Хувийн өмчид тулгуурлан, хувь хүний эрхийг дээдлэн хамгаалж, хоёрхон биш хорь гучаас дээш хөрштэй гэдгээ зарлаад олон улсын чөлөөт худалдаа хөгжихөд, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтад садаа болдоггүй нээлттэй цомхон авсаархан татварладаг, хүн өөрийнхөө төлөө явахад нь садаа болдоггүй зөв рацоиналь хандлага, бодлоготой байхад л болоод явчихна. Тийм улс төрийн нам буй болж бойжих шаардлагатай байна.
Хэн ч бай өөрийнхөөрөө амьдарч, аз жаргалаа өөрөө цоглоох цулбуурыг хүмүүст өөрсөнд нь атгуулаад л орхи. Харин хуулийн дор хэн бүхэн тэгш бөхийх бас өндийх учиртай. Хуулиар зөвшөөрөгдсөн л бол хувь хүн юуг ч хийж болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй байхад зориуд өөрчилж байгаад хүнийг харгислагч бол төр. Ер нь Үндсэн хууль бол хувь хүний эрх, эрх чөлөөг төрийн харгислалаас хамгаалсан гэрээ. Үндсэн хууль нь дарга нарт өгсөн бэлэг сэлт биш учраас түүнийг дураараа өөрчилж болдоггүй!
Хагацашгүй сайн хүндээ хэлшгүй муу үгийг бүү гэж нэг том философи байдаг. Харин би бээр хагацашгүй дархан эрх чөлөөнийхөө төлөө хэлэх ёстой үнэн үгээ хэлнэ. Миний дотны байсан нэгэн дүү хүү намайг “Та насаараа Галаагаараа явах юмаа, дандаа Галаагаараа байх юм уу?” гэж ёгтолж, зэмлэх аястай хэлж тохуурхаж байсныг саналаа. “Илүү сартай зун” киноны Галбадрахын дүрээр хэлж байгаа нь тэр.
Өнөөдөр “бохир тархи”, “бохир төр” хоёр орон даяар халтай халгаатай үйлдэл хийж эхэллээ. Энэ бохирдол улам л доошоо ёроолдох аюултай. Монгол үндэстний аюулгүй байдал үнэхээр аюултай бохирджээ. “Бохир тархи”-ны уршиг бохир технологио зогсоо! Одоо болно! БОЛГОО!
Ард түмний төлөө гэсэн ерөнхий уриатай хоосон амлагч популистууд золиос нэхэн түүнийхээ мөнхийн манаач болж хүний бүтээн босгосон гийгүүлэнд цээжээ дэлбэртэл, тархиа задартал атаархаж байгаа нь эмгэнэлтэй.
Буруу цулбуурын эцэст зүүний үзэл буюу зүүнтэнгүүд саарал зүстэй, зэгэлтэн байгаагаа ухаарах уу? эс ухаарах уу? Эндээс орших уу? эс орших уу? гэдэг асуулт үүсээд байна.