2023.05.09.

Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна.

Энэ бүхэн дайнаас болсон. ОХУ Крымын хойгийг өөртөө нэгтгэж, ноднин Украинд халдан довтолсон гэдэг бол үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л үнэн. Үүнтэй зэрэгцээд 2014 онд Киевт гарсан төрийн эргэлт, орос үндэстнүүд зонхилдог Крым, зүүн өмнөд мужуудийн эсэргүүцэл, иргэний дайн, хүмүүс мянга мянгаараа үхэж үрэгдсэн найман жил бол өөр нэг үнэн. Тийм ээ, энэ бол тусгаар улсын дотоод асуудал, Гэхдээ хэрэг гарвал НҮБ-ын тогтоол, эсвэл тэр улсын Засгийн газраас зөвшөөрөл авахгүйгээр гаднаас дайрч, цэрэг оруулж болдог нь батлагдсан үнэн. Хүйтэн дайнаас хойш Югослав, Ирак, Ливи, Сири, Афганистан байна. Ганц нэгд хүч хавсарч “энхийг сахиулсан” бахархалт үнэн бас бидэнд ч бий. Тэгэхээр манай олон нийтийн зарим хэсэг Украинд гэнэт хайртай болсны шалтгаан бол XXI зууны антисемитизм гэж хэлж болох оросын эсрэг үзлийн монгол хувилбар юм. Эсрэг гэхлээр шүүмжлэх, муу хэлэх, бүр эсэргүүцэхийг хэлдэг. Байдаг л зүйл. Гэхдээ үзэн ядаж, яваандаа үзэн ядах багадаад ОХУ-ыг задлан бутаргах, сөнөөхийг уриалж, Ерөнхийлөгчийг нь хөнөөхийг шаардах бол энгийн хэллэг болж, Гитлер, Геббельсээс хуулсан байж магадгүй гэж хардмаар үг, өгүүлбэрүүдийг нийгмийн сүлжээнээс уншиж, гудамжнаас сонсож байна. Хараалуудыг нь хасаад ч зөөлрөх шинж алга.

Ялалтын баяр. Ноднин маршал Жуковын хөшөөний урдах цуглаан, түүнд оролцогчдыг чичилж давшилсан бол энэ удаад Жуковын хөшөөг өөрийг нь буулгахыг шаардаж, нураавал мөнгө амлаж, арай л гар хүрсэнгүй. Дараа жил санасандаа хүрэхийг оролдож таарна. Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөний зургийг украины далбааны өнгөөр будаж хэсэг зугаацсан.  

1939, 1945 оны ялалтын ачаар Монгол Улс өнөөгийн хил хязгаараар тусгаар улс болж чадсан учраас энэ баярыг тэмдэглэж чаддаггүй юм аа гэхэд хэн нэгнээр гутаалгаж суух шалтгаан бидэнд байхгүй.

Тэр жилийн 9-р сард маршал Чойбалсан Цагаан хэрмийн дэргэд авахуулсан зургийг хараад, тэгэж дэмий зогсохын оронд үүгээр хилээ тогтоох байсан юм гэж шүүмжлэх бол би дэмжинэ. Харин оросууд сайндаа биш, Хятадаас зааглах жийрэг улс учраас Монголыг тусгаар тогтнуулсан гэдэгт хорсоод байгаа нь “наймаагаа буцах” санаа юу?

Хэрвээ 1945 онд Сталин Монголыг Хятадтайгаа учраа ол гээд хаясан бол манайх одоогийнхоос илүү хөгжиж, илүү сайхан амьдрах байсан байж болзошгүй. Нийслэл метротой, давхар замууд сүлжилддэг, түгжирдэггүй, гэр хороолол байхгүй, бүгд байшинд суудаг, малчид хувийн бэлчээртэй учраас хэрүүл зөрчил байхгүй, хүнсний хувьсгал явагдаад дууссан, 100 тэрбум модыг тарьсан төдийгүй ургуулчихсан, төмөр замууд хөндлөн гулд тавигдаж нүүрсний цуваа тасардаггүй, төсөв мөнгө бялхсан, гадаад өр, ЖДҮ, нүүрс, банкны хулгай гэж марзан ойлголт байхгүй, ганц хоёр авлигачин цухуйх төдийд барьж аваад буудчихсан байх байлаа. Дэлхийн хамгийн том Чингэс хааны хөшөөг зах хязгааргүй уудамд хөндийд барьж 400 сая байтугай жуулчинг хүлээгээд авчихсан байна. Харин энэ нутаг дэвсгэрт хүн амын тоо хэдэн арван саяар тоологдож, үндсэн гадаад хэлний асуудал гэж сонсоогүй, яагаад гэвэл хүн бүр НҮБ-ын таван хэлний хамгийн хэцүү нэгийг албан ёсоор эзэмшсэн байж таарна.    

Миний юу хэлэх гэснийг та бүгд ойлгосон байх.