Венесуэл улс нь асар их байгалийн баялгийн нөөцтэй улс. Газрын тос, нүүрс, алт, төмөр, хөнгөн цагааны хүдрийн экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. 

Тус улс 1945 онд НҮБ-д элссэн, мөн 1958 оноос Ардчилсан нийгэмд шилжсэн, олон намын тогтолцоотой болсон. ХХ зуунд Латин Америк дахь хамгийн ядуу орноос хамгийн баян эдийн засагтай орнуудын нэг болж хөгжиж чадсан. 1970 онд дэлхийн хамгийн баян 20 орны жагсаалтад багтаж, нэг хүнд ногдох ДНБ нь Испани, Грек, Израйль улсуудаас их байсан. 1973 онд Боливарын ханш АНУ долларын ханшийг давж байсан түүхтэй.

Гэвч 1970-аад оноос эдийн засагт нь төрийн оролцоо зохицуулалт нэмэгдсэнээс үүдэн тус улсын эдийн засгийн өсөлт саармагжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл зүүний үзэлтэй социалист хүмүүсийн оролцоо алгуур нэмэгдэж шийдвэр гаргалтанд нөлөөлж эхэлсэн гэсэн үг. 

1992 онд төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн цэргийн офицер Уго Чавес 1998 онд Ерөнхийлөгч болсноор тус хугацаанд үүсээд байсан хямрал цаашаа улам үргэлжлэх үүд хаалга нээсэн. Түүнийг ерөнхийлөгч байх хугацаатай давхцан газрын тосны үнэ тэнгэрт хадсаны ачаар засгийн газрын сан хөмрөг хальтлаа дүүрсэн тул XXI зууны социализмын туршилт амжилттай эхэлсэн ч эцэстээ эдийн засгийн сүйрэл, инфляцын хэт их өсөлт, өлсгөлөн, дарангуйлал болон хувирсан. Газрын тосны үнийн өсөлтөөс олсон маш их хэмжээний орлогоо тэр чигт нь социализм байгуулахын тулд үр ашиггүй зүйлүүдэд зарцуулсан. Тэрээр Ерөнхийлөгч байх хугацаандаа дараах социалист туршилтуудыг хийсэн: 

  • 1999 онд ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ баталж, социалист болон популист нийгэм эдийн засгийн бодлогоо явуулж эхэлсэн. “XXI ЗУУНЫ СОЦИАЛИЗМ” байгуулна гэж зарласан. 
  • Уго Чавес АНУ-ын эсрэг гадаад бодлогоо явуулж эхэлсэн.
  • 2001 онд Газар болон байгалийн баялагаа дахин хуваарилахад чиглэсэн хуулиуд баталсан.
  • 2005 онд Тариаланчдын эд хөрөнгийг хураан авч төрийн өмч болгох шийдвэр гаргасан.
  • 2006 онд 7.5 тб ам.долларын өртөг бүхий улс орныг дамнасан 13,665 км урт төмөр замын сүлжээ байгуулах төсөл баталсан.
  • ОХУ-аас 3 тэрбум долларын үнэ бүхий зэр зэвсэг худалдаж авах хэлэлцээр хийсэн.
  • 2007 онд Эрчим хүч, харилцаа холбооны салбарын томоохон компаниудыг төрийн өмчийн болгох шийдвэр гаргасан. 
  • 2007-2010 оны хооронд 350 орчим хувийн компанийг төрийн мэдэлд авсан. 
  • АНУ-ын EXXON Mobil, ConocoPhilips гэсэн 2 том газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг төрд авсан. Үүнээс үүдэн маш их хэмжээний гадаад өртэй болж, АНУ-тай харилцаа улам хурцадсан.
  • 2011 онд 2 сая орон сууц барих үрэлгэн бодлого зарлаж эхлүүлсэн.
  • 2012 онд Засгийн газар инфляцийн эсрэг өргөн хэрэглээний бараанд үнийн хяналт тогтоосон. Энэ хөтөлбөрийг дагаж мөрдөхгүй байсан компаниудыг дарамталж эхэлсэн. 

Уго Чавес 2013 онд нас бартлаа улсаа удирдахдаа өнөөдрийн бүх хямрал руу бүрэн хөтөлж оруулсан. Улмаар Уго Чавесын хувийн жолоочоор ажиллаж байсан, дунд боловсролтой Николас Мадуро ерөнхийлөгчөөр сонгогдсон. Николас Мадуро сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, кофены үйлдвэр, сүпермаркет, бордооны үйлдвэр, гутлын үйлдвэр зэргийг төрийн мэдэлд шилжүүлэх ажлыг түргэвчилсэн. Гэвч түүнийг ерөнхийлөгч болсноос хойш ганцхан жилийн дотор газрын тосны үнэ огцом унасан. Үр ашиггүй социалист тогтолцоотой, үнийн хатуу хяналттай оронд энэ үнийн уналт маш том хүндрэлийг авчирсан. 2016 онд 225% хүрч байсан инфляц 2018 оны 5-р сард 14000% хүрсэн. Тэрээр өнөөдөр ч улс орноо гүн хямралд улам живүүлсээр байна.