ҮБХ-ны хурлын өмнөх Их уулзалт
 

     Заал дүүрэн хүмүүс цуглажээ. Ахмад, дунд,  залуу үеийн төлөөлөл харагдана. Сандал хүрэлцээгүй зарим нь хана налан зэрэглэн зогсжээ.  Ардчилсан намын фракцууд зөвлөлдөхөөр цугласан нь энэ. Тарж одсон олон гишүүд, тал талд фракцалсан АН-ынхан цааш хэрхэхээ ярилцаж байна. “Grand meeting” зөвлөгөөн болж байгаа нь энэ. Хөл толгойгүй, дарга ч үгүй, тамга ч үгүй явсан өдрүүдээ АН-ынхан  нэгэнт ардаа орхижээ. Энэхүү арга хэмжээний гол дүр, намын залуу лидер Ч.Өнөрбаяр тайзнаа гарч ирэн чухам яагаад, юуны тулд зочдыг урьсан талаараа хэллээ. Олон клбуын төлөөлөл ирснийг зарлав.  Фракц гэдэг бол үзэл санааны хамтрал болохоос найз нөхдөөрөө, хэсэг бүлгээрээ, ашиг сонирхлоороо нэгдэхийг хэлэхгүй. Тиймээс зүй ёсны фракц, клуб байхыг бол буруу зүйл биш гэж АН-ынхан үзэж байгаа юм байна. Ингээд зөвлөгөөн эхэллээ. Фракц бүрийн төлөөлөл гарч ирэн эхлэл цэгээс өнөөг хүртэл чухам яаж ирсэн, юу болсныг, хэрхэн нэгдсэнээ ний нуугүй ярьж байна. Алдаа, оноогоо дэнсэлье, цаашдын замаа зуръя гэж шийджээ, тэд.

  МҮДН фракцынхан бараг л бүгд иржээ. Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Мэдрээ, Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар гээд л харагдана. Тэд залуусаа хүлээн зөвшөөрсөн нь илт. Машид анхааралтай залуусаа сонсож байна. УИХ-ын экс гишүүдээс эхлээд одоо хууль батлалцаж УИХ-д суугаа гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар ч иржээ. С.Баярцогт, Д.Сосорбарам нар  ч сууж харагдана. Шаламгай М.Тулгат  тайзан дээр гарч үг хэлж зогсоно.  Нэг харахад  арын ажлыг зохицуулаад тун завгүй. Арга хэмжээний зохион байгуулалтын хувьд өөлөх юм алга. Сунжирсангүй, илтгэгчид цагаа яс барьж байна.   Энд бас нэг шинэлэг зүйл нь эртний танил дүрүүдээс гадна шинэ үеийн төлөөлөл олноор иржээ.

    Да.Ганболд гил хар үстэй байх үеийнхээ зургуудаас эхлээд өнөөгийн АН-д ахмад үедээ орчихсон суугаа МҮДН фракцын хэдийнхээ цэл залуу түүхэн зургуудыгдэлгэж байна. Ардчилал Монголд ирсэн 1990 онд Шинэ дэвшил холбоо хэрхэн байгуулагдсан, дараа нь нам болж, тэгээд ардчиллын төлөөх намууд  АН-д нэгдсэн гээд л түүх өгүүллээ. Дараа нь олон фракц, клубуудын төлөөлөл гарч ирж чухам яагаад эвлэлдэн нэгдэж, үзэл санаагаараа нийлэх болсон, хэзээ энэ фракц клубүүд үүссэн гээд ярьж байна. Од клубын залуус одтой бөгөөд хиймортой  харагдана. Зөвлөгөөн үргэлжилсээр. Уур амьсгал намдуухан. Айхтар их орилж, чарлаж, хэрүүл тэмцэл өрнүүлсэнгүй.  Гэхдээ бас яаж зүгээр байхав, баруун жигүүрээс нэг нөхөр босч ирээд “Энд МАН-ын тагнуул орж ирчихсэн байгааг мэдэж байна шүү” гэлээ. Нэг их газар авсангүй, тэгэсгээд намжив.  С.Эрдэнийг заамдаж, эрх чөлөө, ардчиллын төлөө намын удирдлагадаа дургүйцлээ илэрхийлж явсан Од клубын Д.Алтанхуяг их тохитой үг хэлж байх юм. “Од”-ынхон ардчилсан үзэл санааны үнэт зүйлсийг шинэ үеийн залуусд таниулах гэж уулзалт, лекцүүд байнга зохион байгуулж байгаа. Тэр нь ч үр дүнгээ өгч  оролцогч зочдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа клубын нэг. Мөн Ж.Баярмаа энэ өдөр сонирхолтой илтгэл тавилаа. Намын дарга Лу.Гантөмөр, Г.Батхүү агсан нарын санаачилж байсан “Нэг ардчилал”-ынхан бас л үйл ажиллагаагаа таслалгүй, урт удаан хугацаанд явж иржээ. Олуулаа клубынхэн олуулаа иржээ. MonDE өөрсдийгөө танилцуулж, УИХ-ын гишүүн Д.Ганбат, гишүүн асан Г.Баярсайхан нар багтдаг Хийморь  клубынхэн ч хүрэлцэн иржээ. Урьд хожид байгаагүй тохьтой зөвлөлдөж байна. Улс амьтныг клубтээ урьцгааж байна. Жигтэйхэн эвтэй. Нэг л дасаж өгөхгүй байлаа. Эвдэрвэл юу болохыг АН-ынхан ясандаа тултал ойлгосон нь яалт ч үгүй энэ үйл явдлаас харагдаад байлаа.

    Гишүүн Б.Пүрэвдорж, төсвийн хямралын талаар илтгэж, Р.Амаржаргал эдийн засгийн эрх чөлөөний тухай ярина. Сэтгүүлч Н.Урантогтох АН-ынхныг нэгдээд, эвлэрээд урагшаа явахыг, алдаагаа засахыг  уриалав. Ардчилсан намынхныг бараг мартсан аятай байсан хэвлэлийнхэн битүү цуглажээ. АН  нэгэнт амь оржээ. Дотоодын хэмлэлдээнээ орхиж, олон нийтэд хандаж, үгээ хэлж, олон нийт АН-ынхныг анхаарч эхэллээ. 

Шинэ цагийн залуусын төлөөлөл болж комедиан Гантулга үг хэллээ. Залуус түүнийг Sekstsagaanbogd нэрээр нь андахгүй. Намын гишүүн биш ч үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн нь энэ аж. Залуу үеэ сонсохыг, тэд юуг сонирхож байгааг, залуу үеэ мэдрэхийг тэр сануулав. Эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний үнэ цэнийг тэр залуусын өмнөөс ярилаа.  Өнөөгийн залуусд эрх чөлөөний үнэ цэнийг хэрхэн ойлгуулах, ямар платформоор хүргэхийг ч хэлнэ лээ. Түүний чөлөөтэй, итгэлтэй хэлсэн үгс алга ташилтаар мялаалгав. 

   Нэг л таатай мэдрэмж. Бүх зүйл эв зүйдээ орж буй мэт  итгэл төрүүлсэн тийм мэдрэмж. АН-ын залуус бас өөрсдөө итгэл тээжээ. Би гэсэн хувийн амбицаа дарж, бид гэж ярьцгаах юм. Тэрний, энэний хүн гэж нэр хоч нэгэндээ зүүсэнгүй, ад шоо үзэж нэгийгээ хэмлэсэнгүй. Ардчиллын залуус хэрхэн яаж нэгдэхээ, хаашаа явах ёстойгоо, юу хийхээ мэдчихсэн байна. Алдаагаа ойлгож. Танхимд  дулаан уур амьсгал ноёлно. Үг хэлсэн эрхмүүдээ хүндэтгэлтэйгээр сонслоо. Лу.Гантөмөрийгөө бүгд л дэмжинэ гэж байна. Үзэл санааныхаа төлөө нягт хамт байна гэнэ. Нэгэн зорилгын төлөө нэг тийшээ харахаар болсон нь илт. 

   Ардчилсан намын нэгдмэл байдлын төлөө, үзэл санааныхаа төлөө, Монголын ардчиллын төлөө тэд нэг дор ийнхүү цуглалаа.  Улс төр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний талаар зөвлөлдлөө. Юутай ч энэ уулзалтаас АН-ын өнөөгийн болон маргаашийн явах зам хэрхэх нь харагдах болов уу гэж улс төрийн ажиглагчид үзэж байлаа. За тэгээд тун чиг дэгтэй, эвтэй, зорилготой, маргаашийг харсан зөвлөгөөн өндөрлөсөн юм. Гадна, дотны, хүний, өөрийн  элдэв дайрлагад өртчихгүй бол, том эрх ашгаа харж, ардчиллын төлөө нэг сэтгэлээр зүтгэвэл болохгүй ч юм алга. Одоо ҮБХ-ны хурлын үйл явцыг хүлээе. 

Олон хоног үргэлжилсэн бороо олон зүйлийн чанарыг таниулсан шиг, олон үйл явдлын дараа АН-ынхан их зүйлийг ойлгожээ. ҮБХ-ны хурлын өмнө эрх баригчдын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, намынхаа шинэчлэлийн талаар нээлттэй ярилцаж, улс төрийн үйл явцыг дүгнэж, дотоодын хэрүүлийг хаяж, Их уулзалт зохион байгуулж, цаашдын замаа хэрхэн зурах нь өөрсдөөс нь хамаарна гэдгээ ойлгочихсон нь сайшаалтай.