Удтал үргэлжилсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа, түүний эзэмшилтэй холбоотой шүүх хурал эцэслэж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх шийдвэрээ гаргалаа. Энэ шүүх хурлаар Засгийн газар, түүний тогтоолыг хэлэлцээгүй. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж дуусаагүй. ХаринУлсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2017 оны 12 дугаар сарын 7-ны хурлаарааТӨБЗГ-аас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан 01,02 тоот тогтоолуудыг хүчинтэй юу гэдгийг л тогтоолоо. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгожээ. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хууль бус болсон учраас тогтоолууд нь хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоочихож. 

Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх эцсийн шийдвэрээрээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг нь хийлгэх эрхийг нээж өгсөн. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “гэнэтийн зочид” очиж хувьцаа эзэмшигчдийн хурал хийж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөчилсөн уг хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолоо.

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх энэ оны 10 дугаар сарын 9-ний хуралдаанаараа анхан шатны шүүх рүү уг хэргийг буцаагаад одоогоор хэлэлцэх шатанд яваа. Засгийн газрын тогтоол зөв, бурууг тэнд тогтооно. Ямартай ч хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бус, хууль бус хурлаас гарсан тогтоолууд хууль бус учраас “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоов. “Төр дээрэм хийжээ” гэдгийг соёлтойгоор ингэж нотоллоо. Дээрмийг шүүх зогсоох нь гэж ойлгож болохоор байна. Одоо “хуучин” ТУЗ буцаж ирэх нь. 

Төрийн мэдлийн 51 хувиа ч хаа явааг тоохоо больж “49 хувийнхан”-ыг сэрдээд байсан, төрийн мэдэлд 100 хувь ирэнгүүт нь бүр хянаж чадахаа больсон. Харин одоо шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь байнга хардагддаг “шахаачдад” бус, ОХУ дахь экс эздэд нь ч бус хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эзэмшлийнх боллоо. Эндээс олон нийт хэр хэмнэлт гаргах бол, татварын орлого нь хэрхэн өсч, дарга захирлынхаа тоог цөөлж болохыг анхааралтай ажиглаж хянах болно. 

Шүүхийн шийдвэр хэний ч өмнө тэгш үйлчлэх учиртай. Тэр тусмаа энэ талаар онцгой ач холбогдолтой УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Дээд шүүхийн энэхүү шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авна гэж найдаж байна. Түүний сүүлчийн цамц урагдана уу, яана вэ хамаагүй. Одоо Ц.Нямдорж сайд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан шигээ шүүхийн шийдвэрт хандах эсэхийг нь хармаар байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг өмнөх Засгийн газарт Зам, тээврийн сайдаар, ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцдаа улсад учруулсан хохирол, завшсан байж болзошгүй мөнгөн хөрөнгийг төлж дууссаны дараа Ц.Нямдорж сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж уучлал гуйх юм гэнэ лээ. Хэрэв иргэн миний бие Ц.Нямдорж сайдыг шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад сэрдээд гэм буруутай минь тогтоогдвол “БиЦ.Нямдорж сайдыг Эрдэнэтэд бараа шахсан гэх хүүдээ албан тушаалаараа нөлөөлсөн л гэж бодоод байна. Тэр хохирлыг барагдуулбал би уучлал гуйна” гээд “тэнсчихвэл” шүүх шийдвэрээ биелүүлэхгүйгээр налайгаад жил гаруй хүлээнэ гэж үү. Би лав итгэхгүй. Ийм барьцаатайгаар Шүүхийн шийдвэрт хандах нь насаараа “хууль идэж өссөн” гэгддэг тэр эрхэм хүнийг ямар таагүй харагдуулсан гээч. 

Тэгвэл одоо Улсын Дээд шүүхээс төрийн төлөөлөл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д очиж хувьцаа эзэмшигчдийн хурал хийлгэж, хурлаасаа хоёр тогтоол гаргасныг нь хүчингүйд тооцчихлоо. Уг тогтоолын дагуу “гэнэт хөөгдсөн” “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төлөөллийг хувьцаа эзэмшигчдээ дахин хуралдуул гэлээ. ОдооХууль зүйн сайд Ц.Нямдорж шүүхийн энэ шийдвэрт хэрхэн хандах бол.

Магадгүй Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Монголросцветмет” ХХК-д холбогдох хэсгийг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот болон ХЭГ/500 тоот албан бичиг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон тухай шийдвэр зэргийг буруутай нь тогтоогдвол Сайд Ц.Нямдорж шүүхийн шийдвэрийг дагах уу гэдэг сонин байна. 

Яагаад зөвхөн түүн рүү дайраад байгаа мэт ийнхүү бичив гэхээр Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрт Хууль зүйн сайд нь тоомжиргүй хандсан, өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байж “тэр хохирлоо барагдуулчихвал би уучлалыг нь гуйчихна” хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа нь зохимжгүй байсан учраас “цамцны үнэтэй” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаарх шүүхийн шийдвэрт хэрхэн хандах вэ гэдэг нь анхаарал татаад байна. Мөн энэ л “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаас болж олон түмнийг төөрөгдүүлэхүйц хачин жигтэй баримтуудыг ч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц тэр хоёр яриад байгаа. Тэд нэг зүйлийн тухай, нэг эрх ашгийн төлөө эсрэгцэн тэмцэлдэх хоорондоо ёстой л “чих алт болтол”, учир мэдэх хүмүүс жигшин бухимдтал ярих, ярихгүйг дэлгэж үүнийгээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой гэдгийг ч хэн, хэн нь хэлсэн. Харин төрийн дээд албан тушаалтныг хүртэл хамарч, нууцыг хүртэл задалж талцуулсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшилтэй холбоотой дээрх маргаан Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дараа намжих болов уу. Эсвэл дөнгөж эхэлж байгаа нь энэ үү гэдгийг хэлэхэд эрт байна. Сайд Ц.Нямдоржоос одоо хүлээх зүйл маань түүний “хөөрхий цамц” биш, “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой” гэсэн зангарагтай хариулт байгаасай. Бусдаар бол харин ч нэг хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх хүнтэй боллоо. Энэ нь огцроод онгоцондоо суугаад нисчихдэг хүмүүстэй хариуцлага ярьснаас хамаагүй илүү бодитой, үр дүнтэй байхсан гэж хүлээнэ.