Сүүлийн өдрүүдэд “Цагаан сонголт”-ын тухай идэвхтэй ярьж эхэллээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 68.12-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно” хэмээн заажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 68.12-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно” хэмээн заажээ. Намууд сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх үйл явц хаалттай, олон нийтийн санал бодолд нийцэхгүй байгаа энэ үед хамгийн зөв сонголт бол “Protest vote” буюу эсэргүүцсэн санал Цагаан сонголт. Энэ бол улстөрийн хамгийн эрүүл акц гэцгээдэг. Гэвч “Цагаан сонгогч” байх эрх дэндүү үнэтэй юм. 

Угтаа “Сонгох эрхээ эдэлж цагаан сонголт хийе” нь өөдрөгөөр бодвол “таалагдсан” төрөө эрэлхийлсэн эрмэлзэл, бодитойгоор харвал сонгогчдын зүгээс улс төрийн намуудыг “голсондоо” аргаа барахдаа хайж буй хувилбар юм.   Тиймээс энэ удаагийн сонгуульд ийм уриалгууд “амь орлоо”. Уг нь сонгох, эс сонгох эрх бол сонгогчийнх. “Цагаан” ч бай, “хар” ч бай хамаагүй  Үндсэн хуулиар олгогдсонсонгогчийн эрх. Гэхдээ хэн, яагаад, ямар зорилгоор таныг “цагаан” саналд уриалаад байгаагийн цаана улс төрийн болон санхүүгийн ашиг хонжоо байдгийг санахад илүүдэхгүй. 

Цагаан сонгуульд уриалагчид болохоор “Цагаан сонголт хийлгэхгүйн тулд төсвийн хөрөнгийг урсгана гэж айлгадаг” гэж тайлбарладаг ч цагаан сонгуулийг уриалахын цаана гаднын санхүүжилт байх нь цөөнгүй. Энэ удаагийн Ерөнхий­лөгчийн сонгуульд “цагаан санал” хэр оновчтой вэ? 2020 оны 12 дугаар сарын 24-нд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд “...Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх”, 72.1-д “...Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Тэгэхээр өмнөх сонгуулиудын адил санал хуваах гэгч гол зорилгоо хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Магадгүй энэ өөрчлөлтөөр “цагаан сонголт” сонгогчийн сонгох эрхийн “дайсан” болчихсон мэт. Эдийн засгийн талаасаа...

Бултах аргагүй төсвийн 20 гаруй тэрбум төгрөг “салхинд хийснэ”. Үүнийг сонгуулийн маргаашаас л бид анзаарч эхэлнэ. Хэдийгээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсээр, өрх бүрийн орлогоос “хумсалсаар” байгаа ч нэрэлхээд, эсвэл сонгуулийн дуулианд дарагдаад дуулиан багатай байна. Өөрөөр хэлбэл, инфляцид чимээгүйхэн идэгдсээр байгаагаа бид өөрсдөөсөө л нуугаад байгаа хэрэг. Гэтэл ирэх 7 дугаар сарын 1-нээс эхлээд Засгийн газрын хөнгөлж төлж өгөөд байсан цахилгаан, дулааны төлбөр зэрэг халамжууд улс төрийн салхитайгаа хамт хийсэн одно. Энэ бол бидний гарцаагүй нүүр тулах асуудал мөн. Ахмадын, жирэмсэн болон нялхсаа асардаг ээжүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадах эсэх асуудал ч тулгарна. 

Ийм нөхцөлтэй учрах нь хоног тоолох бэрхшээл болчихоод байхад Ерөнхийлөгчийг сонгохын тулд төсвөөс дахин мөнгө зарцуулахын цаадах улс орны, бүх ард түмний нийтлэг эрх ашиг нь юу байх вэ гэдгийг бодууштай. Тиймээс ямар ч тохиолдолд зардал гарган байж хийж байгаа сонгууль тул хүчинтэй сонгууль болгохын төлөө СЕХ ажиллах байх. Сонгогчид ч улс төрийн эрхээ эдлэхийн зэрэгцээ хэн нэгэнд, эсвэл хэсэг бүлэг хүмүүст улс төрийн ашиг хонжоо, далд санхүүгийн хожил өгөхгүй тулд идэвхтэй, ухаалаг сонголт хийх нь зүйтэй байх. Улс төрийн намуудад муу дүн тавихын тулд цагаан сонголт хийж төсвөөрөө хохирох нь ковидын дараах эдийн засгийн хүндрэл айсуй энэ өдрүүдэд идэх гэж байсан талхаа өшиглөхтэй адил юм.