Бэр гуйх буюу Хуримын ерөөл
2010 оны 7 сарын 26 [Уншсан тоо: 674499]
Бэр гуйх хэсэг

Зээ
Хуурч мэхэлдэг нь танайд байна
Хулгай хийдэг нь манайд байна
Зай гаргаж өгдөг нь танайд байна
Зайдуулж гуйвуулдаг нь манайд байна
Эрдэнэсээ зээлдэг нь танайд байна
Эргүүлж хувааж иддэг нь манайд байна
Энэ хоёр эрдэнийг нийлүүлвээс
Эрдэнэт, энгүй олон толгой юутай нь
Ээдрээгүй эзэмших энгүй хосууд төрөх бусуу
Хуримын ерөөл айлдахуй
Хүргэн: Монгол Баялаг компаний захирал Түмэнбаатар
                     Бэр: Улсын Их Хурлын гишүүн Даланцэцэг

Зээ
Сарын сайныг саатан хүлээж
Өдрийн сайныг өнжин хүлээж
Өнөөдрийн энэ сайхан өдөр
Өвгөн ахын заншлыг дагаж
Өөдөө дэвших албаныг бадрааж
Өрөө юуныхаа үүдийг татаж
Өвөр нэгтэй хос боллоо та хоёр
Ховор эрдэнийн үнэтэй
Хоёр ертөнцийн холбоос хооронд
Хосоор идэх жамтай
Хорвоогийн хууль бий
Урисан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
Даргын ариун голомтыг
Дардан цаас үзгэндээ шингээж
Золгон учирсан энэ өдрөөс
Мөнгө сэтгэлээрээ хайраа тэтгэж
Хазайхад нь мөнгөн ембүүгээрээ домнож
Хальтрахад нь дээд эрх мэдлээрээ тулж
Нэгэн бие мэт нийлж тамшаалан
Наймаа юугаа тэгшитгэж яваарай
Өнө эртний түүхтэй Монгол улсдаа
Өөдөө тэмүүлсэн шуналаа бадрааж
Өр юугаа зузаатгаж
Өнөр олон үрсээрээ төлүүлээрэй
Ууж идэх холбоо тань батжиж
Уушиг зүрх тань алт болж
Уургын морь шиг тэмүүлэн зүтгэгч
Улсын маань тэргүүн баян хосууд болтугай
Мөнхий амьдрал гэж үгүй ч
Мөнх бусыг үзэхдээ
Алд биенээсээ алд илүү
Алтан авс хийлгэж
Алт мөнгөө алдлан авч
Диваажинд очиж
Дээдэс амьдралаа
Дахин үзэхийн
Дээдийн дээд ерөөлийг
Дээш дээш нь өргөн дэвшүүлэе ээ.   

Б.Батсайхан