Алис Сү                                                                                                                                                            Бээжин


Хятад “Үлгэр жишээ цөөнх”-өө онилж байна. Баривчлагдах,
мөрдөн мөшгөгдөх, бас ажлаа алдах аюул заналууд.


Малчин удаан ярьж чадсангүй. Эргэн тойрон дахь бусад Монголчуудынх нь адил түүний утсыг хянаж байгаа аж. 

“Бид гарах гарцгүй боллоо. Бид юу ч хийж чадахгүй нь ээ” гэж Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны төв нутаг, Шилийн Гол аймгийн малчин Гангабаатар ярилаа. Тэнд гурван долоо хоногийн өмнө Засгийн газраас Монгол сургуулиудын хагасад нь Монгол хэлний хичээлийг хятадаар орлуулсан “хос хэлний сургалт” гэх шинэ хөтөлбөрийг эсэргүүцсэн олны эсэргүүцэл гарсан юм. 

Уг эсэргүүцлийн хөдөлгөөн нь хүч хэрэглэсэн дарамт шахалтын улмаас ихэнх газар унтарч байгаа бололтой. Эрх баригчдаас ирэх хавчлага шалгалтаас болгоомжлон өөрийнхөө овог нэрийг бүтнээр нь бичихгүй байхыг хүссэн Гангабаатар, - Эсэргүүцлээ илэрхийлж байсан Шилийн Голын хүүхдүүдийн 90 хувь сургуульдаа эргэж очсон гэж хэлэв. 

Гангабаатар “Хэрэв хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй бол тэд ажлаас чинь халж зайлуулна. Тйим хүн банкнаас зээл, татаас авч чадахгүй болно. Тэдний хар жагсаалтад орно. Өргөх бичигт гарын үсэг зурсан хүмүүсийг баривчилж байна даа” гэж ярив. 

Өвөр Монгол дахь Хятадын Засгийн газрын залхаан цээрлүүлэлт гайхаш үл төрүүлэм бас шуурхай явагдаж байна. Тагнах мөрдөх, санхүүгээр болон ажил албаар нь айлгах, хорих, найдваргүй этгээдийн хар жагсаалтад оруулах мөн хэвлэл мэдээллийг хааж боож хянах. Бусад цөөнхи үндэстний хувьд ч хэрэглэж буй “нийгмийн тогтвортой байдал” дахь аюул заналыг арилгаж байгаа гэх танил, хур арга тактик нь юм. 

Харин урт удаан хугацааны турш Хятадын “үлгэр жишээ цөөнх” гэгддэг байсан бүсэд ийм хэрэг явдал болж байгаа нь бас цочирдом. Хос хэлний хөтөлбөр Хятадын доторх Монголчуудын хувьд шүүмжлэлтэй тулгарсан төдийгүй, хилийн цаадахь Монгол Улсад, түүгээр зогсохгүй Бээжин дахь Коммунист намын элитүүдийн хувьд ч олон тохиолдоод байдаггүй цочроо авч ирж байна. 

Эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч байгаа ч Хятад цөөнхийн соёлын ялгарлыг уусган алга болгох төрийн бодлогоосоо буцаж ухрахгүй байна. Сүүлийн долоо хоног л гэхэд 9 дүгээр сарын 17-ноор тасалбар болгон, хүүхдүүдээ сургуульд явуулаагүй эцэг эхчүүдэд төрөөс хөнгөлөлт татаас олгохгүй болохыг, Wechat-аар дамжуулан Шилийн Голын захиргаанаас сануулав. Сургуульдаа явахгүй байгаа ахлах ангийнханыг сургуулиас хөөж, улмаар дараагийн дээд боловсрол эзэмших шалгалт шүүлгээс хасах болсныг мэдэгдэв. Шийдвэрийг дагаагүй эцэг эхчүүдийн хувьд банкууд тэдэнд ирэх 5 жилийн хугацаанд зээл өгөхөө бас зогсоох нь. 

Засаг захиргааны өөр нэг шийдвэрт бодлогод нь дагаж захирагдахгүй эцэг эхчүүдийг “итгэж болохгүй хүмүүсийн жагсаалт”-д бүртгэж, ажил төрлийн хязгаарлалт, арилжааны тусгайлсан зохицуулалт, гадагш аялах, амьдрал ахуйгаа өөрчлөх, өөд татах болон нийгмийн харилцаанд орох итгэлийн үнэлгээтэй холбоотой асуудлууд дээр хүртэл өргөн хязгаарлалт, ажиллагаа хийгдэхээр болжээ. 

Шилийн Голын засаг захиргаанаас өнгөрөгч долоо хоногт л гэхэд Монгол хэлний сургалттай сургуулиудын 3469 сурагчдыг бүгдийг нь сургуульд нь амжилттай буцааж оруулсныг зарлав. Энэ тухай улаан суурин дээр Хятад болон Монголоор “Хятад дахь үндэстнүүд Хятадын мөрөөдлийг нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн халуун гэр бүл шиг хамтран бүтээж байна” гэж бичсэн тод өнгийн зар тунхаглал харуулна.

Өвөр Монгол дахь цагдаагийн байгууллагын эх сурвалжаас, ихэнх сурагчид сургууль хичээлдээ явж байгаа. Харин албаныхан интернэтээс “төрд аюул занал учруулах” постууд хийдэг хүмүүсийн араас эрчимтэй мөрдлөг шалгалт хийж байна гэж Лос Анжелес Таймс-д ярив. Тэрээр цагдаагийн байгууллагын шийдвэрт өртсөн тухайн хүмүүсийн нэрс, бичиг баримт, утасны дугаар, ажил гэрийн хаяг болон “сургалт, тогтвортой байдлын хяналт”-ыг хэрхэн явуулж байгааг харуулсан зураг баримтыг ч хуваалцсан юм.

“Тогтвортой байдлын хяналт”-ынхан Wechat-аар дамжуулан Монголчуудын амиа хорлосон тухай мэдээллийг тараасан, эсэргүүцэл тэмцэлд уриалсан хэсэг бүлэг этгээдийг онилсон ажиллагаа явуулжээ. Төрийн дарамт шахалтаас үүдэн есөн Монгол хүн, голдуу багш нар, сурагч оюутнууд амиа хорлосон тухай Нью-Йоркод байрлалтай Өмнөд Монголын Хүний эрхийн Мэдээллийн төв мэдээлжээ.

Есдүгээр сарын эхээр 17 настай охин, 33 настай эмэгтэй амиа хорлосныг албаны хоёр ч баримт бичгээс олж үзсэн. Амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхэнтэй Таймс холбогдох гэж оролдоод одоогоор үр дүнд хүрээгүй байна. Албаны сурвалжид өгүүлсэнээр амиа хорлосон охин сургуулийнхаа дөрөв дахь давхраас бүжгийн давтлагын үеэр ангийнхантайгаа маргалдсаны улмаас үсэрсэн бол эмэгтэй нь дарамт шахалтад өртсөнөөс байшингаас үсэрчээ. 

Одоогоор хилийн чанадад амьдардаг, Өвөр Монгол гаралтай нэгэн түүхчийн ярьсанаар бол Өвөр Монгол дахь залхаан цээрлүүлэлт нь олныг цочоох болсон нь учиртай, яагаад гэвэл Монгол үндэстэн нь бусад үндэстнийг бодвол Хятадад удаан хугацаанд идээшин дассан бас илүү дуулгавартай гэдгээрээ онцлог. Тэр эмэгтэй Хятадад байгаа ойр дотныхноо аюултай байдалд оруулахгүй үүднээс нэрээ бичүүлэхгүй байхыг хүссэн юм. 

Өвөр Монголын Өөртөө засах орон нь 1947 онд буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахаас 2 жилийн өмнө үүссэн. Өвөр Монголын удирдагчид Мао Цэдуний Коммунист намд, Маогийн зүгээс Өвөр Монголд өөртөө засах эрхийг жинхэнэ ёсоор нь эдүүлнэ гэж амласан учир, холбоотон болж нэгдсэн байдаг. 

“Эрх ашгийг нь коммунист тогтолцоо бүрэн хангана гэж тэд итгэсэн. Эсэргүүцэл гарч байгаа нь, эрх ашгаас нь урваж байна гэж тэд үзсэн учраас” гэж түүхч ярив. 

Хятад Улсын Үндсэн хуульд заасан ёсоор, Өвөр Монгол нь өөртөө засах эрх, түүний дотор сурч боловсрох, соёл хэлээ хадгалах эрхээрээ бусад цөөнхи үндэстнүүдийн хувьд үлгэр жишээ болж байсан юм. Харин Кембриджийн их сургуулийн угсаатны зүйч Урадын Булагийнхаар бол Хятадын Үндсэн хууль дахь цөөнхийн “өөртөө засах эрх” бүрэн утгаараа хэзээ ч хэрэгжээгүй аж.

Ардын бүгд найрамдах улс бүрэлдэн тогтож эхэлсэн үеэс л Монголчуудын тооноос хавьгүй олон Хан Хятадууд тус бүс нутаг руу шилжин суурьшсан юм. Соёлын хувьсгалын үед өөртөө засах бүрэн эрхээ шаардсан Өвөр Монголын 20,000 гаруй Монголчуудыг, Монголыг тусгаарлах гэлээ гэсэн хэрэгт буруутган Хятадын албаныхан хүйс тэмтэрчээ. Албан ёсны тоо, намын нууц гэж үздэг ч Коммунист намын зүгээс тийм нууц огтхон ч байгаагүй тухай хожим зөвшөөрсөн.

Ийм зовлон зүдгүүр туулсаны хажуугаар Өвөр Монголд оршин амьдрагчид эдийн засгийн арай илүү боломж бүрдэхэд найдаж Уйгур үндэстэн, Төвдүүдээс илүүтэй Хятадын нийгэмд дасан зохицохыг хичээж өөрийн үр хүүхдүүдээ Хятад хэлтэй сургуульд явуулдаг. 

Зарим хичээлийг үндэсний хэлээр заах засаг захиргааны амлалтад Монгол хүмүүс итгэсээр байгаа ч төрөлх хэлээ алдах бий гэсэн айдас гүнзгий хэвээр байна. Өмнө нь тэдний хэлж байсан зүйлүүд нь олонтоо бардам ам, шалдан гуянаас хэтрээгүй юм.

Хятад дахь угсаатны бодлогоор мэргэшсэн Австралийн Ла Тробын Их сургуулийн Жэймс Лэйболд “Тэдэнд ийм нэг үг бий. Юу ч өөрчлөгдөөгүй, гэхдээ бодит байдалд юм бүхэн өөр болж байдаг.” гэж ярьсан юм.

Өвөр Монголд хэрэгжиж байгаа шинэ дэг журам бол аль арваад жилийн өмнөөс сурганы хэлэлцүүлгүүдээс эхлэлтэй. Хожим 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпины үгээр бүр хүчээ авсан өргөн хүрээний бодлогын илрэл байгаа юм гэж Лэйболд хэлэв. “Хятад үндэстний хамтын оюун санаа”, угсаатан хоорондын “нэгдэл” гэх бодлогоор боловсролын салбарын бодлого нь гүнзгийрч үндэсний хувьд “шинэ эрин” хэмээх санаанд зангидагдах болсон. 

Хятадын Үндсэн хууль өөрчлөгдөөгүй. Харин амьдрал дээр өөртөө засах эрхийг Хятад улс таягдан хаяж хүчээр уусган авах руу шилжиж байна. Лэйболд хэлэхдээ - Хятадын төр бодлогынхоо энэ шилжилтийг цөөнхүүдддээ үл “хойш” татагдан, хүчирхэг Хан Хятадуудын амьдралын замналыг бүтээх “иргэнлэг” өрнөл гэж томъёолдог юм гэв. 

Ийм эрчтэй өрнөл хилийн цаадахь Монгол Улс, Монголчуудын анхаарлыг татсан нь тодорхой. Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И өнгөрөгч долоо хоногт айлчилахад үндэсний хувцасаараа ижилссэн олон хүн Улаанбаатар хотын төв талбайд гарч “Эх Хэлээ Хамгаалъя” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж “Аливаа хүний хэл соёлыг тухайн хүнээс нь салгах аргагүй. Энэ асуудал бол манайд өргөн хэлэлцэгдэж бас Монголчуудын өргөн дэмжлэг авч байгаа… Хэн нэгэн Монгол хүн Өвөр Монголд зовж байвал Монгол Улсад бид үүнийг өөр дээрээ адилхан л мэдэрдэг” гэж хэллээ. 

Өнгөрсөн долоо хоногт Ван Монголын хэвлэлийнхэнтэй уулзахдаа Элбэгдорж Өвөр Монголчуудын тэмцлийг дэмжиж ярихдаа “хоёр нүүрлэж байна” гэв. Энэ нь Хятад улсын төлөө номхон хүлцэнгүй биш байсан гэж шоронд хоригдсон баруун хойд Хятадад орших Уйгурын сэхээтнүүдийн хувьд Шинжааны эрх баригчдаас хэрэглэдэг үг хэллэг юм. 

Үүнтэй зэрэгцэн Бээжинд, Өвөр Монгол дахь залхаан цээрлүүлэлтийг буруушаан Си-гийн эцэгтэй эцэг нь ойр байсан, намын элит гишүүн Ма Шаоли нээлттэй захиа бичжээ. Захиандаа тэрээр, тушаал шийдвэрээ буцааж, Монголчуудаас уучлал гуйж, тэмцэгчдийг “улс төрийн хоригдол”, “Хятадын эсрэг гадаадын хүчин”-ий гар хөл гэж нэрлэхийг болон хүчирхийлсэн баривчилгааг нэн даруй зогсоохыг шаарджээ. 

Захианы доор соёлын хувьсгалын жилүүдэд хот газраас хөдөө нутагт цөлөгдөж Өвөр Монголд олон жил хүнд хөдөлмөр хийж байсан “илгээлтийн эзэн - залуус” асан 18 хүн гарын үсгээ зуржээ. Тэд бичихдээ: - Өвөр Монголчууд яаж зовж зүдэрч байсан ч тэр хүнд бэрх жилүүдэд Хятад улсад үнэнч хэвээр үлдсэн юм шүү, гэжээ. 

“Ихэнх Монгол нөхөд бол эх оронч хууль журам биелүүлдэг иргэд… Улс орондоо хайртай байх нь аль нэг үндэстнийг хайрлах ойлгохтой зөрчилдөхгүй нь лавтай. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал амгалан тайван Өвөр Монгол хоёр дахь Шинжаан болж хувирна! Чингэвээс хичнээн зүрх өвдөх билээ!” гэж уг захианд дурджээ. 

Ма-тай бид холбогдож тайлбар авч чадаагүй боловч бидний олж авсан эх сурвалжийн ачаар захианд гарын үсгээ зурсан цөөнгүй хүн түүнийгээ Таймс-д нотолсон юм. 

Ер бусын тэмцэл эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч гэсэн Хятад Улс дахь үндэстний болон хэл бичгийн бодлогод гарч байгаа шилжилт өөрчлөгдөх өчүүхэн ч шинж тэмдэг ажиглагдахгүй байна. 

Өнгөрч буй долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлөөс Шинжаан дахь албадан хөдөлмөр гэж Хүний эрхийн байгууллагууд нэрлэдэг асуудлаар тайлан илтгэл гаргасан.

2014 оноос 2019 онд “эчнээ сургалт”-д 1.29 сая Уйгур голдуу хүмүүс хамрагдаж “хүмүүсийн” материаллаг болон соёлч байдал сайжирсан” тухай дурьджээ. 

Хятадын эрх баригчид Өвөр Монголд очиж мэдээлэл бэлдэх гэсэн болон бэлтгэж байгаа гадаадын сурвалжлагчдыг хааж боох, тус бүс нутгаас гарч явтал нь элдвээр дарамталж сүрдүүлсээр байна. 

Мягмар гаригт үл хөдлөх хөрөнгийн том бизнестэй Рэн Жычаныг эрх баригчид баривчилж, 18 жилийн хорих ялаар шийтгэв. Намын томоохон зүтгэлтэн энэ хүн Ковид-19 халдварын асуудлаар Си-гийн үйл ажиллагааг шүүмжилж байв. Энэ бол тухайн намын “жонон”-гууд хүртэл шийтгэл дарамтаас ангид биш байх болно гэсэн дохио юм. 

Өвөр Монголын цагдаагийн эх сурвалжийн хэлснээр тэр “дэлбэрхэд ойрхон байсан”. Тэрээр хоригдсон хөгжийн зохиолчийн талаар болон телевизэд ажиллаж байгаад баригдсан найз нь ажлаас нь халах дарамтын дор өөрийгөө буруутгасан зүйл бичсэнийг мэдэж байсан. Түүний сургуулийн анд, мөн найзынх нь аав 24 цагийн дагалдан ажиглалтад байсан. 

Тэр өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовж байна гэж ярьдаг байсан боловч ямар ч гарцгүй байдалд орсон. 

Алис Сү бол Лос Анжелес Таймс-ын Бээжингийн товчооны дарга юм.

2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр. Өглөөний 10 цаг.

Энэхүү нийтлэлийн англи хэл дээрх холбоос: https://www.latimes.com/world-nation/story/2020-09-23/inner-mongolia-china-model-minority-crackdown