Орчин үед ажил хэрэг эрхлэхүй
2015 оны 5 сарын 1 [Уншсан тоо: 52500]

Балчин овогтой Чимэдбазарын Жаргал: Олон Улсын Атомын Энергийн Агентлагт (ОУАЭА) НҮБ-ын Цөмийн Зэвсэгийн Inspector (Байцаагч)-аар 25 дахи жилдээ ажиллаж байгаа. ОУАЭА-д ажилласан анхдагч Монгол улсын иргэн. Физик-Математикийн ухааны доктор. 2005 онд ОУАЭА-ын хамт олон ба Ерөнхий захирал нь Нобелын энх тайвны шагналаар тус тусдаа шагнуулахад, энэ шагналын тодорхойлолтонд томъолсон үйл хэрэгт, 15 жилийн хөдөлмөрөөрөө бодитой хувь нэмэр оруулсан шагнал хүртэгсэдийн нэг. ОУАЭА-ын 2006 ба 2010  онуудын хөдөлмөрийн тэргүүн байрны ганцаарчилсан шагналт.  Цөмийн инжинерчлэл, цөмийн түлшний хэрэглээ болон цөмийн зэвсэг үл дэлгэүүлэх хяналтын салбарт орчин үеийн дэвшилтэт туршлагатай.

Хөгжиж байгаа орнууд, өнөө үед, дэлхий нийтийн  өнөөдрийн түвшинтэй харьцуулахад, чухам ямаршуу хэмжээнд ажил хэрэгээ эрхэлж чадаж байна вэ? Энэ талаар чухам ямар шаардлага тавигддаг вэ? Тэд өөрсдийгээ танин мэдэж бодитойгоор үнэлж чаддаг уу? Аль ч нийгэмд үүниийг үнэлэх нийгмийн захиалга нь үргэлж байдаг боловч  нийгмийн энэ захиалгыг ханган биелүүлэх бодлогыг хөгжиж байгаа орнуудын төр, нийгэм улс төрийн шийдвэр гаргагчид тэр болгон хэрэгжүүлж чаддаггүй.

Өнөөдрийн дэлхий дахины ажил хэргийн ертөнцөд, “туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээ үүсч, орчин үеийн зайлшгүй шаардагатай өндөр түвшинд ажил хэрэг эрхлэн явуулах хэмжээнд туршлагажсан цөөхөн хүмүүс - “туршлага эзэмшигч” нар ажил хэргийн амжилтыг голлон тодорхойлох болжээ. Хэдийгээр ямарваа ажил хэргийн тодорхой загварыг хэрэгжүүлэх шийдвэр эрх мэдэл бүхий бүтэцээр дамжин олон хүмүүсийн хууль ёсны шийдвэрийн хэлбэрт шилжэн гарч ирдэг ч үүний ар талд нөгөөх л “туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээ, түүний төлөөлөл болох “туршлага эзэмшигч”- “хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” ямагт зогсож байдаг (“Туршлагатай боловсон хүчин” гэдэг хэвшсэн хэллэгийн оронд “туршлага  эзэмшигч”  гэсэн хэллэг хэрэглэлээ).  Энэ байдал бий болсон түүхэн үндэслэлийг ойлгоход тун хялбар, ямар нэг дэвшилтэт шинэ зүйл олон хүмүүсийн хүрээнд нэгэн зэрэг үүсдэггүй, эхлээд нэг л хүн түүнийг үүсгэн бий болгож, нэг л хүн түүнийг эзэмшдэг бол яваандаа олон нийт юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүс түүнийг ойлгон хүлээн зөвшөөрч, хүртээлээ болготол цаг хугацаа, хүч чармайлт, тодорхой шат дамжлага шаардагддаг. Ийм ч учраас ямар нэг дэвшилтэт шинэ зүйлийн тархалт нь түүнийг хуучиртал нь ямагт хязгаарлагдмал байдалд байдаг. Дашрамд нь дурьдахад, олонхийн санал баримталж гаргасан шийдвэрүүд  зарим тохиолдолд буруу байдаг нь мөн дээрхи үндэслэлтэй холбоотой. Дээрхитэй төсөөтэй үзэгдэл, дэлхий дахины ажил хэргийн өнөөдрийн ертөнцөд ажил хэрэг эрхлэн явуулах тэргүүн шугаман дээр явагдах явцад өндөр түвшний “туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээ,  “туршлага эзэмшигч” бий болдог. Энэ өндөр түвшний “туршлага” - ын онцлогыг, олон түмний ойлгож заншсан “туршлага” - ын шат дараалсан бусад олон хэлбэрүүдээс нь тусгаарлан авч хэлэлцье.  “Туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээнд хамаарах ажлын амжилтыг голлон тодорхойлох загвар шийдвэр нь үнэт мэдээлэлийн ангилалд гол төлөв хамаардаг ба тийм ч учраас түүнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хугацаатай нууцладаг. Дээрхи үнэт мэдээлэл шинэчлэгдэх, баяжих үйл явц тасралтгүй явагддаг ба нэгэнт хэрэглэгдээд үр дүнгээ өгч дуусаад дараачийн илүү дэвшилттэй загвараар солигдсон тохиолдолд түүнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн нээлттэй мэдээлэлийн ангилалд шилжүүлдэг буюу өөрөөр хэлбэл “шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс” мэт хаяж нийтийн хүртээл болгодог.

“Туршлага” гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ, “туршлага эзэмшигч”-үүд гэж хэнийг хэлэх вэ тэд хаанаас бий болдог вэ, “туршлага эзэмшигч”-үүд ба эрдэмтэд юугаараа ялгаатай юм бэ? Эрэмбэ дараалал цэгцтэй ойлгомжтой байдлаар хялбаршуулан хэлэлцье.

“Туршлага” гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ?

Товчхондоо, тухайн салбар болон тодорхой нэг чиглэлээр ажил хэрэг хэрэгжих үйл ажиллагаанд хэрэглэгдэх зориулалттайгаар бүрэлдэн тогтсон орчин үеийн мэдлэгийн иж бүрэн систем, энэ системийг бүрдүүлэгч мэдээлэлийн нэгжүүд, энэ системээс ажил хэрэг болон хэрэгжих үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа мэдээлэлийн нэгжүүдийн хоорондын хэлхээ холбоосууд, нэгжүүдийн хэрэглэгдэх буюу хүчин төгөлдөр байх хүрээ хязгаарын тухай цогц ойлголтыг ерөнхийд нь “Туршлага” гэж ойлговол зохистой. “Туршлага” хэрэглэх бол амжилт, үр дүнд хүрэх баталгаа мөн. Мэдлэгийн системийг бүрдүүлэгч мэдээлэлийн хэсгүүд нь бол техник технолог хөгжсөн орчин цагт үндсэндээ бүх нийтийн хүртээл болж чадсан. Хэн дуртай хүн өнөөдөр тодорхой нэгэн асуудлын талаар түгээмэл юмуу төрөлжсөн нэвтэрхий толь бичигнээс эхлээд цааш нь гүнзгийрүүлэн төрөлжсөн мэдээлэлийн сан руу нэвтрэн нилээд нарийн мэдээлэлтэй болох, тэр битгий хэл энэ талаархи эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй ч хүртэл танилцах (ойлгож чадах хязгаартаа тултлаа) боломжтой болсон. Атомын бөмбөгний тухай техникийн ерөнхий ойлголтыг ч нэвтэрхий толь бичигнээс авч болно. Харин мэдлэгийн энэ иж бүрэн системийг бүрдүүлэгч мэдээлэлийн хэсэг нэгжүүдийн хоорондын хэлхээ холбоосуудыг ойлгон эзэмших, хэрэглэгдэх буюу хүчин төгөлдөр байх хязгаар хүрээг нь мэдэхийн хувьд асуудал тун өөр, мэдлэгийн системийн энэ хэсэг бүх нийтийн хүртээл болох нь битгий хэл энэ салбарын нилээд өндөр түвшиний мэрэгжилтэн ч бүрэн ойлгож мэдэхэд бэрхшээлтэй байдаг. Ямарваа нэгэн үйл ажиллагааны өнгөн хэсэг, явагдах урсгал, “журам, хэрэгжих дэс дараалал “ -г нь мэдсэнээрээ “туршлага”-тай болчихлоо гэж төөрөлдөх нь түгээмэл тохиолддог. Дээр дурьдсан өндөр түвшний “туршлага”-ыг дангаар нь мөнгөөр үнэлэн худалдаж авч болохгүй гэж үздэг (орчин үед мөнгөөр худалдаж авч болохгүй цөөхөн зүйлийн нэг). Харин “туршлага” ямарваа нэг хэмжээгээр  шингэсэн үйл ажиллагаа, төсөл, бүтээгдэхүүн бол арилжаалж болох зүйл байдаг.

“Туршлага эзэмшигч”-үүд гэж хэнийг хэлэх вэ?

Үндсэндээ дээр дурьдсан “туршлага”, тэр мэдлэгийн иж бүрэн системийг бүрдүүлэгч мэдээлэлийн хэсэг нэгжүүд, ялангуяа тэдгээрийн хоорондын хэлхээ холбоос, шүтэлцээг ойлгож эзэшсэн, эсвэл өөрөө шууд ойлгож мэдэхгүй ч шаардлагатай үед нь ойлгож мэдэх арга замуудыг мэддэг хүнийг л  “туршлага эзэмшигч” гэж хэлээд байгаа юм. “Туршлага эзэмшигч”- ийн гайхамшигтай нэг чадвар бол тухайн салбар чиглэлд шинээр гарч мэдээлэл бүтээлүүд дээрхи үндсэн мэдлэгийн системд ямар байр суурь эзлэх, системийг бүрдүүлэгч мэдээлэлийн  бусад нэгжүүдтэй яаж холбогдохыг нь тогтоож чаддагт оршдог. Өнөөдөр дэлхий дахинд амжилттай ажиллаж байгаа, цаашид амжилттай ажиллах тавилан нь баталгаажсан бүтэцүүдийн удирдлага мөнөөх л “туршлага эзэмшигч”- үүдээс бүрдэл болдог эсвэл “туршлага эзэмшигч”- үүдийг ашигладаг. “Туршлага эзэмшигч”- үүдийн гол онцлог бол тэд, ажлын эцсийн үр амжилтанд хүрэх арга замыг мэддэг, хэрэгжүүлж чаддагт оршино.

“Туршлага эзэмшигч”-үүд хаанаас бий болдог вэ?

“Туршлага эзэмшигч”- үүдийг зохион байгуулалттайгаар дагнан бэлтгэдэг сургалтын тусгай систем дэлхий дээр байхгүй. Дэлхийд алдартай нэр хүндтэй их дээд сургуулиуд төгсөгчидийн цөөнхи хувь нь цаашдаа доод тал нь 10 - 15 жил ажил мэргэжлийн нэн тохиромж, тааламжтай нөхцөлд ажиллсаны дараа “туршлага” хуримтлуулж “туршлага эзэмшигч”- үүдийн эгнээнд шилжиж байгаа нь ихэвчлэн ажиглагддаг, энэ нь ч “туршлага эзэмшигч”-үүдийн бий болдог уламжлалт зам юм. Ажил мэргэжлийн нэн тохиромж, тааламжтай нөхцөл гэж юуг хэлээд байгаа юм бэ? “Туршлага“  хэрэглэгддэг орчныг л хэлнэ. “Туршлага“ - ыг “туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээнд нэвтрэн орж   “туршлага эзэмшигч”-үүд “туршлага“ хэрхэн хэрэгжүүлж байгаагаас суралцсаны үндсэн дээр хүримтлуулдаг. Эхнээсээ “туршлага“ хэрэглээгүй үйл ажиллагаа хэрэгжих явцад (алдаж онож явснаар) “туршлага“ хүримтлуулах зам орчин үед байхгүй.  “Туршлага“ хэмээх мэдлэгийн хүрээнд нэвтрэн орох нь ховорхон олдох боломж. Мөн түүнчилэн “ажил эрэгсэдийн“ эгнээнээс бус харин өрсөлдөх чадвар өндөртэй “ажил сонгогчид“- ын эгнээнээс өөрөөр хэлбэл, тухайн салбарт мэрэгшин өөрөө ажлаа сонгож авах зиндаанд хүрсэн хүмүүс дотроос  “туршлага эзэмшигч” - үүдийн залгамж үе болгохоор сонгон авч байгаа нь ч ажиглагддаг. Орчин үеийн “Туршлага эзэмшигч”- үүд байгалын шинжлэх ухаан, техник технологи, нийгмийн ухаан хосолсон дэвсгэр боловсрол эзэмшсэн байх нь ихэвчлэн ажиглагддаг. Дэлхийн хэмжээнд тухайн салбар чиглэлийн өнөө ирээдүйг тодорхойлдог нэр хүндтэй томоохон бүтэцүүд бол “туршлага эзэмшигч” - үүдийнхээ залгамж үеийг бэлтгэх өөрийн гэсэн бодлого хэрэгжүүлдэг.

“Туршлага эзэмшигч”-үүд ба эрдэмтэд (байгаль, техник технологийн чиглэлийн) юугаараа ялгаатай юм бэ?

Тэдний хооронд том буюу жижиг эсвэл энэ хоёрын хооронд орших бүх хэмжээний ялгаа бий. Эрдэмтэн, эрдмийн цол зэрэгтэй хүмүүс гэж хэнийг хэлэх вэ? Тухайн салбарт дэвсгэр боловсрол эзэмиж улмаар шинжлэх ухааны тодорхой нарийн аргачлал суралцан эзэмшиж түүнийгээ хэрэглэх буюу хөгжүүлэх замаар бүтээл гарган шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эсвэл оруулж байгаа, гайхамшигтай ховорхон сайхан аз завшаантай, гол төлөв төрлөхийн авьяаслаг хүмүүсийг л хэлдэг. Эрдэмтэн хүн эрдмийн бүтээл гаргасан тэр явцуу чиглэлийнхээ тэргүүн мэдлэгиийг эзэмшигчдийн нэг байдаг, эрдэмтэн хүний ажил, үүрэг нь тухайн чиглэлийнхээ тэргүүн мэдлэгиийг цаашид гүнзгийрүүлэх, тэлэхэд оршдог. Тухайн чиглэлийнхээ тэргүүн мэдлэгиийг эзэмшигчийн хувьд эрдэмтэн хүн “туршлага эзэмшигч”- ийн дээр дурьдан тодорхойлсон мэдлэгийг эзэмшсэн байх шаардлага огт байхгүй, харин ч эрдэмтний тухайн бүтээл амьдралд хэзээ яаж ямар шат дамжлагаар хэрэгжихийг, угаасаа хэрэгжих эсэхийг мөнөөх л “туршлага эзэмшигч” тодорхойлдог, мэддэг, шийддэг. “Туршлага эзэмшигч”- үүд ажил хэрэг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулагчийн хувьд тухайн салбар чиглэлээр шинээр гарч ирсэн мэдээлэл бүтээлүүдийг бий болгосон шинжлэх ухааны тодорхой нарийн аргачлалыг эрдэмтэн хүний хэмжээнд эзэмшсэн байх шаардлага заавал байхгүй. Эрдэмтэд дэвсгэр болосролынхаа давамгай талыг ашиглан “туршлага эзэмшигч”- үүдийн эгнээнд шилжих явдал байдаг ч эрдэмтэн гэдэг төлөв байдал нь үүнд шийдвэрлэх үүрэг огтхон ч гүйцэтгэдэггүй. Дашрамд нь дурьдахад, эрдэмтэдийн талаар гол төлөв хөгжиж байгаа орнуудын иийгмийн аль ч давхрагт, олон нийтэд тархсан “эрдэмтэд бүхнийг мэддэг” гэх хэтэрхий туйлшруулсан гаж ойлголт хэвшсэн шинж тэмдэг ажиглагддаг. Эрдэмтэн хүний ажил бүтээлийг үнэн зөвөөр үнэлж чадах зөвхөн тэр судалгааны чиглэлээр нь ажилладаг эрдэмтэдийн явцуу хүрээлэл байдаг, энэ хүрээлэлээс хальсан  үнэлгээ бол нийгэмд зарим гаж үзэгдэл үүсэх шалтгаан болох талтай байдаг.

Орчин үеийн зайлшгүй шаардагатай өндөр түвшинд ажил хэрэг эрхлэн явуулах шаардлага ямар хүрээнд тавигдах вэ?

Жижиг улс гүрнүүд эдийн засгаа хөгжүүлэх гол чиглэлээ (Жишээ нь Монгол улсын хувьд уул уурхай, ашигт малтмалын салбар гэх ч юм уу...) нэгэнт сонгон тодорхойлоод олон улсын хөдөлмөр хуваарьлалд энэ чиглэлээрээ багтан орж үйл ажиллагаагаа амжилттай явуулснаар дэлхийн олон нийтээс дутахгүйгээр тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж амьдрах өнөөдрийн эрхээ, улс орныхоо тусгаар тогтнол, ирээдүйд  оршин тогтнох баталгаагаа ханган нийтээрээ соёл иргэншилтэй хөгжингүй нийгэм бүтээн байгуулах туйлын зорилт хэрэгжих зам нээгдэнэ. Голлох энэ чиглэлээр, нийгэм улс төрийн шийвэр гаргагчид болон хувийн хэвшилийн холбогдох томоохон бүтэцүүд орчин үеийн өндөр түвшинд ажил хэрэгээ эрхлэн явуулах зайлшгүй шаардагатай. Хүссэн ч, хүсээгүй ч “туршлага“ хэрэглэх шаардлага бол бодит зүйл. Нөгөөх “шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс” мэт нийтийн хүртээл болсон загвараар ажил хэрэг эрхлэн явуулснаар амжилтанд хүрэх баталгаа байхгүй, гэхдээ сүйрэлд заавал хүргэнэ гэж бас үзэж ч болохгүй. “Шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс”- аар цайгаа амтлах буюу бүр хэрэгцээгүй болсон гэж үздэг загвараар ажил хэрэг эрхлэн явуулснаар амжилтанд хүрч байгаа урд  хөршийн маань жишээ бэлхэнээр байж л байна, гэхдээ энэ нь  урд  хөршийн маань тусгай онцлогтой холбоотой , цаашид нэг их удаан үргэлжлэх боломжгүй л дээ.

Манай улсын хувьд, нийгмийн материаллаг болон оюуны баялагын үйлдвэрлэлд албан тушаал болон хуульчилсан эрх үүргийнхээ дагуу, эсвэл хөрөнгө эзэмшигчийнхээ хувьд, шууд нөлөөлөх үйл ажиллагаа гардан хэрэгжүүлдэх эрх мэдэл, хөрөнгө нөөц баялаг зарцуулах эрхийг ард түмнээс авч, үйл ажиллагаандаа амжилт гаргах үүрэг хүлээсэн хэсэг бүлэг хүмүүст л орчин үеийн зайлшгүй шаардагатай өндөр түвшинд ажил хэрэг эрхлэн явуулах шаардлага тавигдана. Учир нь улс нийгэмд нөлөөлөхүйц том бага хэмжээний ямар ч ажлын эцсийн болон завсарын үр дүн, амжилт эсвэл сүйрэл нь эдгээр хувь хүмүүс ажил хэргээ ямаршуу хэжээнд эрхэлж чадсан, чадаж байгаа буюу цаашид чадах эсэхтэй шууд холбоотой.         

“Туршлага”-ыг дангаар нь мөнгөөр үнэлэн худалдаж авч болдоггүй ч “туршлага эзэмшигч”- үүдийг ашиглах хязгаарлагдмал боломж бий, хэрэв үүнд чиглэсэн тодорхой төсөл бодлогыг тууштай хэрэгжүүлж чадвал...Хаа нэг байгууллага, бүтэцүүдэд гадаад хүмүүсийг удирдах өндөр албан тушаалд мэр сэр ажиллуулах нь, гаднын болон олон улсын байгууллагуудаас алдаг оног зөвлөмж авах нь асуудлыг шийдэж байгаа хэрэг бишээ.

Орчин үеийн зайлшгүй шаардагатай өндөр түвшинд ажил хэрэг эрхлэн явуулах шаардлага ямар хүрээнд тавигдахгүй вэ?

Ард түмэн олон нийтээрээ эрхлэн  явуулж хэвшсэн, нийгмийн урсгал хэрэгцээ захиалгыг хангахад зориулсан түгээмэл үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эздүүдэд дээрхи шаардлага хамаарахгүй. Эдгээр нэгжүүдийн нэг хэсгийнх нь ололт амжилт, хөгжил, нөгөө хэсгийнх нь дампуурал нь хэн бүхний мэдэх хөрөнгөтөн нийгмийн хууль зүй,  чөлөөт өрсөлдөөнд захирагдан явагдаж нэг хэсгийнх нь амжилт нөгөө хэсгийнх нь сүйрэл нийгмийн хөгжилд шиийвэрлэх нөлөө үзүүлдэггүй. Энд, олон нийтэд хүртээмжтэй мэдээлэл дээр үндэслэн ажил хэрэг эрхлэх, өнөөдрийн түвшингээ цаашид улам сайжруулах арга замд суралцан эзэмших бололцоо нээлттэй байдаг. Мөн түүнчилэн, тухайн салбар болон тодорхой нэг чиглэлээр ажил хэрэг хэрэгжих үйл ажиллагаанд хэрэгцээтэй, олон шатны мэрэгжилтэн ажилтнуудыг шаардлагатай үед нь хялбархан бэлтгэж болдог ба энэ нь хөрөнгө мөнгө, зохион байгуулалт, цаг хугацааны л асуудал байдаг.

Монгол улсын Цөмийн эрчим хүчний талаархи бодлого юунаас эхлэх тухай цухасхан...

Хүн төрлөхтөн түүхэн туршдаа хэрэглэх бүх төрлийн эрчим хүчний нийт хэмжээг нарлаг нэг өдрийн гэрлийн хэмжээтэй зүйлэж үэх юм бол хүн төрлөхтөний хэрэглэх цөмийн эрчим хүчний хэмжээ нь ердөө л нэг ширхэг шүдэнз асааж дуусахад гарах гэрлийн хэмжээ мэт. Хүн төрлөхтөний түүхэн туршдаа хэрэглэх цөмийн эрчим хүчний хэмжээ бол хугацаатай (дараачийн эрчим хүчний хэлбэрт шилжтэл), хэмжээ хязгаартай (нөөц талаасаа). Хүн төрлөхтөн цөмийн эрчим хүч хэрэглэх үеийг алгасан өнгөрөх түүхэн замнал байхгүй нь нэгэнт тогтоогдон тодорхой болсон зүйл. Гэхдээ энэ нь бүх улс гүрнүүд цөмийн эрчим хүчийг заавал хөгжүүлэх ёстой гэсэн зүйл биш. Монгол улсын хувьд, олон улсын энэ чиглэлийн хөдөлмөр хуваарьлалд ямар нэг хэмжээгээр оролцох шаардлагатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ чухам ямар чиглэлээр хэзээ, яаж оролцох нь, яаж урдичилсан нөхцөл бололцоог бүрдүүлэх нь, мөн л дээр дурьдсанчилан орчин үеийн зайлшгүй шаардагатай өндөр түвшинд ажил хэрэг эрхлэн явуулах “туршлага” шаардах асуудал. Наад зах нь, даяаршлалын энэ үед, цөмийн эрчим хүчний түүхий эдийн газар доорхи нөөцөө монголчууд хав дараад өнгөрнө гэж лав байхгүй байх.

Төгсгөлийн асуултууд

Бид нар, монголчууд өнөө үед, дэлхий нийтийн  өнөөдрийн ерөнхий түвшинтэй харьцуулахад, чухам ямаршуу хэмжээнд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаж байна вэ? Бид энэ талаар өөрсдийгээ танин мэдэж бодитойгоор үнэлж чадаж байгаа юм уу? Ялангуяа, одооноос сөрөг үр дүн өгч эхлээд байгаа гэж хэлэлцэгдэн ард түмэнд түгшүүр төрүүлж байгаа үйл ажиллагаанууд дээр...

1990 - ээд оноос хойш бүрэлдэн бий болсон нэн тааламжтай гадаад нөхцөл байдлын дор эх орныхоо санаанд оромгүй их баялагыг одоо ч ирээдүйд ч зөв зохистой эргэлтэнд оруулан ашиглаж олон улсын хөдөлмөр хуваарьлалд оролцох шаардлага гарч ирэн манай улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд амин чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой нилээд олон үйл ажиллагаагааны (ялангуяа уул уурхай, ашигт малтмалын салбарт) шийдэл хэрэгжиж байгаа буюу хэрэгжүүлэх шийдвэр гарах шатандаа байгааг хүн бүхэн мэднэ. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн юм уу хүлээн ажиллаж байгаа хүмүүс орчин үеийн зайлшгүй шаардагатай өндөр түвшинд энэ чиглэлээр ажил хэрэгээ эрхлэн явуулж чадсан уу, чадаж байгаа юм уу? Эдгээр хүмүүс ямар нэг замаар “туршлага” хэрэглэсэн үү? Эдгээр хүмүүс “туршлага эзэмшигч” нар мөн үү?  Эдгээр хүмүүс “туршлага эзэмшигч”- үүдийг үйл ажиллагаандаа ашигласан уу ашиглаж байна уу? “Туршлага” хэрэглэх шаардлагнаас зайлсхийсэн үү? “Туршлага” хэрэглэхийг “Удирдлагы ухаан“-ны хэн бүхний мэдэх энгийн арга хэмжээгээр орлуулах гэж оролдон “Нүгэлийн нүдийг  гурилаар хуурав” гээч болсон юм биш биз? “Бурхангүй газрын бумба галзуурна, бухгүй газрын шар галзуурна” гэгчээр “туршлага”- гүй хүмүүс “туршлага эзэмшигч”-дийн дүрд тоглоод өнгөрсөн тохиолдол гарсан юм биш биз? Эсвэл нөгөөх “шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс” мэт нийтийн хүртээл болсон загвараар ажил хэрэг  явагдсан юм уу? Дэнслээд үзвэл “шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс” мэт нийтийн хүртээл болсон загвараар ажил хэрэг явуулах хувилбар нь “туршлага”-гүй хүмүүс “туршлага эзэмшигч”-дийн дүрд тоглохтой харьцуулахад хамаагүй бага эрсдэлтэй л дээ. Эсвэл “шүүсийг нь шахаж дууссан нимбэгний хальс” мэт загвар хэрэглэх нь байтугай бүр хэн нэгэн “сонирхогчийн хэмжээний” эдгээдийн дур санааны зоргоор “голио азаа үзэх гэж тэргэн доогуур оров” гээч юм болсон юм биш биз? Үгүй л байгаасай...

Монголын олон нийтэд өөрсдийнхөө язгуур эрх ашгийг хөндсөн энэ асуудалтай танилцах, ойлгох зам нь нээлттэй байх ёстой.