АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Монгол улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулдаг “Олон улсын Монгол Судлалын Бага Хурал” 2 сарын 9-10-ны өдрүүдэд ЭСЯ болон Конгрессын Номын Сангийн байрнаа амжилттай болж өнгөрлөө. Хурлыг Монгол Соёлын Төвийн Ю-Түүб суваг шууд дамжуулан үзүүлснээс гадна Монгол улсаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, ТВ-5, ЮМОН ТВ сурвалжилсан, харин тогтмол хэвлэлүүдээс “Өдрийн сонин” дэлгэрэнгүй сурвалжилсныг та бүхэнд хүргэж байна.


Сайдгүй боловч саадгүй хурал

Монгол Соёлын Төвөөс өнгөрсөн 11 жилийн туршид гуран элчин сайдтай нягт хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний хурлаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Анх Р. Болд элчин сайдын үед эхэлсэн энэ хурал Х. Бэхбат, Б. Алтангэрэл сайд нарын үед улам өргөжин, цар хүрээгээ тэлсэн түүхтэй. Харин энэ удаад хурлын товыг зарлаж, илтгэл авах зарыг гаргасан Есдүгээр сараас эхлээд хурлыг дуустал Монгол улсаас Элчин сайд томилогдон ирсэнгүй. Гэвч хурал саадгүй, амжилттай болж өнгөрсний учир нь, юуны өмнө элчин зөвлөх Б.Болд үүргээ маш сайн гүйцэтгэсэн, мөн Монгол Соёлын Төв, Элчин Сайдын Яамны хамт олон хамтран ажилласаар дадсан, ажлаа хамтдаа хийж сурсных юм. Ер нь энэ хурал төрийн ба төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үлгэр жишээ хэмээн яригддаг билээ. Ингээд Хоёрдугаар сарын 9-ний өглөө Элчин зөвлөх Б. Болд, МСТ-ийн тэргүүн М. Саруул-Эрдэнэ нар үг хэлснээр хурал эхэллээ.


Адидастай, адууны соёлтой Археологийн салбар

Анхны илтгэлийг Пеннсилваниагийн их сургуулийн Археологийн музейн судлаач Кристен Пийрсон тавилаа. Кристен Пийрсон археологийн ертөнцөд үнэхээр эмэгтэй хүний уран нарийн, чимхлүүр, утас нэхмэлийн зангилаа бүрийг судалсан ажил оруулж ирж байгаа нь олзуурхууштай. Юу гэвэл тэрбээр 2016 онд Ховд аймгийн Үзүүр гялаанаас олдсон дурсгалуудыг оёдол нэхмэлийнх нь талаас задлан шинжилсэн байна. Үзүүр гялааны олдвор дэлхий нийтэд “Эртний Адидас” нэрээр алдаршсаныг хүн бүр мэднэ. Пийрсон тэрхүү гутал болоод бусад хувцас хунар, ялангуяа мөрөвчтэй өмдний ур хийцийг нэн нарийн авч үзжээ. Ингээд нүүдэлчдийн хувцсаа урлах ухаан нь суурин иргэншилт түмний оёх нэхэх технологиос юугаараа ялгаатай байсныг тодруулсан байна. Ямар ч байсан олон зуун жилийн тэртээ анхны өмдийг Төв Азийн нүүдэлчид морь унахын тулд сэдэж байсан бол түүнийгээ улам боловсронгуй болгон, мөрөвчтэй болгосон баримт Монгол нутгаас олдоод байгаа ажээ. 

Монголын Үндэсний музейн Судалгааны албаны захирал, доктор Жамсранжавын Баярсайхан Монголд адууг гэршүүлсэн түүх, түүний материаллаг баримтын талаар илтгэв. Буган чулууг судалсан Монгол-Америкийн хамтарсан экспедицийн судалгаагаар Монгол нутагт лавтайяа 3200 жилийн тэртээ гэхэд адууг аль хэдийн гэршүүлсэн, тэргэнд хөллөсөн байсан баримт олдсон ажээ. Эртний хадны сүг зурагт дөрөө бүхий эмээлийг дүрсэлсэн байгаа нь нэн сонирхолтой баримт бөгөөд өдгөөг хүртэл олдоод буй метал дөрөөнөөс бүр эрт, талын нүүдэлчид органик материалаар хийсэн дөрөө хэрэглэж байсан нь тодорхой хэмээн судлаач дүгнэж байна. Мөн тэрбээр буган чулуун дээрх адууны дүрслэл, Пазырыкийн хүний шивээс, Скифийн дурсгалууд дахь амьтны зураг зэргийг харьцуулан үзээд аль соёл хаанаас хаа хүртэл нүүдэллэсэн, хаана эдгээр соёл мөргөлдсөн, аль нь алиндаа нөлөөлсөн зэрэг шинжлэх ухааны томоохон дүгнэлтүүдийг хийснээ тайлагналаа. 

Хурлын эрдэмлэг чанарыг улам сайжруулахын тул ахмад туршлагатай эрдэмтдийг “хэлэлцэгч”-ээр ажиллаж өгөхийг хүссэн нь үр дүнтэй боллоо. Тухайлбал, Смитсонианы хүрээлэнгийн Арктик судлалын төвийн захирал, ахмад судлаач Уиллиамм Фитцхью Археологийн салбар хуралдааны хэлэлцэгчээр ажилласнаар, илтгэлүүдийг урьдчилан уншиж, судлаачдад үнэтэй зөвлөгөө өгсөн юм. 


Ар Өвөр Монгол яагаад нийлж чадаагүйг нягтлан судалсан удаах салбар хуралдаан

Энэ өдрийн Хоёрдугаар салбар хуралдаанаар Дэлхийн 2-р дайны дараах Өвөр Монголын талаар судлаачид саналаа солилцов. Эхний илтгэгч Боржигин овогт Орчилан Өвөр Монголд 1945-1947 онд үүсэн идэвхтэй ажиллаж байсан Залуучуудын хоёр эвлэлийн тухай ярилаа. Тухайлбал, Японы эзлэн түрэмгийлэл дууссаны дараа нутгийн зүүн хэсэг буюу Хянган аймагт Өвөр Монголын Залуучуудын Эвлэл байгуулагдсан бол мөн тэр үед Баруун болон Төвийн нутаг буюу Шилийн гол, Улаанцавын орчмыг хамарсан Монголын Хувьсгалт Залуучуудын Нам буй болжээ. Пеннсилваниагийн их сургуулийн судлаач Орчилан энэ хоёр хөдөлгөөний ялгаатай болон адил тал, хоорондын харилцаа, БНМАУ-тай нэгдэх гэсэн оролдлогын талаар ярьсан юм. Хоёр хөдөлгөөнийхөн хоёул БНМАУ-тай нэгдэхийг зорилгоо болгон, 1945 оны Наймдугаар сарын 25-нд Хувсгалт Залуучуудын Намын төлөөлөгч Дэлгэрцогт нар, мөн оны Аравдугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголын Залуучуудын Эвлэлийн Буянмандах, Хафэнгга, Начиншонхор, Эрдэнэтогтох тэргүүтэй 10 хүн Улаанбаатар хотноо ирж, Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэх хүсэлтээ тавьж байжээ. 

Корнеллийн их сургуулийн докторант Анран Ванг Хятадын Коммунист Намаас 1945-1949 онд Өвөр Монголын талаар хэрэгжүүлсэн бодлогын талаар илтгэв. Тэрбээр ХКН ямар шат дараатай бодлого явуулсны дүнд Нармай Монгол үзлийг зогсоож, Өвөр Монголыг Хятадад бүрэн нэгтгэж чадсан тухай ярьсан юм. Үүнд, хамгийн гол нөлөөлж, Өвөр Монголын сэхээтнүүдийн тусгаар Монголтой нийлэх гэсэн оролдлогыг няцаасан хүч нь Москва байсан аж. Ер нь Өвөр Монголыг буулгаж авах явцыг Анран Ванг 3 шаттай байсан хэмээгээд, үүнд, нэгд, Москвагийн зүгээс Дэ вангийн засгийг БНМАУ-тай нэгтгэх бүх оролдлогыг няцааж, Хятадтай хамтрахаас аргагүй байдалд оруулсан, хоёрт, ХКН-аас Өвөр Монголд өөртөө засах өндөр хэмжээний эрх олгож, Хятадтай Холбооны улс маягаар оршино хэмээн амлаж, нөлөөгөө бэхжүүлж авсан, гуравт, нэгэнт нөлөөгөө бэхжүүлэн авсан хойноо өмнөх амлалтаа үл ойшоон, нэрийн төдий автономи болгосон хэмээн дүгнэв. 

Пеннсилваниагийн их сургуулийн судлаач Дашдоржийн Дотно 1950-иад оны үед Өвөр Монголд хэрэгжүүлсэн газрын шинэчлэлийн талаарх судалгаагаа танилцууллаа. ХКН бүрэн эрхээ тогтоож авсны дараагаас буюу Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнөөс өмнө газрын эзэмшил, бэлчээрийн хуваарилалт зэргийг ихэд өөрчилсөн бөгөөд энэ нь нутгийн ард олонд хэрхэн нөлөөлсөн талаар Дотно ярьсан юм. Үндэстний оршин байх гэдэг ухагдахуун газар эзэмшилтэй нягт холбоотой ажээ. Мал болон бэлчээр нутгийг хамтралжуулах, хувь хүн, айл өрхөөс салгана гэдэг үндэсний ухамсрыг доройтуулдаг нэгэн шалтгаан болдгийг түүний илтгэлээс тодорхой харж болохоор байв. 


Төрсөн өдөр

Эхний өдрийн хуралдааны үеэр нэгэн сонирхолтой үйл явдал тохиов. Пэнсилваниагийн их сургуулийн профессор Кристофер Этвүүд энэхүү хурлын хамгийн идэвхтэй оролцогчдын нэг, залуу судлаачдад байнга зөвлөгөө үг, шинэ санаа оноог харамгүй хэлсээр ирсэн судлаач билээ. Энэ жил тэрбээр бүр өөрөө илтгэлгүй байсан боловч Филаделфи хотоос хэрэг болгон хүрэлцэн ирж, хоёр ч хуралдааныг даргалсан юм. 2 сарын 9-ний өдөр түүний төрсөн өдөр байлаа. Монгол Соёлын Төвөөс тусгай бялуу бэлдэн, хурлын оролцогчид төрсөн өдрийн дуу дуулан гардуулсанд, санаанд оромгүй сайхан бэлэг боллоо хэмээн бэлгэшээн баярласан билээ. 


Конгрессын Номын Санд үргэлжилсэн хуралдаан буюу
Хөвсгөл нуурыг хэрхэн хамгаалах вэ?

Монгол Соёлын Төвийн Монгол судлалын бага хурлын түлхүүр илтгэлийг дэлхийн хамгийн том номын сан болох Конгрессын Номын Санд хэлэлцдэг болсоор гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ нь АНУ-ын хууль тогтоох байгууллагын албан тушаалтнуудын анхаарлыг Монгол судлалд, ерөөс Монгол улсад хандуулах давхар ач холбогдолтой юм. Энэ жилийн хувьд Конгрессын Номын Сангаас тус хуралд хамгийн хүндтэй танхим нь болох Клүгэгийн өргөөг гаргаж өгчээ. КНС дэх хуралдааныг нээж, тус номын сангийн Азийн салбарын захирал, доктор Шао үг хэллээ. Дараа нь элчин зөвлөх Б. Болд, Боловсрол Соёл хариуцсан нарийн бичгийн дарга А. Хулан нар Монгол улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн албанаас Монгол судлалын 74 номыг Конгрессын Номын Санд хандивласныг гардуулан өглөө. Ц. Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөсөө хойш ч ийнхүү Монгол судлалыг идэвхтэй дэмжин ажилласаар байгаа ажээ. 

Ингээд Олон улсын Монгол судлалын XII бага хурлын түлхүүр илтгэлийг хэлэлцүүлэхээр Дрексэлийн их сургуулийн Байгалийн Шинжлэх Ухааны Академийн судлаач, доктор Клайд Гоулдэн, АНУ-ын Үндэсний Паркийн Үйлчилгээний Удирдах Зөвлөлийн гишүүн Роберт Макинтош нарыг урив. Хоёр судлаач Хөвсгөл нуурыг хамгаалахаар сүүлийн хорин жил хэрэгжүүлсэн төсөл, хийсэн судалгаагаа илтгэлээ. Бүхий л талаас нь нарийвчлан авч үзсэн судалгаа болсныг тоймловол, Хөвсгөл далайг байгалийн шинжлэх ухаан, хууль эрх зүй, усны чанар, цаг уурын өөрчлөлт, хур тунадас, загасчлахуй, дархан цаазат газрын мэнэжмэнт, Монгол улсын тогтоосон стандарт, бохирын суваг, усан тээвэр, нуурын эрэг дагуух зам гэх мэт олон талаас нь судлаад, ямар аюул учраад буйг шинжлэх ухааны үндэстэй гаргаж иржээ. Өдгөө гагцхүү манай төр засгаас л тэр судалгааг анхаарах цаг болсон мэт. Ганцхан жишээ дурдахад, улсаас тогтоосон стандартын дагуу бол нуурын эрэг орчимд жуулчны баазууд нэгнээсээ 1 километрийн зайд орших ёстой, ил задгай жорлон байж болохгүй юм байна. Гэтэл хиймэл дагуулын нарийчвлалтай зургаар бол шавсан олон жуулчны баазууд хоорондоо 0,27 км зайтай, модон жорлон бол үй түмээрээ багшрах аж. Ийм тохиолдолд нуурын усыг хамгаалах тухай ярилтгүй гэнэ. Төсөл хэрэгжүүлэгчид энэ байдлыг одоо шууд засах боломжгүй тул одооноос эхлэн залуу үеийнхэнд байгаль-экологийн боловсрол олгож эхэлсэн байна. Байгальдаа ээлтэй ханддаг бүхэл бүтэн үе гарч ирж байж л энэ бүх асуудал арилна гэнэ. 75 жилийн өмнө АНУ-д яг ийм байдалтай байсан, залуучуудад экологи, байгалийн тухай хичээл орж эхэлснээр тавиад жилийн хугацаанд огт өөр болсон, хэн ч Үндэсний дархан цаазтай газраахог хаядаггүй болсон тухай хоёр судлаач ярьж байлаа.

Дараа нь Конгрессын Номын Сангийн Монгол- Төвөд номын мэргэжилтэн Сюзан Майнхайт тус номын сан дахь Монгол номын хөмрөгийг танилцуулаад, жишээ болгон зөвхөн Хөвсгөл нуур гэсэн үгээр хайлт хийхэд, ямар ямар хэлээр хэдэн ном гарч ирж буйг сонирхуулав. Үүний дараа зочдыг Азийн уншлагын танхимд урьж, Монгол номоор үзэсгэлэн гаргаснаа сонирхууллаа.

Үүгээр эхний өдрийн хуралдаан өндөрлөв.

Пэнсилваниагийн их сургуулийн судлаач Кристен Пийрсон


Пийрсоны судалсан Үзүүр гялааны олдворуудаас.



Ж. Баярсайханы судалгаанаас: Буган чулуунаас адууны 229 дүрслэл олдоод байгаа ажээ.



Анран Вангийн дүгнэлт буюу ХКН-аас Өвөр Монголд ноёрхлоо тогтоосон үе шат


Кристофер Этвүд багшийн төрсөн өдөр давхацлаа.



Конгрессын Номын Санд илтгэлээ хэлэлцүүлсэн түлхүүр илтгэгчид.

Үргэлжлэл бий.    


Өдрийн сонины Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч Мягмарын САРУУЛ-ЭРДЭНЭ