ЗӨВЛӨЛТИЙН ЭХ ОРНЫ ДАЙНД АНУ, БРИТАНИ,

МОНГОЛ, ТУВАГИЙН ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ

Лэнд лиз (англиар Lend-Lease) тусламж зээлийн хөтөлбөрийг АНУ-ын засгийн газар 1941 оны гуравдугаар сарын 11-нд баталж Их Британи, ЗХУ, Хятад зэрэг дэлхийн II дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлжээ. Нийт 50,1 тэрбум долларын (өнөөдрийн ханшаар 656 тэрбум доллар) тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17% болсон юм. Үүнээс 31,4 тэрбум доллар Их Британид (өнөөгийн ханшаар389 тэрбум доллар), 11,3 тэрбум доллар ЗХУ-д (өнөөгийн ханшаар 40 тэрбум доллар), 3,2 тэрбум доллар Францад (өнөөгийн ханшаар 20 тэрбум доллар), 1,6 тэрбум доллар Хятадад (өнөөгийн ханшаар 3 тэрбум доллар) оногджээ. Эдгээрээс зөвхөн 10%-ийг нь АНУ эргүүлж авсан байна. Их Британи гэхэд 2006 онд ленд лизээ төлж дуусгасан байна. Мөн Канад ба Их Британи улсууд дайны үеэр ЗХУ-д их хэмжээний зэвсэг ба материалын тусламжийг тусдаа үзүүлсэн байна.

АНУ дайны үед ЗХУ-д 427 284 ачааны машин өгсөн. Бүгд Стүдбэкэр, Дожи гэсэн тэр үеийн дэлхийн хамгийн сайн машинууд. Тэрнээс гадна 50 501 Виллис машин, үүнийг дайны дараа оросууд Газ 67, Газ 69 болгон өөрснөө үйлдвэрлэх болжээ.Америк мөн бүхэл бүтэн флот өгсөнд байлдааны далбаат онгоц 28, шумбагч завь 105, далайн минь хайгч онгоц 77, мөс зүсэгч 3, шумбагч завь илрүүлэгч 140, торпед 202 гэх мэт багтана. Цааш нь хуягт тээвэрлэгч 13 303, цэргийн мотоцикл 35 041, Төмөрзам засагч 8089, локмотив 1981, Төмөр замын богоон 11 155, дэлбэрэх бодис 136 тонн, 3 сая 820 906 тонн хүнс – түүнд лаазалсан мах, цөцгийн тос, шоколад гэх мэт. Нефть, нефтэн бүтээгдэхүүн2 сая 541 мянган тонн, ган 2 сая 314 мянган тонн, 50 мянган тонн арьс, 15 сая цэргийн арьсан гутал,

Аэрокобра сөнөөгч онгоц 4952, Кинкобра сөнөөгч онгоц 2410, бөмбөгдөгч онгоц А-20 -2771, Б-25 онгоц 861, хээрийн телефон аппарат 423 107, тугалга, кобальт, берили, кадми, кобальтийн хүдэр болон бэлэн хөнгөн цагаан 5807 тонн, хөнгөн цагааны хайлш 624 тонн, хөнгөн цагааны цувимал 34 794 тонн, цувимал латунь 24 513 тонн, зэс хоолой 181 616 тонн, Молибдин концентрат, магнийн хүдэр, зэс, цинк, цагаан тугалга, никель -350 мянган тонн, 69 сая ам метр ноосон даавуу, 3 сая 700 мянган машины дугуй, 81 мянган тонн резин, нефть нэрэх бүрэн завод, радиолокатор, далайн минь, эмнэлэгийн тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн гүүрэн кран, хээрийн талхны үйлдвэр, шөнийн дуран, мэс заслалын багаж, цемент, хээрийн гал тогоо, хэдэн арван мянган тонн өргөст тор, хэдэн арван сая чийдэн, десантын хэрэгслэл, хээрийн далдлах майхан, шүхэр, дархны даралтат техник, зэвсэг засварлах хэрэгслэл техник, ган хоолой, бульдозер гэх мэт.

Зенитийн их буу 8218, танк эсэргүүцэгч их буу 5815, артилер трактор 8701, их бууны сум 473 сая, хэдэн зуун мянган автомат, пулемёт, усан ба агаарын онгоцны навигац гэх мэтчилэн байлдааны техник хэрэгслэл өгсөн байна. 1941 оны аравдугаар сарын 1-ээс 1945 оны тавдугаар сарын 31-ий хооронд 2660 хөлөг онгоц АНУ-аас ЗХУ руу очсонд 17 сая тонн тусламжийн бараа техник ачжээ. Хөлөг онгоцнууд замдаа дайсны халдлагад өртөж сая гаруй тонн ачаа сүйдсэн байдаг. Мөн АНУ, Английн тусламжийн хэдэн арван нисэх онгоц замдаа сүйрч, хэдэн мянган хүн үрэгдсэн. Зөвхөн Англи гэхэд ЗХУ-руу тусламжийн бараа ачиж явсан 19 хөлөг онгоц нь живжээ.

ЗХУ-ын эх орны дайнд АНУ-ын дараа Их Британий үзүүлсэн тусламж хэмжээгээрээ хоёрдугаарт ордог. 1941 оны долдугаар сард Германууд Орос руу дайрсны дөнгөж дараахан нь Их Британиас 40 Хавкер байлдааны онгоц ба 550 механикчид, нисгэгчид ачсан Хойд туйлын замын ачааны хөлөг онгоцны цуваа Мурманск руу хөдөлж есдүгээр сард ирж байжээ. 1945 оны тавдугаар сар хүртэл нийт 3000 "Хар салхи" байлдааны онгоц, 4000 бусад онгоц, 5000 танк, 5000 танк эсэргүүцэх буу, 15 сая гутал гээд нийт 4 сая тонн тусламж үүнд мөн эмнэлгийн материалууд, хүнс гээд бүх төрлийн барааг англичууд оросуудад тусламж болгон өгчээ. 

Тэд өөрснөө Германтай ширүүн байлдаж байсан боловч ЗХУ-д сард 2 мянган тонн хөнгөн цагаан нийлүүлж эхэлсэн.Дайны үед хөнгөн цагааны бүх хэрэглээг АНУ, Англи хоёр нийлүүлж байсан. Зөвлөлтийн үйлдвэрийн танкны үндсэн түүхий эд нь хөнгөн цагаан байлаа. Сард 4500 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэдэг байсан Днепровын үйлдвэр сүйрсэн бол зөвхөн Англи сард 4000 тонн хөнгөн цагаан нийлүүлж байв. ЗХУ нь Их Британиас 27 хөлөг онгоц, 4 усан доогуур шумбагч, 92 хөлөг онгоц бүхий бүхэл бүтэн флот хүлээж авсан.

СССР-т дайн эхлэнгүүт БНМАУ өөрийн дотоод амьдралаа дайны байдалд зохицуулав. Бүх гадаад худалдаагаа зөвхөн СССР улстай хийдэг болсон орны хувьд дайн эхэлснээр импорт бараг бүрэн зогсчээ. Энэ утгаараа Монгол нь Зөвлөлтийн Сибирь, Алс Дорнод, Дундад Азийн хэсгийн нэгэн адил дайны ар талын фронт болсон юм. Фронтод бэлэг цуглуулах ажиллагаа орон даяар өрнөж мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт эрдэнэс зэрэг дотоодоосоо юу л гаргаж болох байна бүгдийг нь дайчлав. Монголчууд мал мах түүхий эд тогтмол нийлүүлж байснаас гадна цуглуулсан бэлгийн зүйлээ галт тэрэгний цуваа болгон ачаад 4 удаа фронтод хүргэж өгснийг Чойбалсан, Цэдэнбал нар өөрийн биеэр гардуулав. 

Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагоноос бүрдсэн галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30 мянган ширхэг, хүнсний зүйл 600 тонн байсны дотор 27 мянга шахам зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100 мянган ам. доллар, 300 килограмм алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкийн гвардийн нэгдүгээр армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нэртэй нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485 мянган морь худалдаж, 32 мянган агт бэлэглэжээ. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд монголчууд өөрийн бүхий л чадал бололцоогоор оролцлоо. Улаан цэрэгт хувиасаа 5 мянган төгрөг, 1 600 хонь, 6 тэмээ, 94 морь бэлэглэсэн эмэгтэй ард Бадам, 14 мянган төгрөгийг зүйл бэлэглэсэн эмэгтэй Мангал, 300 төгрөг дээр 55 шилдэг адуугаа бэлэглэсэн Дорлиг зэрэг мянга мянган монголчууд үнэн сэтгэлээсээ энэ хэрэгт зүтгэсэн юм. Хожим Оросын түүхч Суворов тэмдэглэхдээ:

…АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх эсэх нь ялах ялагдахыг ч тодорхойлдог үе бий. Монголтой холбоотой болсноор Сталин энэ бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм…

Дайны жилүүдэд АНУ лэнд лизээр 665 мянган тонн консерв нийлүүлсэн нь Улаан армийн хүнсний хангамжид үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл Монгол нь энэ үед 500 мянган тонн мах нийлүүлсэн байна. Энэ махыг АНУ-аас лэнд лизээр нийлүүлэн Монголын хилийн ойролцоо босгосон гурван мах комбинатад боловсруулж байжээ. Эдгээр мах комбинатад Монголын малыг нядлан боловсруулаад шууд фронт руу ачих сүлжээ буй боллоо. 

Агт морьд бол дайны үед автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун тос хэрэглэдэггүй найдвартайгаас гадна эргээд хүнсний хангалт болж чаддаг сайн талтай. Монголчууд нийтдээ 500 мянга гаруй агт морьд нийлүүлсэн нь тухайн үедээ өөр ямар ч орон нийлүүлэх бололцоогүй их тоо юм. АНУ Улаан армид 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монгол 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд СССР-т үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монгол ноосоор хийжээ. Хэдийгээр монгол “лэнд лиз” нь АНУ-ын тусламжтай харьцуулшгүй бага ч хүн амдаа харьцуулахад асар их гэж хэлж болохуйц, нөгөөтэйгүүр цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэлийн бэлэг, тусламж байлаа. Харин Монгол ленд лизийн мөнгө эргэж төлөгдсөн материал олддоггүй.

ЗХУ-ын эх орны дайнд тусламж үзүүлсэн дөрөвдөх улс нь Тува юм. 1941 оны зургадугаар сарын 25-нд Тува Германд дайн зарлаж, алтны уурхайн ашиг болох 35 сая рублийн санг ЗХУ-ын мэдэлд шилжүүлэв. ЗХУ нь Тувагаас 50 мянган адууг буцалтгүй тусламжаар авч, ард иргэдийн хандиваар сөнөөгч онгоцны гурван эскадриль, танкийн хоёр бригад байгуулжээ. Нэмж Улаан армид 52 мянган цана, 10 мянган хүрэм, 19 мянган бээлий, 16 мянган эсгий гутал, 67 тонн ноос, 400 тонн мах, цөцгий, гурил тусламж болгон өгөв. Зөгийн бал, жимс, шархны боолт, эмийн ургамал, лаа, давирхай зэргийг ЗХУ бас хүлээн авсан. Дайны жилүүдэд Тува нь 750 мянган мал хандивласнаас өрх бүр 10-100 толгой мал өгсөн баримт бий. 1942 оны намар Тува сайн дурын цэрэг дайнд илгээсэн. Нийт 8 мянган тува хүн цэрэгт дайчлагдаж 20 нь Алдрын одонгоор шагнагджээ. Харин Туваг 1944 онд ЗХУ өөрийн бүрэлдэхүүнд авсан учир энэ тусламж ерөнхийдөө мартагдсан.

Вашингтоноос ленд дизийн бүх зүйлсийг 90%-ын хямдруулснаар тооцож байв. Учир нь дайны үед холбоотнуудын амссан хүний амь хохирол, эдийн засгийн сүйтгэл нь хангалттай хямдруулах үндэслэл хэмээн Вашингтоны улс төрчид бодолцжээ. Дайн дуусахад 1945 оны есдүгээр сард ихээхэн хэмжээний Лэнд лизийн эд бараа, тоног төхөөрөмж Английн боомтуудад дамжих баазад хадгалагдаж байсныг Англичууд дайны дараах сэргээн босголтдоо хэрэглэхийг хүсч Америкаас жинхэнэ үнээс нь 90%-аар хямдруулж авчээ. 2006 оны арванхоёр сарын 31-нд Их Британи Лэнд лизийн сүүлчийн төлбөр 83,3 сая долларийг төлжээ.

Гэрээний дагуу Зөвлөлт нь дайны дараачаас АНУ-д эргэн төлөлт хийх ёстой байсан боловч хүйтэн дайний эхлэлийн нөхцлөөс болж ЗХУ төлбөрөө хийх огт найдваргүй болсон юм. 2 сая долларыг Орсоос Америкт янз бүрийн хэлбэрээр эхний үед төлжээ. АНУ-аас 1,3 тэрбум ам.дол төлөхийг хүссэн боловч Оросууд ердөө 170 саяийг төлөхийг санал болгов. 1972 он хүртэл энэ төлбөрийн маргаан шийдэгдэхгүй байсаар оросууд 722 сая долларыг төлөх саналыг америкчууд хүлээн авчээ. Энэ нь нийт тусламжийн үнийн 25%-тай тэнцэнэ.

Улаан армийн хангалт хариуцаж байсан А.Микоян “1941 онд бид бүгдийгээ алдсан. Хэрэв лэнд лизээр нийлүүлж байсан тэр их зэвсэг техник, хүнс, хувцас болоод бусад хангамж байгаагүй бол яах байсныг хэлэхэд хэцүү” гэж хэлж байлаа. Ялтын гэрээний үеэр АНУ, Английн удирдагчидтай уулзсан Сталин “Та нарын тусламж байгаагүй бол бид дайнд ялагдах байлаа” гэсэн байдаг. Орчин үеийн Орос улс дэлхийн II дайнд АНУ-ын гүйцэтгэсэн үүргийг, тэр дундаа "Ленд-лиз"-ийг үл тоомсорлож, харин Германыг ялсныг зөвхөн Зөвлөлтийн ололт гэж харуулах хандлагатай байна.

2023.6.26