ВАКЦИНЫ “ДАЖИН”


-Амьтай бүхэн сүнстэй, амьгүй болгон эзэнтэй гэлээ гэгчээр үйл явдал бүхэн өөрийгөө дагасан хийрхэл, “хуйвалдааны онолтой аж. Ковид-19 цар тахал дэлхийг хамарч, хоёр он дамнасан тул түүний хийрхэл ч хорвоог бүрхэн хоёр жилийг эзэгнэлээ.

           Эхнийх нь мэдээж уг цар тахлыг Хятадууд санаатай тараасан, эсвэл дэлхийг эзэгнэх гэсэн синдикатууд хорвоогийн хүн амыг цөөлөх гэж санаачилсэн гэхчлэнгээр өрнөсөн.

            Хүн төрөлхтөн мөрөөрөө өвчилж ч чадахаа больсон цаг, одоо яая гэхэв. Мөрөөрөө өвчилж чадахгүй нь дүүрч гэлээ гэхэд мөрөөрөө эдгэж бас чадахаа байсан байна.

             -Мөрөөрөө эдгэж ч болохоо байсан гэхээр вакцин болон түүнийг тойрсон “хуйвалдааны онол”-ыг ярих болж байна. Хуйвалдааны онолыг бид өмнө нь ярьсан “Ямар ч юмны цаана заавал нэг хуйвалдаан, өөрийг нь хорлох гэсэн зохион байгуулалттай ажиллагаа” байгаа гэж боддог хүмүүсийн итгэл үнэмшлийн нийтлэг гэж. 

     Хуйвалдааны онол шинэ юм биш гэдэг шиг вакцин ч цоо шинэ юм огоот бишээ. Ганцхан зууны дотор, 1900-2000 оны хооронд, хүний дундаж наслалтыг бараг тавин жилээр нэмэгдүүлж, тоог нь 1.6 тэрбумаас 6,1 тэрбум болтол өсгөсөн гол гавъяатан бол яах аргагүй вакцин юм.

    Монголд ч ХХ зууны эхний хагаст нэвтэрчээ. Эмээ маань 

-Эмээ нь “Улаан бурхны хорио” хийлгэсэн учраас “болоогүй”, харин манай хамаатны нэг сайхан хүн тэр жилийн “боллого”-оор явчихсан, хөөрхий... гэхчлэн ярьдаг байсан нь гурван зүйл өгүүлнэ. 

        Юуны өмнө, манайхан вакциныг “хорио” гэж нэрлэж байсан нь мэдэгдэнэ. Бас, улаанбурхан зэрэг халдварт өвчнөөр хүн заавал нэг удаа өвчлөх учиртай гэж итгэдэг учраас “боллого” хэмээн нэрлэж байж. Түүнчлэн Манжийн хаанд бараалхах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “болоогүй хүн” оруулдаггүй байсан зэргээс үзэхэд уг өвчнөөр нэг өвдвөл дархлаа тогтдог болохоос эртээс мэдснийх ажгуу.

         БНМАУ-ын хүн ам ч 600 мянгаас нэг сая, түүнчлэн хоёр, улмаар гурван сая хүрсэн нь эрүүлийг хамгаалах салбарын хөгжил, ялангуяа урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсны гавъяа мөн. Вакциныг албан ёсоор “урьдчилан сэргийлэх тарилга” хэмээн гурван үгтэй хэллэгээр нэрлэжээ. Гэвч, хамгийн богино хэлэхэд амар нэршил ялдаг хуулийн дагуу вакцин хэмээх Орос хэлээр дамжин ирсэн нэршил ялагч болж. Яг л комьпютерт “Тооцоолон бодох электрон машин”, “цахим тооцоолуур” гэхчлэн нэр өгөөд мартсан шиг.

     Манай үеийнхэн зүүн мөрөнд том сорви үлдээдэг вакцины ачаар эрүүл энх өсч бойжсон юм. Түүнээс гадна хөдөөнийхэнд жил бүр тарваган тахлын вакцин хийнэ. Халуурч өгнө шүү дээ. Багш нар маань “Халуурч байвал сайн. Жинхэнэ дархлаа тогтож байгаа нь энэ” гэж хатуужуулна. Багш хэлсэн учраас итгэж байгаа ч юм биш, угаасаа хичээл дээр, Луй Пастер, Эдвард Женнерийн намтрыг үзчихсэн, салхин цэцгийн вакцин хийх гэж үхрийн дэлэнд байсан цэврүүнээс дээж ашигласан, саалчин хүүхнүүд дархлаатай байсан нь ийм сэдэл төрүүлсэн гэхчлэн ерөнхий ойлголттой болчихсон байв.

    ХХ зууны зууны хамгийн алдартай найрагчийн нэг Ш.Сүрэнжавын “ХХ зуун” хэмээх алдарт шүлэгт

Эдвард Женнерийн цэцгийн тарилга

Эйнштейний харьцангуйн онол

Химийн элемэнт, квант

Хэлж баршгүй олон... гэхчлэн гардгаас үзэхэд вакцины тухай ойлголт нь манай үндэстний мэдлэгийн нэг хэсэг болж чадсан байв. Дархлаа тогтоох уламжлалт аргууд ч бас байсан байдаг. Гэхдээ энд өгүүлэх сэдэв биш юм.

    Ямар ч байсан, хотшин эрүүлжиж буй нүүдэлчид вакцины мөн чанарыг сайн ойлгож байлаа. Хүчийг нь сулруулж, нүүдэлчний ойлголтоор бол “эрэмдэг” болгосон өвчин үүсгэгчийг хүний биед оруулаад, түүнийг дарах аргад махбодио дадлагажуулан сургадаг юм байна гэсэн бүдүүвч мэдлэгтэй болоод авчээ. 

      Яг л чоно бэлтрэгээ анд сургахын тулд хурга барьж аваачин дадлагажуулдаг шиг. Чиний эрүүл мэндийг хамгаалах учиртай “бяцхан” бэлтрэгүүдэд Улаан бурхан өвчний нялх эсвэл эрэмдэг хургыг хаяж өгөн анд сургаж байна. Таны дархлаа хэмээх “Хурга бариад сурсан бэлтрэг” хожмын өдөр жинхэнэ Улаанбурханы үүсгэгч ороод ирэхэд хэмх татаад хаячихдаг болно. 

    Үүнээс ч ойрхон жишээ байна. Гөлгийг анд сургахад эхлээд тарваганы мөндөл дээр дадлагажуулна. Хэрэгтэй бол мөндлийг цохиж унаган хүчийг л сулруулж өгдөг. Хэсэг ингэсний дараа бүдүүн бурхийг төвөггүйхэн барьдаг болно. Ихээхэн бүдүүлэг төсөөлөл байж болох ч вакцины тухайд маш зөв ойлголт авсан ард түмэн байв, Монголчууд.

Гэснээс, дуулснаа мэдэмхийрэхэд: Ковидын эсрэг вакцин хоёр янз байна. Уламжлалт аргаар гаргаж авсан АстраЗенка, Синофарм, С-Путник нь мөнөөх “бэлтрэгэнд хурга хаяж өгөх” аргаар хийгдсэн гэнэ. Гэвч вирус мутацид ороод, жишээлэхэд хурга байснаа болиод ишиг хэлбэртэй болбол яахыг мэдэхгүй байгаа нь бас нэг бэрхшээл. Гэтэл “Файзер” мэтийн уламжлалаас хэтийдсэн технологиор бүтээгдсэн “ухаалаг вакцин” нь хурга ч байсан иднэ, ишиг болж хувирсан ч барина, бүүр ботго болж мэхэлсэн ч таниад хүү татна гэсэн утгатай. Маш нарийн шинжлэх ухааныг хууч яриа болтол нь бүдүүвчилснийг маань уучлах биз.

      2020,2021 он бол дэлхий нийтээр шинэ цар тахлын вакцина дээр ажилласан үе байлаа.Бас вакцина тойрсон хуйвалдааны онол хөгжсөн хоёр жил гэсэн ч болно. Урьд өмнө байгаагүй нэг хардлага энд нэмэгдсэн нь “вакцин дотор жижигхэн чип суулгадаг. Тэр чип нь хүний гений мэдээллийг аваад гадагш нь дамжуулаад байдаг” тухай яриа. Гений мэдээлэл, чип зэрэг үг технологийн дэвшилтэй холбогдон гарч байна. Үнэндээ бол манай хийрхэгчид дотор ген, уураг хоёрын ялгааг ойлгохгүйгээр гадаад үг цээжлэгсэд нэг бус бий. УИХ-ын сонгуулийн үеэр Дундговь аймгаас нэр дэвшсэн нэг нөхрийн нэвтрүүлэгт нутгийн ерөөлч орсон хэсэг бий.

Тэнд

-Ухаан сайтай хүн юм

Уураг сайтай ген юм... гэсэн хоёр мөр л лав байсан.

    За энэ ч яахав. Хэдхэн өдрийн өмнө Европын холбооны зүгээс Оросын засгийн газрыг “Өрнөдийн вакцины эсрэг суртал нэвтрүүлэг чинь хэрээс хэтэрлээ” хэмээн шүүмжлэв. Эндээс харахад, вакцины эсрэг суртал ухуулга нь бүх вакцины эсрэг байгаагүй юм байна. Улаанбаатарын синдром бол Москвагийн синдромын төрсөн дүү байдаг хэвээрээ л явааг бодолцоход манай хийрхэл бас л бүх вакцины эсрэг биш байх нь. Үнэхээр ч, хуйвалдааны онолын дэвэргэгч нэгэн “Аргагүйдээд вакцин хийлгэхдээ тулбал “С.Путник” л хийлгэнэ” гэж нийгмийн сүлжээгээр мэдэгдсэн нь нэгийг өгүүлэх мэт.

  Олон вакцина дотроос Оросын вакцинад ДЭМБ, ерөөс өрнөдийнхэн сэжигтэй хандаж “тайлан дутуу” гэдэг гаргалгааг сөргүүлэн тавьж байсныг бид санаж байгаа. Вакциныг муу гээгүй, харин “тайлан дутуу”... Оросууд ямар нэгэн юмыг тайландаа тусгаагүй байх нь. Энэ нь орхигдсон туршилт уу, эсвэл технологийн нууц уу? Бүү мэд. 

    Жил гаруйн өмнө барууныхны зүгээс “Оросын хакериуд вакцины технологи” хулгайлсан гэсэн “шуум” дэгдээж байсантай ч холбоотой байж магадгүй. Ямар ч байсан Оросууд вакцина хийсэн нь үнэн. Бас вакцины тайланд тусах ёстой "нэг юм"-ыг хэлэхгүй гүрийсэн, яг л манай сэтгүүл зүйд байдаг “Мэдээллийн эх сурвалжаа” нуух процессорхуу юм болоод байгаа нь ч үнэн ажгуу.

    Харин, ойрын өдрүүдэд вакцины эсрэг хийрхэл үндсэндээ сулран зогсч байгаа. Учир нь С-Путник(Спутик вакциндаа Оросууд өөрсдийнх нь өгсөн өргөмж нэрийг ашиглав) вакцин ерөнхийдээ Олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөж байгаа гэх бөгөөд Монгол улс авчран тарих болж байна.

           Эсэргүүцэл суларч байгаа шалтгаан нь энэ. Вакцины эсрэг хөдөлгөөн үүнээс цаашаа үргэлжилбэл, Оросын ашиг сонирхлын ч эсрэг хөдөлгөөн болно. Тал нутгийн фронтод өрнөж байсан “Ковид-19”-ын дархлаа тогтоох вакцины эсрэг дайн ч бас энд хүрээд зогсож байна. Цаашид өрнөлөө гэхэд, зөвхөн тодорхой нэр төрлийн эсрэг буюу “вакцина хоорондын өрсөлдөөн”-ий шинжтэй байх болов уу? Ухаандаа, “Синофарм хортой, харин С-Путник эмтэй” гэх маягаар. Хортойсох юу байх вэ, чип-тэй.

    Өрнөдийнхэн Оросыг вакцины эсрэг хийрхэл зохион байгуулсан, ингэхдээ доозыг хэтрүүллээ хэмээн шүүмжилсэн нь С-Путник хүлээн зөвшөөрөгдөхгүй байсантай холбоотой бололтой. “Хэрвээ минийх биш бол чинийх ч бас биш байх ёстой” гэдэг логик л явж дээ, янз нь. Монгол дахь вакцины эсрэг хөдөлгөөн нь тэрхүү акцийн салбар маягтай давалгаалсан. Харин одоо ганц нэгхэн, мэдрэмж муутай, нөхцөл байдал өөрчлөгдснийг ухаарч амжаагүй, эсвэл суртал нэвтрүүлэгт үнэхээр үнэмшин дагасан мэр сэр хүн л "гал зогсоох тушаал очоогүй 9 рот" шиг вакцинатай байлдсаар үлдсэн.

     Монголчууд ХХ зуунд, улаан тариа, вакцины хүчээр эрүүлжин, хүн ам нь өсч, дундаж наслалт өндөр болсон гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Иймээс, вакциныг эсэргүүцэх биш харин вакцина нэхэх хөдөлгөөн хүчтэй байна.

           Гэтэл, С-Путник-ийг дэмжүүлэх утгаар өрнөсөн хийрхлийг ерөөсөө бүхий л вакцины эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөн гэж эндүүрсэн манай удирдагчид “өөрсдөө вакцин хийлгэж үлгэрлэх” алхам их хийж байна. Энэ нь санаснаас эсрэг үр дүнд хүргэх магадгүй. Наанадаж л "уриалж үлгэрлэж" тариулж байгаа гэх эрх мэдэлтэн, алдартнуудыг "Бидэнд ногдох вакциныг эрх мэдлээ ашиглан булааж байна" гэж үзэхэд бэлэн байгааг хаана хаанаа анхаарууштай юмаа.


2021 оны гуравдугаар сарын 11