Энэ 7 хоногт
Зүгээр суусны үнэ
Фэйсбүүк ашиглах нь хүртэл үнэтэй гэдгийг мэдэх үү?
Лондон хотын Оксфорд гудам нь Европын хамгийн завгүй худалдааны гудам. Өдөртөө л тус гудамд 175 мянган хүн автобуснаас бууж, суудаг газар. Тэнд сурч байхдаа тус гудмаар яг ажил тарах үеэр явж таарсан юм. Намайг явах үед явган хүний зам нь авто зам шиг хоёр урсгалтай болсон байлаа. Баруун гар тал нь зөвхөн урагшаа явах ба зүүн гар тал нь зөвхөн хойшоо явж байв. Эгнээ солихын тулдболомжийг хүлээх ёстой болж байв. Өөрөөр хэлбэл жаахан зай гармагц хажуугийн эгнээ рүү эргэн, хойшоогоо явах боломжтой болно гэсэн үг. Боломж нь гарахгүй бол чигээрээ л явна. Арынхаа хүмүүст түрэгдээд тэр. Энэ бол завгүй өнөөгийн нийгмийн ердөө л нэг жишээ. Дэлхийн томоохон хотууд бүгд л ийм. Бүгд л завгүй гүйлдэнэ. Яагаад ингэтлээ сандарцгаадаг вэ гэхлээр дэлхийн эдийн засаг энэ хүмүүст зүгээр, тайван байх боломжийг үл олгоно. Яагаад гэвэл өнөөгийн нийгэм биднийг тогтмол урагшилж, бас соргог амьдрахыг шаардаж байна.
Зургийг: Wallace Tricket
Учир нь:
Өнөөгийн нийгэмд юм бүхэн үнэтэй
Хүн бүрт ойр санагддаг үгсийг би хэлье. Утасны төлбөр, байрны мөнгө, сургалтын төлбөр, зээлийн төлөлт. Танил мөртлөө, дарамттай үгс. Төлбөр, төлөлт, мөнгө. Хар багаас л энэ үгсийн дарамт эхэлдэг. Насан туршид дагна. Энэ нийгэмд амьдарч байгаа хүн бүхнийг дагна. Өөр зам байхгүй. Эдгээр үгсийн ард гарахын тулд л хүмүүс ажиллаж, амьдарч байна. Заримдаа аз, жаргалаа умартан хөдөлмөрлөж байна. Улсын хэмжээнд сүүлийн нэгж жилийн хугацаанд 14.6 их наяд төгрөгийн зардал айл, өрхүүд маань гаргасан байгаа юм. Ийм хэмжээний дарамтыг мэдэрсэн гэсэн үг. Энэ нь дотоодын эдийн засгийн яг 50-н хувь. Энэхүү дарамт улам нэмэгдвэл төдий хэмжээгээр эдийн засаг өслөө гэж ярьдаг. Энэ муу сайн эдийн засагчид хүнд бий болсон дарамтаар эдийн засгаа хэмжээд сууж байдаг. Таар ч дээ. Тийм үү.
Ингээд дарамт гээд бичээд байхаар нээрээ л уур хүрч байгаа биз. Ямар нийгэмд амьдраад байна аа гэж бодох энүүхэнд. Гэхдээ нөгөө талаас нь харах гээд үзье. 14.6 их наяд төгрөгийн ард тийм хэмжээний худалдан авалт, түүнийг дагасан баяр хөөр байсан байх. Тэр хэмжээгээр сайхан байранд амьдарч, тэр хэмжээгээр сайхан машин унасан байх.
Онцлог нь юм бүхэн үнэтэй болсон байгаа юм. Хорин нэгдүгээр зуун шүү дээ.
Тэр ч бүү хэл бидний үнэгүй гэж боддог бүхэн үнэтэй.
Өдөр бүр заавал юм шиг хийдэг нэг ажил хүмүүст бий болсон ньФэйсбүүкээ шалгах явдал. Та ч бас шалгадаг байх, угаасаа дэлхий даяар л орж байна шүү дээ. Тоо баримтаас дурдвал Фэйсбүүк нь 2017 оны эцсийн байдлаар 2.1 тэрбум хэрэглэгчтэй байсан ба үүнээс өдөр бүр ордог идэвхтэй нь 1.37 тэрбум хүн. Нэг хүн өдөрт дунджаар 20 мин онлайн буюу идэвхтэйгээр фэйсбүүк-т байдаг байна.
Үүний цаана мэдээж нүсэр, том компани бий. Жилийн 41 орчим тэрбум ам.долларын орлоготой, Насдакын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй тийм компани байдаг. Тус компани нь дийлэнх орлогоо сурталчилгаанаас цуглуулна. Өөрөөр хэлбэл 1.37 тэрбум хүний өдөр бүрийн 20 минутыг өөр бусад компаниудад сурталчилгаа байршуул хэмээн санал болгодог гэсэн үг. Тус хугацааг ашиглан компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилж, үүнийхээ төлөө жилд 41 тэрбум ам.доллар төлсөн байгаа юм.
Тэгвэл хэрэглэгч талаас нь харъя л даа. Жилийн 41 тэрбум ам.долларын орлого нь 1.37 тэрбум хүн дээр тогтож байгаа гэвэл нэг хэрэглэгчийн бий болгож буй орлогыг тооцож болно. Хувааж үзвэл нэг хэрэглэгч өдөр бүр фэйсбүүкээ шалгаснаар тус компанид жилд 30 ам.долларын орлого оруулдаг болж таарах нь. Монгол төгрөгт шилжүүлж бодвол 75 мянган төгрөг болж байна. Үүнийг өдөрт хувааж үзвэл 200 төгрөг орчим болох нь. Тэгэхээр энэ их энгийн. Та өдөрт фэйсбүүкээ шалгаснаар 200 төгрөгийн орлого тус компанид оруулдаг байна.
Түүх үүгээр дуусахгүй.
Тус компанид өдөр бүр бий болгосон 200 төгрөгийн орлогыг хэн төлж байна гэдэг том асуулт гарч ирнэ. Мэдээж фэйсбүүк дээр сурталчилгаагаа байршуулсан компаниуд төлсөн. Тэгвэл тэр компаниуд сурталчилгааны зардлаа хаана шингээх үү? Бүтээгдэхүүн дээрээ л шингээж таараа. Тэрийг нь бүгд худалдаж авч байгаа. Тэр ч бүү хэл, тэрхүү 1.37 тэрбум хүн хамгийн ихээр худалдаж авч байгаа. Өөрөөр хэлбэл бид фэйсбүүк рүү орох бүртээ 200 төгрөг шууд бусаар фэйсбүүк компанид төлдөг байна. Үүнийг бид тэр бүр анзаардаггүй аж. Нэг үг байдаг. Үнэгүй өдрийн хоол байдаггүй юм гэж. Санаа нь тэр.
Зүгээр суух нь ч үнэтэй
Эдийн засгийн талаарх хүн бүрийн мэдэх түгээмэл ойлголт бол инфляци. Энгийнээр бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт хэмээн ойлгоно. Гэхдээ эдийн засагчид маань яг ч үнийн өсөлт гэдэг утгаар гаргаж ирээгүй юм. Харин нөгөө талаасаа буюу мөнгөний үнэ цэнийн бууралтыг хэмжих зорилгоор ийм ухагдахуун гаргаж ирсэн.
Үүнийг хялбараар ойлгох гээд үзье.
Нэгэн хийсвэр зах зээлд нийт 6 төгрөг л байдаг гэж төсөөлье. Өөр нэг ч мөнгө байхгүй. Цаашлаад тэр зах зээлд 3 бүтээгдэхүүн байдаг гэж үзвэл нэг бүтээгдэхүүн нь 2 төгрөгийн үнэтэй болж таарах нь. Зах зээлд байгаа бараа болон мөнгөний хэмжээ тэгж таарч байна. Гэтэл төвбанкнаас дараа жил бүтээгдэхүүний хэмжээ өсөх юм байна хэмээн таамаглаж, 3 төгрөг нэмээд хэвлэчхэж. Дараа жил бүтээгдэхүүний тоо хэмжээ өссөнгүй 3 хэвээрээ л байж, харин зах зээл 9 төгрөгтэй болсон. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн 3 төгрөгтэй тэнцэж байна.Үүнийг инфляци гэнэ. Энэ нь барааны үнэ өсөх тухай биш, нөгөө тал нь буюу мөнгөний үнэ цэнэ, худалдан авах чадвар буурах тухай юм л даа. Үр дүн ижил боловч угсаа гарал нь өөр юм.
Хэрэв та 2 төгрөгтэй түүгээрээ 1 бүтээгдэхүүн худалдан авдаг чинээлэг хүн байсан бол төвбанк мөнгө хэвлэсний дараа нэг ч бараа авч чадахгүй ядуу хүн болон хувирсан байна. Гэтэл та буруу зүйл юу ч хийгээгүй шүү дээ. Иймд үүнийг зүгээр суусны үнэ хэмээн нэрлэж байгаа юм. Манай улсын хувьд зүгээр суусны үнэ жилийн 8 хувь орчим байна.Өөрөөр хэлбэл жил бүр мөнгөний тань 8 хувь зүгээр л алга болж байдаг гэсэн үг.
Тийм болохоор бодит цалин, бодит орлогын өсөлт гэж ойлголт гарч ирсэн. Юу вэ гэхлээр. Орлого тань энэхүү мөнгөний үнэ цэнийн бууралтыг давж байж л бодит өсөлт хэмээн тооцогдоно. Бусдаар үнэндээ мөнгө тань буурсан болж байгаа юм. Хэцүү байгаа биз.
Тэгэхээр үнэгүй гэж бодсон бүхэн үнэтэй, тэр ч бүү хэл зүгээр суух нь ч үнэтэй юм бол бид яах ёстой юм бэ?
Ямартай ч зөвхөн урдахаа хараад, цаашаагаа мэдэхгүй гээд суучхаж болохгүй нь. Өөрөөр хэлбэл намгийн мэлхий байж болохгүй нь. Зүгээр сууж бүр ч болохгүй нь. Яагаад Лондон, Нью-Йорк хотын иргэд тэгтлээ сандран гүйлддэг болох нь одоо ойлгомжтой болж байгаа биз. Дүрэм нь тийм юм. Тогтмол хөдөлж, бодож, сэтгэж байх дүрэмтэй юм.
Азаар биднээс илүү ихийг шаардах нийгэм маань зэрэгцүүлэн их зүйлийг өгчээ. Интернетээс бүх төрлийн мэдээлэл авч болж байна. Санхүүгийн зах зээл дээр төрөл бүрийн сонирхолтой бүтээгдэхүүнүүд бий болсон байна. Олон улсад ч тэр, Монголд ч тэр санхүүгийн зах зээл маш сонирхолтой өрнөж байна. 2018 он гарснаар манай хөрөнгийн зах зээл дээр 5-н шинэ хувьцаа мэндэлсэн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 28 орчим хувиар өссөн байна. Юун тэр инфляци, бодит өсөлт нь 20 хувь. Он дуусахаас өмнө дахиад цөөнгүй хувьцаа зах зээлд гарах нь тодорхой болж байна. Дахиад л хөрөнгө оруулалтын боломжууд. Банкууд зөвхөн энгийн хадгаламжийн бүтээгдэхүүн санал болгохоо больж. Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбосон, өндөр ашиг хүртэх боломжтой бүтээгдэхүүнүүд ч байдаг болж. Монгол бол хөгжиж буй зах зээл. Хөгжил дорой үнэн. Монгол ядуу үнэн. Гэхдээ төдий хэмжээний бизнесийн боломж, орлогын боломж байна гэсэн үг.
Эцэст нь олон улсын мэдээлэл үз, сонирх. Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг судал. Улс орны ялгааг хар. Ямар боломж байгааг үргэлж эрэлхийл. Өөрийн орлогоо үргэлж сайжруул.
Ингэж байж л өнөөдөр амь гарна. Үгүй бол бидний мэдэх, мэдэхгүй зардлууд эсвэл зах зээлийн шуурганд үрэгдээд л дуусах нь дээ.
Г.ГАНЗОРИГ
2018.09.19
Dagna