ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛ

Зураач Лундаагийн Доржбатын “Өөрөө өөртөө гэрэл бол” анхны бие даасан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарчээ. Үзэсгэлэн энэ сарын 5-аас 14-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. 

Зураг 1

Уран бүтээлчдийн онгодыг дагинас, хандмаа нар хөглөсөн байх нь олонтаа. Ер нь бол эмэгтэй хүн. Сальвадор Дали л гэхэд эхнэр Галатайгаа учраагүй бол ийм суутантай хүн төрөлхтөн учрахгүй байсан ч гэлцдэг. Суутан испани болж төрөх ёстой, бас Дали гэдэг овогтой байх ёстой хэмээн аархсан энэ уран бүтээлч Фрэйдийн онолд шүтэн, паранойд шүүмжлэлт аргуудыг ашигладаг байжээ. Л.Доржбатын бүтээлийн гол дүр нь монгол бүсгүй. Харин агуулга нь уншигч олны зүрх сэтгэлийг нэгэнт эзэмдсэн “Агнистын гэгээ” цуврал ажээ. Бүтээлүүдийнх нь тайлбарын оронд зүүсэн “Агнистын гэгээ”-гийн эшлэл, мөн танхимд хоёр этгээдэд шилэн хоргонд байрлуулсан цуврал хоёр агуулгаараа нэгэн цэгт огтлолцох амуй.

Зураг 2


Энэ сарын 5-ны энгийн нэг өдөр нээлтээ хийсэн үзэсгэлэнг нийтлэлч Баабар нээж, шог зураач-куратор С.Цогтбаяр, уран зургийн “Бадамханд” галарейн эзэн Мо.Батбаяр нар үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээ хуваалцаж Л.Доржбатын уран бүтээлийн урт холын аяны дөрөөнд сүү дусаасан байна. “Өөрөө өөртөө гэрэл бол” үзэсгэлэн зургаадугаар сарын 14 хүртэл үргэлжлэх ажээ. 

Зураг 3

Үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн бүхний танил олон хүмүүс өвөр зуураа сэтгэгдлээ хуваалцаад зогсохгүй хэвлэл мэдээлэлд ч ярилцлага өгч байлаа. Танхимд орж ирсэн цагаасаа хойш Л.Доржбатын бүтээлд дүрслэгдсэн бүсгүйг нүдээрээ хайсан гэрэл зурагчин С.Цацралт түүнийг олсон эсэхийг хараахан мэдэж чадсангүй.

Зураг 4

Сэтгэлийн огторгуй нь цэлмэсэн хүн ертөнцийн эд баялаг, тансаг сайхны дунд амьдравч тачаал шуналд баглагдахгүй. Ядуу зүдүү, бохир буртаг дунд оровч уур бухимдалд автахгүй. Агшин бүрийн мөнх бусыг сэрж мэдэрч, ухамсар сэхээлэг амьдарна.

Зураг 5

Бурханы шашны хөлгөн судруудад өнгөт ертөнцийн дээд төвшин, оюун гэгээрлийн оргил орныг Агниста гэж нэрийдсэн байдаг. Бурхан багш төгс жаргалант дүрээрээ заларч байдаг энэ оргил диваажингийн гэгээ тоост замлинд гийх ерөөлд учиг шаглаж, Агнистын гэгээ цуврал гардаг гэнэ билээ. Энэ цувралаар эрт, эдүгээ үеийн билгүүн ухааны сонгодог зохиолуудыг сорчлон нийтлэх зорилго тавьжээ. “Үнэнийг үл мэдэх мунхаг нь зовлон гутамшиг бүхний үндэс” гэж Бурханы номд айлдсан буй. Ийм төөрөгдлийн ангалаас аврах эрхэм хөтөч нь билгийн мэлмий нээсэн мэргэдийн сургаал айлдвараас өөр юу сан билээ.

Зураг 6


Шашинлаг хүн өөрийгөө бүхлээс тусдаа гэж боддоггүй. Тэрээр итгэл төгс амьдралд уусдаг. Амьдралд итгэхгүй өөр юунд итгэх вэ? Амьдралд өөрийгөө нээхгүй бол чи гаслант харанхуйд л оршино. Тулаан бол амар жаргалд хүрэх зам биш гэдгийг ойлгох нь хамгийн агуу ухаарал. Найрсал зохицлоос өөр үнэн мөр үгүйг ухаарсан цагт сүнсний харанхуйд үүрийн гэгээ ургана. Эргэлзээ биш, итгэл - түлхүүр. Хүчирхийлэл биш, хайр – зам мөр. Энэ ухаарал өөрөө чамайг хувиргах болно...

Зураг 7

Амьдралд өөрөө зорилго биш, харин зорилгыг таних боломж юм. Амьдралын утга өнгөн гадарт нь байхгүй, дотоод гүнд нь бий. Тэрээр үр хөврөлтэй адил. Үр байх нь хангалтгүй. Түүнийг задлахын тулд хичээн зүтгэх учиртай. Тэр цагт жинхэнэ зорилго биелж, мод цэцэглэнэ. Амьдрал өөрөөсөө хэтийдэх ёстой, хүн өөрөөсөө халих ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Мартах аваас амьдрал чинь утга учраа алдана. Ердийн олонх тийм утгагүй амьдралаар амьдардаг. Тэд амьдралд хэт уягдсанаас болж, илүү гүнзгий, илүү дээдэд хүрэх боломжийг огоордог.

Зураг 8

Хоёр хүн шөнө алхаж явжээ. Нэг нь дэнлүүтэй, нөгөөх нь хамт яваа хүнийхээ дэнлүүнд шүтэж байв. Гэтэл салаа замын уулзварт дэнлүүтэй аянчин замаа хөөв. Гэнэт гэрэл гэгээгүй болсон нөгөө аянчин “Дэнлүү авч гарах минь яалаа! Өрөөлийн дэнлүүг өөрийн юм шиг эндүүрч явжээ, би…” хэмээн гаслан уйлжээ.

ТИЙМЭЭС ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ГЭРЭЛ БОЛОГТУН!