Нүдээ аниад сана даа. Ромбу гариг, Халуун хөнжил сонин, хэвлэлийн магнат, сувенир шиг гангарсан хос дээлтэй Кёкүшүзан, Баясгалан хоёр, бөхчүүд, уяач сайд нар, төрийн ордноорх фитнессчин сайхан залуус, гар буу зүүгээд явсан Ерөнхий сайд...

Бидний түүх. Хэн ч үүнийг мэднэ. Харин Төрийн тэргүүдээ дагаад хувьсан өөрчлөгдөж байсныг анзаарсан болов уу?

Очирбатын оройлсон трэнд

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат бол шинэхэн ертөнц рүү дүүлэн орсон гэнэхэн Монголын төрийн тэргүүн байлаа. Оросоос өөр хүний царай нэн содон, сүрдэм ч байж. Голландын тэрбумтан Жаргаланхан гэгч захын нэг луйварчин төрийн ордноор даналзаж, ганцхан сая долларын сураг дуулсан Монгол төр хөл алдан гүйж байлаа шүү дээ. Одоогийн залуучууд итгэхгүй дээ. 




П.Очирбат ерөнхийлөгч Азийн бар болно гэж эрс шийдэмгий мэдэгдэж, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай хийгүй дугуйны үйлдвэр байгуулаад улсаараа баяжна гэж ярьж явсан жилүүд. Уран бүтээлчид зориг орж, дарга нараа шоглон зурж, жүждэг ч болсон. 

Ерөнхийлөгч албан ёсны үзмэрчтэй байв шүү дээ. Тэр нь Ромбу гарагтай холбоо барина. Шинжлэх ухааны академи нь дагаж гүйлдэнэ. Аргагүй дээ, ааль хэдийнээ элдэв “цохионд орсон” дэлхий дээр хайрцагнаасаа дөнгөж гараад ирсэн цоо шинэ Монгол шүү дээ! Шашин ном хорионоос сад тавин асгарч, мухар сүсэг бүх хүнийг ороож авсан цаг байлаа. Нийгэм даяараа үзмэрч рүү хошуурч, элдэв Гэзэгт бариач, Хуузат мэргэчийн гадаа оочирлох болсон. Дурын гар өөрийгөө үзмэрч гэчихэд хүн шууд биширдэг байв. Энэ зүйлийн улбаа өнөөдөр ч арилаагүй, хэн нэгэн “мэргэн хүнд” олон мянгуулаа толгойгоо базуулсаар байгаа. 

Олзуурхууштай нь Төрийн тэргүүнээ дуурайсан монголчууд нийтээрээ дээлээ эргэн өмсөх болж, наадам, цагаан сараар дээлтнүүд эрээлжилж эхэлсэн.

Багабандийн баараггүй трэнд

Хээгүй эрийг биш Хийгүй нөхрийг сонгоё гэж пиардсаар байгаад гарч ирсэн. Үнэхээр ч хийгүй бөгөөд үйлдэлдээ төдийгүй үгэндээ ч хий гаргадаггүй нь хүнд үлдэх юмгүй ч нэг ч сул үггүй Титэм үгнээс нь мэдэгддэг. 

Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Монголд улс төрийн анхны томоохон бүлэглэл үүсэн бий болж байв. Өдгөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хоёр лут эрхмийн хамтаар Эрх мэдэл, Мөнгө, Мэдиа гэсэн гурвалсан холбоог ямар ч хийгүй байгуулж чадсан. Үүнийг дагаж энд тэндгүй том жижиг улстөрчид хэвлэл мэдээлэл ба бизнестэй хорших болж өнөөдөр тэр нь улам бэхжиж олон арван хөөрхөн бүлэглэлүүд нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ тайлалцаж байна.

Ерөнхийлөгч ба Засгийн газрын зөрчил ч энэ үеэс эхэлсэн бөгөөд тэрнээс хойш энэ хоёр институтын хооронд асар том зодоон, эсвэл хуйвалдаан явдаг болсон.

Дээлний хувьд Багаа ерөнхийлөгч улам сайхан төгөлдөржүүлж, Богд хааныг санагдуулам малгай духдуулах болсон доо.

Энхбаярын эргэшгүй трэнд

Дээлийг бол нуль алтаар биеэ ороосон юм шиг болгож чадсан ерөнхийлөгч дөө. Нийгэм даяараа үүнийг дуурайж байгаа, байгаадаа тааруулж “алтны орцтой” дээл хөдөрч эхэлсэн. Засаг, төрийн дарга нар гэж бөөн феодал, алтан ургийнхан сууж байдаг байв даа. Цагаан сараар бүр замаа алдана. Энэ нь хөөрөг рүү орж, хэн илүү том хөөрөгтэйгээ ч өрсөлдөх болсон.

Мань хүн өөрийн сонирхлоороо өөр нэгэн хүчтэй трэндийг бий болгосон нь морь, бөх. Морь уядаг ба мөнөөх алтан дээлээ өмсөөд дэргэдээ хэд гурван бөх суулгачуул ёстой л мундаг, лут дарга болж чаддаг болсон. М.Энхболд, Б.Цэнгэл нар энэ трэндийн доторх хамгийн том толгой феодалууд байв. С.Төмөр-очир гуайн духдуулдаг Батмөнх даян хааны малгайг одоо ч би санаж байна.

Харин улс төрийн хувьд тэрээр албан тушаалын наймааг ганган эхлүүлсэн дээ. Ёстой л хаан шиг дураараа дургиж байв. Долоолт ч замаа алдаж, урт шар дээлтэй тарган шар зайрмаг шиг харагддаг болсон. Долоолтын оргил жишнн нь, Н.Энхбаярын гутлыг үнссэн гэх У.Хүрэлсүх болох юм. 

Энэ үеэс ард түмэн ба дарга нарын хоорондох зай улам холдож, тэдэнд хууль ч үйлчилдэггүй тэнгэрийн амьтас болж бид яаж ч чадахгүй хий л хашгирч, бичдэг улсууд болж хувирсан даа.

Элбэгдоржийн эгнэшгүй трэнд

Анхандаа “би хэзээ ч вакуумжихгүй” гэж амалсаар ерөнхийлөгчийн сэнтийд гарсан тэрээр нэг ч их удалгүй нарцис болон хувирсан харагддаг.

Олон арван хурал цуглаан, найр хурим зохион байгуулж, тэр байтугай Давосын уулзалтын нэгэн үдшийг Монголын нэрэмжит болгож байв. Мөн ITB олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үндсэн ивээн тэтгэгчээр орж хоёр онгоц урлаг соёлынхон очиж байв шүү. Энэ ч яахав дэлхийд Монголынхаа нэрийг гаргаж байсан үр өгөөжтэй байх. Харин тэрээр энэ бүх хурлуудын индэр дээр олон хүний өмнө гайхалтай уран илтгэж гарсан. Түүнийг дуурайж залуусын дунд “лектор” хэмээх моод түгэн тархаж энд тэндгүй цэцэн туулайнууд бурах болсныг та санаж байгаа байх. Гадаадад сурсан залуусын тоо ч ихэсч, Харвард хэмээх нэр бараг эцгийн нэрээс илүү үнэтэй болсон доо.

Юмны донжийг хөнгөхөн олчихдог тэрээр дээлний загварыг “хүннү” рүү амжилттай шилжүүлсэн.

Баттулгын бас нэг трэнд

Тэрээр өрсөлдөгчийнхөө сул талыг тодорхойлж, тодруулах зорилгоор “Монгол ялна” уриаг сонгуульдаа хэрэглэж, Ши Жиньпинийг айлчлахад машин цувааг нь сөрөн гүйсэн, өөрөө булчинлаг, жүдогийн амжилтыг наадаг зэргээрээ “эр хүний” нэгэн өвөрмөц трэндийг тодорхойлж залуусын цөсийг хөөргөж чадсан. Залуус олноороо фитнесээрээ хичээллэж, сугандаа тоосго хавчуулсан юм шиг зураг даруулж эхэллээ. Сороочиг, зангиан доорх булчинлаг бие гайхалтай моодонд орсон. 

Сул тал нь боловсрол сургууль маруухан байхыг “дажгүй зүйл” гэсэн трэндийг бий болгоодхов. Гэтэл Монголын хөгжих, урагшлах, дэлхийн дэвжээнд тоглох боломж зөвхөн боловсрол мэдлэг юм.

Гэхдээ мань эр хуулийг хүссэнээрээ тайлбарлаж, зөрчиж, “үзэмжээрээ” хүмүүсийг шоронд явуулж байсан нь алсуураа таагүй, хүйтэн айдсыг нийгэмд үүсгэлээ. 

Мэдрэмж гэж мээмний товч шиг уран тэрээр харин дээлийг янзын гоё өөрчилж эв энгийн болгож чадсан даа. Бас шилээпэн малгайг эргүүлж авчирсан. Дашрамд нарийн гэдэстэй хүнд дээл анх эвгүй харагдаж байснаа яваандаа дасаж, одоо нарийн, туранхай хүмүүс ч дээлтэй сайхан харагддаг болсон.

Харин өдгөө ямархан трэнд Монголд хэрэгтэй вэ?

Төрийн тэргүүнүүд яалт ч гүй нийгэмдээ нөлөө үзүүлдгийг миний ярьсан хэлснээс хөөгөөд нэг бодно биз. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван эрхэм өрсөлдөж байна. Хоёр нь хоорондоо төдийгүй гучин жил бидний харсан дарга нартай төстэй. Харин нэг нь тэднээс тэс өөр. Юутай ч хамгийн сонирхолтой яваа хоёрыг нь харьцуулаад үзье.

Хүрэлсүхийн хүсмээргүй трэнд

Нас нь тавь гарсан атлаа өнөөдөр ч буу барин гүйж, бүр зурагчин руу хүртэл хээв нэг онилчихдог хүн. Эрээн хувцсыг иж бүрнээр нь өмсөх дуртай, байн байн ёсолно. Өөрт нь ямар ч хамаагүй байхад “Цэргийн нэгдсэн холбоо” байгуулсан. Хурандаа Хүрэлсүх гэж хэлүүлэх хамгийн дуртай. Энэ бүхнээс харахад ерөөсөө цэргээр өвчилсөн хүн юм. Цэргийн нэлээн хүчтэй хэнээрхэл мань хүнд байна. Мөрийн хөтөлбөрөөс нь ч цэргийн социализм байгуулах зорилго нэвт уншигдаж буй. “Дөл”, “Шонхор” гэх социализмын нэршлийг эргэн сэргээж залуусыг тэр чигт нь цэргийн хүмүүжлээр хүмүүжүүлэх зорилт тавьжээ. Бидэнд бодит дайсан байхгүй, эх орны батлан хамгаалах явдал нь цэргийн гэхээсээ инженер, IT-ийн мэргэжлийнхний ажил болсон цаг үед түүнийг зөвхөн өөрийн хобби хорхойгоороо наадаж явна уу даа гэж харагдаж байна.

Төрийн тэргүүнийхээ трэндийг дагаж, залуус цэргийн амьдралыг хөөж эхэлбэл амьдралын баталгаа, ахиж дэвших боломж, Монгол улс дэлхийн дэвжээнд гаран өрсөлдөх амбицын хувьд ихээхэн хохиролтой харагдаж буй.

Мөн гэмт хэрэгт холбогдож байсан түүх ба “чөлөөт эдийн засаг гэж байхгүй”, “би хурааж авахад дуртай” гэх мэт үгс нь Монгол улсын ардчилал, чөлөөт зах зээлийн б

аримжаат хөгжлийн концепцийг бүрэн сүйрүүлэхээр байна. Түүнд өөр ч олон бараан түүх бий. 

Монголын залуус, таны хөвгүүд түүнийг дуурайж эхэлнэ гэж төсөөлөөрэй.

Энхбатын эргэцүүлмээр трэнд

Энхбат тэс өөр нэр дэвшигч харагдаж байна. Уламжлалт дарга нараас ялгаатай, насаар хамгийн ахмад хэр нь хамгийн залуу сэдэв, залуу тэмүүлэл ярьж буй. 

Бусдаасаа хамгийн өндөр боловсролтой, хамгийн их ажлын туршлагатай, дэлхий ертөнцтэй хамгийн их харилцаа тогтоожээ. Өрсөлдөгчид нь үүнийг ашиглаж “бусдыг боловсролгүй гэж муу хэллээ” гэдэг зүйлийг хүмүүст үнэмшүүлэх гэж сонгуулийн сурталчилгааны өмнөөс эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байгаа. Үнэн хэрэгтээ Д.Энхбат “Монгол хүн авхаалжтай. Бүх залуус эрдэм сурч, англи хэл эзэмшиж, бүгдээрээ гадаадын мундаг сургуулиудад явж технологи, мэдлэг өвөрлөн ирж эх орноо хөгжүүлэе. Бид үүнийг чадна!” гэж уриалж байгаа аж. 

Хэрэв тэр Ерөнхийлөгч болбол таны хүү, охин түүнийг дуурайж эхэлнэ гэж төсөөлөе.

Төгсгөл

У.Хүрэлсүхийн “Хүссэн хүсээгүй би засгийн тэргүүн тул өнөөдөрөөс эхлээд чөлөөт зах зээл гэж байхгүй!” гэлээ гэгчээр хүссэн хүсээгүй Монголын төрийн тэргүүнүүдийн үлгэр дуурайл нийгэмдхамгийн хүчтэй байсаар ирсэн гэдэг үгээр өгүүллээ өндөрлөе. Таны сонголт мэргэн байг!