэний ч нэр дурдалгүй бөөрөнхийлж яриад нөгөө мэдэгдэл нь дуусчих юм. Ерөнхий сайд тэдэн цагаас иргэдэд мэдэгдэл хийнэ гэх мэдээлэлд иргэдийн хүлээлтийг бий болгочхоод гарч ирээд эзэд гэх тодотголтой хэн нэгнийг зарлана шүү гээд баахан сүрдүүлж байх жишээтэй. Үүнээс дүгнэхэд хэн нэгэн хэсэг бүлгийг сүрдүүлж өөртөө ашиг хонжоо хайж байгаа хүний арга ч юм шиг харагдах юм. Үүндээ ард иргэдээ ашиглаж орлон тоглогчийн үүргийг гүйцэтгүүлээд байгаа юм биш биз.
Талбайд жагсагчдын дунд хувцсаа тайлж дуу хоолойгоо хүргэх оюутан залуу Ерөнхий сайдыгаа “Чадахгүй бол чацга царайлаад ордон руу ор” гэх Гүнээ ахын үгийг ишлэснээ төгсгөлд “Баялагтаа эзэн монгол” гэж орилж харагдсан. Энэ нь монголчууд бидний хэсэг хугацаанд амны уншлага болтлоо цээжлэгдсэн МАН-ы сонгуулийн уриаг эргэн сануулсан гэлтэй. Ингэж бодохоор үзэл бодлоо илэрхийлж буй залуу ам алдсан уу эсвэл тэдний тавиул байсан уу? гэж бодохоор зохиомол жагсаал нь үнэн ч юм шиг.
Баялагтаа эзэн монгол гэчхээд баялгийн шуналтан бүлэг систем бий болгож хулгай луйвар хийж байгаа бол тэр хамтран ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нь ил тод болгоход эздийг нь иргэд шүүгээд олоод ирнэ дээ. Эдгээр компаниудыг оффтейк гэрээ, нууцлалын тодотголтой мэдээлэх боломжгүй гэх эргэлцээтэй тайлбарыг өгч улам бүр иргэдийг бухимдуулах шаардлагагүй ээ. Угтаа дотооддоо төмөр зам барих, гадагшаа нүүрс худалдахад нууцлаад байх зүйл байхгүй бүгд газрын гадарга дээр ил тод бүтээн байгуулалт болж нийтэд нээлттэй харагдах зүйл. Нууцлаад байгаа шалтгаан нь хэн нэгэн нь эрх мэдлээрээ бусдаас давуу боломж өөртөө бий болгон ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулах боломжоо бүрдүүлж хээл хахууль авлигын хэргээ нууж байхыг үгүйсгэхгүй. Бас нэгэн хардлагыг төрүүлж байна. Төрт улс түмэн олныхоо хүндэтгэлийг хүлээсэн эрхэм түшээдээ та бүгдийг үндсэн хуулиараа олгосон бүрэн эрхийн хүрээнд 4 жилийн хугацаатай төлөөлөх элчээр илгээсэн. Хуулийг үл хүндэтгэж хугацаанаас өмнө та бүгдийг буулгах гэж улайран жагссан тийм мунхаг ард түмэн биш, бусдаас баян болгохыг хүссэн шуналтан ч биш. Гагцхүү эх орондоо ажилтай орлоготой, эрх тэгш оролцоотой орлого нь хүрэлцээтэй ая тухтай амьдрах нөхцөлийг л бүрдүүлээд өгөөч ээ. Үүнийг л шийдэх гэж та бүхэн амлалт өгч төлөөлөл болж очсон шүү дээ. Хуулиа засаглаж дүрмээ мөрдөж, хариуцлагаа хүлээж үүргээ биелүүлэхийг та бүхнээс хүсэж байна.
Өнөөгийн эдийн засаг зах зээлийн хүндрэлийг даван туулахад иргэд чинь замдаа бүдрэх нь ээ. Туйлдаж гүйцэх нь. Үүнийг шийдэх арга ухаан, авьяас чадвар, мэдлэг боловсрол дутсан бол учраа ойлгуулж иргэдээсээ уучлалт гуйн хамтдаа даван туулах уриалга гаргаж сэтгэлийн тэнхээ хайрлавал яасан юм бэ? Бусдаар хаягаа авч хариуцлагаас бултаж өрөөнөөсөө зугтаж яахан вэ ард түмэн чинь арай ороод алчихгүй дээ. Жил гаруйхан хугацааны дараа та бүхнийг тэр хүнд хэцүү үүргээс чинь иргэд аяндаа чөлөөлөөд өгөх байх аа. Энэ хүнд хэцүү цаг үед ачааны хүндийг үүрүүлсэн бол иргэд биднийгээ уучилж болгооно уу!
Монгол улсын иргэн Г.БУЯНБААТАР