Төрийн түшээддээ хайр зарлая
Монголчууд бие биеэ хайрладаг болж чадвал Их хөршийн геополитик саармагжина.
Чи намайг хайрлахгүй, би чамайг хайрлахгүй. Энэ бол монгол хүний ясны араншин. Монголчууд төрөлхийн тийм авиртай болохоор монгол Төр Засаг ард түмнээ яаж хайрлах юм бэ? Бие биеэ хайрлахыг өсөхөөс эзэмшээгүй ард түмний үр сад болох монгол түшээд, монгол сайдууд Төр Засгийн оройд заларч буй биз дээ? Тэгэхээр тэд чинь монгол зоноо хайрлахыг хаанаас яаж сурах юм бэ. Үүнд гайхаж бухимдах шалтгаан алга. Бие биеэ хайрлаж түүхэндээ заншаагүй 3 сая хүн амаас хэнийг ч УИХ-д сонгосон намайг, чамайг, ард түмнээ хайрлахгүй. Монгол иргэн бүр хүн амаа хайрлах талаар ижилдээ ижил годилдоо годил. Ижилхэн хав хар хэрээнүүдээс аль нэг хав хар хэрээг цав цагаан хун гэж шилэх шударга бус. Тиймээс бие биеэ хайрлах чанараар хоорондоо ав адилхан нойль монголчуудаас сонголт хийх утгагүй.
Гэхдээ үүнээс гарах гарц ганцхан бий. Юу вэ гэвэл: монгол хүн бүхэн бие биеэ хайрлаж сурах! Хүн бүр бие биеэ хайрлаж заншвал хүн болгоны бодь гал хайр хоорондоо нэгдэх урвалд ороод, бүх нийтийн бие биеэ хайрласан үндэсний аугаа хайр аяндаа хүчирхэг бодлого болон хуримтлагдаж, Төр Засгийг жолоодох юм биш үү? Иргэн бүрээс ундаргатай бие биеэ дээдлэх хайр нийлж, бүх монгол үндэсний далай хайр болон бялхаж, хүн амаа мөнхөд залуурдана гэж молхи толхи ухаанд минь буугаад байна.
Үүнийг бид биелүүлж чадах уу? Өөрөөр хэлбэл бид бие биеэ хайрлаж сурах уу? Сурна! “Сурна” гэж би бардам хэлнэ. Яагаад гэвэл бид бие биеэ хайрлахад биднийг ямагт залилж байдаг гадны хөрөнгө оруулалт огт шаардлагагүй. Зүгээр лдор дороо сайхан сэтгэл зүрхнээсээ бадруулаад бие биеэ хайралчихвал гүйцээ бус уу? Сайхан сэтгэл зүрхнээсээ оргилуулахыг зөвхөн та бид өөрсдөө л шийднэ. Хэн ч бидэнд сайхан сэтгэл билэглэхгүй. Сайхан сэтгэл гэдэг харийн хөрөнгө оруулалт биш. Та бидний зүрхнээс сайхан сэтгэл ундрахыг та бид өөрсдөө л жолоодохоос өөр хэн ч жолоодохгүй. Биесээ хайрлахад нарийн техник технологи, дэлхийн стандарт огт хэрэггүй. Ах нарын сургагч, мэргэжилтэн бол ёстой илүү зан. Гуравдагч хөршийн манайд байдаггүй инженер, менежер (монголчууд бие биеэ хайрлахад) ямар хэрэг байна? Мөн гадна дотны хөрөнгө оруулалтаас гувшдаг манай Төр Засгийн том толгой түшмэд, (иргэд бие биеэ хайрлахад) хоншоор нь дутаад, хоосон хуруугаа хөхөөд сууж байг. Чи зүгээр л намайг хайрла. Би чамайг хайрлая. Би чамайг хулхидахаа больё. Чи намайг хулхидахаа боль. Чи бид хоёроос эхлээд 3 сая иргэн бие биеэ хайрлаж чадвал 3 сая эх оронч хайр бүх Монголын хэмжээгээр нэгдэж, аугаа их хүч, асар их хөрөнгөнд хөрвөж, Монгол улс аяндаа хөгжинө.
Ерөөсөө эхлээд эрхэм гишүүддээ сонгогч түмэн минь бүгдээрээ нэгэн зэрэг хайр зарлая! Бүх сонгогч нэгэн дуугаар эрхэм гишүүдээ хайралбал, бүр дор хаяад хүндэлбэл, тэд хариуд нь иргэд биднийгээ хайрлах юм биш үү? Монголчууд бие биеэ хайрладаг болж чадвал Их хөршийн геополитик саармагжина. Биесээ хайрлах шиг амархан төсөл хорвоогоос эрээд эрээд олдохгүй. Гудманд нус цэрээ нулимахгүй ариун цэвэр сахихад гадны тусламж хэрэггүйтэй адил амархан. Орцондоо бие засахгүй амьдрахад гадны хөнгөлттэй зээл шаардлагагүйтэй адил амархан. Хог новшоо хандсан газраа хаяхгүй аж төрөхөд гадны буяны байгууллага хэрэггүйтэй адил амархан. Гарын дорх чадах юмаа чадаад хүний дор орохгүй амьдрах сан. Ялангуяа гадаадынхны дор орохгүй өөдлөх сөн. Монголчууд цөөхөн тусмаа нэгдмэл нэг зорилготой, ядуу тусмаа журамлаг, дотуур тамиртай цул ард түмэн болох сон. Бүгдээрээ бие биеэ хайрладаг болчихвол УИХ-д ард түмнээ онцгой хайрладаг 76 хайлан шилэгдэн сонгогдож, тэд чамайг, намайг, түүнийг, тэднийг, өөрөөр хэлбэл бүх хүн амаа хайрлана! Энэ бичвэрийг уншиж буй Таныг би одоо хайрлая. Хариуд нь Та намайг хайрла. Ингээд л гүйцээ. Та намайг хайрлачихав уу? Би таныг хайрлачихлаа. Амархан байгаа биз дээ? Ёстой гоё. Сар шинэдээ сайхан шинэлээрэй хайрт уншигч минь.
Махвал
Zochin
Zochin
Ард
Зочин
Урвагч гахай
Зочин
zochin
Нохой
Зочин
АРД
Зочин
Монгол
Зочин
Зочин
Tugs
Ард
Зочин
Таныг хайрлаж эхэлсэн уншигч