Улс төрчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч эхэллээ. Чингис хаан “Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” захиж үлдээсэн. Харин энэ үгийг өнөө үеийн Монголчууд дагаж чадах эсэх нь тун удахгүй харагдана. Энэ ухралтыг таслан зогсоох сүүлийн цайз нь ҮХЦ болж байна. Чингис хааны үлдээсэн эрх мэдлийг хязгаарлах зарчмыг хэрэгжүүлэх эсэх нь Цэцээс хамаарна. Үндсэн хуулийн цэцийн өмнө түүхэн сорилт иржээ. 

Уг нь Монголчууд Чингис хааны баримтлаж ирсэн эрх мэдлийн зарчим, аргыг дагаж мөрдөөд явах юм бол манай засаг төрийн ажил жигдэрчих гээд байдаг. Даанч өнөөдөр зарим нэг хүмүүс их шунал хүслээ дийлж чадахгүй байна.

Давхар дээлээс болж Монголын улс төрд хямрал, гажуудал үүсч, тэр нь ямар ноцтой түвшинд очиж байсан болохыг харуулах ойрхоны жишээ гэвэл өмнөх парламентын түүх. Үүнийг эргэж санах хэрэгтэй. Тэр үед Монголын парламентын түүхэнд УИХ нь Засгийн газраасаа болоод хурлаа хийж чадахгүй харамсалтай үйл явдал өрнөж байлаа. Бид ой санамж их муутайн дээр эрх мэдлийн их шунал хүслээ дийлэхгүй улс юм.

Тэр үеийн давхар дээлтэй гишүүдийн хийж байсан үйлдэл нь Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж давхар дээлтэй Засгийн газраас татгалзах эхлэл болсон. 2000 онд Үндсэн хуульд дордохын долоон өөрчлөлт оруулж, давхар дээлтэй Засгийн газар байгуулах замыг нээсэн, түүнээс хойш олон жилийн турш Монголд парламентын хяналт гэж байхгүй болж, парламент, Засгийн газар хоёр нь нэг хөнжилд орсон. Энэ гажуудал явсаар хямралынхаа оргил цэгт ирсэн. 

Эцэстээ Монголд парламент гэж байхгүй болж, парламeнт нь Засгийн газрынхаа “дагуул” болсон. УИХ ч давхар дээлтэй Засгийн газар байгуулсныхаа горыг хатуу амссан юм. Давхар дээлийн үр дагавар нь улс төрийн нам, сонгуулиас эхэлдэг, тэрбум тэрбум төгрөгөөр сүлжээ үүсгэж, төрийн албыг худалдан арилжиж, улс төрийн сонгуульд орно, дараа нь давхар дээлтэй Засгийн газар байгуулж, Засгийн газар нь УИХ-аа “хяналтдаа” авч, эцэстээ Засгийн газар нь УИХ-ын гишүүдэд ЖДҮ-ийн зээл хувааж өгч байлаа. Давхар дээл ийм л үр дагавар үүсгэж байв. Үүнийг л зарим хүмүүс дахин хүсч байгаа бололтой. Энэ бол эрх мэдлийн хямрал, гажуудлын тойрог зам. Одоо эргээд “Эрх мэдлийн хямралын тойрогт”-оо буцаж орохыг зарим нэг хүмүүс хүсэх болжээ. Энэ бол хувийн ашиг хонжооны төлөө нийтийн эрх ашгийг “золигт” гаргаж буй хэрэг. 

Саяхан Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Гавъяат хуульч Н.Жанцан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, уг маргааны талаар байр сууриа илэрхийлсэн байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм. Тэрээр: энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Улс төр, нийгмийн амьдралын хэд хэдэн тулгамдсан асуудалд шинэ шийдэл олсон гэж үзэж болно. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага болохоос биш, Үндсэн хуулийг хянадаг байгууллага биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдмагцаа Үндсэн хууль болно. Тийм болохоор Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргана гэж би огтхон ч бодохгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд үл хамаарах асуудал гэжээ. [1]

Харин эрх баригчид ямар байр суурьтай байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас тодорхой харж болохоор. Тэр: Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын гишүүн заавал УИХ-ын гишүүн байдаг. Гэтэл УИХ-ын дөрвөөс дээш гишүүн давхар дээлтэй байж болохгүй гээд хуульчилчихсан. Яагаад ийм заалт оруулсан бэ гэвэл нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоотойгоо холбоотой. УИХ-ын 76 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ дахь Засгийн газрын нөлөөлөл ихсээд парламентын нөлөөлөл буурч харагдаад Засгийн газар үндсэндээ парламентаа удирдаад байна гэдэг шүүмжлэл өрнөсөн учраас дөрвөн гишүүн байхаар заасан. Тиймээс УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг хөндөхөөс аргагүй. Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлбэл нэмэгдүүлчихмээр байгаа юм гэж ярилцлага өгчээ. [2] Эндээс харахад өнөөгийн эрх баригчид энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдвэрлэхээр төлөвлөж байхад харин ҮХЦ-ийг “урдуур нь гүйлгэх"-ийг хэн нэгэн нь хүсчээ.

Сөрөг хүчний зарим гишүүн эрх баригчид “хайр зарлаад” явж байгаа энэ үед харин “жинхэнэ” сөрөг хүчний улс төрчийн эрүүл саруул байр суурийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж илэрхийлсэн нь анхаарал татаж байна. Тэр: ер нь мэргэжлийн сайд нь салбараа удирдана гэдэг бол урт хугацаандаа үр өгөөжтэй. Учир нь мэргэжлийн хүний ур чадвар, салбарын онцлогоо мэддэг ойлгодог мэргэшсэн байдал нь асуудлын шийдэл олох, шийдвэр гаргахад үр нөлөөтэй. Үнэндээ гаднаас томилогдсон сайдууд олонх болсон УИХ-ын амбицтай гишүүдийн дунд орж ирээд чадваргүй мэт харагдах, асуудлаа танилцуулж, шийдүүлж чадахгүй байх тохиолдол байгааг үгүйсэхгүй. Дээрээс нь УИХ-ын гишүүд санаатайгаар сайд нарын асуудлыг унагаадаг, тэднийг ур чадваргүй, муухай харагдуулах зүйл маш их хийж байгаа. Үүний цаад зорилго нь өөрсдөө давхар дээлтэй болж УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хаших хүсэлтэй нь холбоотой. Тийм учраас тэд юу хүсч байна гэхээр УИХ-ын гишүүн байгаа дээр сайдын суудалд суухыг хүсч байна. МАН-ын гишүүдийн энэ хүсэл, шуналыг биелүүлэхийн тулд манай намын гишүүд ҮХЦ-д давхар дээлний асуудлаар хандсан нь улс төрийн хувьд хамгийн гутамшигтай зүйл [3] гэж цаад учир шалтгааныг тодорхой л хэлээд байгаа юм.

Ер нь бол УИХ-ын гишүүдийн тоог сонгодог парламентын жишигт ойртуулах, УИХ-ын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлэх зэрэг асуудал бол улс төрийн бодлогын асуудал, үүнийг шийдэх гарц бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болохоос ҮХЦ биш.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол өөрөө Үндсэн хууль. Үндсэн хуулийг өөрийг нь хянах эрх мэдэл Цэцэд байхгүй. Цэц бол улс төрийн эрх мэдлийг тодорхойлохгүй, үүнийг УИХ тодорхойлно. 

Нөгөө талаар бол нэгэнт эрх баригчид удахгүй хийхээр төлөвлөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд Үндсэн хуулийн Цэц “хутгалдах” ёсгүй юм. ҮХЦ хууль тогтоогч биш. Өөрөөр хэлбэл, ҮХЦ давхар дээлтэй холбоотой ашиг хонжоо хайсан улс төрийн “тоглоом”-д оролцох шаардлага үнэндээ байхгүй. 

Ашигласан эх сурвалж

Өдрийн сонин, 2022.01.17, Даваа, №011 (6884)

Өдрийн сонин, 2022.1.20, Пүрэв, №014 (6887)

Өдрийн сонин, 2022.1.19, Лхагва, №013 (6886)