Владимир Путин “Ази тивээс Монгол улс дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот улсад 500 000 тонн бэлчээрийн малын сайн чанарын мах, 64 000 тонн сайн чанарын ноос, 500 000 хурдан агт морь, 4.0 сая хонь, хамгийн сүүлийн үеийн байлдааны танк, нисэх онгоц нийлүүлж үлэмж их тусламж үзүүлсэн юм” гээд хэлчихсэн бол шударга зөв үнэлгээ болж манай монголчуудын магнай тэнийх байлаа. Ийм шударга үгийг сүүлийн 70 жилийн турш Зөвлөлт, Оросын удирдагчдаас нэг ч хүн ялалтын баярын үгэндээ эсхүл баярын хурал дээр ганц удаа ч хэлээгүй өнгөрсөн нь их гүрний дээрэнгүй үзэлтэй нь холбоотой биз. Энэ үгийг хэлэх юм бол “агуу их ялагдашгүй” Зөвлөлт улс доошоо орчих гээд байсан байх л даа.