Цөмийн эрчим хүчний ашиг тусыг олж мэдэхээр Францад явсан тэмдэглэлээсээ хуваалцая. Цөмийн эрчим хүчний түлш олборлож, үйлдвэрлэж, атомын цахилгаан станц руу нийлүүлдэг олон улсын тэргүүлэх компанийн төвд ч зочиллоо. Орон нутагт ураны хайгуулын нөхөн сэргээлт хийсэнтэй танилцлаа. Гадаад түнш орнуудаасаа (тэр дотор Монгол хүндтэй байр эзэлж байна лээ) олборлодог ураны хүдрийн боловсруулалт, шинжилгээ, лабораторийн явцтай танилцлаа. Эцэст нь Өмнөд Францадцөмийн эрчим хүчний түлшний үйлдвэрлэлтэй танилцлаа.

Египетийн Шарм Эль-Шейх хотноо  “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт”-дЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ:–хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна гэсэн билээ. Энд мэдээжсэргээгдэх эрчим хүчийг онцолсон. Гэхдээ миний хөндөж буй цөмийн эрчим хүч бол “Тэглэх” зорилтод хүрэх нэг, магадгүй гол хэрэгсэл 2050 онд болчихсон байгаасай гэсэн утгаар би Францад бичсэн тэмдэглэлээ үргэлжүүлье. 

Ураны бизнес дээр Францаас гадна Япон, Канад, Хятад, АНУ, мөн ОХУ гээд олон түнш буй болох магадлал байж болно. Гэтэл яагаад заавал Франц гэв гэсэн асуулт манайхан тавьдаг. Франц нь тийм алдрыг хүртэх, итгэл хүлээх түүхэн шалтгаантай улс мөн хэмээн олон улсын харилцааны түүхчийн өнцгөөс тэмдэглэсү.

1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хувьсгалын дараахан “Гуравдагч хөршийн бодлого”-ын эхлэл тавигдахад Богд хаант Монгол Улсаас Францтай дипломат ба худалдааны харилцаа тогтоох тухай захидал илгээж байснаас эхлэн ярья. ХХ зууны гадаад бодлогын түүхэнд Франц хүндтэй байр эзэлнэ. Хоёр улсын улс төрийн харилцааны дэвсгэр нь үнэн бөгөөд шударга юм. Учир нь манай улсыг НҮБ-д элсүүлэхээр бүр 1946 онд Аюулгүйн Зөвлөл хуралдаж байхад Франц манай төлөө санал өгч байв. Тэр байр сууринаасаа ухраагүйгээр НҮБ-д элсэх манай чармайлтыг Франц эргэлтгүй дэмжиж байв. Өрнөдийн капиталист ертөнцөөс Их Британи, Австри, Финланд, Швейцарь, Шведийн дараа 1965 онд Франц нь манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож, найрамдлын гараа манайх руу сунгаж, бүр ЭСЯ-аа Улаанбаатарт нээж байв. Францын зөөлөн хүчний бодлого (соёл, урлаг, уран зохиол гэх мэт) 1960-аад онд Монголд нэвтэрснийг энд бас дурдууштай.

Эдүгээ Францтай хамтран ажиллаж байгаа нь ч Монгол Улсын гадаад бодлогын ба үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үзэл санаанд яв цав тохирно. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гээд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасныг дурдахад л хангалттай. 

Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцаа барихаас гадна дэлхийн өндөр хөгжилтэй өрнөдийн улсуудтай харилцаатай байх нь Монголын хувьд амин чухал. Тэр дунд Францыг авч үзнэ. 

Франц бол Монголын хувьд гарцаагүй гуравдагч хөршийн нэг бөгөөд цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаагаараа (Франц нь 60 гаруй жилийн арвин баялаг туршлагатай) харилцан ашигтай, өгөөжтэй дипломат болон худалдааны түнш гэдгээ харуулж чадсан. Ураны салбарт Францын төрийн өмчит Орано компани түүний биет жишээ юм.

Ураны нөөцөөрөө дэлхийн топ-10 ба топ-12-ны нэгд орох манай улс уран олборлож экспортолж эхлээд удаагүй байна. Гэхдээ Төрөөсөө дэмжигдэж буй энэ экспорт цаашдаа улам өргөжнө. Энэ бол усан цахилгаан станцаас дутахгүй Засгийн газрын томхон төсөл ба төрийн өмчит “Монатом”-ын эх орондоо бүтээж буй ариун үйлс билээ. 

Ингэхэд бид түүнийг хэрхэн зөөвөрлөж гадаад руу (одоогоор Франц) илгээх вэ гэдэг энгийн бөгөөд адармаатай асуултад хариулт хайя. Манай улсад олон жил дуншиж буй төмөр замын сүлжээний өргөтгөлийн асуудал байна. Гацаах бус гэгээлэг талаасаа хөгжинө гэсэн итгэлтэй байна. Төмөр зам бол хамгийн боломжит тээвэр. Харин манай ураны олборлолт хамгийн ихдээ нэг жилд 2500 тонн бүтээгдэхүүн болно. Энэ бол их тоо биш. Тийм учраас төмөр зам боломжгүй бол ачааны машинаар тээврээ хийнэ. Бусад улсад ч ингэж ажилладаг туршлага франц түншид бий юм билээ. Ачааны машинаар хил давуулан далайн боомт хүргээд тэндээсээ далайн тээврээр эцсийн цэгтээ очдог тийм маршрут Францад мөрддөг.

Олборлосон бүтээгдэхүүнээ тусгай зориулалтын чингэлгээр зөөдөг. Тээврийн маш хатуу дүрэм, чанга стандарттай. Тийм учраас аюул осол, хордлогын тухай яриа Францад байдаггүй. Тийм яриа манайд дэгддэг, хэвлэлийн хурал зарладаг бол тэр нь “тусгай зориулалттай”, цаанаасаа захиалгатай болж таардаг. 

Франц нь ураны бизнесийн гадаад хамтрагчдаа хүндэтгэн тэдний хүсэлтийн дагуутээврийг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл хэрхэн тээвэрлэхийг Монголын тал эхэлж мэдэж шийдэх ба одоогоор Монгол ч тэр, Казахсатан ч тэр, Африкийн Нигер ч тэролборлосон уранаа хувиргах үйлдвэрлэлийн талбар руу хүргүүлдэг. Тэнд ураныг баяжуулахын өмнө боловсруулах, хувиргах процессоо гүйцэтгэдэг. Тийм үйлдвэрлэлийн талбар нь дэлхий дээр олон байдаггүй ба Франц, Хятад, Канад, АНУ-д л бий аж. Тэгэхлээр Франц руу илгээнээ л гэсэн үг.

Францын Орано Майнинг бол дэлхийн топ гурван ураны уурхай–үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг. Монголд Орано хөрөнгө оруулалтаа хийж эхлээд байна. Харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай ирэх хоёр жилд багтаж байгуулна. Ирэх 30 жил үргэлжлэх “Зөөвч-Овоо төсөл”-ийн тогтвортой ирээдүйг баталгаажуулах хэлэлцээ үр дүнгээ хүлээж байна. 

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа хоёр үе шаттай хамтын ажиллагаа явагдана. 1) Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт явагдаж, дэд бүтцийг барьж дуусгана. 2) Манай тал бүх мэргэжилтнээ сурган дадлагажуулахын тулд гурван жил ажиллана. 

Ингээд бүрэн хүчин чадлаараа 5 жилийн дараанаас ажиллаж эхлэнэ. Гэхдээ энэ бол дан ганц хөрөнгө оруулалтын гэрээний асуудал биш, төслийн иж бүрэн үнэлгээ, ТЭЗҮ, туршилтын үйлдвэрлэлийн үр дүн бүгд багтана. Таван жилийн дараа гэхэд Монгол маань ураны олборлолт ба цөмийн эрчим хүчний багахан тоглогчоор дэлхийд гарч ирнэ. 

Эдүгээ Францтай “Бадрах Энержи” гэх хамтарсан компани ажиллаж байна. Мэдээж хуулийн дагуу 34 хувь Монголын талынх. Эзэмшиж буй энэ хувиараа бид олборлосон уранаа хувь хэмжээгээрээ аваад экспорт хийж дэлхийн зах зээлд борлуулна. Бусад улсуудад ч ийм жишиг байдаг. Бид хүсвэл францчууд ураны худалдааны сүлжээ, глобал дэд бүтэц, туршлагаа сэтгэл харамгүй бидэнтэй хуваалцахад бэлэн байна.

Уран олборлолтын ийм төсөл, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл Монголд анх удаа явагдаж байна гэдгээрээ цоо шинэ түүх бүтээж байнаа гэсэн үг. Энэ нь зөвхөн уул уурхайн хөгжлийн түүх биш, эдийн засгийн цоо шинэ салбарын түүх, гадаад худалдааны түүх, бүр гадаад бодлогын (гуравдагч хөршийн бодлого, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт) түүх болж хувирна.

Социализмын үед Дорнод аймагт Мардайн ордны олборлолт гэж байсан нь Монгол-Францын “Бадрах Энержи”-гээс зарчмын хувьд арай өөр үйлдвэрлэл байсан юм. Тэр бол дангаараа СССР-ийн өмч ба өмчийг зарцуулах эрх нь хойд хөршид хамаатай байв. Мардайн ордоос БНМАУ хувь хүртэж байсан түүх үгүй. 

Тийм учраас би цоо шинэ түүх хэмээн нэрлэж байна. Францын технологийн хөгжилд дулдуйдсан маш том ажил үйлс эхлэлээ тавьж байна. Газар дор уусгах аргаар уран олборлох технологи Монголд нэвтэрлээ. Ийм технологийг уранаас гадна зэс, алтны уурхайнууд өргөнөөр ашиглаад цөөнгүй жилийг үджээ. Ийм технологи ил болон далд уурхай шиг байгаль орчинд айхтар нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл Монгол-Францын “Бадрах Энержи”-ийн олборлолтын дээд гадаргуу буюу бэлчирт мал сүрэг бэлчээд явж л байна гэсэн үг. Газар дор явагдаж буй процесс хүний нүдэнд харагдахгүй, мал сүрэгт, малчдад нөлөөлөхгүй. 

Газар доор уусган олборлох технологи ашиглаж байгаа учраас хүдэр гаргана гээд газар сэндийлэхгүй. Тоос манан босгож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Францын технологийн давуу тал нь тэр юм. Уламжлалт уурхайнуудтай харьцуулбал илүү хурдан ашиглаж болох ба өртөг багатай. 

“Хариуцлагатай уул уурхай” хэмээн манай улсад ихэд ярьдаг ба түүний төлөө тэмцдэг. Гэтэл Монгол-Францын “Бадрах Энержи”-ийн олборлолт бол яг ийм хариуцлагатай уул уурхайн жишиг юм. Франц технологи, франц туршлага ашиглан Монгол Улс ураны салбараа хөгжүүлж, ураны дэлхийн нэг багахан тоглогч болох нь л нэн чухал байна. Дэлхийн том зах зээл болох Хятад нь нүүрснээс татгалзаж байна, хойд нутгуудаараа цөмийн олон цахилгаан станц, уран баяжуулах үйлдвэрүүд барьж байна. Монгол-Хятадын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд уран толгой цохиод ороод ирэх нь мөрөөдөл биш, бодит байдал болоход ойрхон байна. 

Нүүрсний хэрэглээ унаж, ураны эрэлт өсч буй яг энэ цаг үед, тэгэх тусмаа хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг арилгаж 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байгаа үедманай улс төрчид, эрх баригчид мэдрэмжтэй ажиллаж чадвал “од шүүрээд авнаа” л гэсэн үг. Цахилгаан эрчим хүч мэдлэгт шилжиж байгаа нь тэр болно. Дагалдаад манай эдийн засагт маш том хувиралт гарна.