Түүнтэй анх танилцахдаа л Монголын нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил агсны “Хэнээт” хэмээх алдарт хөрөг нийтлэлийн гол дүртэй жигтэйхэн адилхан болохыг нь мэдэрч билээ. Өөрөөсөө илүү бусдыг бодож амьдардаг нэг нөхрийн дүр байдаг юм. Ийм юм гэж бас байдаг аа! Яахав дээ, амьтан хүний анхаарал татан аархаад, эс бөгөөс нунж дорой царайлан нурмайгаад явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэрээр энэ хоёр ангиллын алинд нь ч орохгүй л дээ. Зүгээр л эгэл монгол олон эрсийн нэг. Гэхдээ тун галтай цогтой. Насаар бол яг одоо монголчуудын хэлдгээр холын замд жинд сульдахгүй, цуцахгүй, аливаад сэтгэл хөөрч цамнахгүй, хөөргөж хий магтсан, эс бөгөөс доромж , доош дарсан үгсийн алинд ч хөл алдахааргүй болчихсон нэгэн. Монголд тэртээх 1990 оны цагаан морин жил ардчиллын салхи нижигнэхэд тухайн үед Хөдөө аж ахуйн их сургуульд нябо эдийн засагч болохоор суралцаж байсан мань эр хамгийн түрүүнд тэр тусмаа тэргүүн эгнээнд явж энэ цагийн хувьсгалыг хийлцсэн байдаг. Өгүүллийн баатрынхаа нэрийг одоо хэлэхгүй бол горьгүй нь ээ! Энэ хүнийг Цанжидын Ширэндэв гэдэг. Ардчилсан хувьсгалын цөөхөн үлдээд буй партизаны нэг. Тиймээс партизан Ширэндэв гэвэл тухайн үед мөр зэрэгцэж явсан нөхөд нь андахгүй. Монголын хамгийн олон тамгатай хутагтын нутаг болох Завханы Нөмрөгт төрж өссөн тэрээр 1985 онд дунд сургуулиа дүүргээд АУДУС-ийн хуваарийг голж, ганц эрхлүүлдэг өвөө буюу аавдаа хань болохоор шулуудсан юм билээ. Мань эр уг нь Махгал хэмээх найман хүүхэдтэй айлд дээрээсээ хоёр дахь нь болж төрсөн юм билээ. Нагац өвөө нь түүнийг өөрийн нэр дээр өргөж авч. Түүний өвөө Цанжид гуай нутаг усандаа нэртэй, хүндтэй, маш ажилсаг, басхүү асар номтой нэгэн байж. Нөмрөг төдийгүй тэр хавийн бүх сумдын дарга нар эднийд л ирж бууна. Залгаа аймгийн сумдаас ч Цанжид өвөөг сураад ирнэ. Өвөө нь гэвшийн дамжаа барьсан лам хувраг явсан хүн. Ногоон малгайтнууд барих гээд ирэхэд нь оргож Ховд, Хөвсгөлийн нутгаар дамжин амьдарч явсан гэдэг. Эл егзөр өвгөн Ширэндэвт ганцхан юмыг бусдаас чухалчилж сургаж захина. “Чи үнэнээс урваж хэзээ ч болохгүй шүү. Аливаад шударга бай. Долингор байна гэдэг хүний зан биш юм шүү хүүхээ” -За аав аа! -Хүү минь “За” гэж хэлэхэд ч олон янз буй. Худлаа “за”, хуурсан “за”, аргацаасан “за” гэх мэтээр. Гагцхүү Ширэндэвээ чи ямагт үнэн “за”-г нь л хэлж яваарай. Түүнээс гадна битгий аливаа юмны толгойд явж байгаарай гэсэн гэдэг. Мэдээж энэ нь хэлмэгдэн баригдаж хоригдож зовлон үзсэн хүний үг байх л. Өнөөг хүртэл амьдрахдаа өвөөгийнхөө хэлснээр тэр үнэний талд явж үнэн “за” хэлэхийг хичээн амьдарсаар ирлээ ах нь гэж хэлээд тэр уртаар амьсгаа авлаа. Өнөө цагт тэгээд үнэнээр явах, үнэний төлөө явах, үнэн “за” хэлэх хэцүү биш үү, за бараг ч боломжгүй хэмээн намайг түүнд хэлэхэд өөдөөс мань эр -Яагаад боломжгүй гэж хариу асуусан. Адлагдана, нийгмээс албан ёсоор биш ч тусгаарлагдана, улстөрчид болгоомжилно, танд мэдрэгдэхгүй байна уу өнөөг хүртэл. Тантай хамт ажиллахыг барагтай бол хүсэхгүй. Өнөөдөр өвөөгийн тань сургасны эсрэг явсан хүн хамгийн сайхан амьдраад байдаг болсон юм биш үү хэмээн би түүнд хэлснээс болоод түүний яриа ч ёстой урсдаг юм даа. Тиймээ, чи үнэхээр үнэн хэллээ. Би хүнд таалагддаггүй хүн. Яагаад гэвэл насаараа шударга байж, болж бүтэхгүй байгаа бүхний эсрэг тэмцэгч явж ирлээ. Ийм л хүн. Үүнээс өөрөөр байж, бусдад долигонож, тал тохой татаж хэзээ ч явсангүй. Хэн нэгэн хүнийг дагаж далдганаж явсныг минь харсан хүн нэг ч байхгүй гэдгийг чамд баттай хэлж чадна. Бас бусдыг муулж, гүтгэж явсангүй. Оюутны дипломоо авч төгсөөгүй байхад минь нутгийн зоноос намайг нэгдлийн даргаар ирээч гэж хүсэлтээ ирүүлж байлаа. Энэ юуных уу? Аав минь чам шиг дөнгөж сургууль төгссөн хүүхэд сум даргалдаг юм уу боль гэснээр орлогч болж билээ. Нутгийнхан маань “ энэ нөхөрт итгэж болно” гэж үзсэн байгаа биз. Хүнийг нутаг усныхан нь зүгээр гадарлаад доторлочихдог биш үү. Хожим сумынхаа Засаг даргаар дөрвөн жил ажилласан даа. Ардчилсан хүчин манай суманд 8:12 гэсэн харьцаатай цөөнх байхад л сумын даргаар сонгосон юм даа. Урьдын тэр шударга хүнийг зөв таньж, аливаа ажилд тавьдаг, дэвшүүлдэг чанарыг одоо үгүйлдэг. Үүнийг би яагаад хэлээд байна гэхээр, тэр үед өнөөгийнх шиг биш шударга ёс, ардчилал жинхэнэ утгаараа байсан гэдгийн жишээг дурдаж тодотгож байгаа юм.Таг харанхуй өрөөнд нь гэнэт гэрэл асаачихсан юм шиг болгосон юм шүү Монголыг үнэндээ ардчилал. Тухайн үед бид бүгд ядуу байсан болохоор бас бүгд сайн найз нөхөд байцгаалаа. Одоо тийм байж яагаад ч чадахааргүй болж. Сүүлдээ бүр ардчилсан хувьсгалыг МАН-ынхан хийсэн мэтээр манай нөхөд ярьж эхэллээ шүү дээ. Ардчиллын нэр хүндээр гарч ирж эрх мэдэл, эд хөрөнгөтэй болсон нөхөд ардчиллынхаа жинхэнэ мөн чанар, үнэ цэн, утга учрыг мартаад эхэлсэн. Нуувчинд орж суучхаад өөрийг ярьж чадахаа байлаа. Энэ бол гамшиг. Өнөөдөр хүний амны бэлгэ маш муудлаа. Бие биеэ бараг барьж идэх нь дутаж байна шүү дээ. Миний нэг зан бий. Би бол өрсөлдөгчийнхөө сайн талыг хүлээн зөвшөөрч, магтан дуулахын төлөө төрчихсөн хүн. Гэтэл миний энэ чанар бусдад үнэндээ бараг алга даа. Төр нь иргэдээ эрх чөлөөтэй болгохын хэрээр иргэд эсрэгээр улам задгайрч, сөрөг зүйл гардаг юм байна. Хууль бусаар, хулгай хийж хөлжигчид гарч ирдэг юм байна. Төрд төрийн хүн алга болдог юм байна. Ийм болохоор төрд итгэх итгэл алга болдог юм байна. Ажлын туршлага, үлгэр жишээ, мэдлэг боловсрол төрийн хүнд хамаагүй болдгийг харлаа. Сүүдэргүй орчлон гэж үгүй л дээ. Чи боддоо. Гэрэл тод байх тусам сүүдэр тод харагддаг шиг . Одоо бид сүүдрээ хараад зүхээд суудаг ард түмэн болчихлоо. Бусдын сайхныг харж баясдаг тэр сайхан ард түмэн хаачив аа! Ардчиллынхаа 30 жилийн ойг сая тэмдэглэлээ.Тогтмол ус өмхийрдөг болохоос урсгал ус үгүй. Хэдэн бугнаас болоод ардчилал үнэгүйдэж, үнэ цэнэгүй боллоо. Алдчихлаа. Сайн сайхныг нь ярьж чадахаа байсан хэдэн бугнууд дээгүүр дүүрчихэж. Би ардчилал, шударга ёсыг улстөрчдөөс хайсан гэвэл нэг өдөрт нь ч байсангүй. Энэ эрэлд би 35 жил бэдэрч явна. Юуг олж харж явна гэж үү, нэгд: Ард түмэн хэнээс ч айдаггүй, хүндлэлгүй, ардчилал тэр чигээрээ анархизм болж, хоёрт: Энэ хэдэн нөхөд хэлж ярьж, бодож байснаа мартаад айж бэмбэгнэсэн бэртэгчингүүд болон хувирч. Тиймээс би эрэлд хатсаар явна. Дуусахгүй ээ. 2000 он хүртэл ардчилал үнэнхүү шударга байсан юм шүү. Албан байгууллагад яагаад дарга, адуунд яагаад азарга байдаг юм бэ? Азарга сүргээ хамгаалж чонотой эцсээ хүртэл тэмцсээр өөрөө бариулдаг юм. Гэтэл бид ажилтнуудаа, хүнээ, ард түмнээ хамгаалахын тулд биш өөрийгөө хамгийн түрүүнд боддог дарга удирдагч нараар дүүргэчихлээ шүү дээ. Хүн үг даахаа байж. Надад тустай, хортой тусаж байна уу гэдгийг тунгаах нь огтхон ч хамаагүй. Миний харьяанд нь байсан БОЯ-ны газрын дарга нар гэхэд л сайд байвал ажиллана, байхгүй бол хаачсан нь мэдэгдэхгүй алга болцгооно. Харин ч сайд байхгүй үед та нар улам сайн ажилла гэж тэдэнд би шууд хэлдэг байлаа. Алдаатай бичиг ийш тийш явуулна. Хов хутгана, хор найруулна. Ийм л юмнуудаас л Монгол төр вирустсэн юм даа. Бүрэн шүү. Одоо энэ 2020 онд вакцинжуулж вирусээс салахгүй бол улам горьгүй дээ цаашдаа. Салах хэрэгтэй байна. Ард түмэн энэ цэвэрлэгээг хийж чадна шүү дээ. Шууд үнэнийг хэнээс ч эмээхгүй хэлээд шаардаад, шахаад байдаг болохоор намайг айлын эрх дураараа өссөн хүүхэд гэж зарим нэг нь бодоод байдаг юм. Би амьдралдаа өглөө 7 цагаас хойш босож үзэлгүй өссөн. Айлын хүүхдүүд шиг тоглож явдаг зав надад гардаггүй байсан. Сандал хийнэ. Цоож хийнэ. Шүүр шаана. Үхэр тугал за тэгээд өвс хадах, хувцас угаах гээд өдрийн ажил үл барагдана. Намайг тийм завгүй байлгадаг аав дээр өссөн дөө. Над шиг хүн ховор. Ээ, байдаг болов уу даа. Ингэж нухлуулж өссөн хүн амьдрал дээр илүү арчаатай явдаг юм билээ. Хүн ер нь хүний сайхныг олж хардаг билгийн нүдтэй бол, харснаараа бахархаж чаддаг бол, өөрийн алдаа, дутагдлаа олж хардаг бол сая хүн болж байна гэсэн үг юм .Өнгөрсөн он жилүүдэд МАН, АН хоёр маш их зүйлийг хийсэн. Үнэн. Үгүйсгэхгүй, тоочиж барахгүй. Улс орон маш ихээр хөгжсөн. Гагцхүү аюултай бөгөөд боломгүй зүйл нь төрд хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй хүмүүс шургалж ороод дүүргэчихлээ. Үүнийг л цэвэрлэх хэрэгтэй. Даруй яаралтайгаар. Энэ чигээрээ явбал саарал ордонг удахгүй ард түмэн гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар гэж ойлгодог болно. Улстөрчид манлайлагчид байх ёстой. Улс төр гэдэг чинь хүндтэй, нандин, эрхэмсэг оршихуй байх ёстой. Би долдой хүн биш ээ. Өнөөдөр та бүхний дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа эрх чөлөөг авчирсан хүн нь би байна. Бөхийг төрмөл бөх гэдэг шиг улстөрч, төрийн хүн гэдэг төрмөл байдаг юм. Хурц омголон, үнэнхүү шударга үнэртсэн түүний яриа ингэсгээд өндөрлөв. Мөн ч овоо эр юм даа. Монгол төрд ийм нэг нөхөр байж яагаад болохгүй гэж. Бидэнд өнөөдөр үгүйлэгдээд байгаа юм цөм энэ галтай эрийн яриа, бодол санаанд байгаа биз. Мань хүн 1986-1988 онд АА 152-р ангид алба хаахаар татагдан очсон юм билээ. Ц.Ширэндэв шиг сэргэлэн хүн мэдээж тэр олон аавын хүүхдүүд дундаас ялгардаг юм байгаа биз. Шууд л бага дарга. ЖА болж. Армид ингэж ялгарч гарч ирнэ гэдэг хуйхтай эрийн шинж гэдгийг монгол эр хүн бүхэн мэднэ дээ. Үүнийг БХЯ-наас түүнийг хуучнаар ЗХУ-ын Львов хот дахь цэргийн дээд сургуульд суралцах эрхээр шагнасан байдаг нь нотолно. Баярлаж хөөрсөн эр тэр дороо ар гэр нутаг усныхандаа зар дуулгаад яг явах болоод яаман дээр хүрээд очиход хуваарийг нь нэгэн эрх мэдэлтэн арын хаалгадаж өөр хүнд өгөөд мань хүнийг дотоодын цэргийн дээдэд ор гэж л дээ. Тэр нөхөр мань эрийн занг хэрхэн мэдэх билээ. Ц.Ширэндэв ч тэгвэл чиний зохицуулсан сургуульд сурдаг хүн нь би биш гээд хаалгыг нь саваад явчихсан гэж байгаа. Түүн шиг хүн ийм шударга бус явдалтай эвлэрээд хүлцэнгүй зогсож байх уу. Түүний зарчим нь энэ юм шүү дээ. Тэр бол өрийн нь хэлдгээр яах аргагүй шу-дарга үнэний эрэлчин хүн юм билээ. Ардчиллыг муулах шуурга болж байна. Энэ бол аюултай үзэгдэл. Ямар нийгмийг хувьсгал хийж ямар болгосноо ардчилагчид, дарга нар ярихаа байгаад, эрх мэдэл, идэж уухын төлөө өрсөлдөн уралддаг боллоо. Бид улс орныхоо шударга, зоригтой, эх оронч удирдагч нараа Зөвлөлт Орост аваачин шоронд хорьж, цаазлуулдаг улс байсан шүү дээ. Хамгийн сүүлд 1984 онд Ю.Цэдэнбалыг яалаа даа. Монгол Улсад Ардчилсан хувьсгалыг хийсэн над мэт нь гудамжинд голдуу 30 жил явлаа. 1930-аад оны үед ард түмнийг хэлмэгдүүлэн хорьж, алж устгаж байсан хүмүүсийн үлдэгдэл өнөөг хүртэл төрд шургалсан суугаа. Гэхдээ энэ төр, засагт ард түмний төлөө гэсэн зүтгэл, сэтгэлтэй хүн бас байна. Би хувьдаа энэ УИХ дахь шударга 5 гишүүнийг эхнээс нь л дэмжиж явна. Эцэст нь хэлэхэд төр үтэр цэвэршвэл итгэл сэргэж, ирээдүй гэрэлтнэ. Монгол ялна гэж тэрбээр итгэлтэйеэ өгүүлж билээ.