Монгол, Хятад, Түвдийн баруун хязгаарт судалгаа хийснээрээ алдаршсан угсаатан судлаач Г.Н.Потанины аяллын багт багтаж 1892-1894 онд Төв Ази, Хятадын нутгаар аялсан В.А.Обручевын энэ тэмдэглэлд тухайн үеийн Монгол, Өвөр Монгол, Хөхнуур, Цайдам, Хойд Хятадын ахуй байдал, ард түмний зан заншил, байгаль орчны тухай тун сонирхолтойгоор өгүүлжээ. Нийт 17 бүлэгтэй, тавь гаруй зурагтай энэ тэмдэглэл анх 1940 онд хэвлэгдэн гарч байж. 

Геологичийн хувьд ажиглалт судалгаа хийж 13 000 км газрыг туулан, Төв Азид суурьшсан олон үндэстэн ястантай танилцаж, элсэн цөл, тал хээр, баянбүрд, бэлчээр нуга, тэгш өндөрлөг, өндөр, нам уулын бүс, Монголын дов толгодоос Наньшаний мөнх цаст мөсөн оргилуудыг нүдээрээ ажигласан Обручев Монгол нутгаас гэхэд Говийн чулуулгийн насыг дорвитойхон баримжаалж болох хирсний чулуужмал яс олсон нь маш сонирхолтой нээлт болсон байдаг. Ингэснээр Говь нутгийн нас залуу чулуулаг нь угтаа урьд өмнө үзэж байсанчлан далай тэнгисийн тунадас биш, харин эх газрын чулуулаг бөгөөд гуравдагчийн үед Говь нутаг далай тэнгис биш, хуурай газар байсныг баталсан байна. 

Мөн эрт цагийн Эзэн хотын тууриас холгүйхэн явж өнгөрснөө Обручев“Торгуудуудын өгүүлснээр Хөндлөн голын цаана цагтаа түүгээр урсаж байсан Эзэн голоор тэтгэгдэж асан том хотын балгас буй аж. Би археологи судалдаггүй, аялж явахдаа хот тосгоны олон балгасаар дайрч өнгөрсөн болохоор торгуудуудын хэлснийг төдий л анхаарч үзсэнгүй. Хожмоо аялагч Козлов тэр хотын балгасыг олж очоод түүхэн үнэ цэнтэй хөшөө баримал, ханын зураг, гар бичмэл, зоос, бөс даавуу зэргийг илрүүлсэн юм. Тэр нь XIII зуунд сүндэрлэж асан, Италийн аялагч Марко Пологийн Эзэн хот хэмээн дүрсэлсэн Хар хотын туурь байсан сан. Балгас Эзэн голын салаанаас 20 верст орчмын зайд усгүй цөлд байрлана. Учир иймээс би эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой эд өлөг тэнд байгааг олж мэдсэн ч аяллын баг, тоног төхөөрөмж маань (хөгшин лам, өвчтэй Цоктоев бид гурав) малтлага хийх ямар ч боломжгүй байлаа” гэж тэмдэглэн үлдээжээ.

Эрдэмтэн, зохиолч аялагч Обручев ная гаруй наслахдаа 3800 гаруй бүтээл бичиж, энэ насаа эрдэм мэдлэг, шинжлэх ухааны төлөө бүрэн зориулжээ. Владимир хүү багаасаа байгалийн ухаанд сонирхолтой, тиймдээ ч “үхмэл” гэж үзсэн грек, латин хэл сурахыг ерөөс хүссэнгүй, их сургуулийн физик-математикийн факультетэд элсэхийг хүссэн ч эцэг нь хүндээр өвдөж, зорьсон сургуульдаа орохын тулд бүтэн жил бэлтгэх боломжгүй болсон тул аргагүйн эрхэнд Уул уурхайн дээд сургуульд элсжээ. Хоёрдугаар курстээ дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдсан ч мэргэжилдээ дур сонирхолгүй болохоо улам бүр мэдэрсэн Обручев мөр холбож шүлэг бичихэд илүүтэй татагдах болсон гэдэг. Гэвч уран зохиолд бүрмөсөн урвахын даваан дээр хувь заяа нь эргэж, Иван Васильевич Мушкетов хэмээх ачит багштайгаа учирснаар тухайн үедээ хоёрдогч гэгдэж байсан геологийн ухаанд эргэлт буцалтгүй сэтгэл татагдсан байдаг.

Улмаар багш Мушкетовынхаа зөвлөснөөр 1888 онд Обручев Эрхүүгийн уул уурхайн захиргааны геологичийн албанд томилогдож, огт судлагдаагүй Сибирийн өргөн дэлгэр нутгийг “геологийн хувьд мэдэлдээ оруулан” Ангар мөрний ай савын нүүрсний орд, Ольхон арлын бал чулуу, Витима, Олекма голын алтны ордуудыг судалж байтал Оросын Газарзүйн нийгэмлэгээс Хятад, Түвдийн өмнөд нутгаар аялах Г.Н.Потанины аяллын багт багтан геологийн судалгаа хийх санал тавьжээ. 

Ингээд 1892 онд Хиагтаас аялсын аянд мордсон Обручев хоёр жилийн дараа 1894 оны арван сард Гулзад хүрэхдээ өөрийн нь тооцоолсноор 13 625 км зам туулсны 12 705 км-т геологийн зураг авалт хийжээ. Цагтаа Хиагтаас замд гарсан мужийн даруухан геологич өгүүлэл, тэмдэглэл нь олон сонин сэтгүүлд нийтлэгддэг нэртэй эрдэмтэн судлаач болсоор эргэж ирээд Парисын ШУА-ийн П.А.Чихачёвын нэрэмжит мөнгөн шагнал, Н.М.Пржевальскийн нэрэмжит шагнал, түүнчлэн Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Константины одонгоор шагнагдсан байна. Энэ удаагийн аяллын эрдэм шинжилгээний тайлан гэж хэлж болохоор “Төв Ази, Хойд Хятад, Наньшань” хэмээх 2 боть дориун бүтээл нь 1900-1901 онд хэвлэгдсэн бол “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” хэмээх энэ ном 45 жилийн дараа олны хүртээл болсон түүхтэй. 

Энэхүү бүтээл монгол судлалын тунчиг сонирхолтой номын нэг гарцаагүй мөн ажээ.