Ерөнхийлөгч Х.Баттулга “гучин гэр бүл”-ийн “200 толгой”-г “цааз”-аар авбаас нийгэмд “шударга ёс” тогтож монголчууд “тойрон” бүжинэ хэмээн бошиг үзүүлсэн. А.Баатархуяг, Г.Уянга хоёр энэ аугаа үйл хэргийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлэх ёстой гэдгийг “гэр бүл” дотроо хэлэлцээд шийдчихсэн бололтой. Өнөөгийн алдаа завхрал, баян хоосны ялгаа, нам дамжсан бизнес бүлэглэл зэрэг адгийн муу бүхний сурвалж нь “Улаан тарианы хүүхдүүд” буюу үхэж гэмээн сая ардчиллын “бордоо” болох учиртай Баабарын үеийнхэн гэнэм. Бид бүгдээрээ биш юмаа гэхэд хүй олонх үүнд итгэж суугаа.

Хуучин хөрс-Шинэ үр

Оролцогчдоос нь бусад хүмүүс эдүгээ мартах шахсан Ардчилсан хувьсгал Монголын хөрс шороонд хамаг амьтны хүслийг хангагч галбарваасан модны үр суулгав. Шинэ үндсэн хууль баталж улс төрийн тогтолцоогоо өөрчилсөн. Хагас жилийн дотор жимс нь боловсорч парламентийн засаглалтай болоод авлаа. Удалгүй өмч хувьчлал зарлаж иргэн бүртээ боломж олгов. Будилж, будилуулж явсаар арваад жилийг үдэхэд иргэдийн амжиргаа “ер нь боломжийн” болоод ирсэн. Авчиг галбарваасан модны жимс иргэн бүрт хүртээлгүй хэвээр. “Улаан тарианы” зарим онолч сүүлдээ “Ардчилал нь монгол хүний бие организмд зохихгүй генийн өөрчлөлттэй хүнс” гэдэг товч тодорхой дүгнэлт хийхдээ тулжээ. Чухамдаа бол коммунист хөрсөнд суулгасан “ардчилал”-аас МАНАН л суунагласан юм. Ерэн онд нэг намын дангаар ноёрхсон номинклатурыг зайлуулсан боловч өнөөдөр нам дамнасан бодит төрхтэй, дээрмийн нэн шинэ номинклатур давхарга хүзүүн дээр мордчихлоо. Ерөөс хоёр мянгаад оноос Монголд улстөрийн романтизм мөхсөн. Дарга төвтэй коммунист нийгмийн хөрсөнд суулгасан “ардчилал”-ын соёо эцэстээ хог ургамлын хэмжээнд хүртлээ дордсон түүх ийм. Энэ үйл явдлын “бүрэн зураглал”-ыг “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” номоос харлаа. Монголтой хамт “социалист лагерь”-т багтаж явсан Чехийн судлаач Михал Климагийн эл бүтээлд дурдагдах нам, улстөрийн хүчний нэрийг МАН, АН, МАХН болгоод сольчиход л манайд юу болоод байгааг төвөггүй ойлгохоор.

Шинэ мөрөөдөл-Хуучин төлөөлөл

Нам дамнасан, цөөн гэр бүлээс бүрдсэн номинклатур давхарга нийгмийн хамаг баялгийг ховх сорж байгааг сохор нь ч сонсохоор. Чухам үүний эсрэг “эрслэн боссон” Х.Баттулгад Монголын иргэд ерөнхийлөгчийн эрх мэдэл атгууллаа. Монголд улстөрийн романтизм мөхснийг зарлан УИХ-д хүч түрэн орж ирсэн олон бизнесмэний нэг Х.Баттулга бусдаасаа ялгаатай юу? Өмч хувьчлалаар “Баянгол зочид буудал”, “Махимпекс”, “Талх чихэр”-тэй болсон. “Милл хаус” гурилын үйлдвэр байгуулчихсан бизнесмэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болоход импортын буудайн тээврийн хөлсийг хөнгөлсөн. Хожим Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар суухад нь буудайнд төрөөс татаас өгч эхэлсэн байдаг. Энэ бол “Бидний мэдэхгүй Жэнко Баттулга”. Ерөөс дарга төвтэй социализмаас ардчилалд шилжсэн улс орнууд “клиентелизм” гэгчид бүрнээ живжээ. Энэ үзэгдлийг “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” ном яруу сайхан харуулсан байна. Харин ерөнхийлөгч Х.Баттулгын “Махимпекс” компанид экспорт нэмэгдүүлэх нэрээр хэдэн тэрбумаар төр хөрөнгө оруулсан нь монгол клиентелизмийн шинэхэн жишээ байх. Улс төр, эдийн засгийн хувьд дээгүүр зиндааны этгээд доогуур зиндааны нөхөддөө өөрийн нэр нөлөөг ашиглан боломж бололцоо олгосны хариуд тусыг нь хүртэгч нар ивээн тэтгэгчдээ үйлчлэхийг л клиентелизм гээд байгаа аж. Өдгөө Монголд харилцан ашигтай л бол улс төрийн хүчнүүд, улс төрчид, тэр бүү хэл иргэний нийгмийн төлөөлөл, тэмцэгч нар нь ч хэнтэй л бол хэнтэй тохиролцчихно. Манай төрийн гурван институци улстөрчдийн хулгайлсан мөнгийг нуудаг оффшор, төрийн ордон нь тонуулчин дэрэмчдийг хамгаалдаг цайз төдийхөн болж. АН-ын дотоод сунгаа гэгч нь С.Эрдэнийн зохион байгуулсан 10, 20 мянган төгрөгийн сүлжээний үр дүн. Ерөнхийлөгчийн сонгууль гээч маань гар хараад сурчихсан циркийн амьтан шиг сонгогчдын шийдвэр гэдгийг эл номоос илүү дэлгэрэнгүй уншина биз ээ. Зарим нэг Чехийн онцлогтой нэр томъёог “Нутгийн зөвлөл”, “...-ын холбоо”, “Цүнх баригч”, “Том ах”, “Өөд нь татах”, “Тохиролцох” гэхчилэн ойлговоос зохино. Харин “гажуудсан ардчилал” бус “тохиролцооны ардчилал” гэсэн бол мань мэтийн амьтанд илүү ойр санагдсан. Бид цаашдаа клиентелизмтэй хэдэн төгрөгөөр “тохиролцоод” л амжиргаагаа залгуулаад байна гэж төсөөлвөл ёстой хохь нь гэж бодогдсон.