Номыг зохиогч МУГЖ Ж.Эрдэнэчимэг нь амьдралынхаа 50 гаруй жилийг уран нугаралтын хөгжилд зориулсан уран нугараач, уран нугаралтын дасгалжуулагч багш билээ. Тэрээр дэлхийд алдартай Канадын Нарны циркийн “О” шоунд 1998 оноос хойш дасгалжуулагч багшаар ажиллах хугацаанд олон улсын спортын дасгалжуулагч багш, спортын эмч нартай ажлын нэг баг болж хамтран ажиллаж байхдаа уран нугарагч жүжигчдийн дасгал сургуулилтын үйл явц, бэлтгэл болон тоглолтын өдөр цагийг зөв хуваарилах, ажлын ачааллыг зохицуулж нурууны өвдөлт, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зэргээр уран нугарагч жүжигчдийг үр бүтээлтэй, амьдарлынхаа он удаан жилийг уран нугаралтандаа зориулахад нь анхаарч ажилласан ба, хүний бие мах бодь-анатомийн анхан шатны мэдлэг нь уран нугаралтыг зааж зөвлөх багшийн ур чадварт зайлшгүй хэрэгтэйг ойлгож, мэдлэг ур чадвараа тогтмол дээшлүүлж ажиллажээ.

МУГЖ Ж.Эрдэнэчимэг нь “О” шоунд ажиллахын хажуугаар олон үндэстний хүүхдүүдэд уран нугаралтыг 20 гаруй жил заахдаа Монгол хүүхдүүдийн бие мах бодийн уян хатан чанар, юмыг сурах тэсвэр тэвчээр болон суралцах хугацааны үйл явцын ялгааг бусад орны хүүхдүүдтэй харьцуулан судлаж байсан ба, энэхүү олон жилийн туршлага, судалгаа шинжилгээндээ үндэслэн "УЯН Уран нугаралтын заах арга зүй" номоо бүтээжээ.