Хөгжлийн банкийг дампууртал казинодсон “бүтээн байгуулагчид”-ын нэг жишээ бол “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр боллоо. Эндээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш том бүлэглэлтэй “тэмцэж” байгаа юм байна.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгахаар УИХ-аас байгуулсан Түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр эхэлсэн. Сонсголын эхний өдөр л гэхэд “Бэрэн групп”-ийн 38.8 сая ам.долларын зээлийн зарцуулалтын талаар өрнөсөн харилцан ярих анхаарал татав. Юуны өмнө зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн, зээл нэмж олгосон талаар шинжээч танилцууллаа. Мөн нийтдээ 4.4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан талаар мэдээлсэн юм. Энэ нь “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр казино тоглосон эсэх асуудал, түүний дотор 5130004657 дугаартай дансны орлогын дүнгээс харагдлаа. “Бэрэн металл”, “Бэрэн групп”, “Бэрэн трейд”, “Бэрэн констракшн”, иргэн Л.Бурмаа болон бусад нэр бүхий эх үүсвэрүүдээс нийт 4 тэрбум 481 сая 594 мянга 242 ам.долларын орлого уг дансанд орсон байна. Харин зарлага нь тун сонирхолтой.

Сонсголыг даргалагч Б.Энхбаярын зүгээс “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрөөс Хөгжлийн банкнаас зээлсэн зарим санхүүжилтийг ямар учраас өөрийн данс руу шилжүүлж авсан талаар асуух явцдаа “Макаогийн болон Сингапурын казиногийн АТМ-ээс 2018 онд 1.5 сая ам доллар гарган авсан” талаар мэдээлсэн. Үүнийгээ бататгаж "Бэлнээр авсан мөнгөө та өөрөө авсан уу, үгүй юу” гэх асуултад Б.Мөнхтөр хариулахдаа Х "Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа тул хариулах боломжгүй" гэсэн юм.

Тэгвэл түүний 5130004657 дугаартай дансны зарлагын дүнгээс харахад нийт 44 удаа казиногоор үйлчлүүлсний нийт 1 тэрбум 209 сая 802 мянга 209 төгрөгийн зарлага хийгджээ. Мөн Hotel казинод 77 удаагийн шилжүүлгээр 114 сая 259 мянга 544 төгрөг, Forex казинод 23 удаагийн шилжүүлгээр 46 сая 276 мянга 341 төгрөг, Makau, Macao казинод 254 удаагийн шилжүүлгээр 436 сая 276 мянга 341 төгрөг түүний нэр дээрх картаар зурагдсан байна. 

Мэдээж, нийт 300 гаруй хуудас материалаас хянаж гаргасан гүйлгээ учраас энд багтаах боломжгүй. Үүнд, Сингапурт 84 удаа нийт 991 сая 916 мянга 796 төгрөгийн, Бээжинд 173 удаа нийт 107 сая 939 мянга, 081 төгрөгийн, Бусан, Сеүл, Инчонд нийт 98 удаа нийт 489 сая 776 мянга 930 төгрөгийн зарлага болон “утга бичигдээгүй 446 удаагийн шилжүүлгээр нийт 502 сая 132 мянга 179 төгрөгийн зарлага гарчээ. Ингээд дээрх  Хаан банкны 5130004657 дугаартай дансны зарлага 3 тэрбум 784 сая 119 мянга 877 төгрөг болж байна.
“Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрийн зөвхөн Макаод казино тоглосон гүйлгээний огноо, зарлагын мөнгөн дүнгийн зах зухаас буюу 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны хооронд Макаогийн “WYNN Palace Casino Macao” болон “Galaxy Macao Cotai City” зэрэг казинод өөрийнхөө картаар гүйлгээ хийсэн баримт олдсоныг нийтэд үзүүлэх нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны гэх хэргийн яллагдагчийг тогтоохдоо тодорхой судалгаа, хяналт, шинжилгээний үндсэн дээр баримт бүрдүүлсэн, үүнийгээ хавтаст хэрэгт нотлох баримтаар бүрдүүлж хавсарган хуулийн дагуу шүүхэд шилжүүлэхдээ хүлээлгэж өгсөн. Хэргийг хэрхэн шийдвэрлэхийг шүүх шийдвэрлэнэ. Харин нотлох баримтгүйгээр яллагдагчаар татсан зүйл байхгүй, ямар ч башир арга хэрэглэсэн баримт баримтаараа л үлдэх учиртай гэдгийг олон нийтэд сонордуулах нь зүйтэй гэсэндээ үүнийг дэлгэж байна.