Итгэлт хамба лам Дашдорж богд хаанд баяр хүргэсэн нь
2016 оны 12 сарын 28 [Уншсан тоо: 51968]

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан (Монгол Улс)

Богд гэгээнтэн ба буриадуудын харилцаа

XX зууны эхэн болоход тархай бутархай олон монголчууд, түүний дотор буриад, өвөр монголчууд халх монгол лугаа адил Наймдугаар Богдыг “өнгөрсөн, одоо, ирээдүйг нэвт айлдах бөгөөд амьтаныг ганц үр мэт хайрлах нигүүлсэнгүй их авралын манлай” хэмээн биширцгээж байжээ. Сүсэг бишрэл бол ямар ч харгис хатуу үед ямар ч тушаал, ташуураас илүү хүчтэй байдаг байна. Монгол овогтон ийм л итгэл сэтгэлээр Богд гэгээнтэнд хандаж байлаа.

Ялангуяа, XIX зууны сүүлч үеэс буриадын талаарх Оросын эзэнт гүрний бодлого чангарч, 1902-1904 онд дээд цэгтээ тулжээ. Тухайлбал, Буриадын газар нутагт орос, украйнчууд суурьшин засаг захиргааны хяналтыг улам чангаруулж, нийтээр нь хүчтэй оросжуулав. Мөн энэ л үед буюу ХIX зууны дунд үеэс монголчуудын талаарх Манж Чингийн бодлого өөрчлөгдсөн юм. Тиймээс Америкийн эрдэмтэн Р.Рупен бээр “ХХ зууны монголын үндэсний хөдөлгөөн өрнөсний гол учир нь Орос, Манж хоёр харьяат монголчуудтайгаа удаан тэвчээртэй харьцаж байсан нь өөрчлөгдсөнийх” хэмээн тэмдэглэсэн буй.
   
ХХ зууны эхээр Монголоор аялсан Москвагийн экспедицийн гишүүн Морозов “6 сарын 9-нд Хиагтын худалдаачин буриад Богдод мөргөхөөр Хүрээ явж буйтай замд таарсан” тухай тэмдэглээд “Оросын харьяат буриадууд монголчуудаас ч илүү Хүрээнд очиж энэ дэлхийн Амьд бурханд мөргөх нь ариун үүрэг хэмээн үздэг ажээ хэмээн бичсэн байна. Хүрээн дэх Оросын консулын газраас 1890 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гадаад яамандаа илгээсэн мэдээнд өгүүлэхдээ: “буриадууд Богдыг бараг л бурхан шиг үздэг” хэмээн бичсэн байна.

1904 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Жамсрангийн Цэвээн нарын долоон хүн Буриадаас ирж, Богд гэгээнд мөргөсөн тухай тэрээр өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Ж.Цэвээний бичснээр: эл өдөр Богдод мөргөхөөр цугларсан өмнөд монгол, дорнот монгол, буриад, барууны хүмүүс гэх мэтээр нийтдээ 200 орчим мөргөлчид байсан ажээ. Гэгээнтэн өөрийн ордоноос хатан болон торниухан хоёр хүүхдийн хамт гарч ирж, адис өгөв хэмээн бичжээ.

Оросын аялагч И.Морозов замын тэмдэглэлдээ: “Түвдэд Далай лам шиг Амьд Бурхан болсон Богд гэгээний нэр хүнд Монголд мөн адил агуу юм. Хятадын эзэн хааны тухай хүн бүр мэдэхгүй боловч монгол хүн бүр  хүүхэд хүртэл бурханы хүч, хааны эрх мэдэл, бүхэнтэй түүний нэр сүрийг холбож ойлгодог Богд гэгээний тухай мэднэ. Богд гэгээнд мөргөхөөр Монголын алс хол тал нутаг, уул, цөлөөс ч ноёд, тайж, энгийн монголчууд ганц нэгээрээ, бүхэл бүтэн айлаараа, орон нутгийн хийдийн лам нар, бурханы шашинтай бүхий л үндэстэн ард түмнүүд ирдэг байна. Богд гэгээний хүлээн авалт тун ч их саад бэрхшээлийг туулж байж бүтдэг байна. Иймээс мөргөхөөр ирэгсэд мөнгө, морь мал, хонь гээд бүхий л бэлэгтэй ирдэг байна” гэжээ.

Хүрээнд байгуулсан Түр засгийн газраас Орост одсон төлөөлөгчид эргэн ирсэний дараа Манж Чингийн эрхшээлээс гарч, төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явдалдаа шуурхайлан оржээ. Юуны өмнө Хүрээнд сууж байсан Манжийн амбанг хөөн зайлуулах, улмаар Монголын тусгаар тогтнолыг тунхаглан зарлах хэрэгтэй байлаа. Иймээс олон жилийн Монголд ноёрхсон Манжийн дэглэм эцэс болж, Монголчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг түр засгийн газраас Их Хүрээнд 1911 оны 12 дугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд–соёмбо үсэгтэй далбаагаа намируулжээ.

Тэрхүү тунхаг бичиг “Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг, жич хамба шанзодба, да лам нарын бичиг” хэмээсэн гарчигтай бөгөөд “Монгол орос, түвд, иргэн шар хар олон хүнд нийтээр ухуулан зарлах учир” гээд “Эдүгээ өмнө газар манж, хятад аймаг өвөр зуураа самууран Манжийг төрийг сөнөөхүйд хүрсэн чимээ олонд сонсогдох болсон, үүнд Манай Монгол болбоос угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин журмаар өвсөбэн улс болон өөрийнхүү хэргийн эрхээ бусдаар эрхлүүлэхгүй шинэ төр байгуулан тогтоохоор зөвлөн тогтсон, үүнд манай Монгол манж–хятад түшмэдэд захирагдахгүй”  хэмээн ухуулсан байна. Энэ талаар Оросын Консул Лавдовский Хүрээнээс 1911 оны 11 дүгээр сарын 18-нд илгээсэн нууц цахилгаан утсандаа: “Өнөөдөр өглөө ноёдууд тунхаг бичиг гаргалаа, уг тунхаг бичгээр Халхыг автономиор зарлалаа”  гээд “хятад худалдаачдыг бүрэн хамгаалахаа амлав. Сандоо ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэнгүй, ойрын өдрүүдэд Сибирээр дамжин Манжуур явна. Бүх юм амжилттай. Консулын газраас эмх замбараагүй байдал гаргахгүй байх талаар арга хэмжээ авлаа” хэмээн мэдэгджээ. Оросын өөр нэгэн эх сурвалж, тодруулбал Хүрээнд байсан Консулын газрын Цэргийн дарга, Оросын Цэргийн ерөнхий штабын дэд хурандаа Аветисовын 11 дүгээр сарын 19-ны цахилгаанд: “Өчигдөр Богд гэгээн Монголын бие даасан байдлыг зарлалаа” хэмээн бичжээ. Мэдээжийн хэрэг эл үйл явдалд Богдын оролцоо онцгой байсаныг тэмдэглэх нь зөв буй за. Бүх зүйл түүний бодсоноор, түүний удирдлагаар өрнөж байв.

Хүрээнд сууж байсан манж амбан Сандоо өөрийн бүх түшмэдийн хамтаар Хүрээнээс 1911 оны 11 дүгээр сарын 21-нд гарч явлаа. Одоохондоо бүх зүйл тайван байна. Монголын Түр Засгийн газартай хэрхэн харилцах талаар удирдамж ирүүлнэ үү  хэмээн Оросын консул төвөөсөө хүссэн буй.

Дээр өгүүлсэн цахилгааны хариуд Хүрээнд сууж байсан Оросын консул Лавдовский 1911 оны 11 дүгээр сарын 23-нд бичихдээ: “Ямар нэгэн хэлэлцээр болоогүй бөгөөд монголчууд тийм хэлэлцээр хийхийг хүсээгүй болно. Хятад цэргүүд Сандоог хамгаалахаас татгалзаж, Гэгээний талд оров. Сандоо Консулын газар орогнол хүсэж, бид түүнийг ойр орчимхонтой нь хүлээн авч, улмаар Хиагт хүртэл харуул хамгаалалтан дор явуулав. Амбан сайд ямар ч актанд гарын үсэг зураагүй. Засгийн эрхийг Түшээт хан аймгийн чуулган даргад түр зуур Хутагт даалгаад байна. Гэгээн удахгүй Халхын хаанаар өргөмжлөгдөнө. Надад зуучийн үүрэг хийх ажил гарсангүй. Зөвшөөрөл хожигдож ирсэн” хэмээжээ.

Атаман Семенов  өөрийн дурсамжаа 1936–1938 онд Дайренд бичиж үлдээснийг саяхан Москвад хэвлэсэн байх бөгөөд түүний дурсамжид бичсэнээр бол Семенов Монголд 1911 оны үндэсний хувьсгал гарч байх үед Хүрээнд байсан байх бөгөөд тэр бичихдээ “Агуу Чингис хааны орны түүхийг бичилцэхэд оролцсон” хэмээжээ. Тэрбээр цааш өгүүлэхдээ: “…би Хүрээн дэх манай консулын газрыг хамгаалж байсан хорооны 6 дугаар суманд үлдсэн юм. Монголын нийслэлд би 1911 оны 10 дугаар сарын эхээр очсон. Европынхоны үзлээр бол Хүрээ нь нийслэл гэж хэлэхээргүй боловч энэ хот Богд хутагтын тэргүүлсэн монголын лам нарын шилдэг төлөөлөгчдийн жинхэнэ төв болж байв. Хүрээнд байх хугацаанд багаас сурсан миний монгол хэл Монголын нийгмийн нэрт төлөөлөгчидтэй ойртох боломж олгосон юм. Монголын Цэргийн яамны сайдад нэр дэвшигч Намсрай гүн надаас орчин үеийн цэргийн эрдэмд сурч байв. Мөн энэ үед Норовын тусламжтайгаар казакийн цэргийн албаны жагсаалын дүрмийг би монгол хэл рүү хөрвүүлсэн. Хүрээ улс төрийн давалгаа, шинэ ирмүүн оргилд тэмүүлэн буцалж байв” хэмээгээд “1911 оны 12 дугаар сарын 11-нд Хятадаас Халх тусгаарлаж, Монголын тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал болов” гэж бичжээ. Түүний цааш өгүүлснээс үзвэл Семенов яг 1911 оны 12 дугаар сарын 29-ны үйл явдалд оролцоогүй байх магадлалтай байгаа юм. Харин энэхүү Монгол тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдал гэдэг нь Сандоо амбанг хөөж явуулсаныг хэлсэн байж болох талтай юм.

Харин Семенов Сандоо амбанг хамгаалж, Монголын нутгаас хойш хил гаргах хүртэл явсан нь тун үнэн бололтой нь цааш өгүүлэх хэсгээс тодорхой харагдаж байна. Тэрбээр өгүүлэхдээ “Манай консулын тушаалаар би казак салааныхаа хамтаар Хүрээн дэх Хятадын Амбанг хамгаалах үүрэг хүлээв. Түүний ордон үймсэн олон монголчуудын хөлд өртөх аюул тулгараад байв. Ухаангүй айсан амбанг манай консулын газар авчрав. Цааш нь би өрнөж буй үйл явдалд өөрийн санаачилгаараа орж, Хүрээн дэх зэвсэглэсэн хятад цэргүүдийн байдал нь монголчуудын дургүйг улам хүргэж, улмаар мөргөлдөөнд хүрч болзошгүйг ажиж, өөрийн казах салаагаараа хятад цэргүүдийн зэвсгийг хураалгав. Зэвсгээ хураалгасан хятад цэргүүд цэргийн хувцсаа тайлж, энгийн хүмүүс болон цугласан олон дотор орж, элдэв чирэгдэл гаргаагүй юм. Үүний дараа Дайчингийн банк руу халдаж болзошгүй мэдээ авч, өөрийн салааг аван тийш очиж, банкинд хүрч, чингиснээрээ болох байсан дээрэм хийгээд банкны ажилтнуудыг учирч болох байсан халдлагаас хамгаалж чадсан юм. Энэ үйлдлийнхээ төлөө би цэргийн удирдлагаасаа сайшаал хүртэж, хэдэн өдрийн дараа Хүрээнд тайван байдал, дэг журам тогтооход үзүүлсэн дэмжлэгийг талархсан Тойргийн штабаас цахилгаан авсан билээ. Гэвч манай консул Монголчуудын хэрэгт миний ийнхүү оролцсон явдал нь дотоод хэрэгт нь оролцсон хэмээн буруутгагдах шалтаг болж болзошгүй хэмээн үзсэн юм. Иймээс Гадаад хэргийн яамнаас шаардсанаар би Хүрээг 48 цагийн дотор орхих хэрэгтэй болов”  хэмээжээ. Түүнээс гадна тэрбээр “Хүрээнд байсан манай зуутын нэр хүнд хийгээд миний удирдлага дор үйл хэрэгт оролцсон нэгэн салааны үйлдэл нь Хүрээнд дэг журам сахиулахад хангалттай байсан ба хувьсгалт хөдөлгөөнийг тодорхой хүрээгээр өрнүүлэх боломжтой болгосон юм” хэмээн өгүүлжээ.

“11 дүгээр сарын 19-нд Чин улсын банкны Хүрээний салбар хаагдаж, түүний бүх албан хаагч нь Орос захиргааны хяналтад байна” хэмээн тухайн үед хятад хэл дээр гарч байсан “Гуанхуа жибао” хэмээх сонинд бичснээс үзвэл Семеновын дурссан нь үнэнтэй хэмээн үзүүштэй.

Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ.

Итгэлт хамба лам Дашидоржоос Богд хаанд ирүүлсэн баярын бичиг

Төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаныг даяар олноо тунхаглан зарлах төрийн ёслолыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний билигт сайн өдөр нийт монгол үндэстний төлөөлөлийг оролцуулан өргөн тэмдэглэв. Энэхүү төрийн ёслол нь монгол үндэстний хувьд эв нэгдэлийн шинж, тусгаар улсын шинж, үндэстэн улсын шинжийг илэрхийлж байлаа. Тиймээс Богд хааны зарлигаар төрийн ёслолд ар, өвөр монгол, буриад гээд нийт монгол овогтоны төлөөлөлийг оролцуулахад онцлон анхаарчээ. Энэхүү түүхэн үйл явдал олон монголчуудын сэтгэлийг сэргээсэн бөгөөд тэдний дотор буриадууд багтаж байв. Иймээс 1912 оны 12 дугаар сард Дорнод Сибирийн буддистуудын оюун санааны удирдагч, Бандида хамба лам Дашидорж бээр бүх буриадууд болон Сибирийн бурханы шашинтуудын өмнөөс Богд гэгээнтэнд Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн явдалд халуун баяр хүргэсэн байна.   Итгэлт хамба лам Дашдорж бээр Ар Байгалийн мужийн цэргийн захирагч Чиликовоор дамжуулан Эрхүүгийн Генерал губернатораас зөвшөөрөл авахаар 1912 оны 12 сарын 29-нд ирүүлсэн байна. Уг бичигт Эрхүүгийн генерал губернатор Егермейстер Князев өгсөн 1913 оны 1 сарын 2-ны өдрийн хариундаа миний талаас татгалзах зүйлгүй хэмээн хариу өгчээ.  Итгэлт Хамба лам Дашдоржийн тэрхүү баяр хүргэсэн бичгийг монгол, орос хэлээр хүргэх нь зүйд нийцэх болов уу. Учир нь уг бичиг орос хэлээр шийтгэсэн байх бөгөөд өчүүхэн хүн монгол хэлээр хөрвүүлэн хүргэж буй юм.

ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН, АГУУ БОГД ХААН

Би, Эзэн хааны зарлигаар Агуу Орос улсын Дорнод Сибирийн бурханы шашинтнуудын оюун санааны удирдагчаар томилогдсон Бандид Хамба лам Дашдорж бээр хувиасаа болон бүх буриадууд, Өндөр гэгээний жинхэнэ ариун хувилгаан дүр, шашныг мандуулагч хэмээн ТАНЫГ үеэс үеэд шүтэж ирсэн  бурханы шашинтнуудын нэрийн өмнөөс

Бидний цусан төрөл, шашин нэгт монголчуудыг олон зуун жилийн хүнд бэрх хятадын дарлалаас амжилттай салж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН ТАНЫГ монголчуудын эх орны ДЭЭД ЭЗЭН ХААНЫ ӨНДӨР Ширээнд өргөмжлөгдсөнийг тохиолдуулан ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН ТАНАА чин сэтгэлийн баяр хүргэж, эрдэнэт алтан өлмий тань олон зунаар өнө батдаж, түмэн овогтоноо гэрэлт ирээдүйд хөтөлсөн, дэлхий ертөнцийн агуу, хүчирхэг эздийн нэгэн болсон манай БААТАР ЦАГААН ХААН НИКОЛАЙ АЛЕКСАНДРОВИЧИЙН эелдэг мэргэн ивээлийг хүртсэн, сэргэн мандсан Монголын хаант улс нь амар амгалан хөгжин цэцэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн барих нь өөрийн ёс суртахууны үүрэг хэмээн үзэж байна.

1912 оны 12 дугаар сар, Галуут нуурын дацан, Дорнод Сибирийн Ламын шашинтны Бандид хамба лам: Итгэлт

Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт Буриадын итгэлт хамба ламаас ирүүлсэн баярын бичгийг элч төлөөлөгчдөөс хүлээн аваад, түүнд Монгол Улсын төрийн дээд шагнал Эрдэнийн Очир одон шагнаж, элч төлөөлөгчдийг мөн шагнаж урамшуулсан байна. Буриадын бурханы шашны тэргүүн Бандид хамба ламд Эрдэнийн очир одон олгосон Монгол Улсын хааны 1913 оны зарлигийг толилуулбаас,

Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт хаан Жабзандамбын лам бээр:
          
Их орос их баатар цагаан хааны зарлигаар тавигдсан зүүн Сибирь дэх орны бурхан шагжамуны тэргүүн Бандид хамба лам хийгээд шагжамуны бурханы шашныг шүтэгч Буриад монголын бүгдийн сайныг лавлахын учир эдүгээ та бүхэн уг язгуур үндэс ба нэг бурханы шашныг шүтсэнээн бодон хөгжүүлж, миний биеийг Mонгол улсыг мандуулан хаан ширээнд суусанд баясгалангийг илтгэн бичиг хүргэж тухайд хүн зарж илгээсэнд би бээр ихэд баясаж хүлээн авав.
     
Эрхэм Бандид хамба тэргүүн шагжамуни бурханы шашныг шүтэн түүний ёсыг гол болох олон та бүхнээр хамаг амьтны тусын тулд дөрвөн цаглашгүйн үүднээс номлол бүтээлийн шашныг улмаар бадруулан дэлгэрүүлж хэзээ ямагт харшлахын шалтгаан үгүй зохилдохын шалтгаан зөндөө бүтсээр нас буян  иш онолын эрдэм агуу хүчин цог учрал бүхэн улам улмаар шинийн сар мэт арвидан  дэлгэрч баяр билэг хослон амгалан жаргалан лугаа төгөлдөр оршсоор байх ба бас ч та бүхний эзэн их баатар Цагаан  хааны хутаг урт, төр нь бат, албат бүхэн амгалантай байтугай хэмээн чухаг дээд гурван эрдэнэд залбирсаар буйг сонсохоос гадна эрхэм Бандид хамбад  шашныг хүндлэгч цол, тэргүүн зэрэг Эрдэнийн очир, зарагдан ирсэн ширээт цорж Шагжид хамбын янба, дэд зэрэг эрдэнийн очир, цорж Нянбууд цоржийн янба, гутгаар зэрэг эрдэнийн очир, түшмэл Гомбожавт гүнгийн зэрэг жинс, дэд зэрэг эрдэнийн очир, гавж Пэлжинд хувилгааны янба тус тус  шагнасан явдлыг мэдэгдэж үүний тул хариу бичиж илгээв. Олноо  өргөгдсөний гуравдугаар он, Зуны  дунд  сарын  сайн  өдөр Эрдэм  Итгэмжит  сүмд  бичив”  хэмээжээ.

Энэ удаа Богд гэгээнд буриад зон хэрхэн хандаж байсан хийгээд Бурханы шашинт буриадуудын нэрийн өмнөөс Бандид хамба лам Дашдоржийн Монгол тусгаар тогнож, улсын эзэн хаанаараа Богд Жавзандамба хутагтыг өргөмжилсөнд баяр хүргэсэн явдлыг онцлон тэмдэглэхийг зорьсон болно. Хэдийгээр олон зуун жил хилээр хязгаарлагдаж, тус тусдаа оршиж байсан хэдий ч буриад зоны өмнөөс “цусан төрөл, шашин нэгт монголчууд”-даа олон зуун жилийн хүнд бэрх харийн дарлалаас амжилттай салж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласанд нь баяр хүргэсэн онцгой нэгэн үйл явдал мөн юм.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn