Нэгэн зууныг шинжихүйеэ үлгэр домог шиг амьд үүх түүх амнаас ам дамжин өнөөг хэр нь яригдсаар л байдаг. Төдийгөөс өдийг хүртэл та бидний ахуй орчин өөрчлөгдсөн боловч амтлах мэдрэмж хэвээрээ. Гэхдээ өнөө цаг гэдэг маань минут бүр өөрчлөгдсөөр. Өнөө цаг гэж чухам юуг хэлж байгаагаа би ч хэлж мэдэхгүй. Хиймэл оюун ухаан таныг удирдаж болох ч таны мэдрэмжийг тооцоолж чадахгүй гэдэгт би итгэдэг. Тэр бол миний итгэл үнэмшил юм. Харин тэр мэдрэмжийг уламжлах хүчтэй салхи нь дууны урлаг билээ. 

Нэгэн зууны Монголчуудын эрхэм сэтгэл, мохошгүй хайрын үлгэрийг та сонсохоос татгалзахгүй гэдэгтэй би мөрийцхөд ч бэлэн байна. Энэ бол намтар түүх биш, тоо баримт биш, архивийн тэмдэглэл биш. Энэ бол аялгуу дуу, амьд мэдрэмж. Аялгуу дуунууд ардын дунд амнаас ам дамжин баяр жаргал, гуниг гансрал, хайр дурлал, хомхой шунал, үнэнч сэтгэл, үүрдийн итгэл... энэ бүх амьд мэдрэмжийг тээсээр өнөө цагт авчирчээ. Наадам дөхсөн дэлгэр цаг маань өнөө цаг ч юм билүү? Эсвэл ирээдүй цаг ч юм уу? Ямартай ч учирыг нь үргэлжлүүлэн түгээх “УЧИРТАЙ ДӨРӨВ” ардын дууны амьд тоглолт таныг нэгэн зууны цаг хугацаагаар аялуулах юм. 

Нэгэн зуун өөрөө дөрвөн цагийг төлөөлнө. Хувьсгалын өмнөх хуучин Монгол, дайны өмнөх хүйтэн Монгол, хүнд сурталын хөдөлмөрчин Монгол, эрх чөлөөт нээлттэй Монгол. Харин та тэр цаг хугацаагаар аялж, ардын дуу, амьд мэдрэмжээр сэтгэлээ мялаахад бэлэн үү? Багануурын уурхайгаас тайзнаа гарсан Болдбаатарын Алтанжаргал. Алтанжаргалын дуулсанаар ардын дуунууд амилж, аль цаг үеийг танд амтлуулах бол? Инээмсэглэл дунд нь аз жаргал ч бий, гуниг ч бий, хайр ч бий. Учиртай дөрвийн нэгэн өнгө, дуу хоолой нь тэр юмсанжээ. 

Бүрх малгай, бүргэдийн өд, донжтой цохилго ба дорнын кантри. Үндэсний Урлагийн Их Театрын уртын дуучин хүү Т.Баатархүү нэг л өдөр үхэрчин хүү Баатар болсон нь саяхан. Өв соёлоо үргэлжлүүлэхдээ хувьсан өөрчлөгдсөн цаг хугацааг хуучин ба шинэ хүү болон мэдрүүлэх учиртай хоёр дахь эрхэм нь The Baatar юм. 

Уяхан замба тивийн наран энэхэн бөх дэлхий даяхнаар мөхдөлгүй мандсаар байдаг билүү та мину зээ... Ара газара ургагшэ аса бүхэтэй Алтаргана... Нүдний үзүүрт зэргэлсэн шаргын уудам говьд хө... Эдгээр үгнүүд таньд эгшиг аялгуутайгаа уншигдана. Voice–ийн тайзнаас Содураг уянгалуулж, уртын дуунаас Шаргын говиор аялсан уртын дуучин Ч.Бадамхандын хоолой бүсгүй хүний бүлээн сэтгэлийг эгшиглүүлэх учиртай гурав дахь өнгө нь болжээ. 

Харах нүдэнд гийсэн саран чи минь хө Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй.... энэ үгэнд сүнстэй дуулалт, дотортой донж шингэжээ. Баргил хоолойгоор арван тавны саранг гийгүүлэх авъяаслаг монгол О.Энх–Эрдэнэ өөр нэгэн өвөрмөц дүрээр учиртай дөрөв дэх өнгө болон гайхшруулна. Ирээдүйрүү алхахдаа хэн болохоо төсөөл. Үүний тулд хэн байснаа мэдэр. Өнөө цагийн дэлгэр наадмаар өнгөрсөн нэгэн зуунаар хамтдаа аялъя. Учиртай дөрөвийн учрыг тайлъя. 


Продюсер Quiza


https://shoppy.mn/products/uchirtaiduruw0704 https://shoppy.mn/products/uchirtaiduruw0705

https://ticket.mn/event/1707/