Балчраас өвгөртлөө цаас цоохорлосон урт хугацаанд ялимгүй хошин мэдрэмж минь уугисаар унтарчээ. Бас хувьсаж явсан янзтай. Бичвэрүүдээ нийтлэгдсэн огноогоор эрэмбэлээд чацуутантайгаа ижил буруулахсаныг зүс дагуу руу нь гилснээр төрөлсөж сүрэглэх шиг. Хоногшуулъя гэсэн санаагаа оршил төгсгөлд давтаад ганц хоёрын гарчгийг өөрчлөв. Тэжээсэн мэргэжлээ ямар түвшинд хэр эзэмшлээ гэж үхэхийн өмнө тунгаадаг аж. Энэ бол гойд чанар бус насны эцэст хүн бүрт учирдаг жам ёсны жудаг. Гараас нь брак бус брэнд төрдөг хүн зонтой улс хөгжиж байна. Бичих зурах даруу мэргэжлээр би амьдарсан этгээд. Оргилд сүүтийх авъяасын зэрэглээг мацаж хүрсэн бэлээсээ дөнгөж төсөөлсөн. Ийм л юм бичиж, ийм л юм зурж амьдарчээ өвөө нь. Шоовдор мэргэжлээ Монголд бүү унтраасай, авъяаслаг залуус буухиалан асаагаасай гэж залбираад, энэ салбарт үлдээсэн мөрөө-өгсөх шатаар нэг ч атугай гишгүүр алхаж уу гэдгээ шалгуулахаар толилуулав.
Бүх дүрмийг тань ягштал биелүүлнэ гэж НҮБ-д элсдэг байх-ард миний төсөөллөөр бол. Олон улсын эрүүгийн шүүхэд ч тэгж тангараглаж байж элсэх нь мэдээж. Тийм үүрэг хүлээсэн гишүүн улс атлаа В.Путиныг урьдаг нь улсаа зориуд хорлох гэв үү У.Хүрэлсүх. Үгүй ээ! Тэгэх ерөнхийлөгч байтугай тэгэх монгол хүн олдохгүй. Олон улсын шүүхээс баривчлагдах ял сонссон В.Путиныг ирэхгүй хэмээн тооцож уриад ацан шалаанд уначхав уу.
Хүлцэнгүй дарлуулаад байвал монголчууд хэзээ ч өөдлөхгүй. Ажнайгаар туг тахиснаа авилгатай тэмцсэн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “гавъяа” гэж мулгуу ард түмнээ маллах гэж буй бол горьдсоны гарз. Ажнайг хаацайлж ял завшуулах гээгүй Л.Оюун-Эрдэнэ ээ! Экспортын 80 их наядын ашиг хаасан ерөнхийлөгч асан Х.Баттулга, 40 их наядын нүүрсний хулгайчдыг ЖДҮ-чид шиг оодруулахгүй гэж масс шаардаж байна УИХ-аа! Ард олны тэвчээр тэнхээ барагджээ ерөнхийлөгч өө!
Өөрчлөгдөхгүй юм гэж байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. Гэвч энэ шинэчлэл косметик төдий учраас гацаасныг гацаасан, гацаагаагүйг гацаагаагүй гэж сур гэх гээд байна би. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэж хамсруулан зөөлөлдөг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах том эрх ашгаа чухалчлаад өчүүхэн бидний оросуудын гацаасныг хоёр хөрш гацаав гэж хятадуудыг үндэсгүй хамсруулдгийг тэвчдэг байх.
Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүй еэ. Худалдааны дайнтай Америк Хятадын татвар 12 хувь байхад ОХУ 1990 оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, нэг үгээр эдийн засгийн хоригт оруулсныг бид ухаарахгүй орос ахдаа мөргөсөөр маанагтана. Сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас манайх 20 тэрбум доллар алджээ. Урд хөршийн худалдаа хэт их, хойд хөршийнх хэт бага байгаа нь удахгүй хужаагийн атганд орох цондон гэж эх орончид онолдоно.
Бат-Үүлээ, чамайг өмөөрч дэмждэг минь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан алхам шүү. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогчсайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн бөгөөд үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр тууштай нь. Энэ үгэнд чамд жөтөөрхөгчдийн хор буцалбал буцлаг.