Вирусийн ертөнц

Манай дэлхийн хүн амын бараг нэг тэрбум нь вирусийн гаралтай янз бүрийн цочмог болон архаг өвчнөөр шаналж, амар амгалан амьдралыг нь вирусүүд л бусниулж байдаг юм. Вирусүүд хэдийгээр ийм хор аюултай ч ХХ зууны биологийн шинжлэх ухааны чухал чухал том нээлтүүд бүгдээрээ вирус дээр л хийгдсэн төдийгүй хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насыг хөнөөсөөр ирсэн цагаан цэцэг хэмээх аюулт өвчнийг чухамхүү ХХ зуунд л устгасан билээ. Бүрмөсөн устсан цөөхөн өвчний тоонд цагаан цэцэг нэмэгдэж, үүсгэгч вирус нь илрэхээ больсон ч, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) мэтийн шинэ шинэ вирусээр үүсгэгдсэн халдварт өвчнүүд тасралтгүй гарч, хүн төрөлхтөнд аюул занал учруулан, шинжлэх ухааны шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болсоор байна.

Хүний нүдэнд үл үзэгдэгч өчүүхэн жижиг вирусүүд дэлхийн экологийн тэнцвэрт туйлын чухал нөлөө үзүүлж байдаг төдийгүй удамшлын материал болсон деоксирибонуклейн хүчил (ДНХ)-ийг, нэг зүйлийн амьтнаас нөгөө зүйлийн амьтанд зөөвөрлөн дамжуулж, цоо шинэ удамшлын материал үүсгэн эволюци хөгжилд нөлөөлж, биологийн төрөл зүйлийн популяцийн тоог зохицуулж байдаг юм. Түүнчлэн, микроб (бичил организм)-оос эхлээд, аварга том сүүн тэжээлтэн хүртэлх биологийн бүх зүйл, бүгдээрээ вирусийн халдварт өртөж байдаг билээ. Вирусүүд, зөвхөн амьд организмд ингэж нөлөөлөөд зогсохгүй, дэлхийн цаг уур, газрын хөрс, далай тэнгис, цэвэр усанд ч нөлөөлж байдаг учраас, эволюци хөгжлийн явцад тасралтгүй хөгжсөөр ирсэн амьтан, ургамал, микробуудыг судлахдаа, тэдгээртэй зэрэгцэн оршиж, амьдарсаар ирсэн өчүүхэн жижиг ч туйлын хүчирхэг вирусүүдийн үзүүлсэн нөлөөг заавал харгалзан үзэж байх ёстой.

Карл Циммэрийн бичсэн Вирусийн ертөнц хэмээх ном анх 2011 онд хэвлэгдсэнээс хойш ч вирусүүд хүн төрөлхтнийг гайхшируулсаар ирлээ. Эбола вирус л гэхэд, нэгэн үе Африк тивийн алслагдмал нутагт Эбола өвчний багахан хэмжээний дэгдэлт үүсгээд аяндаа намждаг байсан бол сүүлдээ Африкийн Фритаун, Конакри зэрэг хотод томоохон эпидеми үүсгэсэн төдийгүй тэдгээр хотоос дэлхийн бусад тивд Эбола вирус анх удаа зөөвөрлөгдөн тархлаа. Түүнчлэн, MERS мэтийн цоо шинэ вирусүүд амьтнаас хүнд анх удаа халдав. Гайхалтай олон төрөл зүйлд хуваагддаг вирусүүдийг хүн төрөлхтний тусын тулд ашиглах шинэ шинэ аргыг ч эрдэмтэд энэ хооронд нээлээ. Ийм учраас, вирусийн халдварын талаарх шинэ шинэ мэдээллээр баяжуулсан Вирусийн ертөнц гэдэг номоо нийтлэлч хоёр дахь удаагаа хэвлүүлж байгаа юм.

Уг нь, Карл Циммэр энэ номынхоо эссэнүүдийг анх Вирусийн ертөнц (World of Viruses) хэмээх төсөлд зориулан бичсэн бөгөөд энэ төсөл нь, АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн харьяа Сургалтын Материал Хангамжийн Үндэсний Төвийн тэтгэлэг, санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Шинжлэх ухааны боловсрол олгох түншлэл” хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг байгаа юм. Вирусийн талаар, вирус судлалын шинжлэх ухааны талаар хүмүүст улам сайн ойлгуулж, тэдэнд тусалж байх зорилгоор “Вирусийн ертөнц” төслийг хэрэгжүүлэхдээ, баримтат нэвтрүүлэг бэлтгэн радиогоор сурталчлах, зурагтай ном, өгүүлэл хэвлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, гар утас, айпадны аппклишэйн бэлтгэж түгээх зэрэг олон төрлийн арга хэлбэрийг бид ашигладаг. Хэрвээ “Вирусийн ертөнц” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, http://worldofviruses.unl.edu веб хуудаснаас аваарай.

Нэбраскийн Их сургуулийн дэргэдэх
Улсын музейн эрхлэгч бөгөөд “Вирусийн ертөнц” төслийн удирдагч, доктор, профессор Жүди Даймонд 

Люис Л.Лэрийн нэрэмжит Их сургуулийн биологийн шинжлэх ухаан, биохимийн багш бөгөөд Нэбраскийн Вирус Судлалын Төвийн захирал, доктор, профессор Чарлз Вүүд


“Маш гоё, ухаалаг мөртөө цочирдмоор энэхүү номыг уншихад айх мэдрэмж аяндаа төрнө. Хүнийг үүнээс илүү айлгана гэж бараг үгүй биз ээ.” — Boing Boing 

“Бусад нийтлэлч 500 хуудсанд арайхийн багтааж бичихээр зүйлийг Карл Циммэр ердөө зуухан хуудсанд багтааж Вирусийн ертөнц хэмээх эл номоо туурвижээ. Зохиогч өдөр шөнөгүй бидэнтэй зэрэгцэн оршиж байдаг ч нүднээ үл үзэгдэгч вирусүүдийн мөн чанар, бодит байдлыг огт өөр өнцгөөс товч бөгөөд тодорхой тайлбарласан байдаг.” — Washington Post 

“Хүн төрөлхтний урт удаан түүхийн туршид өдий төдий уй гашуу учруулсаар ирсэн  вирусүүдийн тухай бичсэн энэ номд хүмүүсийн мэдэхийг хүсдэг болоод мэдэхийг ч хүсдэггүй  тэр л зүйлсийн тухай өгүүлжээ.” — Forbes  

Шинжлэх ухаанд тогтоогдоод байгаа хамгийн жижигхэн амьд организм бол, үнэндээ вирус бөгөөд  янз бүрийн хэлбэрээр оршдог өчүүхэн вирусүүд л манай ертөнцийг бүрэн эрхшээж байдаг юм. Дэлхий дээр амьдрал үүсэхэд вирус  гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй хамгийн аюултай өвчнүүдийн дийлэнхийг  вирус үүсгэж, хүн төрөлхтний хувь заяаг шийдсээр, ирээдүйд ч зуун зууныг дамжин эрхшээсээр байх нь гарцаагүй. 

New York Times сонины шинжлэх ухааны нийтлэлч Карл Циммэр Вирусийн ертөнц номдоо эрт  цагаас эхлэн хүн төрөлхтнийг өвчлүүлсээр ирсэн ханиаднаас авхуулаад орчин үеийн биологийн ухааны сүүлийн үеийн ололт хүртэлх өргөн хүрээний мэдээллийг багтааж, амьдралын тухай бидний ойлголтыг өргөжүүлэн баяжуулсан олон төрлийн нээлтийг тодорхой танилцуулжээ. Үүнээс гадна Эбола өвчин, Дундад Дорнодын амьсгалын дутагдлын хамшинж буюу MERS, Чикунгунья вирусийн халдварын тухай нэмж оруулсан байна. Тухайлбал, өнөө үеийн хуягт гүрвэл, заан, хүн болоод амьтны ерөнхий өвөгт зуун сая гаруй жилийн өмнө халдварлан өвчлүүлж байсан эртний вирус, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан үхлийн аюултай халдварт өвчин үүсгэдэг вирусийн тухай та энэ номоос мэдэж авна. Сонирхол татам түүхийг чадварлаг, ойлгомжтойгоор хүүрнэсэн Карл Циммэрийн энэ ном хүн, вирус хоёр хэдий нарийн уялдаа холбоотой байдгийг уншигчдад тодорхой харуулна. Вирусийн ертөнц-өөс “айж балмагдсан” хүмүүст энэ ном сүрдмээр бөгөөд нуугдмал нэгэн ертөнцөөр аялсантай эн дүйцэхүйц мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэж байна.