МАН-д үнэмлэхүй олонх болох аз дахин заяагаа ч билүү үгүй ч билүү. Сонгуульд навс ялагдвал Та хүн болгоны өмнө өчүүхэн одойд хувирна. Тиймээс энэ сонгуулиар АН хэдэн суудал зулгаавал Х.Баттулгатай хамтрах санаагаа нандигнасаар явна уу. Женкотой Та тэврэлдвэл Путиныг долооно. Путин Женкод илүү тул танд амаргүй. Амаргүй юм олон гарна.
Д.Амарбаясгалан гэх улаан гэрийн ухуулагч малчдын шинэ хоршоонд элссэн өрх сарын 5 саяын цалинтай болно ч гэх шиг. 50 саяын хөнгөлттэй зээлийн 20 хувийг малчин төлөөд 80 хувийг амарбаясгалант хааны өглөгч дүрээр хувиасаа төлөх аятай жүжиглэх нь угтаа сонгуульд ялах заль мэх. Бүл бүлээрээ малчид хоршиход татвар төлөгчдийн мөнгийг янз бүрийн халамж нэрээр тараахгүй бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр сонгуулийн өрсөлдөөнд үнэгүйднэ. Яагаад гэвэл 8 жил эрх барьсан МАН-ын хулгай нуух аргагүй балиартсан. Төр саад болохгүй бол малчид өөрсдөө хоршиж элбэг дөнгөнө. Гүйх нохойд баах нохой саад болдог. Юун ч их суртал бэ. Яг л нэгдэлжих хөдөлгөөн.
Гэмт хүн гилбэлздэг. Ц.Элбэгдоржийг цовхчиж эхэлсэн дээр нь нотолгоогоо угсруулан барьцаа лавшруулж, С.Зоригийг тэр хөнөөснийг шүүх тогтооход тусал ерөнхий сайдаа. Та Элбэгдоржийг гүтгээгүй нь лав. Ямааны мах халуун дээрээ гэдэг С.Зоригийг алсан Элбэгдоржид үйлдсэн нүглийг нь сонгуулийн өмнө хүлээлгэж олноо амраа. Нотлох баримт Танд хангалттай учраас бал цул зарласан байж таарна.
Ял сонсох ямар байна З.Энхболдоо? УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюу толгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жил зааж, бүх хөрөнгийг хураах ял анхан шатны шүүхээс оноосон. Юм л бол 10 жилээр зааж, бүх хөрөнгийг хурааж байсан харгислалыг амссан айлын хүү-өвгөн би хирдхийсэн. Зүрх зүссэн үл мартагдах танил ялыг Ордны гурван давхраас буусан заавар гэж тухайн үед ерөнхий сайд, ХЗДХ-гийн сайд хоёр мэдэгдэж байв даа. С.Баяр, Да.Ганболд гээд цөм Х.Баттулга та хоёрын өнгөнд яллуулсан.
“Үр хүүхэд-ирээдүй хойчийнхоо жаргалын төлөө тархиа ширгэтэл, чөмгөө дундартал амь биеэ хайрлахгүй зүтэгнэ” гэх андгай тангаргаар төр засгийн оргилд асдаг. Сонирхолтой нь жаргуулах амлалт биелж байлуу? Амныхаа хэмжээгээр амласнаа ажил болгоогүйдээ гэмшдэг билүү? Өндөр сэнтийд заларснаар хариуцлага хүлээдэггүй-халдашгүй дархан эрхтэй бардам бүлэглэлийн тогтолцоо залуусын жагсаалаар ганхав уу яав.
Олигархиуд хулгайгаа баригдахаар “байтлаа бүр хошин шог юм болгох нь ээ” гэж томорч, урлагийн энэ жанрыг доромжилдог болсон байна лээ. Миний хувьд хошин шог бол авъяасын дохуурхал гэж итгэсээр нүд аних буй зээ. (2024-02-06)