-МҮОХ-ны бүх гишүүдийн хурал саяхан болж өнгөрлөө. Хурлын эхэнд шүүмжлэх асуудал тавьснаас болж “хурал үймүүлсэн” гэгдэж хөөгдөх шахсан хүн бол та байлаа. Ямар асуудал тавьсан, яагаад тэр асуултад чинь дургүйцэв. Тодорхой хэмжээнд хаалттай болсон учраас “хөшигний цаана” юу болсон талаар бидэнтэй хуваалцана уу?

-Энэ удаагийн хурал бол чуулган биш байсан. Гэвч хурлын анхны шийдвэр, тогтоолууд чуулган хэлбэрээр орж ирж хүмүүсийн сэтгэлзүйг шууд өөрчлөх, дээр нь бухимдалтай хүн олон байсан боловч түүнийгээ ил гаргаж чадахгүй ийм уур амьсгалд болж өнгөрлөө. Миний асуулт бол ОУОХ-ны Харти-д захирагдах тухай байсан. Мөн хурлаас хоёрхон хоногийн өмнө хэлэлцэх асуудлын жагсаалтад дүрмийн шинэчлэлийн тухай хэлэлцэнэ гээд үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрөө оруулсан байтал хурал эхлэхээс хэдхэн цагийн өмнө “дүрмийн шинэчлэл” гэдэг асуудлыг хэлэлцэх асуудлаасаа авч хаясан. Энэ нь МҮОХ ямар чадавхитай ажиллаж байна, Гүйцэтгэх зөвлөл асуудлыг яаж шийдэж байгаа, шийдвэрээсээ хэрхэн хурдан буцаж байна гэх зэрэг олон алдаа дутагдлын зах зухаас харууллаа. 

Юуны өмнө МҮОХ-ны бүх гишүүд, шинэ, хуучин удирдлагууд, үе үеийн спортын зүтгэлтнүүдээс ОУОХ-ны Хартид аль болохоор нийцсэн, үлгэр жишээ болохуйц МҮОХ-ны дүрэмтэй, дүрмийнхээ дагуу ажилладаг байх боломжийг нээж өгөөсэй гэж хүссэн юм. Монголын Биатлоны холбоо, Монголын Ширээний теннисний холбоо, Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын Гандболын холбооны удирдлагуудаас ОУОХ-нд явуулсан МҮОХ-ны дүрмийн шинэчлэлтэй холбоотой саналууд, МҮОХ-ны удирдлагуудын хууль бус асуудлууд, тэдний гаргасан шийдвэрүүд, 2017 оны МҮОХ-ны чуулганы шийдвэртэй холбоотой олон асуудлыг тавьсан.Цаашид бидний хөндсөн асуудлын ач холбогдлыг МҮОХ-ны үйл ажиллагаа, спорт холбоодтой хамтран ажиллах уялдааг сайжруулахын тулд ОУОХ-нд илгээсэн. 

-ОУОХ, МҮОХ-ноос ямар хариу авсан бэ?

-ОУОХ, ОУОХ-ны ҮОХ-дын харилцааны хэлтсийн Байгуулагын харилцаа ба засаглал хариуцсан дарга J.Poivey гэдэг хүн бидэнд болон МҮОХ-нд хангалттай мэдээллийг явуулсан. МҮОХ бидний явуулсан бичгийн хариуг 24 цагийн дотор биш юм аа гэхэд долоо хоногийн дотор өгөх болов уу гэтэл одоо болтол огт хариу өгөөгүй. Тиймээс бид ОУОХдахь эх сурвалжаас өөрсдөө хариуг нь олж авч, орчуулж, үүнийхээ дагуу МҮОХ-ны дүрмийн хууль бус заалтуудтай холбоотой саналуудыг боловсруулж оруулсан. Гэвч хэсэг бүлэг хүмүүс одоогийн МҮОХ-ны үйл ажиллагааг өмөөрч хашгичиж зандарч бүдүүлэг авирлах зэргээр хууль бус үйлдлүүд явагдаж өнгөрлөө. Мэдээж энэ бол хэн нэгэн хувь хүний, аль нэг холбооны эрх ашгийн төлөө биш Монголын спортын хөгжүүлэх, цаашилбал спортын хөгжил нь тодорхой хэмжээний төлөвлөгөө, стратегитай байх ёстой гэсэн эрхэм зорилготой байсан. Гэвч МҮОХ-ны саяын хурлаар бидний саналыг, тодруулбал, дүрэмтэй холбоотой, өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой асуудлыг эрс эсэргүүцээд хүлээж авсангүй. 

-МҮОХ-ны дүрэмтэй холбоотой өөрчлөлтийг оруулахгүй байх ямар шалтгаан тэдэнд байсан юм бол?

-Дүрмэнд өөрчлөлт оруулахгүй байх шалтгаан байсан. Анхнаасаа бидний тавьсан гол шаардлага бол МҮОХ-ны 2016 оны дүрэм, энэхүү дүрмийн 14.3.1-д заасан “чуулганаас чуулганы хооронд баталгаажиж байгаа МҮОХ-ны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хөндөж тавьсан явдал юм. Дээр нь МҮОХ-ны 5.1-д заасан байгуулалттай холбоотой заалтуудыг нэгтгэсэн тэр шийдвэр нь ОУОХ-ны Хартийн 1, 2, 3 дугаар заалтууд дээр байгаатай мөн зөрчилдөж байгаа учраас эдгээр заалтыг өөрчлөөч. Заримыг засаач, сайжруулж шинэчлээч ээ. МҮОХ-ны хурал нь тэр заавраар явсан бол Харти-г зөрчиж уг хурал хүчин төгөлдөр бус болох гэж байна гэсэн ийм шийдвэрүүд гарсан. Тиймээс МҮОХ тухайн үед буюу 2017 оны хавар хийсэн хурлыг хүчин төгөлдөр байлгах үүднээс, өөрсдийн одоогийн сандал ширээндээ хэвээр байхын тулд, эрх ашиг нь хөндөгдөх учраас дүрэмд өөрчлөлт оруулахыг хүсэхгүй буюу эргэлзээд байгаа юм болов уу гэж ойлгож байна. 

-Дүрмийн өөрчлөлтөөс гадна ОУОХ-ны Хартиг огт зөрчөөгүй гэж МҮОХ мэдэгдээд байгаа шүү дээ. Гэтэл ОУОХ Харти-г зөрчсөн байна, үүнийгээ дотроо шийд гээд байна. Харти зөрчсөн, зөрчөөгүйг хэн шийдэх болж байна вэ?

-Хэн зөрчсөн гэж үзэх, зөрчөөгүй гэж мэлзэхээс илүү цаашид ОУОХ-ны Харти-д заасны дагуу яваач ээ гэсэн зөвлөгөө, чиглэл өгсөн. Ингэхдээ заримыг нь хас, заримыг нь сайжруул, МҮОХ-нд алдаа дутагдалтай дүрмийн заалт байна үүнийгээ өөрчилж шинэчил л гэсэн зөвлөмж ирсэн. Гэтэл өгөөд байгаа зөвлөмжийг дагаж биелүүлэхгүй байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хаацайлж “МҮОХ нь ОУОХ-ны Хартийг зөрчөөгүй” гэсэн худал мэдээллийг мэдээллийн сайтуудаар тараасан. Уг нь бид олимпизм, спортын салбар, МҮОХ-ны нэр хүндийг унагаахгүйгээр асуудлаа шийдэхийг эрмэлзэж өнөөдрийг хүрсэн. Гэвч бид ОУОХ-ноос ирсэн хоёр удаагийн албан бичгийг орчуулгатай нь танай сайтад нийтлэхийг хүсч байна. 

-ОУОХ-ноос ирүүлсэн энэхүү хариу бичиг уг нь МҮОХ-оор дамжиж та бүхэнд ирэх ёстой байх аа. Гэтэл та бүхэн МҮОХ-ноос хариу бичиг гар дээрээ аваагүй гэсэн. Тэгэхээр хариу бичгээ яаж “олж авсан” юм бэ?

-Энд бас асуудал бий. Явуулсан хүмүүст нь цахим шуудангаар илгээх, ямар нэг байдлаар дуудаж уулзах, албан ёсоор мэдэгдэх, санал солилцох процесс нэг ч явагдаагүй. Уг нь бид МҮОХ-ны бүрэн эрхт гишүүн шүү дээ. Өөрсдийнх нь батламжилсан гишүүд, гадны хүн биш. Гурав дөрвөн холбоо биш дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэгт оролцсон 20 гаруй спортын холбооны удирдлагууд санал нэгдсэн. Бид 2020 оны олимпын өмнөх нэг жилийн хугацаанд ямар ажил хийж, үнэлэлт дүгнэлт өгч, хурлынхаа давтамжийг ойртуулаад ч атугай үр дүнд хүргэх вэ гэх зэрэг асуудлыг онцолж ярих шаардлагатай байхад “хуралд төдөн тамирчин оролцуулна” гэх мэтээр өөрсдийгөө дөвийлгөж, вакумжуулж улам ардчилалгүй, хаалттай болоод байна. Жишээ нь 2018 онд Жакартад болсон Азийн зуны спортын наадмын үеэр Гавьяат тамирчин Ц.Орхоны маань нэр хүндийг сэвтээсэн допингийн асуудлыг МҮОХ, түүний дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв, Допингийн зөвлөл, холбогдох салбар холбоод урьдчилаад судалж, тамирчнаа хамгаалж ажиллах ёстой байсан. Харамсалтай нь 2020 оны олимпын аваргын алтан медалийг допинг гэдэг хар толбоор нэр хүндээ тив, дэлхийд унагаасан. Энэ өдрүүдэд ч гэсэн допингтой холбоотой таагүй мэдээллүүд, хууль бус асуудал дуулиан тариад байна. МҮОХ, түүний дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв, Допингийн зөвлөл, WADA-тай харилцаж байгаа бусад байгууллагын үйл ажиллагаа ямар байгааг энэ үйл явдал харуулж байгаа юм. Бид энэ талаар олон удаа, маш сайн уулзалт зөвлөгөөн, сургалт семинар, хариуцлагын тогтолцоо, мэдээлэлжүүлэх үйл ажиллагааг явуулахгүй бол улс орны нэр хүнд, хувь хүний амьдрал, тухайн спортын салбарын нэр хүнд, тамирчны амжилт, хүч, хөдөлмөр гээд олон зүйлээр хохирч, хойшоо ухарч байна. Эндээс МҮОХ-ны ажлын үзүүлэлтийн нэгээхэн хэсгийг харж болно.

-Олимпийн наадам хүртэлх нэг жилийн хугацаанд маш олон ажлыг амжуулах шаардлагатай харагдаж байна. Энэ ажлаа амжуулахын тулд МҮОХ-ны бүрэлдэхүүний асуудал хөндөгдөөд байх юм. Та өөрөө МҮОХ-ны гишүүн. Гэтэл МҮОХ-ны гишүүний тоо болон дүрмийн байх эсэх нь юугаараа тийм чухал юм бэ гэж зарим хүн гайхаж болох юм. Гэтэл аймгуудаас ирсэн олимпын сурталчилгааны самбар хариуцсан хүмүүсээс илүү эрдэмтэн судлаачид, тамирчид, дасгалжуулагчид, тэднийг бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөлөл МҮОХ-нд чухал учраас бүрэлдэхүүнийг солих гээд байгаа юм гэх тайлбарыг олон хүнээс сонслоо. Таны бодлоор бүрэлдэхүүний тоог өөрчлөх зайлшгүй шалтгаан нь юунд байна?

-ОУОХ 116 гишүүнтэй. Тухайн улсаас олимпийн зүтгэлтнүүдээс гишүүнчлэлээ тогтоодог хувь хүний гишүүнчлэлтэй юм. МҮОХ одоогоор 169 гишүүнтэй. Тэднээс 30 орчим нь Олимпийн зөвлөл гэдэг нэрээр нөлөөлөх хэмжээний санал өгөх эрхтэй. Тэгсэн хэрнээ байнгын бодит мэдээллээр бүрэн хангагдаж чаддаггүй. Спортын салбарын зөвлөл нэртэйгээр хэсэг бүлэг хүмүүс орж ирээд зөвхөн удирдлагуудыг дахин сонгохын төлөө, тэднийг улайран хамгаалах зорилгоор ямар ч хуралд санал, санаачилга гаргадаггүй, хэлэлцүүлэх асуудал оруулж ирдэггүй, үнэлэлт дүгнэлт өгдөггүй зөвхөн гар өргөх, алга таших гэж “үзэж сууж” байгаад гардаг. Угтаа Монголын спортын хөгжлийн төлөө, цаашид стратеги бодлоготой, зорилттой байхын тулд алдааг шударгаар хэлэлцдэг, бодитой санал санаачилга гаргахын тулд гишүүн нэр зүүхээс илүү идэвхтэй байх шаардлагатай байна гэдгийг тэр хүмүүс өөрсдөө ч ойлгох хэрэгтэй. Энэ бол миний л бодол. Гэхдээ олон хүн ийм бодолтой явдгийг баттай мэднэ. Олимпын төрлийн спортын холбооны удирдлагууд, нарийн бичгийн дарга нар байнга шахам солигддог. Шинэ хүмүүс нь хурлын талаар ямар ч ойлголтгүй, мэдээлэлгүй орж ирдэг. Сонирхож орж ирээд гараад явчихдаг. Тэд олимпыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах уу. Хурлынхаа мөн чанарыг мэдэх үү. Энэ нь мөн л Хартитай зөрчилддөг. МҮОХ-ны дүрэмд “Дөрвөн жилд нэг удаа чуулган хуралдана. Чуулганаар эдгээр хүмүүсийг өөрчилнө” гэж заасан. Энэ нь өөрөө процессийн алдаа болж байгаа юм. 

-Яагаад?

-Өнөөдөр би МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөд маргааш сонгогдож буй дараагийн ерөнхийлөгч нь МҮОХ-ны гишүүн болох боломжгүй болчихдог. Ямар ч мэдээлэл байхгүй. Нээлттэйгээр бидөрвөн жил ажиллана, гэхдээ холбооныхоо ерөнхийлөгчийн ажлыг өгчихсөн юм чинь санал өгөх боломжгүй, мэдээлэл олж авах, нэгтгэх боломжгүй болно. Энэ удирдлагын тогтолцлоо, шинээр гишүүн элсүүлж байгаа байдал маш буруу. МҮОХ-ны 2016 оны дүрмээр сая орж ирсэн 30-аад гишүүн бол хууль бус, Олимпийн хартийг, МҮОХ-ны баталсан дүрмийг зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус, МҮОХ өөрөө ажлаа буруу хийж байгаагийн л илрэл. Хамгийн гол нь тэд дүрэм зөрчиж орж ирж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа юм.

-Ер нь тамирчид, дасгалжуулагчид, эрдэмтэд, спорт холбоод спортын хөгжлийн төлөө, олимпт амжилттай оролцохын төлөө ажиллаж буй нь ойлгомжтой. Гэтэл яагаад МҮОХ-ны гишүүн болох гэдэг юм бэ. Хартид “олимпизмыг арилжааны болон улс төрийн зорилгоор ашиглахыг” хориглосон байтал яагаад улстөрчид, томоохон бизнесмэнүүд МҮОХ-ны гишүүн болоход тэмүүлэх болов. Хөгжүүлэх гээд зорьдог бол хөгжсөний илрэл нь хаана байна?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Үнэхээр тэгж харагдаж байгаа. 

-МҮОХ-ныхоо тухай ярихаар олимпизм, спорт хөгжөөд байна гэсэн үг биш боловч сууриа зөв тавихын тулд ярихаас аргагүй болдог. Тэгвэл том зурагаар нь харвал спортын хөгжлийн хурд, ирээдүйн ололт амжилтын тухайд та ямар төсөөлөлтэй явдаг вэ. Яавал амжилт өндөр, тамирчид амьдралын баталгаатай, холбоо нь цогц төлөвшсөн, тэр ч байтугай тухайн спорт холбооноос, тамирчдаас долларын саятан төрдөг, өндөр үнэ хаялцуулсан багтай, тамирчидтай болох вэ?

-Мэдээж МҮОХ нь ОУОХ-ны дүрэмд байдаг бизнес бүлэглэлүүдээс , улс төрийн бүлэглэлээс, мөнгө угаахаас ангид байж бөмбөрцгийн бараг хамгийн том байгууллагын хувьд нэр цэвэр хүмүүсээр удирдлагын багаа бүрдүүлэх ёстой. Гаднаас нь харахад спортын салбар хөгжиж байгаа мэт боловч дотор нь ороод харахад хөгжлөөс ухарч байна. Ганц хоёр холбоог эс тооцвол МҮОХ-тойгоо уялдаатай ажиллаж чадахгүй байна.Өнгөрсөн хоёр жилд л гэхэд манай холбоо дээд зэрэглэлийн нээлттэй тэмцээнийг 14 удаа, Европ, Азиас тамирчид урьж зохион байгууллаа. МҮОХ-ноос нэг ч удаа хамтын ажиллагааны санал ирж байсангүй. Уриад ч ирдэггүй, нээлтэд ч оролцдоггүй. Энэ жил бид Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авах гэж байна. МҮОХ ямар ч сана тавихгүй, мэдээлэл байхгүй, бичиг өгөөд байхад хариу ч байдаггүй. Ажлын уялдаа холбоо ийм л байна. Нэгэнт хөгжлийн асуудал ярих гэж байгаа болохоор дэлхийн хэмжээнд хүрсэн спортын “топ” төрлүүдээс дэлхийн хэмжээний лидерүүд төрөн гарах ёстой. Гэтэл тийм хүмүүс харагдахгүй байна.Харин та бүхний сайн мэдэх Асашёорюү Д.Дагвадорж маань өөр улсын спортын төрлөөс дэлхийн хэмжээний лидер болсон. Бид дотроосоо ийм лидерүүдийг төрүүлэх ёстой. Энэ бол МҮОХ-ны бодлогод байх ёстой зүйл. Спортынхон юуны өмнө тухайн төрөлдөө амжилт гаргаж, улс орныхоо нэрийг цуурайтуулах, хоёрдугаарт, амжилтаа ахиулахын хэрээр сайхан амьдрах, санхүүгийн боломжийг бий болгохын төлөө зүтгэдэг. Социализмын үеийг бодвол боломжууд нээлттэй. Нийгэмд улам нэр хүндтэй, төр ч боломжийн хэрээр дэмждэг, урамшуулдаг болсон. Тамирчид өөрсдөө “топ бизнесмэн” болох боломж нээлттэй. Энэ боломжийг МҮОХ уялдуулж ажиллах бодлоготой байх ёстой. 

-Спортын салбар улс төр, нийгмийн нөлөөлөлд тун автамтгай. Энэ нь хүн ам цөөнтэйгээс ч шалтгаалдаг байж болох юм. Тиймээс нийгэмд авлигатай, ардчилалгүй болмогц спортын салбарт халдварлаад байгаа байдал ажиглагдаж байна. Өнөөдөр л гэхэд МҮОХ-г үйл ажиллагаагаа ил тод явуулж чадахгүй, сонгууль нь ардчиллаар дутмаг, санхүүгийн зөрчлөө нууцалдаг, ёс зүйгүй хүмүүс нь удирдах албан тушаалаас салахгүй зууралдаад байгаа нь ажиглагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Дотоод ардчилалгүй, тодорхой тооны хүмүүсийг эрх ашиг гэхэд ахаддаг юм аа гэхэд албан тушаалд нь авч үлдэхийн тулд ажлын үр дүн хангалтгүй, ёс зүйн алдаа, хууль зөрчсөн нь тогтоогдсоор байтал авч үлддэг, болохгүй байгаа асуудлаа нийтээр хэлэлцүүлдэггүй гэдэгтэй санал нэг байна. Сайн менежментэй, амжилттай ажиллаж байгаа спорт холбоод цөөн боловч байгаа. Үүнийг нь төр болон МҮОХ дэмжээд өгвөл боломж байна. БСШУСЯ-нд Спортыг дэмжих сан гэж хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан байдаг. Энэ сангийн хөрөнгөөр спортын салбартаа ноу-хау бүтээх, санг улам арвижуулах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, эрдэм шинжилгээний бүтээл, техник тоног төхөөрөмж зэрэг дөрвөн төрлөөр бодлогын түвшинд мэргэжлийн хүмүүст нь төслөө өгөөд байхад огт шийдэгддэггүй. Ямар хүмүүс хаагуур тэр сангаас дэмжлэг аваад байгаа нь тодорхойгүй. “Дуусчихсан” л гэдэг хариу өгдөг. Яг “ЖДҮХС” зэрэг бусад сангийнх шиг. Энэ сангийн мөнгийг арвижуулж, уралдаан тэмцээн зохион байгуулж, эргэн төлөгдөх нөхцөл, буцалтгүй тусламж зэрэг боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ сангийн санаа нь зөв, хэрэгжих байдал нь муу байна. Ерөөсөө төсөл нь шаардлага хангасан л бол хэдэн төслийн дараа санхүүжигдэх, санхүүжиж эхэлсэн төслүүдийн үр дүн, үйл ажиллагааны явц ямар байгааг “Шилэн” байдлаар хянаж байх боломжтой байх шаардлагатай. Тэгж байж энэ төсөл зөв явна. БТСГ-ын үйл ажиллагаа, спортын бусад байгууллагатай хамтран ажиллах уялдаа холбоо, хурал зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулахад хамгийн зөв, идэвхтэй ажиллаж байна. МҮОХ-той уялдаж ажиллаж буй “топ” гэгддэг спортын холбоод шууд дэмжлэгтэй ажилладаг байх. Бусад спортын холбоог бол МҮОХ тоодоггүй, бараг харилцдаггүй. Тиймээс ч тухайн холбоод МҮОХ-г ер нь шүүмжилдэггүй. Дотоод ардчилалтай болж байж энэ салбар хөгжинө. 

-Ярилцсанд баярлалаа.