Мод PM тоосонцрыг 50% бууруулдаг
2017 оны 4 сарын 7 [Уншсан тоо: 20727]

Анхны цас орж хүйтэрсэн өглөө миний охин гадаа гараад ээждээ “Ээжээ, өвөл үнэртэж байна” гэж билээ. Утааг хэлсэн нь энэ. Харин би багадаа өвлийн үнэрийг цас орсны дараах цэвэр хүйтэн агаар, бэлэгний уутнаас анхилах алим, жүржний үнэрээр төсөөлдөг байсан.

Өнөөдөр бидний үр хүүхдүүддээ өвлүүлээд байгаа энэ утаанд CO2 нүүрстөрөгчийн давхар исэл, NOx азотийн исэл, SO2 хүхрийн давхар исэл, РМ тоосонцор зэрэг 260 хол давсан хорт бодисууд агуулагддаг байна. Үүнээс РМ тоосонцор нь хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг үр дагавартай бөгөөд хотын агаарыг бохирдуулдаг эх үүсвэр нь юм. Нийслэл маань дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордогыг бид мэднэ.

Тоосонцорын талаар хүн бүр өөр өөрийн ойлголттой байдаг гэтэл тоосонцор гэж ер нь юу юм бэ?

Тоосонцор РМ (particulate matter) гэдэг нь агаарт дэгдсэн янз бүрийн хэлбэр, хэмжээтэй органик ба органик бус хатуу бичил эд/биетүүд болон шингэн дуслууд юм. Хэмжээгээр нь тоосонцорыг PM10 буюу 2.5-аас 10 микрон хүртэл хэмжээтэй бүдүүн тоосонцор, PM2.5 буюу 2.5-аас бага микрон хэмжээтэй нарийн тоосонцор гэж 2 ангилдаг байна. Харьцуулбал хүний үсний диаметр нь 50-70 микрон бөгөөд 1мм нь 1000 микронтой тэнцэнэ.


Зураг 1:Тоосонцорын хэмжээ

Тоосонцорын хэмжээ нь тоосонцорыг агаарт хэр зэрэг удаан тогтон, тархахтай шууд холбоотой. Жишээ нь PM2.5 хөнгөн жижиг тул хэдэн цагаас хэдэн 7 хоног хүртэл агаарт хөвөн хотоос гадагшлан хэдэн аймаг даван тархаж болно. PM10 нь харьцангуй том хүнд тул хэдэн минутаас хэдэн цагаар агаарт хөвөн хотын нэг дүүргээс нөгөө дүүрэг хүртэл тархана.

Хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь тоосонцорын хэмжээтэй мөн холбоотой. PM10 нь уушигт нэвтэрч цэр салстаар дамжин гадагшилж болох бол харин PM2.5 нь уушигний хамгийн гүн хэсэгт (alveolar) нэвтэрнэ. Уушигны энэ хэсэгт тоосонцорыг гадагшлуулах ямар ч механизм байдаггүй тул уг хэсэгт үлддэг бөгөөд хэрэв усанд уусах чанартай тоосонцор бол хэдхэн минутын дотор цусаар дамжиж бусад эрхтэн тухайлбал зүрхэнд хүрэн цочроож зүрх судас, хорт хавдар, амьсгалын замын системийн өвчлөл зэргийг үүсгэх ба цаашлаад дутуу төрөлт, ургийн гажиг зэрэг бусад эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тоосонцор нь зөвхөн хэлбэр, хэмжээгээрээ өөр байгаад зогсохгүй эх үүсвэр, бодисын найрлагаараа мөн ялгаатай. Барилгын ажил, гудамж талбайн цэвэрлэгээ, салхи шуурга, хүн, автомашины хөдөлгөөн зэрэг голдуу механик ажиллагаанаас бүдүүн тоосонцор PM10 үүсдэг. Түүнчлэн ургамлын тоос, бактер, хөгц, үнс, хөө тортог зэрэг нь бүдүүн тоосонцорт орно. Харин агаарт явагдах химийн урвал нарийн тоосонцор PM2.5 үүсгэдэг байна. Эх үүсвэр нь дотоод шаталтын хөдөлгүүр, нүүрс болон бусад түлшний шаталтаас үүссэн хорт хий ба энэ нь агаарт ууршиж дараа нь хатуурч, ижил химийн найрлагатай тоосонцор болон хувирахаас гадна агаарт байгаа нөгөө NOx, SO2, дэгдэмхий органик нэгдэл, хүнд метал гэх мэт бусад хорт хий, тоосонцортой урвалд орж, өөр нарийн химийн найрлага, олон бодисын нэгдэл бүхий нарийн PM2.5 тоосонцор үүсгэдэг байна. Үүгээрээ  PM2.5 нь илүү хор хөнөөлтэй. Түүнчлэн тамхины утаанд PM2.5 ноёлдог.

Ингээд бид агаарт дэгдэн тархаж буй олон төрлийн органик ба органик бус хорт бодисуудын нэгдэл, эдгээр “тоосонцоруудын багц”-аар өдөр тутам хүссэн хүсээгүй “бөөндөн” амьсгалдаг. Үүгээрээ РМ тоосонцор нь “Номер 1” агаар бохирдуулагч хэмээн томъёологдоод байгаа юм.

За одоо гол сэдэвээ хөндье.

Мод нь хүлэмжийн хийг бууруулан хүчилтөрөгч ялгаруулж, агаарын бохирдлыг бууруулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин РМ тоосонцорыг хэр зэрэг үр дүнтэй бууруулдаг талаар нарийн судалгаа, мэдээлэл хомс.

Америкийн Ойн Алба болон Сиракьюсийн Дэйвей Хүрээлэнгээс 2012 онд Америкийн Атланта, Бостон, Чикаго, Нью Йорк, Сан Франциско, Лос Анжелес зэрэг 10 хотуудад мод нь PM2.5 нарийн тоосонцорыг хэрхэн бууруулдаг, энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар модель дээр хийсэн судалгаагаар дээрх хотуудад ой нь жилдээ 223 тон PM2.5 нарийн тоосонцорыг хуримтлуулан бууруулдаг ба үүнд хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийг нь мөнгөн дүнгээр тооцоолоход жилд Нью Йоркд 60 сая, Чикагод 28 сая, Лос Анжелест 24 сая ам.доллар тус тус болсон байна.

Үүний зэрэгцээ 2013 онд Английн Ланкастерийн Байгаль Орчны Төвөөс мод нь тоосонцорыг хэрхэн бууруулдаг талаарх судалгааг модель, лабораторт биш бодитоор Ланкастерийн хөдөлгөөн ихтэй замын дагуу байрлах эгнээ 8 амины орон сууцыг сонгон авч хийжээ. Уг замаар өдөрт 12,000 гаруй автомашин зорчдог бөгөөд замын дагуу ямар ч мод суулгаагүй байсан байна. Туршилтын эхэнд байшин бүрийн дотор автоматжуулсан тоосжилт хэмжих төхөөрөмжөөр хэдэн өдрийн турш, 10 минут тутамд тоосжилтын хуримтлал, тоосонцорын хэмжээний сорилтуудыг авчээ. Түүнчлэн LED, плазм телевизорийн дэлгэцнүүдээс төмрийн хольцтой тоосонцорын сорилтыг мөн авсан байна.

Үүний дараа модон торхонд суулгасан 30ш залуу хус моднуудыг туршилт хийж буй зам дагуу түр суурилуулж, 13 хоногийн туршид дахин сорилт хийжээ. Гэхдээ эдгээр хус моднуудыг зөвхөн туршилтын 4 байшингын урд зам дагуу байршуулсан байна. Сорилтоор зам дагуу урдаа мод суурилуулаагүй 4 байшинтай харьцуулахад, урдаа мод суурилуулсан 4 байшингийн телевизорийн дэлгэцнүүдээс авсан төмрийн хольцтой тоосонцор нь 52 - 64%, мөн автоматжуулсан тоосжилт хэмжих төхөөрөмжийн гаргасан үзүүлэлтээр РМ1*, PM2.5, PM10 тоосонцорын хэмжээ нь 50%-иас илүү “буурсан” үзүүлэлттэй гарсан байна.


Зураг 2: Ланкастерийн туршилтын байшин, моднууд

Зам дагуу суулгасан хус моднуудын навчийг электрон бичил дурангаар шинжихэд РМ тоосонцор, ялангуяа төмрийн хольцтой тоосонцор нь навчин дээрх үслэгийн эргэн тойрон болон навчны микро өнгөрт хуримтлагдсан байв. Энэ төмрийн хольцтой тоосонцор нь автомашины утааны ялгаралт болон тормозны үрэлтээс голчлон үүcдэг байна.

Эдгээр туршилтын моднууд нь залуу зулзаган моднууд байгааг та анзаарсан байх. Тэгвэл нас бие гүйцсэн мод дөнгөж суулгасан зулзаган модноос 70 дахин илүү бохирдол бууруулж чаддаг байна! Тэгэхээр мод ургаж томрох тусам тоосонцрыг бууруулах чадвар, хуримтлуулах багтаамж нь улам ихэснэ гэсэн үг.

Дээрх туршилтаас харахад РМ тоосонцорын хэмжээг бодитойгоор бууруулах энгийн арга нь мод суулгах, мод суулгахдаа парк, цэцэрлэг, уулын бэлээр голчлон төвлөрүүлэн суулгахаасаа илүүтэйгээр хот төлөвлөлттэй уялдуулж хөдөлгөөн ихтэй замын дагуу, ялангуяа агаарын бохирдол ихтэй гэр хорооллын зам, гудам дагуу түлхүү тараан суулгах нь үр дүнтэй юм.

Улаанбаатарын зарим агаарын их бохирдолтой голомтод замын тоосжилт нь нүүрсний утаанаас дутуугүй агаарын бохирдлыг үүсгэдэг. Жишээ нь: хяналтын цэгийн ажиглалтаар хотын агаарын бохирдол ихтэй цэгийн нэг МУИС-ийн орчимд РМ10 тоосонцорын агууламжийн жилийн дундаж үзүүлэлтийн 50%-ийг гудамж, замын гадаргуугаас дэгдсэн тоосонцор бүрдүүлдэг байна. Үүн дээр автомашины утаа хүний амьсгалах орчин тойронд цацагддаг бөгөөд утаан дахь найрлага, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөгөөрөө нүүрсний утаанаас илүү аюултай. 2015 оны байдлаар Улаанбаатар хотын нийт 332 мянган автомашины 70-аас илүү хувийг 10 ба түүнээс дээш жилээр ашигласан хуучин тээврийн хэрэгслүүд эзэлдэгээс дизель хөдөлгүүртэй автомашин нийт тээврийн хэрэгслийн 30 гаруй хувийг эзэлж байна. Дизель хөдөлгүүртэй автомашин нь бензин хөдөлгүүртэй  автомашинаас даруй 20 дахин илүү РМ тоосонцор ялгаруулдаг.

Улаанбаатарт агаарын бохирдол нь автомашины утаанаас гадна цахилгаан станц, уурын зуух болон гэр хорооллын дутуу шатсан түүхий нүүрснээс голлон үүдэлтэй. Иймээс гэр хорооллын болон амины орон сууцтай айлууд хашаандаа бас мод нэмж суулгах нь илүү үр дүнтэй. Учир нь мод тоосонцорын эх үүсвэрт ойр байх тусмаа тоосонцор илүү хуримтлуулан бууруулдаг байна. Ногоон байгууламж нь нүүрс болон бусад хатуу түлшний шаталтаас үүдэлтэй тоосонцорыг ямар үр дүнтэй бууруулах талаар дээрх туршилтыг мөн гэр хороололд хийхэд бүрэн бололцоотой.


Зураг 3: Гэр хороололд тоосонцор бууруулах

Манай эх газрын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд навчит мод нь улирлын чанартай навчаа гөвөх тул өвлийн улиралд тоосонцор хуримтлуулах үзүүлэлт нь буурдаг. Харин шилмүүст мод нь шилмүүсээ гөвөлгүй жилийн 4 улирлын туршид тоосонцорыг хуримтлуулах ба навчит модтой харьцуулахад ус бага хэрэглэдэг, шим тэжээл багатай хөрсөнд илүү ургаж чаддаг зэрэг давуу талуудтай.

Тэгвэл шилмүүст мод навчит модтой харьцуулахад РМ тоосонцорыг хэр бууруулж чадах вэ?

Энэ талаар 2016 онд Хятадын Бээжин, Чунчин хотуудад навчит болон шилмүүст модны PM2.5 нарийн тоосонцорыг хуримтлуулах чадварыг харьцуулсан судалгааг нийт 25 төрлийн навчит болон шилмүүст моднууд дээр тулгуурлан хийжээ. 

Судалгаагаар навчит модтой харьцуулахад шилмүүст мод нь тоосонцорыг илүү хуримтлуулдаг болох нь ажиглагдсан байна. Жишээ нь улиасны төрөл навчит мод (Populus tomentosa) нь туршилтын явцад 170.43 мг тоосонцор, шилмүүст төрлийн мод (Cunninghamia lanceolate) нь 484.08 мг тоосонцор буюу уг навчит модноос даруй 2.8 дахин илүү PM2.5 тоосонцорыг хуримтлуулсан байна. Дээрх 2 мод нь туршилтанд оруулсан навчит болон шилмүүст моднуудаас хамгийн их тоосонцор хуримтлуулсан 2 төрөл нь юм. Туршилтанд оруулсан бусад навчит болон шилмүүст моднуудын тоосонцор хуримтлуулах үзүүлэлтүүд нь харьцангүй өөр гарсан боловч шилмүүст моднууд тоосонцор хуримтлуулах дундаж үзүүлэлтээрээ илүү давамгайлсан байна.

Навчит болон шилмүүст модны тоосонцор хуримтлуулах чадвар нь уг модны нийт навч эсвэл нийт шилмүүсний гадаргуугын эзлэх талбай, навч шилмүүсний бүтэц, үүнд навчны үслэг, амсар (stomata), өнгөр зэргээс шууд хамааралтай. Навч нь гөлгөр, гадаргуугын талбай багатай бол үзүүлэлт нь буурах жишээтэй. Шилмүүст модны тоосонцор давуу хуримтлуулах чадвар нь нийт шилмүүсний гадаргуугын эзлэх талбай нь навчит модны нийт навчны гадаргуугын эзлэх талбайтай харьцуулахад илүү байдагтай голчлон холбоотой юм байна.

Дээрх туршилтуудаас үзэхэд, тоосонцорыг үр дүнтэй бууруулахад мод суулгах байршлаас гадна модны сонголт чухал ба шилмүүст модыг түлхүү суулгаж өгөх нь өвлийн улиралд тоосонцор ихэсдэг манай нөхцөлд илүү үр дүнтэй харагдаж байна. Тоосонцорыг бууруулахад хамгийн тохирох манай орны навчит болон шилмүүст моднуудын төрлүүдийг сонгохдоо уг моднуудын онцлог, навч, шилмүүсний нийт гадаргуугын талбай, бүтцээс гадна бохирдлыг тэсвэрлэж чадах үзүүлэлт, чадварыг нь харгалзан үзнэ. Модонд ч гэсэн бохирдлыг тодорхой хэмжээнд өвчлөлгүйгээр тэсвэрлэж чадах хязгаар байдаг ба уг хэмжээ нь хэтэрвэл өвчилдөг байна. Амьд биет шүү дээ. Түүнчлэн мод суулгахдаа салхи, агаарын урсгалыг хааж болзошгүй модны хэт нягтрал, эмх замбараагүй төлөвлөлтөөс зайлсхийх нь тухайн орчинд РМ тоосонцорын хуримтлал үүсэхээс сэргийлнэ. Иймээс модны сонголт, төлөвлөлт, суулгалт, арчлалт энэ бүхэнд ойн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, оролцоо зайлшгүй хэрэгтэй.

Мод суулгах нь нийт ажлын 10%, үлдэх 90% нь модыг бие даан амьдрах чадвартай болтол 3-аас доошгүй жилийн туршид байнгын арчилгаа, тордолт, хамгаалалтаас шалтгаалдаг тул энэ ажилд “мэргэжсэн” хувийн хэвшлүүдийг өргөнөөр татан оруулах нь илүү үр дүнтэй. Манайд нялх модыг суулгаад арчилгаа, тордолтыг орхигдуулдаг нь нийтлэг. Арчлахгүй бол суулгаад яахав, тийм үү?

Модыг арчлах, хамгаалах ажлуудыг хариуцсан эзэнтэй болгох, хувийн хэвшлүүдийг татан оруулахад төр засгийн зүгээс тодорхой бодлого, санхүүжилт, эрх зүйн орчны дэмжлэгээс гадна урт удаан хугацааны эдийн засгийн тогтвортой хөшүүрэг хэрэгтэй. Үүнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төслүүдэд урамшуулал олгох, олон улсын цэвэр хөгжлийн механизм, сан, хөтөлбөрүүдэд хамруулах нь төслийг зогсолтгүй үргэлжлүүлэн явуулж, үйл ажиллагааг нь тэлэхэд чухал үүрэгтэй. НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund), Дасан зохицох сан (Adaptation Fund), мөн манайд 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй Монгол-Японы хамтарсан кредит олгох механизм (Joint Crediting Mechanism) зэрэг төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бол төр засгийн зүгээс зохицуулалт, дэмжлэгтэйгээр хамруулж болох юм. Түүнчлэн хашаандаа мод, бут, зүлэг мэт ногоон байгууламжтай эсвэл гэрийн халаалт нь эко шийдэлтэй, мөн сайжруулсан түлш хэрэглэдэг айл өрхүүдийг цахилгааны тариф эсвэл сайжруулсан түлшний тодорхой хувийн хөнгөлөлт зэрэг бусад боломжтой урамшуулал олгож, олон нийтийг татан оруулах механизмуудыг нэвтрүүлж болно. 

Тоосонцор үүсгэж буй эх үүсвэрүүдийг халж, зохицуулалт хийн, шинэчилэн өөрчлөхөөс нааш зөвхөн ногоон байгууламжаар тоосонцорын асуудлыг бүрэн шийдэхгүй, гэхдээ зохих хэмжээнд бууруулах бүрэн бололцоотой. Ногоон байгууламж нь та бидний гар дор бэлэн байгаа хамгийн энгийн, бодитой, хямд төсөр, агаарын бохирдолтой тэмцэх гол хүчин зүйл гэдгийг бид мэднэ. Харин гүйцэд ажил хэрэг болгоход бидний өөрсдийн идэвх зүтгэл, санаачлагаас гадна мэргэжлийн байгууллагуудын зохих чиглэл, тодорхой мэдээлэл, сурталчилгаа дутагдаж байна. Жишээ нь: Танд эмийн санч ханиад томууны шинэ эмийг “ханиад томууны үед хэрэглэнэ”, эсвэл “одоо тархаад буй ханиад томууны вирусын эсрэг гаргасан эм” гэж зөвлөвөл хоёр дахь хувилбар нь таны анхаарлыг татаж хэтэвчийг тань нимгэлэх болов уу.

Төр засгаас гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд оруулж, хуучирсан автомашинуудыг цэгцэлж, хатуу, шингэн түлшийг сайжруулан утаанаас салгаж өгөхийг нь хараад суухын оронд хувь хүмүүс, хувийн хэвшлүүд “бүх нийтээрээ” санаачлагыг өөрсдөө гартаа авч хашаан дотроо, байр хотхон, оффисийнхоо эргэн тойронд мод, бут суулган “тордож”, дэм дэмэндээ өөрсдийнхөө эрүүл мэндэд хүн бүр хөрөнгө оруулалт хийх цаг нь болсон.

Өнөөдөр гэр хороололд айл өрх, хувийн хэвшлүүд хашаандаа мод, бут мэр сэр суулгасан харагддаг боловч надад Сонгино Хайрхан дүүргийн 22-р хорооны Тахилт дахь нэгэн хашаа содон харагдсан юм.


Зураг 4: Сонгино Хайрхан дүүрэг, 22-р хороо, Тахилт.

Зураг мянган үг хэлнэ гэдэг. Энэ хашааны баруун, зүүн, хойд талаар зам дагуу эгнээ модыг хүрээлүүлэн суулгаж, хэр зэрэг “тордон” ургуулсаныг та харж байна. Сэтгэл, санаачлага хоёр байхад болж байна шүү дээ, яагаад үүнээс үлгэр авч болохгүй гэж...

Энд би зөвхөн модны РМ тоосонцорыг бууруулах ач холбогдлын талаар цухас дурдлаа. Үүн дээр мод хүлэмжийн хий бууруулдаг, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, ундны эх үүсвэрийг нэмэгдүүлдэг, гэр байшинг халаах, хөргөх эрчим хүч хэмнэдэг, үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг, цаашилбал уулын үерийг тогтоож, гэмт хэргийг хүртэл бууруулдаг гээд модны үр өгөөж хязгааргүй.
Ногоон байгууламжийг хот хөдөөгүй өргөтгөснөөр бид зөвхөн РМ тоосонцорыг бууруулаад зогсохгүй хүлэмжийн хийг бүх нийтээр бууруулах үйлсэд** өөрсдийн хувь нэмэрээ давхар оруулна.

Ш.ЦОГТБААТАР

*   РМ1 - 1 микроноос бага буюу маш нарийн тоосонцор. 
** 2016 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдсэнээр 2030 он хүртэл хүлэмжийн хийг 14%-иар бууруулах үүрэг хүлээсэн.


АШИГЛАСАН МАТЕРИАЛУУД:

·    Maher, B.A. et al. 2013. “Impact of roadside tree lines on indoor concentrations of traffic-derived particulate matter”. Environmental Science & Technology 
·    Environmental Science and Pollution Research; 2016 “Quantifying PM2.5 capture capability of greening trees based on leaf factors analyzing”
·    Beckett KP, Freer Smith PH, Taylor G; 2000 “Effective tree species for local air quality management”.
·    D.J. Nowak et al. 2013. “Modeled PM2.5 removal by trees in ten U.S. cities and associated health effects”. Environmental Pollution
·    Очирын Чимэдсүрэн, Кирк Смит; 2014 “Хот суурин газрын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа”