Таныг ДУНДАЖ гэж хошгируулдаг уу?
2016 оны 3 сарын 25 [Уншсан тоо: 63854]



Саяхан Засгийн газраас иргэдээ 1000 хүртэлх оноогоор үнэлж, LED телевиз, печь, автомат угаалгын машинтай өрхийг дундаж давхарга гэж үзжээ. Дундаж давхаргыг ингээд тодорхойлчихдог бол ч манайх өдийд хөгжлөөрөө тасарчихсан байгаа л даа.

Цагаан сар, Мартыг ээмэг бөгжөө ломбардаж тэмдэглэсэн иргэд маань өөрсдийгөө дундаж давхаргынхан гээд ойлгочихсон л өөдрөг алхаж явна. Бид ч өөдрөг шүү.

Харамсалтай нь дундаж давхаргыг амьдралын чанараар үнэлдэг л дээ. Саяхан “ММСG” компаниас дундаж давхаргын талаар судалгаа хийж үзэв. Судалгаанд оролцогчдын 68.8% өөрийгөө дундчуул гэж үзжээ. Гэвч дундаж давхаргад хамрагдах хүний амьдралын чанарын хамгийн энгийн шалгуур болох дараах асуултуудад хэрхэн хариулсныг харцгаая.

  • Та хадгаламжиндаа хуримтлалтай юу? гэсэн асуултад 71% нь Үгүй гэж хариулжээ. ( Уг нь дундаж иргэн дор хаяж 6 сарын хугацаанд хадгаламжаараа эрсдэлгүй амьдрах ёстой л доо. Гэр бүлийн нэг гишүүн нь хүндээр өвдөхөд л дундчуул маань шууд давхаргаа солихоор эмзэг байна. )
  • Та дор хаяж жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг уу? гэсэн асуултанд 73% нь Үгүй гэж хариулав. ( Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1 т жагсдаг. Гол шалтгаан нь оройтсон оношлогоо. Үүнийг амьдралын дадал хэвшил гэж гоё тайлбарладаг. Бодит үнэн нь жилд 1-2 сая төгрөгөөр оношлогоо хийлгэх амьдралын боломжгүй байна. )
  • Таны орлого байрны зээлийн шалгуурт хүрэх үү? гэсэн асуултанд 69% нь үгүй, орлогоороо байр авахад хэдэн жил зарцуулна гэж бодож байна гэсэн асуултад 63% нь 20 ба түүнээс дээш жил зарцуулагдна гэж хариулжээ.

Ихэнх орны дундчуул жил бүр төлөвлөдөг “Гэр бүлээрээ гадны аль нэг улсад сүүлийн 5 жил амарч чадсан уу?” гэсэн асуултад 94% нь Үгүй гэж хариулж байна.

Өнөөдөр Монгол улсын иргэдийн 20 % хүрэхгүй хувь нь дундаж, 1% нь нэн баян, үлдсэн 80% орчим нь дунджаас доогуур, ядуу, нэн ядуу төвшинд амьдарч байна.

Гэтэл бидний цээжээ дэлдэн тунхагалдаг ардчилсан нийгэм хүн амын дор хаяж 60-70% нь дундаж давхаргад багтсан үед л төлөвшдөг гэдгийг улс орнуудын түүх баталсаар. Бодлогын судлаач (Brookings Institution), Карлос Перейра “Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $1000 болон түүнээс бага бол ардчилал 8 жил,  $1001 - $2000 хооронд бол 18 жил, харин $6000 дээш болж чадвал тогтвортой оршин тогтнох боломжтой” гэж үзсэн.

Мөн дээд түвшний орлого 20 хувиар нэмэгдэхэд эдийн засаг огцом өсөөд буцаж буурдаг бол, дундаж давхарга 20 хувиар нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт илүү үр дүнтэй байдгаас гадна тогтвортой байдгийг тогтоосон байна.

Нэг хүн ядуурлаас гарч, дундаж давхаргад орж ирэхэд түүнийг тойрсон олон хүний амьдрал даган шийдэгддэг. Сая л тэр хүн хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, нийгмийн асуудалд санаа зовинож эхэлснээр иргэний нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг идэвхитэй иргэн төрдөг.

 “Өлсгөлөн ямар ч хүнийг хулгайч болгодог” гэж Пирл С.Бак хэлжээ. Дундаж давхарга бүрдээгүй нийгэмд, ёс суртахуун, соёлын тухай яриад үр дүнгүй. Гэрт эхнэр хүүхэд нь өлсөж байхад номын санд суухыг хүсдэг аав, нөхрийнх нь олсон хэд хаана ч үгүй байхад төгөлдөр хуурын дугуйланд явахыг хүсэх эхнэр байх уу?

Тиймээс л дундаж давхаргад нэг иргэн орж ирэхийг дэлхийн татах хүчнээс пуужин салахтай адилаар зүйрлэсэн байдаг.  Үүнийг л товчхондоо дээрээсээ доошоо бус, харин дундаасаа гадагшаа чиглэсэн эдийн засгийн зөв бүтэц гэж нэрлэж байгаа хэрэг.

Харин манайд дундаж давхаргаа нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл тодорхойлж чадаагүй, мөн хууль санаачлагчид маань бүрэн ойлголтгүй явж байх шиг.

Дундаж давхаргыг халамжийн бодлогоор нэмэгдүүлсэн улс орон гэж үгүй. Харин төрийн цогц зохицуулалт хэрэгтэй Үүнийг Норвегийг баяжуулсан жижиг дунд бизнесийн, Сингапурыг өөрчилсөн орон сууцны бодлого бэлээхнээ нотолно. Гэхдээ улс орон бүрт л өөрт тохирсон шийдэл бий.

Дундаж давхаргаа бүрдүүлэхэд өрсөлдөх чадвар бүхий боловсрол нэн тэргүүнд шаардагдна. Гэтэл их дээд сургуулийн өрсөлдөх чадвараар МУИС гэхэд 2224, ШУТИС 6426  д эрэмбэлэгдэж бусад нь 10.000 хойш жагсаж байна. Монгол нэг оюутанд 330 ам доллар ноогддог бол, хөгжингүй Азийн орнуудын дундаж зардал 11, 512 ам доллар байна.

Татварын нэгдсэн бодлого туйлын чухал бөгөөд манайх шиг уул уурхайн их мөнгө эргэлдэх тусам татвараас зайлсхийж чаддаг, оюуны бизнес эрхэлдэг дундчуулаа нэмүү өртөг тооцож дампууруулдаг бодлоготой улс орон дэлхийд цөөхөн.

Бизнесийн зээл авахын тулд зээл авах хэрэгггүй баян гэдгээ нотолж, бусад улсад 3-5% хүүтэй зээлийн 15-17% хүүтэй зээлдэг, хатан зоригт жижиг дунд бизнес эрхлэгчид манайд л бий.

Чөтгөрийн тойрогтоо хэрэлдсээр байтал ижил гараанаас гарсан дэлхийн улс орнууд биднийг хөгжлөөрөө орхин одож, Монгол улс гадаад өр дээрээ дампуурал зарлах магадлал бүхий 5 орны нэг боллоо.

Улс орнууд хөгжлийн их далайд мэргэжлийн сэлэлтээр урагшилж байхад, бид буруу зүгт нохой самардсаар л...


Л.ОЮУН-ЭРДЭНЭ