Мэдээлэл авах үндсэн арга нь ам дамжсан яриа учраас монголчууд хэдэн мянганы турш сэтгэлгээний хувьд тас хар, цав цагаан хоёрын хооронд л амьдарч иржээ. Ертөнцийн сайн юмны цуглуулга болсон домогт баатар, муу муухайн үүр овоохой болсон муу баатар хоёрыг л танина уу гэхээс завсрын чанар, хүн, шинжийг хүлээж авдаггүй, чадвар ч мөхөс. Үе дамжсан домог нь ч тийм, эргэн тойрныхоо тухай авсан мэдээллээ ч ийм л хэлбэрт оруулан дүрсэлдэг. Ийм сэтгэлгээ нь “дайсны” дүр хийгээд үйлдлийн тухай хийсвэр зураглалыг дор нь үйлдэн, түүндээ хөдөлгөөнгүй дүгнэлт өгөх чадвартай.
Ийм сэтгэлгээтэй нийгмийг аль ч хэлбэрээр жолоодоход харьцангуй хялбар байдаг бололтой. Эсэргүүцсэн, дэмжсэн зүйлээ цуу болгон дамжуулж сэтгэлзүйн бэлтгэлд оруулдаг аргыг лам нар эртнээс хэрэглэдэг байжээ. Шүүмжлэлгүй хүлээн авч, сэтгэлдээ тас хар ба цав цагаан баатрын дүрслэмж хийн хэлбэршүүлдэг сэтгэлгээ иймэрхүү бодлогын амархан олз болно.
Гэвч аливаа хувьсгал болгон нэгэнт тунаж тогтсон цөөрмийг орвонгоор нь хутган сэгсчих шиг үйл явц болдог тул ёроолд нь байсан үй олон хог мандал дээр хөвөн гарч ирлээ. Ямар ч байгууламжтай байсан алив нийгэм өөрийн доод эгнээтэй, тэнд нь люмпэн гэж нэрлэгддэг нэлээдгүй зай эзэлсэн бүхэл бүтэн давхрага байдаг билээ. Тооны хувьд хавьгүй олон люмпэн давхрагынхан хувьсгалын бужигнаанаар мандал дээр ярзганан гарч ирлээ.
Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын vед Японы Ерєнхий сайд 24 настай байв.
#улстөр
#нийтлэл
Эмхэтгэлээ шүүн уншиж янзалж байхад энэхүү бүхий л бичлэгүүд маань манай орны сүүлийн 30 жилд туулсан замын хроник тэмдэглэл бараг болохоор юм байна гэж бодлоо. Олон үйл явдал цагийн эрхээр мартагддаг, удах тусмаа гуйвж, нэг л мэдэхэд шал өөр түүх цадиг домог үлгэр болон хувирдаг. Гэтэл тухайн үйл болсон тэр цаг үед нь бичиж анализ хийж байсан болохоор эргэж санахад хялбар болох болов уу. Гүтгэх, худал зохиох, хаа хамаагүй таамаглах зэргээс миний бие үргэлж тойрдог, энэ бол миний амьдралын баримталдаг зарчим. Мөн хэзээ ч бусдын шахалт шаардлага, шан хөлсөөр нэг ч удаа бичиж байгаагүй, энэ бол бас миний хатуу баримталдаг зарчим. Иймээс алдсан ч оносон ч бичсэн зүйлийнхээ цэг таслалын төлөө ч хариулагаа хүлээнэ гэж боддог.
Бид заримдаа орчуулгаар биш ч, үндсэн монгол нэршлүүдийг хооронд нь хольж ойлголт ухагдахууны төөрөгдөл бий болгодог. Хэрээ, турлиах, алагтуу гурвыг, боршувуу, болжмор, бялзуухай гурвыг хооронд нь ялгалгүй дуртайгаараа нэрлэнэ. Үнэндээ шал өөр шуувууд. Үүнтэй адил хөх ба цэнхэр, бор ба хүрэн, бөөрөнхий ба дугуй...? Харьцаа, харилцаа гэсэн шал өөр утгатай үгийг холиод “бэлгийн харьцаа” гэхээр эрхтнээ өөр нэгнийхтэй харьцуулж хэмжээд байгаа юм шиг? Үндэстний гэдгийг ч “үндэсний” гээд бараг дасчих шив дээ. Ганцхан Нэгдсэн үндэстний байгууллагын нэр л зөвөөрөө үлдэж. “Аугаа” гэдэг нь хүчирхэг, гарамгай, уужим, өгөөмөр, гэрэлт, эрчимт гэсэн утгатай, герег гаралтай үг. “Агуу” гэдэг бол том хөндий нүх, эндээс агуй, агуулах гэдэг үгс үүсчээ.
Вячеслав Молотов гэж Зөвлөлтийн Гадаад яамны сайд байлаа. ХХ зууны хамгийн том улс төрчдийн нэг.
#улстөр
#нийтлэл